Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/03881

 

 

 

 

 

 

 

 

2022 09 27

101/ШШ2022/03881

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  П Б /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Б /-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч П.Б,

хариуцагч Ж.Б ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: П.Б би Ж.Б тай 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаанд 2021 оны 09 дүгээр сард 1,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг өгсөн. Одоо гэрээний хугацаа дууссан боловч үлдсэн 2,500,000 төгрөгийг зээлдэгч Ж.Б төлөөгүй өнөөг хүрч байна. Анх над руу яриад ээж маань нас барсан, цалингийн зээлтэй, ээжийн газрыг аваач гэж хэлсэн, хэд вэ гэхэд 5 сая төгрөг гэж хэлсэн, би авах гэтэл нас барсан хүний үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг нэг жилийн дараа шилжүүлнэ гэсэн. Сүүлдээ газраа ч шилжүүлж өгөөгүй, мөнгө төгрөг ч шилжүүлж өгөөгүй. Би хариуцагчтай эвлэрэх гэж их явсан. Би зээлийн гэрээний дагуу мөнгөө авъя гэж байгаа. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 4 сар хэтэрсэн 120 хоногийн алданги 1,500,000 төгрөг, үндсэн зээлийн 2,500,000 төгрөг, түүний хүү 1,125,000 төгрөг, нийт 5,125,000 төгрөгийг хариуцагч Ж.Б аас гаргуулж өгнө үүгэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Манай ээж нас барсан, ээжийн нэр дээр байр, хашаа байсан, ээж маань цалингийн зээл, банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байсан учраас миний дансыг барилт хийсэн. Тийм учраас П.Б ахад хэлээд та надад 5 сая төгрөг зээлчих, болохгүй бол газар миний нэр дээр өв залгамжлагдаад ирэх юм бол тухайн үед нь газрыг заръя гэж хэлсэн. Жилийн дараа өв залгамжлах эрх нь үүсдэг гээд удааширсан. П.Б ажил дээр ирээд дарамтлаад байхаар нь 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг өгсөн. Удахгүй үлдэгдэл 2,500,000 төгрөгийг өгье гэж хэлэхэд хавар хүртэл гэрээ байгуулъя, үлдэгдэл мөнгийг авахгүй байж байя гээд гэрээ байгуулсан. Манай ээж 3 дугаар сард өнгөрсөн, жилийн дараа 3 дугаар сар болоход би П.Бт хандаж надад 2,500,000 төгрөг бэлэн байна, таны данс руу хийчихье, та надад газрын гэрчилгээг өгчих, би бас байрны гэрчилгээг өв залгамжилж авч байгаа, хамтад нь өв залгамжлалын гэрчилгээ гаргуулчихъя, өвийн гэрчилгээ 90 хоногийн дотор гарна, тэгээд гэрчилгээ гарах юм бол газрыг зараад хоёулаа тохиролцъё гэхэд зөвшөөрөөгүй. Тийм зүйл байхгүй, чи надад газраа 5 сая төгрөгөөр өг гэж хэлсэн. Тэр газар хэзээ ч 5 сая төгрөгийн газар биш. Би газраа 5 сая төгрөгөөр зарахгүй учраас П.Бт 3 сая төгрөг өгье гэхэд үгүй гээд авахгүй гэж маргасан. Би зун ажил хийгээд хөдөө гадаа явсаар байгаад өдий хүрсэн. Одоо хүү, алданги нэмээд 5 сая төгрөг нэхэмжлээд намайг шүүхэд өгсөн байсан. Би ажилтай учраас чөлөө аваад нааш цаашаа явахгүй гэдэг үүднээс 5 сая төгрөг өгье гээд боломжоо хэлэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Би боломжоо хэлээд эхний ээлжинд 1,250,000 төгрөг өгөөд цаашид сар болгон төлье гэж байгаа, би гэрчилгээгээ хурдан авахыг бодож байна, таны мөнгийг өгөхгүй гэсэн зүйл байхгүй гэв.

 

Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2021.07.08-ны өдрийн 0540 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ /хх-3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, зээлийн тооцоолол /хх-5/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Ж.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,125,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 5,125,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг богино хугацаанд төлөх боломжгүй, сард 400,000 төгрөгөөр хувааж төлөх саналыг гаргасан боловч нэхэмжлэгч нь уг саналыг хүлээн авах боломжгүй гэх тайлбарыг гаргаж байна.

 

3. П.Б, Ж.Б нар нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

5.1. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй, зээлийн төлбөрт 2,500,000 төгрөгийг буцаан төлсөн гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 2,500,000 төгрөгийг авсан талаар маргаагүй.

 

5.2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 2,500,000 төгрөгт сарын 5 хувиар хүү тооцож, гэрээгээр тохирсон хугацаа болох 9 сараар тооцон шаардах эрхтэй.

 

5.3. Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,125,000 төгрөг /2,500,000 төгрөг х 5 хувь х 9 сар/ буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 3,625,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

6. Зохигчид анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба зээлийн гэрээний 3.7-д гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

6.1. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 122 хоногоор хугацаа хэтэрсэн, уг хугацааг нэг өдрийн алданги 18,125 төгрөг /гүйцэтгээгүй үүргийн дүн 3,625,000 төгрөг х 0,5 хувь/-өөр тооцвол 2,211,250 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь алдангид 1,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

6.2. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөгөөс 0,5 хувиар, 120 хоногоор хугацаа хэтрүүлсэнд тооцож /2,500,000 төгрөг х 0,5 хувь х 120 хоног/ алданги 1,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр алданги тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.Б аас зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,125,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 5,125,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бт олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 96,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б аас зээлийн гэрээний үүрэгт нийт 5,125,000 /таван сая нэг зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 96,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР