Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар  2025/ШЦТ/340

 

 

 

 

 

 

 

2025       07       02                                           2025/ШЦТ/340

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М-д холбогдох эрүүгийн 2525000000233 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

А овгийн Л-н М, Монгол Улсын иргэн, .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.М нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хашаанд Э.Г-г газарт унагааж нүүрэн тус газарт нь өвдөглөж эрүүл мэндэд нь 4 шүдний булгарал, 1 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун алга, баруун сарвууны 2, 3-р хуруу, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт, дагз, баруун нүдний зовхи, зүүн хацар, эрүү, баруун алга, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Э.Г  “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Э.Г ын “2025 оны 03 дугаар сарын 22 өдөр би 11:00 цагийн орчимд гэртээ амарч байхад найз болох Л манайд ирээд бид хоёр гэрээс гараад О найзынд очиж гэрээс нь аваад бид гурав дэлгүүр орж архи пиво авч машин дотроо уугаад жолоо барьж байсан Л бол архи уугаагүй машин барьж байсан болохоор удалгүй Л бид хоёрт би гялс ээжийг горд оруулж өгчхөөд ирье гэхээр нь за чи буцахдаа М-г аваарай гээд О бид хоёр *** багийн нэг гудамжинд үлдээд уугаад байж байхад 13:00 цагийн үед Л М хоёр бид хоёр дээр ирээд бид дөрөв дахиж дэлгүүр орж архи пиво аваад машин дотроо уусан би тэгээд их согтож байсан болохоор намайг гэрт хүргээд өг орж амарлаа гэж хэлсэн чинь манай найзууд гэрийн гадаа хүргэж өгөөд явсан. Би гэртээ орсон чинь эхнэр Э намайг архи уулаа архичин чинь гээд хэлэхээр нь би өөрийгөө мэдэж байна гээд эхнэртэйгээ муудалцаад байж байхдаа би гэрийн цонхоо хагалчихсан. Тэгээд хэрэлдээд байж байхад найз М юу болоод байгаа юм гээд гэрт орж ирсэн тэгээд М-г чамд ямар хамаатай юм бэ гээд бариад авсан чинь намайг газар унагаагаад дээрээс баруун хөлийн өвдгөөрөө нүүр рүү өвдөглөсөн чинь миний амнаас цус гараад 4 шүд унаад ирсэн. Тэгээд цагдаа дуудсан... Надад эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. М-д зодуулсны улмаас миний доод талын үүдэн 4 ширхэг шүд унасан, би шүдээ Шигтгэмэл шүдний эмнэлгээр эмчлүүлж байгаа Одоохондоо хиймэл шүд хийсэн, 1 сар гаруй хугацаа өнгөрсний дараа буюу буйл сайн эдгэсний дараа имплант шүд хийлгэх юм. Миний шүдний эмчилгээний зардал болох 9,000,000 төгрөгийг М нь барагдуулсан. Одоо надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Өмнөговь аймгийн *** суманд байх *** ХХК-д засварчнаар ажилладаг юм. Тийм болохоор шүүх хуралд оролцуулахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-ийн 9, 11-р тал/

2. Гэрч Ц.М-н “2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нөхөр М бид хоёр Өмнөговь аймгийн *** суманд байх ажлаасаа ирсэн. Бид хоёрыг ажил дээр байхаас эхлүүлж О, Л хоёр нөхөр лүү залгаад ирэхээр чинь уулзъя, ууя гэж залгаж байсан. Ингээд 2025 оны 03 дугаар сарын 22-ны өглөө О, Л нөхөр лүү залгаад байхаар нь нөхөр маань завгүй байна гэрийнхээ ажлыг дуусгаад уулзъя гэж хэлсэн. Тэгээд өдөр 12 цагийн үед залгахаар нь хүнсээ цуглуулчхаад уулзъя гэж хэлсэн. Тэгээд гадуур нөхөр бид хоёр хүнсээ цуглуулж байгаад орой 18 цагийн үед нөхөр маань О, Л хоёртой уулзахаар гарсан. Би орой 21 цагийн үед нөхөр лүүгээ залгаад ирэх болж байна уу гэж асуусан чинь ингэс гээд очлоо Дэнжид байна гэж хэлсэн. Түүнээс хойш 23 цагийн үед хадам эгч Б над руу залгаад юу болоод байгаа юм М яасан юм бэ цагдаагаас залгаад байна чи нөхөр лүүгээ нэг яриадхаач гэж хэлсэн. Тэгээд би нөхөр лүүгээ залгасан чинь утсаа авахгүй байж байгаад 00 цагийн үед утсаа авахаар нь юу болсон талаар асуусан чинь гэртээ очиж байгаад тайлбарлаж ярьж өгье гэж хэлсэн. Түүнээс хойш нөхөр маань өглөө 07 цагийн үед гэртээ ирсэн. Нөхрийгөө гэртээ ирэхээр нь юу болсон талаар асуусан чинь “Би Г-г цохичихлоо, өвдөглөөд шүдийг нь унагаачихсан гэж хэлсэн. Тэгээд нөхөр маань унтаж амарсан. Би өдөр 11 цагийн үед Г-той уулзахаар гэрт нь очсон чинь гэртээ байгаагүй. Тэгээд орой нь утсаар ярьсан чинь намайг цохиод шүд унагаасан би цагдаад өгчихсөн байгаа гэж л хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р тал/

3. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №ОРХ0725/468 дугаартай “Э.Г ын биед 4 шүдний булгарал, 1 шүдний сулрал, доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун алга, баруун сарвууны 2, 3-р хуруу, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт, дагз, баруун нүдний зовхи, зүүн хацар, эрүү, баруун алга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн .41.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулна” гэх дүгнэлт. /хх-ийн 20-21-р тал/

4. Хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгооний баримт. /хх-ийн 22-р тал/

5. Шигтгэмэл эмнэлгийн эмч Б.Хосбаярын тодорхойлолт. /хх-ийн 23-р тал/

6. Яллагдагч Л.М-н “Г нь гэрийнхээ цонхыг хагалчихсан шалаар дүүрэн шил Г дээгүүрх хувцсаа тайлчихсан байсан. Бид хоёрыг гэрт орсон чинь Г бид хоёрыг яах гэж ирсэн юм бэ та нарт ямар юм гэж хэлээд ууртай босож ирэхээр нь би чиний зөв юм уу гэсэн чинь намайг ирээд хувцаснаас бариад авахаар нь би ч гэсэн барьж аваад бид хоёр заамдалцаж нэлээн ноцолдсон ..Би Г-г хөлөөрөө хавсарч газар унагаасан чинь миний цамцны захаас тавилгүй байхаар би сүүлдээ аргаа бараад нүүр хэсэг рүү нь өвдгөөрөө нэг удаа өшиглөсөн чинь Г цамцны захаас тавьсан. Тэгээд эргээд харсан чинь Г-ын амнаас цус гарч байсан ба Г амнаас гарч байгаа цусаа хаясан чинь 2-3 шүд унаад ирсэн. Би Г-ын эрүүл мэндэд учирсан хохиролтой эмчилгээний зардалд найз Год 9,000,000 төгрөг өгч уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.М нь согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хашаанд 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Э.Г-г газарт унагааж нүүрэн тус газарт нь өвдөглөж эрүүл мэндэд нь 4 шүдний булгарал, 1 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун алга, баруун сарвууны 2, 3-р хуруу, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт, дагз, баруун нүдний зовхи, зүүн хацар, эрүү, баруун алга, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал, дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Г ын “М-г чамд ямар хамаатай юм бэ гээд бариад авсан чинь намайг газар унагаагаад дээрээс баруун хөлийн өвдгөөрөө нүүр рүү өвдөглөсөн чинь миний амнаас цус гараад 4 шүд унаад ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.М-н “Нөхрийгөө гэртээ ирэхээр нь юу болсон талаар асуусан чинь “Би Г-г цохичихлоо, өвдөглөөд шүдийг нь унагаачихсан гэж хэлсэн. Тэгээд нөхөр маань унтаж амарсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №ОРХ0725/468 дугаартай дүгнэлт, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоо, Шигтгэмэл эмнэлгийн эмч Б.Х-ын тодорхойлолт, яллагдагч Л.М-н “Би Г-г хөлөөрөө хавсарч газар унагаасан чинь миний цамцны захаас тавилгүй байхаар би сүүлдээ аргаа бараад нүүр хэсэг рүү нь өвдгөөрөө нэг удаа өшиглөсөн чинь Г цамцны захаас тавьсан. Тэгээд эргээд харсан чинь Г-ын амнаас цус гарч байсан ба Г амнаас гарч байгаа цусаа хаясан чинь 2-3 шүд унаад ирсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.М нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** хашаанд Э.Г-г газарт унагааж нүүрэн тус газарт нь өвдөглөж эрүүл мэндэд нь 4 шүдний булгарал, 1 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун алга, баруун сарвууны 2, 3-р хуруу, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт, дагз, баруун нүдний зовхи, зүүн хацар, эрүү, баруун алга, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.М нь шууд санаатай үйлдлээр хохирогчид халдаж газарт унагааж нүүрэн тус газарт нь өвдөглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г ын эрүүл мэндэд “4 шүдний булгарал, 1 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун алга, баруун сарвууны 2, 3-р хуруу, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт, дагз, баруун нүдний зовхи, зүүн хацар, эрүү, баруун алга, цээжинд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-д заасан хохирол төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан нь ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн Л-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Л.М-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. . Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС