| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2021/00609/И |
| Дугаар | 152/ШШ2022/00485 |
| Огноо | 2022-11-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 152/ШШ2022/00485
| 2022 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 152/ШШ2022/00485 | Увс аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 1-20 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЮ76051767, Булгадар ургийн овогт Сундуйгийн Даваахүүгийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,594,767 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх /цахимаар/, хариуцагч Б.Одгэрэл, Д.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Даваахүү нь хариуцагч Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,042,632 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.Даваахүү шүүх хуралдааныг товлон зарласны дараа нэхэмжлэлийн шаардлагаа 10,552,135 төгрөгөөр нэмэгдүүлсэн, тухайн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулахад хариу тайлбараа ирүүлэн, нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой гаргаж өгөх баримтгүй гэсэн тул С.Даваахүүгийн нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн болно. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д цалин хөлсний, үндсэн хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Улмаар 2020 оноос санхүүгийн албаны гэрээний мэргэжилтнээр ажиллаж байсан.
1.2. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амралтын өдөр Улаанбаатар хотод амьдардаг төрсөн ах С.Рэнцэндэлэгийн бие гэнэт муудаж, би Улаанбаатар хот явах шаардлага гарсан тул албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Н.Отгонтунгалагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой утсаар “ажлын өдөр хүлээх боломжгүй байгаа тул танд мэдэгдэж байна. Та дарга нарт мэдэгдэх үү, би мэдэгдэх үү, бичгээр хандах шаардлага байгаа юу гэдгээ хэлж мэдэгдэхэд өвчин зовлон тохиолдсон учир би ойлгож байна, даргад би мэдэгдээд зохицуулна, чи явж бай” гэсэн тул би Улаанбаатар хот явсан.
1.3. Намайг хотод байхад чи ажил тасалж байна, чамд чөлөө олгохоос татгалзсан тул ирж ажлаа хий гэж огт хэлээгүй. Би чөлөөтэй гэж бодож явтал намайг ажлаас халсан тушаал гаргасан байна.
1.4. Миний хувьд эрхэлсэн ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж халагдсан бол гомдолгүй. Гэтэл албаны дарга Н.Отгонтунгалаг намайг хуурч чөлөө өгнө гэж итгүүлж Улаанбаатар хот явуулчхаад намайг эзгүйд ажлаас халсанд гомдолтой байна. Би санхүү албаны дарга Н.Отгонтунгалагт хагас сайн өдрийн орой хэлж мэдэгдээд бүтэн сайн өдрийн өглөө хот явсан. Энэ хугацаанд надад чөлөө олгохгүй гэдгээ хэлсэн бол би явахгүй байсан гэтэл даргад миний чөлөө хүссэн асуудлыг дамжуулсан эсэх нь тодорхойгүй байхад намайг ажлаас халсан. Хэрэв байнга ажил таслаад байсан юм бол тухайн үед нь яагаад арга хэмжээ аваагүй юм бэ.
1.5. Надад хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй.
1.6. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар надад мэдэгдэхгүй ажлаас халсанд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар болон шинэ Хөдөлмөрийн тухай хууль, танай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар сахилгын шийтгэл хүлээсэн ажилтанд урамшуулал цалин олгохгүй гэж заасан байтал 2021 оны 01 дүгээр сараас халагдах хүртлээ урамшууллаа авсан. Хариуцагч тал өөрсдөө хуулиа биелүүлээгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 14,594,767 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл, Д.Нямжав нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч С.Даваахүү нь 2021 оны 1 дүгээр сард 2 бүтэн, 1 хагас өдөр, зарим өдрүүдэд цагаар ажил тасалж нийт 20,5 цагийн ажил тасалсан. Эдгээр зөрчлүүдийн улмаас 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр захирлын зөвлөл хуралдаад С.Даваахүүд сануулах сахилгын шийтгэл оногдуулах санал гарч дэмжигдсэн. Энэ тэмдэглэлийг үндэслэж Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар ажлын цаг ашиглалт хангалтгүй, шалтгаангүйгээр ажил тасалсан гэх шалтгаанаар сануулах буюу сахилгын шийтгэл оногдуулсан.
2.2. С.Даваахүү нь 2021 оны 6, 9, 10 дугаар саруудад ажлын цаг ашиглалт хангалтгүй, 7 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчлүүд гаргасан. Жишээ нь: 7 дугаар сард ээлжийн амралтаа авсан ба 2021 оны 7 дугаар сарын 01-09-ний хооронд 7 өдөр ажилласнаас 7 дугаар сарын 01-ний өдөр 6 цаг ажил тасалсан, 02-ны өдөр огт ажилдаа ирээгүй, 7 дугаар сарын 09-ний өдөр үдээс хойш ажилд ирээгүй зөрчил гаргасан боловч тухайн зөрчилд ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй. 2021 оны 9 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд төрсөн ахын бие муудсан гэх шалтгаанаар чөлөө хүссэн өргөдлөө өгөөд Улаанбаатар хот руу явсан. Харин 11 дүгээр сард мөн дээрх шалтгаанар Улаанбаатар хот явсан ба ингэхдээ чөлөө зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй. Албаны даргад мэдэгдсэн ба тухайн албан тушаалтан нь 1 өдрийн чөлөө олгох боломжтой, олон хоногийн чөлөө авч байгаа учраас хүний нөөцөд хүсэлтээ гаргаад чөлөө аваарай гэж гэрчээр мэдүүлэхдээ хэлсэн.
2.3. Гэтэл С.Даваахүү нь бичгээр хүсэлтээ гаргахгүйгээр ажлаа тасалж яваад 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирж хүсэлтээ гаргасан. Тухайн хүсэлт нь хэрэгт авагдсан байгаа. Иймд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/186 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.5.г, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн удаа дараа сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр С.Даваахүүгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
2.4. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус бүртээ тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал оногдуулсан байхыг шаардахгүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Иймд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/186 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
¯ÍÄÝÑËÝÕ íü:
1. Нэхэмжлэгч Б.Даваахүүгийн хариуцагч Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,594,767 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11,539,070 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж, үлдэх 3,055,697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний бие Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д санхүүгийн албаны гэрээний мэргэжилтнээр ажиллаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амралтын өдөр Улаанбаатар хотод амьдардаг төрсөн ах С.Рэнцэндэлэгийн гэнэт муудаж, би Улаанбаатар хот явах шаардлага гарсан тул Ерөнхий нягтлан бодогч Отгонтунгалагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой утсаар “ажлын өдөр хүлээх боломжгүй байгаа тул танд мэдэгдэж байна. Та дарга нарт мэдэгдэх үү, би мэдэгдэх үү, бичгээр хандах шаардлага байгаа юу гэдгээ хэлж мэдэгдэхэд өвчин зовлон тохиолдсон учир би ойлгож байна, даргад би мэдэгдээд зохицуулна, чи явж бай” гэсэн тул би Улаанбаатар хот явсан.
2.2. Намайг хотод байхад чи ажил тасалж байна чамд чөлөө олгохоос татгалзсан тул ирж ажлаа хий гэж огт хэлээгүй. Би чөлөөтэй гэж бодож явтал намайг ажлаас халсан тушаал гаргасан байна.
2.3. Миний хувьд эрхэлсэн ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж халагдсан бол гомдолгүй. Би санхүү албаны дарга Н.Отгонтунгалагт хагас сайн өдрийн орой хэлж мэдэгдээд бүтэн сайн өдрийн өглөө хот явсан. Энэ хугацаанд надад чөлөө олгохгүй гэдгээ хэлсэн бол би явахгүй байсан гэтэл даргад миний чөлөө хүссэн асуудлыг дамжуулсан эсэх нь тодорхойгүй байхад намайг ажлаас халсан.
2.4. Надад хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй.
2.5. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар болон шинэ Хөдөлмөрийн тухай хууль, танай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ч сахилгын шийтгэл хүлээсэн ажилтанд урамшуулал цалин олгохгүй гэж заасан байтал 2021 оны 01 дүгээр сараас халагдах хүртлээ урамшууллаа авсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 14,594,767 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч С.Даваахүү нь 2021 оны 1 дүгээр сард 2 бүтэн, 1 хагас өдөр, зарим өдрүүдэд цагаар ажил тасалж нийт 20,5 цагийн ажил тасалсан. Эдгээр зөрчлүүдийн улмаас 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр захирлын зөвлөл хуралдаад С.Даваахүүд сануулах сахилгын шийтгэл оногдуулах санал гарч дэмжигдсэн. Энэ тэмдэглэлийг үндэслэж Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар ажлын цаг ашиглалт хангалтгүй, шалтгаангүйгээр ажил тасалсан гэх шалтгаанаар сануулах буюу сахилгын шийтгэл оногдуулсан.
3.2. С.Даваахүү нь 2021 оны 6, 9, 10 дугаар саруудад ажлын цаг ашиглалт хангалтгүй, 7 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчлүүд гаргасан. 2021 оны 9 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд төрсөн ахын бие муудсан гэх шалтгаанаар чөлөө хүссэн өргөдлөө өгөөд Улаанбаатар хот руу явсан. Харин 11 дүгээр сард мөн дээрх шалтгаанар Улаанбаатар хот явсан ба ингэхдээ чөлөө зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй.
3.3. Гэтэл С.Даваахүү нь бичгээр хүсэлтээ гаргахгүйгээр ажлаа тасалж яваад 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирж хүсэлтээ гаргасан. Иймд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/186 дугаартай тушаалаар удаа дараа сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр С.Даваахүүгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
3.4. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус бүртээ тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал оногдуулсан байхыг шаардахгүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Иймд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/186 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/186 дугаар “Сундуйн Даваахүүг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 6.5г дэх заалт, Захирлын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн тус компанийн гэрээний мэргэжилтэн Б.Даваахүү нь компанийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2021 оны 11 дүгээр сарын 08-19-ний өдөр хүртэл ажлын 10 хоног буюу 80 цагийн ажил тасалж, сахилгын зөрчил гаргасан гэж үзэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Хариуцагч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийн аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа талаар дурдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Даваахүү хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “С.Даваахүүд өмнө нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг авч байсан, мөн 2021 оны 6, 9, 10 дугаар саруудад ажлын цаг ашиглалт хангалтгүй, 7 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчлүүд гаргасан” гэж тайлбарлаж байна.
5. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/186 дугаар “Сундуйн Даваахүүд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.а дэх заалт, Захирлын зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн тус компанийн гэрээний мэргэжилтэн Б.Даваахүүгийн ажлын цаг ашиглалт хангалтгүй, шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэн сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч дээрх тушаалыг надад мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй гэж маргадаг бөгөөд энэ талаар гэрч Ч.Цэцэгбал “Би Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/12 дугаартай "С.Даваахүүд сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг уг тушаал гарсан өдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр С.Даваахүүд танилцуулсан. Тухайн үед би С.Даваахүүг өрөөндөө дуудаж, албаны дарга Н.Отгонтунгалагийн саналаар ажил тасалсан гэх шалтгаанаар түүнд сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар танилцуулсан. Тэр үед С.Даваахүү тушаалтайгаа танилцчихаад албаны даргадаа уурлаж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гардаж авахаас татгалзаад манай өрөөнөөс гараад явсан” гэж, гэрч А.Цэнд-Аюуш “Миний бие Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д дотоод аудитороор ажилладаг бөгөөд би хүний нөөцийн ажилтан Ч.Цэцэгбалтай хамт нэг өрөөнд суудаг юм. Хүний нөөцийн ажилтан Ч.Цэцэгбал нь байгууллагаас гарсан аливаа тушаал шийдвэрийг ажилтнуудад танилцуулдаг бөгөөд ямар ч байсан хүний нөөц Ч.Цэцэгбал “С.Даваахүүд сахилгын шийтгэл ногдуулсан тухай” нэг тушаалын талаар хэлж байсныг сонссон. Гэхдээ яг хэдэн оны, хэд дугаартай тушаалыг түүнд танилцуулж байсан, яг энэ тушаал мөн эсэхийг нь тодорхой санахгүй байна” гэж тус тус мэдүүлжээ. Гэрч Ч.Цэцэгбал, А.Цэнд-Аюуш нарын дээрх мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бичгийн өөр нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.
Мөн хариуцагч талаас Б.Даваахүүд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/12 дугаартай "С.Даваахүүд сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг гардуулсан гэх үйл баримтыг нотлохоор хариуцагч байгууллагын тогтоол, тушаал, захирамжийн бүртгэл гэх баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
6. Түүнчлэн хариуцагч тал “Даваахүү нь 2021 оны 6, 7, 9, 10, 11 дүгээр сард ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй гэх зөрчлүүдийг давтан гаргасан. Жишээ нь 7 дугаар сард ээлжийн амралтаа авсан ба 2021 оны 7 дугаар сарын 01-09-ний хооронд 7 өдөр ажилласнаас 7 дугаар сарын 01-ний өдөр 6 цаг ажил тасалсан, 7 дугаар сарын 02-ны өдөр огт ажилдаа ирээгүй, 7 дугаар сарын 09-ний өдөр үдээс хойш ажилд ирээгүй зөрчил гаргасан боловч тухайн зөрчилд ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй. Нэхэмжлэгчийг 2021 оны 6, 9, 10 дугаар сард ажлын цаг ашиглалт хангалтгүй, 7 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчлүүд гаргасан” гэж тайлбарладаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч С.Даваахүүгийн цагийн бүртгэлд үзлэг хийхэд “ББЭХС ТӨХК нь хуруугаар цаг бүртгэх машинаар ажилчдынхаа цагийг бүртгэдэг бөгөөд уг машинаас хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгч С.Даваахүүгийн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 дүгээр сарын 31-ний өдрийн, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 31-ний өдрийн болон 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хоорондох цагийн бүртгэлийг хэвлэх гэхэд уг цагийн бүртгэлийн машин алдаа заагаад хэвлэхгүй байсан тул флаш дискинд хадгалагдсан байсан файлаас нэхэмжлэгчийн дээр дурдсан хугацааны цагийн бүртгэлийг хэвлэн авч, үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулан хэрэг хавсаргав” гэж үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байна.
Дээрх үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгч С.Даваахүүгийн 2021 оны 1 дүгээр сард – 1 дүгээр сарын 05-ны өдөр, 1 дүгээр сарын 11-ний өдөр, 1 дүгээр сарын 29-ний өдөр цаг бүртгэгдээгүй, 9 дүгээр сард – 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цаг бүртгэгдээгүй, 11 дүгээр сард - 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цаг бүртгэгдээгүй байна.
Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар “Сундуйн Даваахүүд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг Б.Даваахүүд мэдэгдээгүй, тушаалд гомдол гаргах эрхээр нь хангаагүй гэж үзсэн тул 2021 оны 1 дүгээр сард ажил тасалсан гэх үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Даваахүүгийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цаг бүртгэгдээгүй байх боловч энэхүү өдрүүдэд “Төрсөн ахын биеийн байдал муу гэдэг шалтгаанаар” чөлөө авсан үйл баримтын талаар талууд маргаагүй.
Хариуцагч байгууллагаас тус шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 276 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн “Гэрээний мэргэжилтэн С.Даваахүүгийн 2021 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх ажил тасалсан гэх цагийн бүртгэл, 1-11 дүгээр сарын цагийн бүртгэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
7. С.Даваахүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цаг бүртгэгдээгүй үйл баримтын талаар талууд маргадаггүй, цаг бүртгэгдээгүй шалтгааныг нэхэмжлэгч тал “Дээрх өдрүүдэд ахын бие муу байсан тул албаны дарга Н.Оюунтунгалагт хэлээд чөлөө аваад явсан” гэж, хариуцагч тал “С.Даваахүү дээрх өдрүүдэд ажил тасалсан” гэж маргадаг.
8. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.5-д “Захиргаа ажилтны хүсэлтээр ажлын нөхцөл байдлыг харгалзан цалинтай, цалингүй чөлөө олгож болно. Чөлөө олгох боломжтой болохыг тодорхойлсон хэлтэс, тасаг, албадын даргын тодорхойлолтыг үндэслэн компанийн гүйцэтгэх захирал чөлөө олгох тухай шийдвэр гаргана. Ажлын 8 хүртэл цагийн чөлөөг хэлтэс, тасаг, албадын дарга нар олгож, түүнээс дээш хугацааны чөлөөг захирлын зөвлөлөөр оруулж шийдвэрлэх ба захирлын тушаалаар олгож, үйпдвэрлэлийн ажиллагааг тасралтгүй хэвийн байлгахаар зохицуулна” гэж, 5.6-д “Ажилтан аливаа урьдчилан төлөвлөөгүй гэнэтийн шалтгаанаар ажлын цагаас хоцрох, ажилдаа ирэх боломжгүй бол хүний нөөцийн мэргэжилтэн болон холбогдох хүмүүст мэдэгдэн гүйцэтгэх захирлаас олгосон албан ёсны зөвшөөрлийн дагуу чөлөө олгоно” гэж тус тус заажээ.
Мөн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/05 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан цаг ашиглалтын журмын 2.3-д “Ажилчид цаг бүртгэлийн системд хурууны хээг бүртгүүлэхдээ өглөө 08:00 цагт, үдийн завсарлагын хугацаа 12:00-13:00, ажил тарахдаа 17:00 цагуудад бүртгүүлнэ” гэж, 4.7-д “Ажилтны томилолтоор ажилласан хугацааг томилолтын хуудсаар, өвчтэй буюу өвчтэй хүн асрах хугацааг эмчийн магадлагаагаар, чөлөөтэй байсан хугацааг чөлөө олгосон тушаал болон чөлөөний хуудсаар, гадуур ажилтай хугацааг гадуур ажиллах зөвшөөрлийн хуудсаар тус тус баталгаажуулна” гэж, талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.11-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр болон дараах зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж, 3.11.5-д “Хүндэтгэх шалтгаангүйгээр дараалсан 3 өдөр буюу сарын дотор нийлбэр дүнгээрээ 6 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан тохиолдолд” гэж заасан байна.
9. Нэхэмжлэгч тал “2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амралтын өдөр Улаанбаатар хотод амьдардаг төрсөн ах С.Рэнцэндэлэгийн бие гэнэт муудаж, би Улаанбаатар хот явах шаардлага гарсан тул албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Н.Отгонтунгалагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой утсаар мэдэгдэж, дарга нарт та мэдэгдэх үү, би мэдэгдэх үү, бичгээр хандах шаардлага байгаа юу гэдгээ хэлэхэд өвчин зовлон тохиолдсон учир ойлгож байна, даргад би мэдэгдээд зохицуулна, чи явж бай гэсэн тул би Улаанбаатар хот явсан. Надад хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй” гэж маргадаг, энэхүү тайлбарыг хариуцагч тал “Хөдөлмөрийн дотоод журмыг С.Даваахүүд танилцуулсан, тухайн журамд зааснаар ажилтан ажлын 8 хүртэл цагийн чөлөөг хэлтэс, тасаг, албадын дарга нар олгож, түүнээс дээш хугацааны чөлөөг захирлын зөвлөлөөр оруулж шийдвэрлэдэг” гэж няцааж, урьдчилсан зааварчилгааны хуудас гэх баримтыг ирүүлжээ.
Дээрх урьдчилсан зааварчилгааны хуудас гэх баримтын зааварчилгаа өгсөн тэмдэглэл хэсэгт “...хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээний талаар” гэж танилцуулсан гэж тусгасан байх боловч тухайн баримтын он засвартай байх тул энэхүү баримтаар С.Даваахүүд хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан гэж үзэхгүй, тухайн дотоод журмыг мөрдөж ажиллахыг шаардах боломжгүй байна.
10. Гэрч Н.Отгонтунгалаг “2021 оны 11 сард С.Даваахүү над руу утсаар ярьсан. Яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан амралтын өдөр байсан юм. С.Даваахүү утсаар ярихдаа ахынх нь бие муудаад Улаанбаатар хот руу явж байгаа талаар хэлэхэд нь би "ойлголоо, чи хот явж байгаа юм олон хоногоор явагдаж таарах байх, хүний нөөцөд чөлөө авах талаар өргөдөл бичиж өгөөд яваарай" гэж хэлсэн. Тухайн үед миний бие С.Даваахүүтэй амралтын өдрөөр ярьсан бөгөөд дараах өдөр буюу 1 дэх өдрийн орой нь би Улаанбаатар хот руу томилолтоор явсан. С.Даваахүү бид хоёр бараг зэрэг шахуу Улаанбаатар хот явсан байх. Ийм учраас би С.Даваахүүг ажлаасаа чөлөө авсан эсэхийг нь мэдэхгүй байна. С.Даваахүүг чөлөө авах өргөдлөө өг гэж хэлсэн учир чөлөө авсан гэж бодсон” гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн боловч энэ талаар нэхэмжлэгч С.Даваахүү “2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амралтын өдөр Улаанбаатар хотод амьдардаг төрсөн ах С.Рэнцэндэлэг нь өвчний учир гэнэт муудаж, би Улаанбаатар хот явах шаардлага гарсан тул Ерөнхий нягтлан бодогч Н.Отгонтунгалагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой утсаар ажлын өдөр хүлээх боломжгүй байгаа тул танд мэдэгдэж байна. Та дарга нарт мэдэгдэх үү, би мэдэгдэх үү, бичгээр хандах шаардлага байгаа юу гэдгээ хэлж мэдэгдэхэд өвчин зовлон тохиолдсон учир би ойлгож байна, даргад би мэдэгдээд зохицуулна, чи явж бай гэсэн тул би Улаанбаатар хот явсан” гэж тайлбарласан. Гэрч Н.Отгонтунгалагийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Эцэст нь дүгнэхэд хариуцагч Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/186 дугаар “Сундуйн Даваахүүг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “тус компанийн гэрээний мэргэжилтэн Б.Даваахүү нь компанийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2021 оны 11 дүгээр сарын 08-19-ний өдөр хүртэл ажлын 10 хоног буюу 80 цагийн ажил тасалж, сахилгын зөрчил гаргасан гэж үзэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэж тусгасан атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тушаалд дурдаагүй “С.Даваахүү 2021 оны 1 дүгээр сард ажил тасалсан, 6, 9, 10 дугаар сард ажлын цаг ашиглалт хангалтгүй, 7 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” зөрчлийг өмнө нь гаргасан гэх үйл баримтын талаар маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй болно.
11. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Булгадар ургийн овогт Сундуйгийн Даваахүүг Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн санхүүгийн албаны гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгч С.Даваахүүг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэн, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д “...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар, 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтад Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар нэхэмжлэгч С.Даваахүүгийн нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,308,550 /1 сар, 6 хоногийн цалин/ төгрөг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэж зааснаар нэхэмжлэгч С.Даваахүүгийн 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарыг дуусталх буюу 11 дүгээр сарыг хүртэлх хугацааын өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 10,230,520 /10 сарын цалин/ төгрөг, нийт 11,539,070 төгрөгийг хариуцагч Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгч С.Даваахүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх илүү нэхэмжилсэн 3,055,697 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч С.Даваахүүгийн ажилгүй байсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуусталх буюу 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
13. Нэхэмжлэгч С.Даваахүүгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ буюу 11,539,070 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 199,575 төгрөг, нийт 269,775 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Булгадар ургийн овогт Сундуйгийн Даваахүүг Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн санхүүгийн албаны гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуусталх буюу 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 11,539,070 төгрөгийг хариуцагч Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгч С.Даваахүүд олгож, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Даваахүү улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 269,775 төгрөг гаргуулж Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ