| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1309/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1593 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1593
2025 6 13 2025/ШЦТ/1593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч Ө.Ж нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Жд холбогдох эрүүгийн “2506 00000 0941” дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө.Ж
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Ж нь 2025 оны 4 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед Баянзүрх ... тоотод хохирогч Ө.Тг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд “дээд баруун 1 дүгээр шүдний үзүүр, зүүн дээд 8 дугаар шүдний эмтрэл, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ж: “...Яллах дүгнэлтэд дурдагдсан зүйлүүд үнэн зөв. Хохирогчийн зөв бус үйлдлийн улмаас би энэ үйлдлийг хийсэн. Анхны гэмтэл учруулах боломжтой үйлдэл маань манай найз охин орж ирээд бид хоёрыг салгах гээд оролдож байх хооронд хохирогч буюу манай дүү жирэмсэн хүнийг “бүдүүн пиздаг аваач” гэсэн. Тэгэхээр нь би уурандаа гарынхаа зөөлөн хэсгээр аман тус газар нь цохисон. Сүүлд тэгж хараахаар нь хөлөөрөө чамархайн тус газар нь өшиглөсөн. Хутга барьж бид хоёр гал тогоонд хэсэг ноцолдсон. Тэр хооронд цагдаа дуудсан. Тиймэрхүү юм болсон.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,
- Хохирогч Ө.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
- Гэрч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 5311 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
- Шүүгдэгч Ө.Жы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ө.Ж нь 2025 оны 4 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн .... тоотод хохирогч Ө.Тг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд “дээд баруун 1 дүгээр шүдний үзүүр, зүүн дээд 8 дугаар шүдний эмтрэл, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,
- Хохирогч Ө.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 4 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн орчимд өрөөндөө унтаж байтал ах орж ирээд үе үе дуу чимээ гаргаад байсан тэгээд би босож ирээд хүн унтаж байна шүү дээ гээд шаардлага тавьтал гараад явсан. Би гэрлээ унтраагаад тэгсэн орж ирээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд миний хамар руу 1 удаа мөргөсөн, маргалдаад миний эрүү рүү дахин 1 удаа гараараа цохисны дараа би биеэ хамгаалж өөдөөс нь цохисон. Тэрний дараа намайг ор руу дарж унагаагаад ноцолдож байх хооронд эхнэр нь орж ирсэн. Тэгээд эхнэр нь миний баруун гараас зуураад татаад авсан. Тэгээд би нүүрээ хаах, өөрийгөө хамгаалах чадамжгүй байхад ах миний хамар руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд хамар хугарчих шиг болсон. Тэгээд миний эрүү рүү 1 удаа өшиглөсөн. Дараа нь би босоод уурлаж хэрэлдээд цагдаад дуудлага өгсөн. Манай ахын эхнэр ах бид 3 байсан. Миний хамар хөндүүр хугарсан юм шиг байна зүүн талын шанаа хөндүүр шүд цуурсан бяцараад, үүдэн шүд эмтэрсэн, дух шалбарсан, эрүү хөндүүр зуураад байна өөрөөр гэмтэл бэртэл байхгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний төрсөн ах, хамт нэг гэрт амьдардаг. Миний хамар хугараад шүд ам зуурсны ард би өөрийгөө хамгаалж биеэ хамгаалж байдлыг намжаах зорилгоор хутга барьсан гэхдээ хэнд ч хохирол учруулаагүй өөрийн эрүүл ухаантай байсан. Хутгаа өөрөө буцааж хаясан. Хэнд ч хохирол учруулаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
- Гэрч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Хэрэг болсон өдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 06-ны орой би найз залуу болох Ө.Жгийн хамт түүний гэрт нь буюу Баянзүрх дүүргийн ... тоотод очсон юм. Гэрт нь ортол дүү нь буюу Ө.Т унтлагын өрөөнд нь унтаж байсан. Ө.Ж түүний унтаж байсан өрөөнд нь ороод хувцсаа сольчихоод гараад ирсэн Угаасаа унтлагын өрөөнд нь хувцасны шүүгээ нь байдаг юм. Ө.Т уурлаж босож ирээд ахыгаа хараагаад гэрлээ унтраасан. Тэгээд Ө.Ж босож осоод “Чи яагаад байгаа юм” гэсэн. Хариуд нь Ө.Т “Гэрэл мэрлээ унтраалдаа писда чинь” гээд тэр 2 муудалцаж эхэлсэн. Би хэсэг сонсож сууж байгаад өрөөнд нь яваад ортол тэр 2 орон дээр муудалцаад сууж байсан. Ө.Т Ө.Жийн үснээс нь зулгаачихсан болохоор би гарыг нь тавиулсан юм. Ө.Ж намайг тавь гээд Ө.Тг босгосон. Тэгтэл Ө.Т гар тогоо руу очоод хутга бариад авсан. Би айгаад гарч гүйгээд цагдаа дуудсан. Хэсэг хугацааны дараа буцаж ортол дүү нь над руу улам уурлаад байхаар нь би гутлаа аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 5311 дугаартай: “...Ө.Тгийн биед дээд баруун 1 дүгээр шүдний үзүүр, зүүн дээд 8 дугаар шүдний эмтрэл, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тооцогдпоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
- Шүүгдэгч Ө.Жы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн өдөр би Баянзүрх дүүргийн .... тоотод 20:00 цаг орчимд найз охин болох С-ийн хамт гэртээ очсон юм. Манай дүү Ө.Т нь сүүлийн 5-6 жилийн турш амьдарч байгаа ба энэ хэргээс хойш манай гэрт амьдархаа болиод байгаа юм. Гэрт ортол дүү жижиг өрөөнд унтаж байсан. Харин би тэр өрөөнд нь хувцасаа солих гэж ороод гэрлийг нь асааж хувцсаа сольчихоод өрөөнөөс нь гарахдаа гэрлийг нь унтраахаа мартсан. Тэгээд том өрөөнд ороод найз охины хамт зурагт үзэж байтал Ө.Т босч ирээд гэрлээ унтраагаад амандаа “Хүн унтаж байна шүүдээ, писда” гэсэн. Тэгэхээр нь би уурлаж очоод юу гээд байгаа юм гээд ерөнхийдөө бид хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэгээд барилцаж аваад орон дээр унацгаасан. Ноцолдож байх үед манай найз охин орж ирээд бид 2-г салгах гэж оролдсон. Тэгтэл Ө.Т Сг доромжилж эхэлсэн. Би уурандаа гараараа нүүр хэсэгт нь цохьчихоод босготол Ө.Т гал тогоо руу яваад хутга бариад авсан. Тэгээд дахиж муудалцаж эхэлтэл С айгаад цагдаа дуудна гээд гараад явсан. Бид коридорт муудалцаж байгаад бие биенээ боогоод Ө.Т ухаан алдаж унасан. Эргэж сэргэх үед нь С үүдэнд зогсож байсан ба Ө.Т Сг хараад дахиад доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь би шанаа тус газарт нь нүцгэн хөлөөрөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.
Шүүгдэгч Ө.Ж нь хохирогч Ө.Тг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд “дээд баруун 1 дүгээр шүдний үзүүр, зүүн дээд 8 дугаар шүдний эмтрэл, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Ө.Тгийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ө.Жы идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгч Ө.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ө.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Ө.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн буруутай үйлдэл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Ө.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ө.Ж нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Ө.Ж нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Ө.Т нь гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ