Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/365

 

 

2025        07         29                                          2025/ШЦТ/365

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Ш.Ү нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Үад холбогдох эрүүгийн 2525004330375 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

*******, Ш.Ү

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Ш.Ү нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Д баг Зураа 16-17 тоотод 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр******* Г.Сг “өөр******* хүмүүстэй архи ууж, нэг оронд цуг хэвтэж байсан” гэх шалтгааны улмаас бусадтай хардаж бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, доод уруулд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: 

       -шүүгдэгч Ш.Үын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Манай******* байнга гэрээсээ 7-10 хоног алга болдог. Хэлэхээр чамд хамаагүй гэдэг. Янз бүрийн хүмүүстэй явдаг. 5 хүүхэдтэй, хүүхдүүд бага, би ажил хиймээр байдаг. Тэр өдөр Соёлоо буцаж гарч явах гээд байсан юм. Архины эмчилгээнд явж байсан гэх мэдүүлэг,

эрүүгийн 2525000000278 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

         -хохирогч Г.Сгийн мэдүүлсэн:...Би 2025 оны 05 дугаар 30-ны өдөр манай гэрт манай гэрийн ойролцоо байдаг танил хүмүүс ирээд архи уусан. Тэгээд манай нөхөр бид хоёр хамт архи ууж байсан. Манай нөхөр болох Ш.Ү нь уусан архиндаа согтоод намайг гэнэт зодоод унасан. Тэгээд манай охин болох Э уурлаад эмээгээ дуудсан. Миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Толгой хэсэг рүү олон удаа цохисон. Хавирга руу цохисон байсан хөл гар хэсэгт ба орхисон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

-насанд хүрээгүй гэрч Ү.Эий мэдүүлсэн:.. манай аав Ү нь ээж болох Сгийн нүүрэн хэсэг рүү алгадаад үсдээд байсан. Тэгээд би гадаа гараад цагдаа дуудаад буцаад ороод ирсэн чинь ээжийн баруун нүдний хэсэг болох хамар амнаас цус гарсан байсан. Тэгээд хэрэлдээд маргалдаад байсан. Аав Ү архи уух болгондоо зодоод байдаг. Дандаа 2-лаа хамт архи уудаг. Тэгээд хэрүүл маргаан болоод зодолдоод байдаг. Эмээ ирээд ээжийг аваад явна, аав ажилдаа яваад орой буцаад уулзаад тэгээд архи уугаад зодолдоод байдаг... Би өдрийг нь сайн мэдэхгүй байна. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болсон асуудлын хэд хоногийн өмнө аав, ээжийг зодоод нүдийг нь хөхрүүлсэн байсан. Тэгээд би та яагаад зодоод байдаг юм бэ гээд асуусан чинь ээж чинь өөрөө гараад явчихдаг шүү дээ тийм байхад би зодохгүй гээд яах юм гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

           -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ОРХ0725/672 дугаартай “...Г.Сгийн биед зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, доод уруулд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн нүдний доод зовхинд шарх гэмтэл нь дангаараа бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28-р тал/

            -Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 31-32-р тал/

-шүүгдэгч Ш.Үын яллагдагчаар мэдүүлсэн:..Би******* Стай 2004 оноос хойш одоог хүртэл 21 жил амьдарч байгаа дундаасаа 5 хүүхэдтэй гэрлэлтээ батлуулсан албан ёсны гэр бүл байгаа юм. Би 2025 оны 05 сарын 30-ны өдөр гэртээ байсан бөгөөд манай******* 2-3 хоног гэрээс гараад ирэхгүй алга болсон. Тэгээд манай гудамжны үзүүрийн айлын******* нөхөр хоёр таараад танай******* баахан залуучуудтай согтуу айлд байна гэхээр нь би яваад очсон чинь согтуу 5-6 залуутай өмдний тэлээ нь тайлагдсан орон дотор хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ дагуулж очоод хэрэлдээд тэгсэн чинь дахиад гарч явна гээд намайг хэл үгээр доромжлоод миний яаж явах чамд хамаагүй гээд салаавч гаргаад байхаар нь би тэсэхээ байгаад ганц нэг алгадаад өшиглөж зодсон. Тухайн үед би бас архи уусан байсан бөгөөд орондоо ороод унтаж байсан чинь цагдаа ирсэн. Тэгээд манай******* гомдол гаргасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/ зэргийг шинжлэн судаллаа.

   Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Ү нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Д баг З 00-00 тоотод гэртээ******* Г.Сг “өөр******* хүмүүстэй архи ууж, нэг оронд цуг хэвтэж байсан” гэж бусадтай хардаж биед нь халдан зодож зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, доод уруулд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Ш.Үын үйлдлийн улмаас Г.Сгийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж

, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт шинжийг заасан.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...”гэж,10.1 дүгээр зүйлийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”гэж хүндрүүлэх шинжийг заасан.

Мөн,Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан.

Шүүгдэгч Ш.Үын үйлдэл “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.     

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг...ойлгоно” гэж, хуулийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна: 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;...”гэж зааснаар шүүгдэгч Ш.Үын энэ үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халджээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогчийн эрхийг хассан хязгаарласан байдал тогтоогдоогүй, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.з

Шүүгдэгч Ш.Үыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

   5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Ш.Ү нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай******* Г.Сг бусадтай хардаж, бие эрх чөлөөнд нь халдаж зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, доод уруулд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугийн талаар маргахгүй байх тул 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,

-шүүгдэгч: гэм буруугаа хүлээж байна гэж тус тус санал дүгнэлт гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан

оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ,хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

      Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч Ш.Үыг 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай гэж,

      -шүүгдэгч: өөр саналгүй гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.С нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогтой Ш-ийн Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Үыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Үад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Ш.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ