Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/641

 

 

 

 

 

  2021            07            01                                         2021/ДШМ/641    

 

М.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч М.Х-гийн өмгөөлөгч А.Буяндэлгэр, Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор М.Х-д холбогдох эрүүгийн 2105000080012 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х-,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2,11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 4 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Шүүгдэгч М.Х- нь 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Бтоотод Г.О-тай “архи авч өгсөнгүй, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний зүүн гарын шуу, баруун гарын тохой хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон 135 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч М.Х-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дараах хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заажээ. Гэтэл уг тогтоолын тодорхойлох хэсэгт “тэжээгчээ алдсны тэтгэмж, цалингийн зөрүүг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх” гэжээ. Бид зөвхөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нас барагчийн 02 сараас 3 настай хоёр хүүхдийн 16 нас хүртэл төлөх гэм хорын төлбөрийг нотлох баримтын хэмжээнд нэхэмжилсэн. Тухайлбал гэрч Х.Эрдэнэцогт, шүүгдэгч М.Х- нар шүүхэд өгсөн мэдүүлэгт барилга дээр өдрийн 50.000 төгрөгийн ажил хийдэг, сард 800.000-1.000.000 төгрөг авдаг. Төв аймгийн Баянхангай сумын засаг дарга Д.Гэрэлчимэгийн тодорхойлолт, амь хохирогч Г.О-ын сарын дундаж цалин, хөлс, орлого 450.000-500.000 төгрөг гэж тодорхойлсон нь тэтгэврийн тухай хуульд зааснаар сарын 500.000 төгрөгийн цалин хөлс орлого дундажаар олдог гэж бодоод 45 хувиар бодоход 225.000 төгрөг, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хоёр гишүүний тэтгэвэр болох 75 хувиар бодоход сар бүр 168.750 төгрөг авна. Хоёр гишүүн сард тэжээгчээ алдсны тэтгэмж 337.500 төгрөг, үүнийг 500.000-с хасахаар 162.500 төгрөг болно. Б.Мэнд-Оч 3 настай, 16 нас хүрэхэд 156 сар байна. 156х162.500=25.350.000 төгрөг, Б.Итгэл 2 сартай, 16 нас хүрэхэд 190 сар. 190х162.500=30.875.000 төгрөг болж байна. 25.350.000+30.875.000=56.225.000 төгрөг болж байх тул үүнийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн хохирол, хор уршгийг бодитой үнэлж тогтоолд оруулаагүй орхигдуулсан, мөн дээрх заалтад өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэргийн газраас оргон зугтсан, учруулсан хохирол, хор уршгийг төлөөгүй, мөн шүүхээр урьд ял шийтгүүлчихээд засраагүй, хүний амь нас хохироосон гэм буруутай үйлдлээ бүрэн хүлээгээгүй байхад улсын яллагчийн ялын саналаас /10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад/ хөнгөн ял өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна. Иймд хохирол хор уршгийн мөнгөн дүнг зөв тогтоож, шүүгдэгчийн ял эдлэх дэглэмийг өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч М.Х-гийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хүүхдийн тэтгэмжийн асуудлыг маш ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүй байдлаар тусгасан. Ингэхдээ шийтгэх тогтоолд “амь хохирогчийн 2 хүүхдийн тэтгэмж 103.000.000 төгрөг нэхэмжилснийг энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож, тухайн тогтоолгосон тэтгэмж, амь хохирогчийн олж байсан орлогын зөрүүг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй бөгөөд энэ талаарх нотлох баримт байхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дээрх хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй” гэсэн. Хамгийн гол нь амь хохирогч эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулаагүй, хүүхдүүд нь амь хохирогчоор овоглоогүй байдаг учраас иргэний журмаар нэхэмжлэл гарган эцэг тогтоолгож, ингэсний дараа халамжийн байгууллагаас хүүхдийн тэтгэмжийг тогтоолгож, цалин орлогыг нь тодорхойлсны үндсэн дээр тэтгэмжийн зөрүүг тогтоох ёстой гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Цалинг нь тодорхойлсон этгээд нь цалин, орлогыг нотлох, тодорхойлох субъект биш юм. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн байдлаар маргадаггүй. Харин өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл тохироогүй буюу хүний биед хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг гэж маргаж байсан боловч шүүгдэгч өөрөө маргаагүй. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн хувьд амь хохирогчид учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл байсан. Харин цус алдалтын шокоос болж эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Шүүх хохирогчийн эрхийг зөрчөөгүй, иргэний журмаар баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Х-гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Талийгаачид учирсан шарх нь тухайн үедээ хүндэвтэр гэмтэл хамаарч байсан. Ердийн явцаараа үхэлд хүргэхгүй, учирах үедээ амь насанд аюулгүй шарх байсан. Гол нь хохирогч өөрөө согтуу, цаг агаар хүйтэн байхад гадаа удаан байснаас цус алдаж нас барсан. Миний үйлчлүүлэгч амь хохирогчийг алах санаа зорилго байгаагүй. ...” гэв.

 

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн учраас хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Давж заалдах гомдлын хувьд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4 дэх хэсгүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хэрхэн тооцож гаргуулах талаар заасан. Хавтас хэрэгт амь хохирогч нь хэдэн төгрөгийн цалин авдаг байсан гэдгийг тогтоосон зүйл байхгүй, хоёр хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоогүй байгаа тул тэтгэмжийн зөрүү гаргуулах асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдоогүй. Урьд ял эдлэж байсан нь шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоохоос биш ял хүндрүүлэх нөхцөл байдал биш. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч М.Х-г 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 22-01 тоотод Г.О-тай “архи авч өгсөнгүй, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний зүүн гарын шуу, баруун гарын тохой хэсэгт хутгалж алсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн болж өнгөрсөн жинхэнэ үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ М.Х-г хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

 

Гэтэл хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учруулсан гэмтлээс шалтгаалан хохирогч нас барсан гэх үйл баримтад шүүх шууд дүгнэлт хийсэн нь буруу юм.

 

Амь хохирогч нас барсан шалтгаан, түүнд шүүгдэгчийн ямар үйлдэл хэрхэн нөлөөлсөн болох, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог хөдөлбөргүй тогтооход онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтуудад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, М.Х-гийн амь хохирогчийн зүүн гарын шуу, баруун гарын тохой хэсэгт хутгалсан гэх өмнөх үйл баримтад дүгнэлт хийж бусдыг санаатай алсан гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

 

“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

 

Гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, эсхүл тийм хор уршиг учрах бодит боломж нөхцөлийг бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг.

 

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг.

 

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас бусдад учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

 

Хохирогч Г.О- нь 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө М.Х-гийн гэрээс гарч явж 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжны 573 тоот хашааны зүүн урд буланд /М.Х-гийн гэрээс хэр зайтай/ нас барсан байдалтай олджээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дугаартай дүгнэлтээр “...Талийгаач нь зүүн шуу, баруун тохойн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ. Талийгаачийн цогцост зүүн шууны ар доод хэсгийн хавж хурууг тэнийлгэгч шөрмөс тасалсан хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун тохойн дээд хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, дух хүзүү, баруун шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн шуу, баруун тохойн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух, хүзүү, баруун шуу, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үрэх, шүргэх үйлдлээр үүсгэгдэнэ. Баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь нас барахаас 5-7 хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Бусад гэмтлүүд ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. ...” гэх дүгнэлт гаргасан байх бөгөөд тухайн дүгнэлтэд амь хохирогчийн биед учирсан ямар гэмтэл нь хөнгөн, ямар гэмтэл нь хүндэвтэр эсхүл хүнд байсан талаарх дүгнэлтийг бүрэн дүүрэн гаргаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шинжээч эмч Ш.Цэцэгмаа нь амь хохирогчийн биед учирсан зарим гэмтлүүд нь хүндэвтэр, зарим нь хөнгөн гэж мэдүүлсэн атлаа дүгнэлтдээ энэ талаар огт дурдаагүй нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлжээ.

 

Шүүхээс гэм буруутай этгээдийн үйлдэл, санаа зорилгын талаар дүгнэлт хийхдээ хохирогч руу довтолж байх үеийн үйлдэл, уг үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн дамжмал эсхүл шууд бус хэлбэр, сэдэлт, шалтгаан зэргийг ялган тогтоож, учруулсан хор уршигтай гэм буруутай ямар үйлдэл хэрхэн холбогдож байгааг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтооно.

 

Гэмт хэргийн улмаас бий болсон эцсийн үр дагавар шүүгдэгчийн хүсэл зоригийг шууд илэрхийлэхгүй байж болох ч гэмт хэрэг гарахаас өмнөх үеийн харилцаа гэмт үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүйг анхаарвал зохино.

 

Иймд давж заалдах заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь хохирогчийн биед учирсан гэмтлийн үр дагавараар нь хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь буруу бөгөөд хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Х-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын хамтран гаргасан тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах, ял шийтгэл хөнгөдсөн талаарх давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Х-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол М.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН