Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/52

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Б.Батгэрэл,

шүүгдэгч Б.Хүрэлчөдөр

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Ганбат,

хохирогч Б.Мянганбаяр түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

иргэний нэхэмжлэгч О.Энх-Өсөх түүний өмгөөлөгч Э.Сайханаа

гэрч О.Ууганцэнд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шүүгдэгч Цант овогт Батцэнгэлийн Батгэрэл, Гомбууд овогт Бямбаагийн Хүрэлчөдөр нарт холбогдох эрүүгийн 201708000047 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Өлзийт суманд 1985 оны 09 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 2 дүгээр баг, Лүнгийн 1-02 тоотод түр оршин суух хаягтай, Дундговь аймгийн Өлзийт сум 2 дугаар баг Улаан-Хонд гэх газар нутгалах, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Гомбууд овгийн Бямбаагийн Хүрэлчөдөр /РД: ЗИ85091917/

 

Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1987 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Сүмбэр сум, ам бүл 6, ээж, дүү нарын хамт, Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3-р баг, Гашуун Хөөт гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор ЭХТА-н 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 06 дугаар сарын 06-нд ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цант овгийн Бямбаагийн Хүрэлчөдөр /РД: ЗГ87020511/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

    Яллагдагч Б.Батгэрэл нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны орой Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Тэрэгт гэх газраас иргэн Б.Мянганбаярын 5 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 8300000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

     Давтан үйлдлээр яллагдагч Б.Батгэрэл нь яллагдагч Б.Хүрэлчөдөртэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 02 дугаар сарын 24-ний орой Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Хоёр толгой гэх газраас иргэн Ц.Алтанхуягийн 3 тооны үхрийг хулгайлж 5200000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Б.Хүрэлчөдөр нь Б.Батгэрэлтэй бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 02 дугаар сарын 24-ний орой Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Хоёр толгой гэх газраас иргэн Ц.Алтанхуягийн 3 тооны үхрийг хулгайлж 5200000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Хүрэлчөдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Тэрэгт гэдэг газраас 3 үхэр хулгай хийсэн. Тээврийн хэрэгсэл ашиглан ачиж борлуулсан. Батгэрэлтэй хамт энэ хэргийг үйлдсэн. Хийсэн хэрэгтэй харамсаж байна... гэв.

 

2. Шүүгдэгч Б.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хулгай хийсэн. Баянтал сумын 2 толгой гэдэг газраас Хүрэлчөдөртэй нийлж Мянганбаярын 5 морийг хулгай хийн ачиж явсан... гэв.

 

4. Хохирогч Б.Мянганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр адуугаа хайтал адуу замын баруун талд гарсан байсан. Намайг очиход 4 морь байхгүй  байсан. Тэгтэл хар морь хөлстэйгээ гүйж ирээд андуундаа нийлж байсан. Сураг гаргатал хойд нүхэн гүүрний овгор шороонд дээр адуу ачсан мөр байсан. Очоод үзтэл ачаад явсан байсан. Ухаа зээрд морины сүүл тасарч унасан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгч болсон зүйлийн талаар мэдүүлэг өгсөн. Нэг өдөр цагдаа дуудаад танай 5 морийг олсон. Энэ хүмүүс авсан байна гэж хэлсэн. Ирээд мэдүүлэг өгчихөөд байж байхад Батгэрэл, Хүрэлчөдөр нар ирээд бид хоёр танай морийг хулгай хийж авсан, та бид нарыг гайгүй гаргаад өгөөч гэж гуйсан. Би хохирлоо төлж барагдуулвал гомдол саналгүй гэж хэлсэн. Тэгтэл та мөнгөнөөсөө хагасалчих, орон нутгийн ханш буурсан байна. Та 1 000 000 төгрөг хасаач гэж гуйхаар нь 1 300 000 төгрөг хасаад 7 000 000 төгрөг бүрдүүлээд өгчих гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш хэл чимээгүй болсон. Одоо 8 300 000 төгрөг нэхэмжилж байна. Хохирол төлбөрийг барагдуулвал гомдол санал байхгүй... гэв

 

5. Иргэний нэхэмжлэгч О.Энх-Өсөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Битүүмжлүүлсэн машинаа нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй... гэв.

 

6. Хохирогч Ц.Алтанхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2017 оны 2 сарын 24-ны шөн би өөрийн үхэрнээс 3 тооны гунаа хулгайд алдсан. Манайх 80 гаран тооны үхэртэй бөгөөд 2 сарын 24-ны өдөр манай үхэрнүүд зүүн тийш гэрээс их холгүй нүдэнп ил харагдаад байгаад байсан. Тэр өдөр манай үхэрнүүд бүрэн байсан. Нүдэнд ил харагдаад ойрхон байгаад байхаар нь үхэрээ хураалгүй хонуулсан. 2 сарын 25-ны өдөр үдээс хойш үхэрээ харахад үхэрнүүд гэрээс зүүн урагш 1-2 км орчим байхаар нь очиж үхэрээ бүртгэхэд дотроос нь мухар улаан сарман цавь цагаан улаан гуна, хар халзан гуна, хүрэн сарман гуна байхгүй байсан. Тэгэхээр нь би ойр хавийн айлын үхэрнүүд болон хүн амьтнаас асууж сураглахад сураг гараагүй. Тэгэхээр нь би үхэр шөнө хоносон газраа очиж мөрийг нь үзэхэд манай үхэрийг мотоцикльтой хүн ирээд манай урдхан талд байдаг Чимэдцогзол гуайн хороон дээр аваачсан мөр байсан. Тэр хороон дээр айл өвөлжөөгүй. Хороон дээр нь очиход машин ирээд үхрийг ачаад явсан мөр байхаар нь машиных нь ирсэн мөрөөр мөрдөхөд баруун талаасаа ирсэн дан дугуйтай мөр байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

 

7. Гэрч О.Ууганцэнд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Очирбатын Энх-Өсөх нь манай аавын ахын охинтой суусан хүргэн ах, Бямбаагийн Хүрэлчөдөр нь манай аавын ахын хүүхэд байгаа юм. Харин Батцэнгэлийн Батгэрэл манай найз. Дүгэрсүрэнгийн Эрдэнэ-Очир гэгчийг таньдаггүй байж байгаад 2017 оны 02 сараас эхлэн таньдаг болсон. Би Дундговь аймгийн өлзийт сумын 2-р багийн малчин байгаа юм. Одоо манайх Энгэрийн цагаан гэх газар нутаглаж байна. Намайг 2017 оны 02-р сарын 06-ны өдөр Дундговь аймгийн төв дээр байж байхад манай найз Батгэрэл над руу залгаад чи наанаасаа унаа олоод ир найз нь Баянталаас хэдэн адуугаа Дундговьд аваачих гэсэн юм гэхээр нь би түүнд надад тийм адуу ачих унаа тэрэг олдохгүй гэхэд зах дээрээс хөлсний ч хамаагүй унаа олоод хүрээд ирээ гээд байхаар нь би аймгийн ачааны тэрэг зогсдог зах ороод 46-56 ДУА улсын дугаартай Бонго Жи 2 маркын цагаан цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн жолоочтой ярьж тохироод би тэр хүнд 200.000 төгрөг өгөхөөр болоод 2-лахнаа 17 цагийн үед Дундговь аймгаас Говьсүмбэр аймгийн Баянтал сум орохоор хөдөлсөн. Би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг огт танихгүй. Памбий гэж дуудаад байх шиг байсан. Тэгээд бид 2 Цагаандэлгэрээр дайраад шороо замаар явсаар байгаад шөнө 2 цагийн Баянтал сумын баруун талын төмөр замд тулж ирсэн. Бид 2-ыг Дундговь аймгаас гарахад Батгэрэл бид 2 руу залгаад та 2-ыг хүлээгээд төмөр замын 6/21-р зөрлөгийн нүхэн гарамны тэнд байж байя гэж хэлсэн. Тэгээд бид 2-ыг шөнө тэнд ирэхэд Батгэрэл, Хүрэлчөдөр, Эрдэнэ-Очир 3 байсан бөгөөд 5 адуу хөтлөөд ирчихсэн хүлээгээд байж байсан. Тэгээд жолооч бид 2 тухайн 5 адууг нь амьдаар нь ачаад буцсан. Бид 2-той хамт Батгэрэл, Хүрэлчөдөр хоёр хамт буцсан. Батгэрэл тусдаа гарч гэр барих гэж байгаа хэдэн адуугаа зарж мөнгө болгоё л гэж ярьж байсан. Хөдлөөд нэг их удалгүй явж байгаад машин дээрээс нэг морь нь үсэрч буугаад давхиад явчихсан машин зогсоод Батгэрэл бууж харчихаад хар морь үсэрчлээ гэж байсан. Тэгээд эргээд шөнөжин явсаар өглөө нь Дундговь орсон бөгөөд аймгийн төв дээр Батгэрэлийн дүүгийн гадаа ачиж очсон 4 адуугаа буулгасан. Тэр 4 адууны 3 нь хээр, 1 нь зээрд адуу байсан. Дандаа бүдүүн морьд байсан. Тамга тэмдэгийг нь би бол анзаараагүй. Бүгдийг нь ногтолчихсон байсан. Батгэрэлийн дүүгийнх нь гээд аймгийн баруун захад гэр хороололд хашаатай айл байсан. Дүүгийнх нь гэрийн хаяг нэрийг нь сайн мэдэхгүй байна. Би анх Батгэрэлийг дуудахад өөртөө байсан 100.000 төгрөгөнд түлш хийгээд очсон бөгөөд Батгэрэл адуугаа зарж байж мөнгөө өгнө гээд адуу авчирсан машиныг явуулсан. Би мөнгөө авахаараа Батгэрэлийн дүүгийнд үлдсэн. Тэр хашаанд 4 морио Батгэрэл, Хүрэлчөдөр нар хийсэн. Би адуу хийхэд нь хажууд нь хутга шөвөг дөхүүлээд хөл гарыг нь бариад туслалцаад байж байсан. Тэгээд 4 морио хийгээд манай аймгийн Отгонцэцэг гэх ченжийг дуудаж адууны махаа 4-лэнг нь тэр хүнд зарсан. Яг хэдэн төгрөгөөр зарсан талаар надад сайн мэдэх зүйл байхгүй. Надад тэр мах зарсан мөнгөнөөс Батгэрэл 150.000 төгрөг надад өгсөн. Уг мөнгийг унааны зардал болон нойр хоолоо хасч явсаны зардал гэж хэлээд өгсөн. Тэгээд би мөнгөө авчихаад гэрлүүгээ явсан. Махаа нар шингээд харанхуй болох гэж байхад зарсан. 5 морийг намайг аймгаас хөлсний унаагаар ирэхэд 6/21-р зөрлөгийн нүхэн гарамны баруун талын овгор шороон дээрээс машинаа ухрааж зогсоож байгаад ачсан. Төмөр замын баруун талд нүхэн гарамны баруун урьд хэсэгт портерийн тэвштэй ойролцоо өндөртэй овгор шороо байсан. Тэрэн дээр морио зогсоож байгаад машинаа ухрааж байгаад ачсан. Бид нарыг шөнө адуу ачихад 03 цаг өнгөрч байсан байх. Би Батгэрэлийг өөрийнхөө адууг ачиж байна л гэж бодсон. Батгэрэл ч өөрөө надад тэгж хэлж байсан. Хулгай хийж байгаа гэдгийг нь огт мэдээгүй. Харин түүнээс хойш сар орчмын дараа Чойрын цагдаагаас хүн ирж уулзаад намайг Чойрт авчирсан. Тэгээд Батгэрэлээс асуухад найз нь та нарт худлаа хэлээд хүний адуу хулгай хийгээд аччихсан юм гэж хэлсэн. Тэгээд л би хулгайн адуу байсан гэдгийг нь мэдсэн. Тэр 5 морьны содон шинж тэмдэгийг би нэг их сайн ажиглаж хараагүй. Ямар ч байсан 3 нь хээр нэг нь зээрд морь байсан. Хар морь замдаа үсэрч буусан. Нэг хээр морь нь бусдаасаа арай жижиг биетэй байсан. Тамгыг нь ажиглаагүй. Би Батгэрэлийн малыг Баянтал суманд байдаг гэж бодож байсан. Харин сүүлд малгүй гэдгийг нь мэдсэн. Намайг Дундговь аймгийн төв дээр хөдөөнөөс ирчихсэн байхад Энх-Өсөх гээд манай хамаатны ах яриад Баянтал сумаас намайг хүн юм ачаад өг гэж байна ах нь ганцаараа явах гэхээр ханьгүйдээд байна чи нэг хань болоод яваад өгөөч гэхээр нь би түүнд хань болоод явахаар болсон. Тэгээд Энх-Өсөх бид 2 Дундговь аймгаас 2017 оны 2 сарын 24-ны өдөр 15 цагийн үед түүний Портер 2 маркын цэнхэр өнгийн 2066 ДГА дугаартай машинтай Баянтал сум орохоор 2-лаа хөдөлсөн. Тэгээд бид 2 шууд чигээрээ Цагаандэлгэр сум дайраад орой 22 цаг болох гэж байхад Баянтал сумын төв дээр ирээд засмал замын хажууд цайны газар дээр ирэхэд бид 2 дээр Батгэрэл, Хүрэлчөдөр 2 ирсэн. Тэгээд машин халаад байхаар нь доогуур нь харахад радиатор нь цоорчихсон тосол нь гойжчихсон байсан. Тэгээд тэндээсээ Энх-Өсөх бид 2 Чойр орж машинаа янзлуулахаар ирсэн. Тэгээд бид  машинаа янзлуулаад хоночихоод өглөө нь задалж янзлаад орой болох гэж байхад дуудссан бөгөөд Баянтал сум руу гарах гэж байхад Энх-Өсөхийн аав нь осолд орлоо гэж түүний дүү яриад тэр Чойрт үлдээд намайг Баянтал сумруу  явуулсан. Би түүний машиныг унаад Баянтал орсон. Энх-Өсөх надад Баянтал ороод Батгэрэлтэй уулз гэж хэлсэн. Баянтал сум орж Батгэрэлтэй уулзахад эндээс 3 үхэр  ачаад Дундговь орно гэхээр нь за л гэж хэлсэн. Түүнийг өөрийнхөө үхэрнээс л ачих гэж байгаа юм байна гэж бодсон. Баянтал суманд очоод Эрдэнэ-Очирынд очсон бөгөөд тэнд хоол идчихээд Батгэрэл 3 үхэр ачаад одоо ингээд явъя гэж надад хэлэхээр нь за гээд бид нар 2017 оны 02 сарын 25-ны шөнө Баянтал сумаас хойш нэг их холгүй ойролцоогоор 6 орчим км газарт байх хороон дээр очиход үхэрнүүд байсан. Тэр хороон дээр айл байгаагүй. Хороон дээр байсан үхэр очоод би машины өндөрлөгөө аваад машиныхаа ойр орчимд байж байхад Батгэрэл, Эрдэнэ-Очир, Хүрэлчөдөр нар 3 үхэр барьж машин дээр хөтлөж ирээд машин дээр ачсан тухайн үхэрнүүдийг бүгдийг нь ногтолчихсон байсан. 3 үхэр нь хар халзан алаг эр үхэр, мухар улаан алаг гуна, нэг нь арай багавтар хүрэн сарман эр үхэр байсан. Им тэмдэгийг нь би анзаараагүй. 3 үхэрээ ачаад би Батгэрэлийн хамт Энх-Өсөхийн машиныг жолоодоод Дундговь руу шөнө 00 цагийн үед хөдөлсөн. Гадаа саргүй харанхуй байсан. Бид 2 шууд чигээрээ Цагаандэлгэр сумаар дайраад Дундговьт очиход өглөө 07 цаг өнгөрч байсан. Тэгээд бид 2 аваачсан үхэрнүүдээ аймгийн бойны хашаан дээр аваачаад буулгаад тэнд үхэрээ нядлаад мөн л өмнөх адууны мах зарсан ченж Отгонцэцэгт махыг нь зарсан. Нийт 2 сая 1 зуу орчим мянган төгрөг болж байсан шиг санагдаж байна би сайн санахгүй байна. Батгэрэл Дундговь орох замдаа надад цагаан сар болох гээд мөнгө төгрөгний хэрэг болоод 3 үхэр хийгээд зарж байна л гэж байсан. Хулгайн үхэр гэдгийг нь би тухайн үед мэдээгүй. Дараа нь цагдаагаас дуудаад асуухаар нь би мэдсэн. Батгэрэл надад өөрөө хулгайн үхэр, адуу байсан талаар хэлсэн. Үхэр зарсан мөнгөнөөс 720.000 төгрөг надад өгсөн. Тэр мөнгөнөөс 320.000 төгрөгийг нь Энх-Өсөхөд өгөөрэй гэж хэлж байсан. Тэгээд би тэр мөнгийг би Энх-Өсөхийн Хаанбанкны данс руу нь 2017оны 02 сарын 26-ны өдөр шилжүүлсэн. /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

8. Гэрч О.Энх-Өсөх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Би 2-р анги төгссөн. Удаан уншдаг муухан бичдэг. Тоо тоолж мэднэ. Мөнгөний дэвсгэрт мэднэ. Бямбаагийн Хүрэлчөдөр нь манай эхнэрийн төрсөн ах нь байгаа юм. Харин Батцэнгэлийн Батгэрэлийг нэг их сайн танихгүй өнгөрсөн намар л Дундговьт явж байхад нь танилцаж байсан. Дүгэрсүрэнгийн Эрдэнэ-Очир гэгчийг нодлин зун таньдаг болсон. Би Дундговь аймгийн Өлзийт сумын 1-р баг “Солгойн” булаг гэх газар мал маллаж амьдардаг малчин байгаа юм. Би хувьдаа 2066 ДГА улсын дугаартай хөх цэнхэр өнгийн Портер 2 маркын тээврийн хэрэгсэлтэй. 2017 оны 2 сарын 22-ны шөнө Дундговь аймгийн төвд өөрийнхөө машинтай ээж, эгч нарын хамт Өлзийт сумаас орж ирсэн. Тэгээд аймгийн төв дээр хоночихоод байж байхад Батгэрэл над руу залгаад би Баянталд байна чи эндээс 3 үхэр ачаад Дундговь оруулаад өгөөч хөлс мөнгийг нь өгье гэхээр нь би зөвшөөрөөд Баянтал сум явахаар болсон. Тэгээд би ганцаараа  явах гээд ханьгүйдээд эхнэрийн талын хамаатан Ууганцэндийг хамт яваад өгөөч гэхэд тэр тэгье гээд бид 2 миний машинтай Дундговь аймгаас оройхон гараад Цагаандэлгэр сум дайраад Баянтал суманд орой ирсэн. Баянталд ирэхэд засмал замын хажуу талын цайны газрын гадаа Батгэрэлтэй уулзсан бөгөөд тэр Хүрэлчөдөрийн хамт ирсэн. Тэгээд байж байтал 16 цагийн үед манай эхнэр залгаад аав бие нь муу Чойрын эмнэлэгт байна гэхээр нь би Чойрт ирээд аавыг Улаанбаатар аваад явсан бөгөөд Ууганцэндэд машинаа өгөөд маргааш Батгэрэлтэй очиж уулзаарай гэж хэлсэн. Маргааш нь Ууганцэнд надруу яриад Батгэрэл ахын 3 үхрийг Баянтал сумаас Дундговь аймаг хүртэл ачиж өгөөд хөлсний мөнгөө авсан гэхээр нь миний дансруу хийчэх гээд тэр өдөртөө Ууганаа миний дансанд 320.000 төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

9. Гэрч Д.Баатархүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…Би яг одоо он сарыг нь сайн санахгүй байна. Манайтай ойрхон нутагладаг Мянганбаяр намайг мал эрээд явж байхад таараад надаас 4 морь сурагласан. Тухайн морьдыг нь бол би хараагүй, харин намайг мал хайгаад явж байхад адуу ачсан мөр 6-21-р зөрлөгийн гармын баруун талд байсан талаар хэлэхэд намайг заагаад өг гэж хэлээд бид 2 тухайн адуу ачсан мөрөн дээр очсон. Тухайн мөр нь 6/21-р зөрлөгийн төмөр замын нүхэн гүүрээр гараад баруун урдхан талд нь нэг их холгүй жалганы овоолсон шороонд машинаа тулгаж зогсоож байгаад адуу ачсан мөр байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28 дүгээр хуудас/

 

10. Гэрч С.Алтанхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…Намайг сумынхаа төвд явж байхад сумын сургуулийн заалны өмнө мотоцикльтой хүн гар өргөөд дохихоор нь зогсоход Батгэрэл, Хүрэлчөдөр 2 байсан. Би тухайн үед машинтай явж байсан бөгөөд орой 22 цагийн үед сумынхаа дэлгүүр орж пиво авах гэхэд хаачихсан байхаар нь замын гуанз орохоор явж байгаад тэр 2-той таарсан. Тэр 2 пивоны мөнгө зээлээч эсвэл зээлээр аваад өгөөч гэхээр нь мотоцикьлоо орхичих цуг явья гээд машиндаа суулгаад Баянталын баруун хойд талын замын хажуугийн цайны газар очсон. Би ороод 2 том пиво аваад нэгийн нь тэнд Батгэрэл, Хүрэлчөдөр 2-т өгөөд нэгийг нь би аваад явсан. Цайны газраас гарч ирэхэд тэр 2 энд хүнтэй таарчлаа энд үлдлээ гэсэн. Би сумын төврүү явсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

11. Гэрч Ц.Доржпагам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Батгэрэл бид 2 анх танилцаж байсан манай нөхөр байгаа юм гэхдээ албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн зүйл байхгүй. Батгэрэлтэй би 2009 онд анх танилцаж байсан бөгөөд түүнээс хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа бид 2 дундаасаа 2015 онд нэг охинтой болсон. Батгэрэл нь хар ажилд сайн багаасаа хөдөө мал маллаж өссөн болохоор адуу малд сайн сэргэлэн цовоо зантай, хүний арга эв олохдоо сайн, хүнтэй зөв боловсон харьцдаг гэрийн ажил төрөлд сайн хань ижил үр хүүхэддээ халамж анхаарал сайн тавьдаг. Миний үгнээс гардаггүй Батгэрэлийн ээж нь хөдөө Гурвансайхан суманд мал маллаж амьдардаг ээждээ туслаж мөнгө төгрөг хоол унааны мөнгөө болгодог. Өөрийн гэсэн мал байхгүй. Батгэрэл манай гэрт амьдардаг би ээжийндээ байдаг. Бид 2 тусдаа гэрс гэр барьсан зүйл байхгүй. Өмч хөрөнгө гээд байх зүйл бид 2-т байхгүй. Батгэрэлийг би хулгай хийж байх үед нь бол мэдээгүй цагдаад баригдсаных нь дараа түүнээс асуухад хулгайн хэрэгт холбогдсон талаараа надад хэлсэн. Хүрэлчөдөр гэх хүнийг танина. Манай найз байгаа юм. садан төрлийн холбоогүй. Хүрэлчөдөр нь манай нөхрийн найз байгаа юм. манайхаар байнга орж гардаг. Өлзийт сумаас Баянтал суманд 2016 оны 9 сард нүүж ирсэн. Эхнэр 2 хүүхдийн хамт одоо Баянтал сумын төвд айлын хашаанд амьдарч байна. Даруу төлөв, үг дуу цөөтэй, ажилсаг хүн байгаа юм. Багаасаа мал дээр мал маллаж өссөн. Бичиг үсэг мэддэггүй сургуульд сурч байгаагүй гэж сонсож байсан. Өөрийн гэсэн гэр оронтой эхнэр хүүхэддээ халамж анхаарал сайн тавьдаг хүн байгаа юм гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 дүгээр хуудас/

 

12. Гэрч О.Ариунсан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...Би Б.Батгэрэл гэх хүнийг танина. Батгэрэлийг би өнгөрсөн жилээс таньдаг болсон. Манай найз байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. Батгэрэл бид 2 танилцаад 1 жил гаран болж байгаа ч сайхан найз нөхдийн холбоотой байдаг. Малд явж байгаад анх танилцаж байсан. Манайхаар ирэн очин байдаг ааш зан сайтай, сэргэлэн цовоо зантай хүний арга эв олохдоо амархан хүнтэй зөв боловсон харьцдаг сайн залуу байгаа юм. Яг амьдрал ахуй хувийн байдлынх нь талаар надад мэдэх зүйл байхгүй байна гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 дугаар хуудас/

 

13. Гэрч Н.Жаншир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...Би Б.Батгэрэл гэх хүнийг танина. Энэ хүн нь миний багын найз байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. Батгэрэлийг би 2004 оноос хойш танина. Бид 2 багын найзууд байгаа юм. 2005-2006 оны хооронд бид 2 хамт нэг жилийн цэргийн алба хамт хааж байсан. Манай найз нь хүний арга эв амархан олдог, сэргэлэн зантай, ааш зан сайтай, хүний үгнээс зөрдөггүй. Архи тамхи нэг их хэрэглээд байдаггүй. Багаасаа хөдөө мал дээр өссөн. Сургуульд сурч байгаагүй. Бичиг үсэг мэддэггүй. Амьдрал ахуйн хувьд тийм сайнгүй эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 дугаар хуудас/

 

14. Гэрч Б.Нямбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

 ...Би Баянтал сумын хэсгийн төлөөлөгчөөр 2014 оны 7- сараас 2017 оны 4 сар хүртэл ажилласан. 4-р сараас аймгийн цагдаагийн хэлтэст жижүүрийн офицероор ажиллаж байна. Намайг Баянтал суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад 2017 оны 2-р сард Б.Мянганбаяр нь утсаар яриад /утасны дугаарыг сайн санахгүй байна/ адуу хулгайд алдсан талаар мэдэгдсэн. Мэдэгдэхдээ Баянтал сумын 6/21-р зөрлөгийн төмөр замын нүхэн гүүрээс баруун тийш адуу машинд ачсан мөр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн мөр байгаа газрыг түүнээс асууж лавлахад Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэрт орох юм байна гэхээр нь Цагаандэлгэр сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгд гэж хэлсэн. Өөрөөр бол надад үхэр мал хулгайд алдсан талаар мэдээлэл дуудлага өгч байгаагүй. Харин малаа эрээд олохгүй байна гэж хэлээд алдуул малын бүртгэлд мал бүртгүүлж байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34 дүгээр хуудас/

 

15. Гэрч С.Отгонцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...2017 оны 02 сарын 25-ны өдөр буюу цагаан сарын битүүний өдрийн өмнөх өдөр нь өмнө нь надад 4 тооны адуу өгсөн залуучууд 3 тооны үхэрийн мах зарсан, над руу нэг залуу утасдаад 3 үхэр зарах гэсэн юм, та хаана байна гэхээр нь би гэртээ байна гэхэд шууд манайд аваад ирсэн, тэр 3 үхэрийн махыг авсан, 2 үхэр нь боломжийн тарган үхэр байсан, нэг үхэр нь туранхай үхэр байсан, тарган үхэрийн махыг нь нэг кг-ыг нь 4400 төгрөгөөр, туранхай үхрийн махыг нь нэг кг-ыг нь 3800 төгрөгөнд бодож авсан шиг санаж байна. 3 үхэрийн мах нийлээд 500 кг орчим болсон байх гэж бодож байна. Үхэрийн мах зараад надад 2,000,000 төгрөг гаран төгрөг авсан шиг санаж байна. Үхэрийн мах зарсан мөнгөө бэлнээр нь авсан. Надад хувийн тэмдэглэл, бүртгэл байхгүй. Хулгайн мах гэдгийг мэдээгүй, худалдаж авсан үхэрийн махаа зарсан, одоо надад байхгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36 дугаар хуудас/

 

16. Гэрч Б.Одончимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...Би Хүрлээ гэх хүнийг нь өмнө нь ганц хоёр удаа харж байсан, Ууганаа Бандиа гэх хүмүүсийг нь харж байгаагүй тэд Ууганаа, Бандиа гэж дуудаад байсан юм. Батгэрэл л миний ах, нөгөө хүмүүстэй нь ямар ч холбоо байхгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 дугаар хуудас/

 

17. Гэрч Г.Мөнгөнцоож мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...Би энэ залуучуудыг урьд нь таньдаг байсан зүс таних л хүмүүс, ямар нэгэн холбоо байхгүй. Би адуу зүсэлж мэдэхгүй, тамгыг нь хараагүй, ямар ч байсан 4 тооны адуу байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38 дугаар хуудас/

 

18. Гэрч Б.Баянжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...Б.Батгэрэл, Эрдэнэ-Очир, Хүрэлчөдөр нарыг огт танихгүй ганц Ууганцэнд гэх хүн нь 2017 оны 2 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ намайг Дундговь аймгийн зах дээр байж байхад ирж уулзаад унаа хайгаад явж байна. Чойрын 18-р зөрлөг орж 3-4 адуу ачих юм гэсэн намайг хүн унаа олоод хүрээд ир байгаа юм маргааш Дэлгэрхангай сум руу явуулах юм гэсэн гэхээр нь би түүнтэй ярьж тохироод явахаар болсон. Надад 100,000 төгрөгөнд түлш, 100,000 төгрөгийг бэлнээр өгхөөр болоод тэр оройдоо бид хоёр 17 цаг өнгөрч байхад Чойрын 18-р зөрлөг рүү миний эзэмшлийн 36-56 ДУА улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго машинтай чигээрээ шороон замаар явсан. Шөнө 2 цагийн үед 18-р зөрлөгийн наад талд очсон тэгтэл тэнд миний танихгүй 3 залуу 5 адуу ногтлоод хөтөлчихсөн төмөр замын нүхэн гарамны баруун талд гараад ирчихсэн зогсож байсан. Тэгээд би машинаа тэнд овоолсон шороонд тулгаж ухрааж зогсоож байгаад тэр 5 адууг бид нар ачаад буцаад шууд Дундговь руу ирсэн замаараа явсан. Ууганцэнд гэх надтай ирсэн залуутай хамт Батгэрэл, Хүрэлчөдөр гэх 2 залуу нь суугаад бид нар 4-үүлээ буцаад явсан. Би бол тэр 2 залууг огт танихгүй ярианаас нь нэрийг нь мэдэж авсан. Хөдлөөд явж байтал ачсан 5 адууны нэг нь машин дээрээс үсрээд буучихсан тэгээд 4 адуу ачаад Дундговь орсон. Би хулгайн мал гэдгийг огт мэдээгүй. Би мал хулгай хийхэд оролцоогүй. Адууг нь аймгийн баруун захад гэр хороололд айлын хашаанд буулгачаад яваад өгсөн болохоор хаана адуу малаа зарсан хэн гэж хүнд өгсөн талаар мэдэхгүй байна. Тэр хүмүүс замдаа унтаад явцгаасан ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Хэрэв хулгайн мал гэдгийг нь мэдэж байсан бол би юу гэж авхав дээ. Гурван хээр, нэг зээрд нэг хар морь байсан. Им тамгыг нь анзаараагүй хөдлөөд явж байхад нэг нь машин дээрээс үсэр ч буусан бөгөөд адуу ачсан залуугын нэг нь хар морь харайгаад буучлаа гэж байсан. Би өөрийнхөө 46-46 ДУА улсын дугаартай машиныг 2017 оны 4 сард Улаанбаатар хотруу танихгүй хүнд зарчихсан. Одоо хаана байгааг нь би мэдэхгүй байна. Зарсан талаарх баримт тухайн үед надад байсан одоо байхгүй хаячихсан. Намайг ойр дотны болон нутгийн хүмүүс зарим нь Амбий зарим нь Памбий гэж дууддаг гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40 дүгээр хуудас/

 

19. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 13-18 дугаар хуудас/

20. Үнэ тогтоох комиссын шийдвэр /х.х-ийн 60, 62, 64, 66, 119, 126, 129 дүгээр хуудас/

21. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 72-81 дүгээр хуудас/

22. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 83-88 дугаар хуудас/

23. Эд хөрөнгө хураан авч, битүүмжлэх тогтоол, хураан авсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 114-117 дугаар хуудас

24. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 120-124, 127, 128 дугаар хуудас/

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглууж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Батгэрэл, Б.Хүрэлчөдөр нарт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Гомбууд овгийн Бямбаагийн Хүрэлчөдөр, Цант овгийн Батцэнгэлийн  Батгэрэл нарыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон өөрчилөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батгэрэл нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны орой Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Тэрэгт гэх газраас иргэн Б.Мянганбаярын 5 тооны адуу буюу бусдын малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 8 300 000 төгрөгийн хохирол учруулсан,

     Мөн шүүгдэгч Б.Батгэрэл, Б.Хүрэлчөдөр нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 02 дугаар сарын 24-ний орой Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Хоёр толгой гэх газраас иргэн Ц.Алтанхуягийн 3 тооны үхэр буюу бусдын малыг хулгайлж 5 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батгэрэл, Б.Хүрэлчөдөр нарын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батгэрэлээс 8 300 00  төгрөг гаргуулж  хохирогч Б.Мянганбаярт олгож, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг  тус тус  дурьдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Харин шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч О.Энх-Өсөхийн эзэмшлийн “Портер 2” маркийн 2009 онд үйлдвэрлэсэн 20-66 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дах хэсэг зааснаар хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч О.Энх-Өсөхөд буцаан олгож шүүгдэгч тус бүрээс тээврийн хэрэгслийн үнэ буюу 500 000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 250 000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдсан гэмт этгээдүүдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Батгэрэлийн эзэмшлийн “SHARKS” маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар, бичиг баримтгүй тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүрэлчөдөрийн А дансанд бүртгэлтэй 5 тооны малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Хүрэлчөдөрт буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Гомбууд овгийн Бямбаагийн Хүрэлчөдөр, Цант овгийн Батцэнгэлийн  Батгэрэл нарыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Гомбууд овгийн Бямбаагийн Хүрэлчөдөр, Цант овгийн Батцэнгэлийн  Батгэрэл нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баримтлан шүүгдэгч Б.Батгэрэл, Б.Хүрэлчөдөр нарыг тус бүр 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Хүрэлчөдөр, Б.Батгэрэл нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч  Б.Хүрэлчөдөр, Б.Батгэрэл нарын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагаар тооцон эдлэх ялаас нь хассугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батгэрэлээс 8 300 000 /найман сая гурван зуу мянга/ төгрөг гаргуулан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Бүдүүний энгэр гэх газарт нутаглах Б.Мянганбаярт олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдсан гэмт этгээдүүдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан О.Энх-Өсөхийн эзэмшлийн “Портер 2” маркийн 2009 онд үйлдвэрлэсэн 20-66 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч О.Энх-Өсөхөд буцаан олгож, шүүгдэгч тус бүрээс тээврийн хэрэгслийн үнэ буюу 500 000 /таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдсан гэмт этгээдүүдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Батгэрэлийн эзэмшлийн “SHARKS” маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар, бичиг баримтгүй тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.   

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүрэлчөдөрийн А дансанд бүртгэлтэй 5 тооны малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг малыг буцаан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хүрэлчөдөр, Б.Батгэрэл нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ