| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2022/00542/И |
| Дугаар | 152/ШШ2022/00511 |
| Огноо | 2022-12-01 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 152/ШШ2022/00511
| 2022 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 152/ШШ2022/00511 | Увс аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, шүүгч О.Батдорж, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 16 тоотод оршин суух, регистрийн дугаар ОН80022071, Захиралынхан ургийн овогт Б-ийн Л-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, дунд хорооллын 235 тоотод оршин суух, регистрийн дугаар ОО77111011, Б ургийн овогт Л-ын Б-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр сэргээлгэх тухай иргэний хэргийг н хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Л.Б, иргэдийн төлөөлөгч Б.Урансайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар .
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1980 онд төрсөн, 42 настай. 2022 оны 10 сарын 30-ны өдөр гэнэт үл таних Л-ын Б гэгч хүн манай эхнэр Н-тэй утсаар ярьж, танай нөхөр чинь манай эхнэртэй олон жил гэр бүлийн харилцаатай байсан. Тэр ч байтугай хүүхэд нь хүртэл гарсан байгаа хэлсэн. Энэ байдлаас болж манай гэр бүлийн дунд хагарал үүсч, гэр бүл салах байдалд хүрээд байна. Мөн үл таних Л.Б гэгч надтай 2022 оны 11 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед утсаар яриад чи манай эхнэртэй гэр бүлийн харилцаа үүсгэж байсан, чамайг хаана байгаа газарт чинь очиж ална. Бид нар ах, дүү арвуулаа. Чамайг алахад энүүхэнд байна гэж маш их дарамт үзүүлэн айдас төрүүлж байгаад би туйлын гомдолтой байна. Би Б гэгчийг огт танихгүй бөгөөд гэр нь хаана байдгийг ч мэдэхгүй. Харин түүний эхнэр Батжаргалыг 2005 оны үед харж байсан бөгөөд түүнээс хойш огт уулзаагүй. Одоо бараг зүсийг нь ч сайн танихгүй. Надад Б-ийн эхнэр Б гэгчтэй гэр бүлийн харилцаа үүсгэж явсан удаа огт байхгүй. Хэрвээ Батжаргал гэгч хүүхэнтэй гэр бүлийн харилцаа үүсгэж байсан бол хажуу айлын хүмүүс мэдэх ёстой. Иймээс үл таних Б гэгч нь ямар ч үндэслэлгүйгээр хүний нэр хүндэд халдаж заналхийлж байгаад маш их гомдолтой байна. Одоо манай эхнэр надаас сална гээд хэл ам үүсгээд тав тухтай амьдрах нөхцөл байдал алдагдаад байна. Миний эхнэрийн ах дүү нар хүртэл худал, хуурмаг үгэнд итгээд дүүгээ салгаж авна гээд хэл, ам хэрүүл маргаан болоод байна. Би хоёр хүүхэд, эхнэртэйгээ ямар нэгэн хэрүүл маргаан гаргалгүй хэвийн сайхан амьдарч байсан. Би маш их нэр төрөө алдаж өөрийн ах, дүү болон хадам ах, дүү нарынхаа нүүр царайг харах боломжгүй байдалд хүрээд байгаа ба найз нөхөд гадны хүмүүс ч намайг өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон, гэр бүл үймүүлсэн гэдэг ойлголттой болж байна. Би нэр хүндээ алдаж, утсаар хүртэл янз бүрээр доромжлуулан сэтгэл санааны гүн хямралд ороод байна. Иймд миний нэр төрийг хуулийн дагуу сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2022 оны хавар нэг айлд ороход Хараа гэх эмэгтэй байсан бөгөөд тэр эмэгтэй надад танай эхнэр Батжаргал нь 2012 онд таныг шоронд явсан байхад Улаанаа буюу Б.Л гэх залуутай явдаг байсан гэж хэлсэн. 2012 онд манай эхнэр миний барьж байгаа 99453983 гэх дугаарыг авсан байдаг. Б.Л нь 99453911 гэсэн хос дугаартай байгаа нь энэ хоёр хүнийг ямар харилцаатай байсан гэдгийг нотлох нэг зүйл болж байна. Хараа гэх эмэгтэйгээс энэ талаар сонсоод Б.Л-ийн 99453911 дугаар луу залгахад намайг шууд таньсан ба танай эхнэр бид хоёр 2012 онд үерхэж байсан гэж хэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Л-ийн 99453911 дугаар луу залгахад гурван удаа тасалж, миний утсыг блок хийсэн учир би эхнэртэй нь ярьж танай нөхөр, манай эхнэр хоёр ийм харилцаатай байсан байна гэж хэлсэн. Маргааш нь Б.Л-ийн эхнэр манай эхнэртэй ярьж манай нөхөр Б.Л-г таних уу гэхэд танина гэж хэлсэн. Энэ явдлын дараа Б.Лхагвасүрэн надтай утсаар яриад би танай эхнэрийг танихгүй гэж худал хэлсэн. Би эхнэрээ Б.Л-ийн хүүхэд гаргасан гэж хэлээгүй. Дөрвөн хүүхэд маань миний хүүхэд мөн учир би тийм зүйл ярих хүн биш. Мөн би Б.Л-д чамайг хаана байгаа газарт чинь очиж ална, бид нар ах дүү арвуулаа гэж хэлээгүй. Нэхэмжлэлд худал бичсэн байна. Б.Л нь намайг хэлээгүй байхад миний ах дүү арвуулаа болох, мөн миний овог, нэр, утас, гэрийн хаягийг хаанаас олж мэдсэн нь сонин байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Л.Ба нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бид хоёр бие биенээ буруу ойлгож явсан байна. Шүүх хуралдаанд харилцан ярилцаад бие биенээсээ уучлалт гуйж эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Л.Б холбогдуулан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Л.Б нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, бие биенээсээ уучлалт гуйж эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хувааж хариуцуулахаар заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Л.Б нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, бие биенээсээ уучлалт гуйж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР
ШҮҮГЧИД О.БАТДОРЖ
Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ