Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/359

 

 

2025       07          25                                         2025/ШЦТ/359

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа

Улсын яллагч Т.Төгөлдөр

Хохирогчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Над холбогдох эрүүгийн 2425003640308 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, М.Н

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Н нь 2024 оны 06-р сарын 24-ний өдрийн өглөө 9 цагийн орчим Синотрак маркийн ZZ1167 загварын 00-00 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр Хивсний уулзвраар баруун эргэх буюу чиг өөрчлөх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг ханганагэснийг зөрчсөний улмаас цахилгаан унадаг дугуй унаж явсан хохирогч О.Эийг мөргөж эрүүл мэндэдбаруун  талын ээрцэг ясны далд хугарал, баруун гуя, зүүн ташаанд зулгарсан шарх, зүүн бугуй, сарвуу, баруун ташаанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

           -шүүгдэгч М.Нын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна..гэх мэдүүлэг,      

      - эрүүгийн 2425003640308 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  /хх-ийн 13-14-р тал/

-Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18-р тал/

-Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 22-р тал/

- хохирогч О.Эийн мэдүүлсэн:...2024 оны 06-р сарын 24-ний өглөө 9 цагийн үед гэрээсээ буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ДЦС бранк 1-4 тоотоос ажилдаа очихоор цахилгаан унадаг дугуйтай гарсан. Манай ажлын буюу Худалдаа хөгжлийн банкны Орхон аймаг дахь салбар Согоот баг Пирамид дээр байдаг юм. Мөн би засмал замаар биш дан хажуугийнх нь шороон замаар ойролцоогоор 10-20 км цагийн хурдтай явж байсан юм. Тухайн үед намайг мөргөсөн хот тохижуулахын машин надтай зэрэгцэж ойролцоогоор 100м газар зэрэгцэж явсаар Хивсний уулзвар дээр очсон. Тэгээд Хивсний уулзвараар гарах гэтэл хот тохижуулахын чигээрээ явж байснаа ямар ч дохио өгөлгүй шууд баруун гар тийш эргэж ачааны хэсгээрээ намайг хамж мөргөөд цахилгаан дугуйтай газар унагасан. Газар унаад би биеэ хөдөлгөж, амьсгаа авч чадахгүй байсан. Мөн хот тохижуулахын машин намайг мөргөж зогсоод машин дотроос нийт 3******* хүн гарч ирээд намайг чи яаж байна ч гэж асуулгүй, тамхи татаж жолоо барьж явсан нэг******* рүүгээ хамт явсан залуучууд нь чи өөрөө хэргээ хүлээгээрэй бил үү, чи өөрөө ганцаараа араа даагаарай гэсэн утгатай зүйл хэлж байсан... 2025 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн орчим толгой өвдөж, дотор муухайраад байхаар нь түргэн тусламж дуудсан. Тухайн үед би хоолны хордлогот орсон байсан юм. Энэ даатгалаас хөнгөлсөн 49.920 төгрөг өмнөх ослын хэрэгтэй хамаагүй. Би ослын дараа дахиж цахилгаан дугуйгаа унаагүй. Яагаад гэвэл цахилгаан дугуй унаж яваад гэмтсэн болохоор унамааргүй санагдсан. Тэгээд би 2025 оны 08 дугаар сард хуучин ажлын газрын ах Ад та энэ дугуйг ашиглавал ашигла, ашиглахгүй бол хая, би бол хэрэглэхгүй гээд зүгээр өгчихсөн юм. 2025 оны 01 дүгээр сард А ахтай утсаар холбогдож миний танд өгсөн цахилгаан дугуй байгаа юу гэсэн чинь ах нь тэр дугуйг чинь Булган аймагт хөдөө амьдардаг хүнд өгчихсөн, ахад нь одоо чиний дугуй байхгүй гэж хэлж байсан. Гаргаж өгсөн баримт дээрх мөнгөн дүн, 2 сар ажилдаа явж чадаагүй хугацааны цалингийн зөрүү, сэтгэл санаанд учирсан хор уршиг зэргээ журмын дагуу нэхэмжилнэ" гэх мэдүүлэг /хх-ийн 31,33-р тал/

-иргэний хариуцагч О.Тгйин мэдүүлсэн:...2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өглөө жолооч Н, ачигч Т нарын хамт ажлаа хийхээр ажлын газраасаа гараад явсан. Бид нар Хивсний үйлдвэрийн баруун талд байдаг шатахуун түгээх станцаас шатахуун авахаар явсан. Бид нарыг ажлаас гараад явж байхад дайруулсан гэх залуу унадаг дугуйтайгаа авто замын хойд талаар баруун тийш явж байсан. Бид нар гүйцэж түрүүлээд гараад явсан. Бид нарыг хивсний үйлдвэрийн урд тал руу эргээд явж байхад машины хойд талд пид хийх чимээ гарсан чинь Н машинаа зогсоогоод машинаасаа буугаад явсан. Т бид хоёр мөн машинаасаа буусан чинь машины ард замын хажуугаар явж байсан унадаг дугуйтай хүүхэд газарт хэвтэж байсан. Ийм л юм болсон. Хэрэг болох үед Н 00-00 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан... " гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р тал/

-гэрч Ж.Тагийн мэдүүлсэн:.. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өглөө Хот тохижуулах газар дээрээс ажлын үүргээ авч гарын үсэг зураад жолооч Н, ачигч Ганхуяг нарын хамт ажилдаа гарсан. Бид нар үүргээ аваад шууд Эрдэнэт хивсний хажууханд байдаг нэрийг нь санахгүй байна, колонкоос очиж байнга бензинээ авдаг юм. Тэгээд Эрдэнэт хивс рүү чиглээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун руу засмал замаар явж байтал яг хажуугаар дугуйтай******* хүн явж өнгөрсөн. Миний санаж байгаагаар жолооч Н машин дотор энэ нөгөө цахилгаан дугуй, өөрөө явдаг гэсэн утгатай зүйл ярьж байсан. Би нээх тоогоогүй урагшаа хараад явж байсан. Ингээд удалгүй Эрдэнэт хивсний уулзвараар баруун тийш эргэтэл ард түк гээд юм цохигдох чимээ гарсан, үүний дараа жолооч Н шууд машинаа зогсоож буугаад гарч харсан. Н машинаас буугаад хүн мөргөчихлөө гэж хэлэхээр нь Ганхуягийн хамт буугаад хартал уулзвар дээр баруун тийш эргэхдээ Н нөгөө өмнө нь харсан дугуйтай залууг мөргөж унагасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/

-гэрч Б.О мэдүүлсэн:.. Миний хүү Улаанбаатар хотын "Мандах" дээд сургуулийг 2023 онд сурч банкны менежментээр ажиллаж байгаад 2024 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод амьдрахаар шилжин явсан. 2024 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Эрдэнэт хивсний уулзвар дээр унадаг дугуйтай явж байгаад машинд мөргүүлж аарцаг нь хугарч 3 сар гэртээ хэвтрийн байдалтай байж байгаад 09 дүгээр сард Улаанбаатар хотын Худалдаа хөгжлийн банканд борлуулалт мэдээллийн ажилтнаар ажиллахаар явсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р тал/

-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтийн 2024 оны 07 дугаар сарын 01- ний өдрийн 607 дугаартай...О.Эийн биед баруун талын ээрцэг ясны далд хугарал, баруун гуя, зүүн ташаанд зулгарсан шарх, зүүн бугуй, сарвуу, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, цохих, цохигдох болон нидрэгдэх хүчний олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Баруун талын ээрцэг ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун гуя, зүүн ташаанд зулгарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн бугуй, сарвуу, баруун ташаанд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 51-53-р тал/

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12-р сарын 20-ны өдрийн 23 дугаартай:..О Э /РД:0000000000/-ийн сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй болно....гэх дүгнэлт /хх-ийн 63-65-р тал/

-Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг /хх-ийн 74-80, 89-94-р тал/

-2025 оны 05 дугаар сарын 52-82/231 дугаартай...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Синотрак 221167 маркийн 00-00 ОРБ улсын дугаартай автомашины жолооч М.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна О.Эийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үндэслэлгүй байна. Синотрак 221167 маркийн 00-00 ОРБ улсын дугаартай автомашины жолооч М.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж нэмж тусгах саналгүй” гэх шинжээч Я.Соронзонболдын дүгнэлт /хх-ийн 101-102-р тал/

-А ХХК-ний шинжээчийн “Super 73 загварын цахилгаан дугуйны зах зээлийн үнэ 1,500,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 111-117-р тал/

-шүүгдэгч М.Нын яллагдагчаар мэдүүлсэн:.. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэгт холбогдсон явдалд харамсаж байна. Улаанбаатар хотоос шилжин ирээд 2 жил болж байгаа бөгөөд одоохондоо мөнгөний боломжгүй учраас өөрсдийн гэсэн хашаа авч чадаагүй айлын хашаанд түрээсээр сард 50.000 төгрөг өгч амьдардаг. Миний хувьд ослыг өөрийн буруугаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.Боломжтой бол гэмтсэн залууд эмчилгээний мөнгө өгмөөр байна Гэвч цалингийн зээлтэй, эхнэр бид хоёрын цалин нийлээд дөнгөж амьдралаа залгуулдаг учраас үнэндээ илүү гаргаж чадахгүй байна. Гэхдээ би зээлээ багасгаж байгаад дахиж зээл аваад гэмтсэн залуугийн эмчилгээнд мөнгө өгөх болно. Боломжгүй байгаа учраас л мөнгө өгч чадаагүй гэдгээ хэлэх гэсэн юм. гэх мэдүүлэг /хх-ийн 137-138-р тал/

-Орхон аймаг Хот тохижуулах газрын даргын 2023 оны 05-р сарын 22-ны өдрийн 106 дугаар М Нтай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 154-159-р тал/

-00-00 ОРБ улсын дугаартай Синотрак ZZ1167 загварын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 161-р тал/

-хохирогч О.Эийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 164-170-р тал/ зэргийг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч М.Н нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 9 цагийн орчим Орхон аймгийн Хот тохижуулах газрын эзэмшлийн Синотрак маркийн ZZ1167 загварын 00-00 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ажилд гарч явахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт хивсний үйлдвэрийн уулзвраар баруун эргэх буюу чиг өөрчлөх үйлдэл хийхдээ цахилгаан унадаг дугуй унаж явсан О.Эийг мөргөж эрүүл мэндэд нь баруун  талын ээрцэг ясны далд хугарал, баруун гуя, зүүн ташаанд зулгарсан шарх, зүүн бугуй, сарвуу, баруун ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.

 

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч М.Нын үйлдлийн улмаас хохирогч О.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн эмчилгээний баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч М.Н нь шинжээч Я.Соронзонболдын зам тээврийн ослын талаар гаргасан дүгнэлттэй танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримтын талаар маргаагүй.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийн талаар тодорхойлж заасан.

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...ял шийтгэнэ” гэж заасан.Шүүгдэгч М.Н тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж  гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжийг заасан.

Аливаа болгоомжгүй гэм буруутай үйлдэл нь, буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч М.Н нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн үйлдлийн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандсаны улмаас Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан журмын дагуу хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулсан ба хэргийн үйл баримт,шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай хүрэлцэхүйц байна гэж үзсэн.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Н нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байна.             

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч М.Н нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өглөө Хот тохижуулах газрын үйлчилгээний автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг ханганагэснийг зөрчсөний улмаас цахилгаан унадаг дугуй унаж явсан хохирогч О.Эийг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун  талын ээрцэг ясны далд хугарал, баруун гуя, зүүн ташаанд зулгарсан шарх, зүүн бугуй, сарвуу, баруун ташаанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Хохирогчийн эмчилгээний зардал 2,100,000 төгрөг төлсөн. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 2-р зэрэглэлээр тогтоосон тул 8%иар тооцож шүүгдэгчээс төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж,

-хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруутай. 2024.6.24-ний өглөө болсон үйл явдал. Хохирогч гэмтлийн улмаас 2 сар ажилгүй хэвтрийн байдалтай байсан. Шүүгдэгч 2,100,000 төгрөг төлсөн. Дундаж цалин 2,312,829 төгрөг, 2ш листээр  1,476,017 төгрөг авсан, зөрүү 836,812 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг 2-р зэрэглэл гэж тогтоосон тул хохирлыг иргэний хариуцагч Хот тохижуулах газраас гаргуулна уу гэж,

-Шүүгдэгч М.Н: гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардал төлбөрийн зарим хэсгийг төлсөн байдал зэрэг хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,

 -шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцсон ба, би амралтаараа Хөвсгөл явж байшин барихаар тохиролцсон байгаа. Надад өөр ял оногдуулна уу, хохирол төлнө гэж тус тус санал гаргасан.

3.Хохирол төлбөр,бусад асуудлын тухайд:

Хохирогч 2ш листээр авсан цалингийн зөрүү, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн, шүүгдэгч эмчилгээний зардалд 2,100,000 төгрөг төлсөн байна.

 Иргэний хуулийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”гэж,

505.1-д”Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хохирогч дутуу авсан цалин хөлсөө гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

Хохирогч 9 хоногийн цалин 1,062,729 төгрөг авахаас листээр 531,366 төгрөг,16 хоногийн цалин 1,889,296 төгрөг авахаас 944,651 төгрөг тус тус авсан болох нь хэрэгт өмгөөлөгчийн гаргаж хавсаргасан баримтаар тогтоогдож байх тул, зөрүү, 9 хоногийн 531,363 төгрөг, 16 хоногийн 944,645 төгрөг нийт 1,476,008 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгуулахаар шийдвэрлэлээ.

Шинжээчийн дүгнэлтээр ослын улмаас хохирогчийн сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирлыг 2-р зэрэглэлээр тогтоосон ба хохирогч төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хор арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”, 230.2-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах...”гэж, 511-р зүйлийн 511.3-д “ Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан ба,

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай  “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралт жишиг аргачлалын Гурав дахь хэсгийн 3.4-д” Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100” хувь болно. Иймд... хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан.

Хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд заасан 4-8% гэж заасан хэмжээний 6%иар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 1 дүгээр сарын 01-ээс мөрдөж эхэлсэн 660,000 төгрөгөөр тооцож /660,000х150=99,000,000х6% =5,940,000 төгрөг/ 5,940,000 төгрөгийг Иргэний хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газраас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан ба шүүгдэгч нь Орхон аймгийн Хот тохижуулах газарт жолоочоор ажиллаж, тухайн өдөр өглөө ажлын зааварчилгаа авч ажилд гарч явсан болох нь тогтоогдсон.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А ургийн овогт Мийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Над шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 4. Шүүгдэгч М.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Наас 1,476,008 төгрөг,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1,230 дугаар зүйлийн 230.1,230.2 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар иргэний хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газраас 5,940,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч О.Э /Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Дулааны цахилгаан станц 1-р байр 4 тоотод оршин суух, /РД:/-т олгуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ