Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/642

 

 

 

 

 

  2021            07            01                                         2021/ДШМ/642    

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрмаагийн өмгөөлөгч Ө.Учрал,

шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох эрүүгийн 2003004870450 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “BMW X3” загварын **** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан, явган зорчигч /5 настай/ Ц.Б-г мөргөж амь нас нь хохироож, /9 настай/ О.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас тоолж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б- нь зам тээврийн осолд холбогдсон үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан. Анх удаа хөнгөн гэмт хэрэг тохиолдлын шинжтэй, болгоомжгүй үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж нэг байр суурьтай байна. Энэ гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсоныг үгүйсгэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгээс илүүтэйгээр гэм хор арилаагүй гэдгийг анхан шатны шүүх дүгнэсэн. Хэдийгээр гэм хор арилаагүй гэж үзэж байгаа боловч хууль зүйн хувьд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн зохицуулалт харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан болзлуудыг хангасан нөхцөл байдал байгаа учраас энэ хэм хэмжээг хэрэглэн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Хэдийгээр шүүгдэгч нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй ч гэсэн гэм буруугийн санаатай биш, болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэх мэт хуульд заасан харгалзан үзэх нөхцөл байдал байгаа. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрмаагийн өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан тусгай ангид заасан ял шийтгэлийг оногдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг ойлголт бол дан ганц цаасан дээр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш. Хохирогчийн өмнө гэм буруугаа нэн тэргүүнд хүлээхийг ойлгоно гэж үзэж байна. Энэ нь өөрөө хүний мөн чанарыг илтгэж байгаа. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед болон ажил явдал болох цаг хугацаанд талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзах, холбогдох үйлдэл огт хийгээгүй нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн асуудлаа үгүйсгэж байна. Хэдийгээр энэ төрлийн гэмт хэрэгт хөнгөн хохирол учруулсан нь хамаарахгүй ч шүүгдэгчийн үйлдлээс болж нэг хүний амь нас эрсдэж, нэг хүний эрүүл мэндэд хохирол учирсан. Харин ч анхан шатны шүүх 1-5 жилийн хорих ялтай гэмт хэрэгт 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ар гэрийнхнийх нь зүгээс өмгөөлөгчөөр дамжуулан уламжлуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Удаа дараа хүсэлт гаргаж байсан, мөн анхан шатны шүүх дээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж хэлэлцүүлэг хийлгэсэн. Хохирол төлбөрөө төлөлгүй шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж байсан. Б.Б- нь явган хүний гарц ойртон ирэхэд хурдаа хасч зам тавьж өгөх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлэлгүй явган хүний гарцаар гарч байсан бага насны хоёр хүүхдийг мөргөж, нэг хүүхдийн амь насыг хохироож, нэг хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Үүнд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хуулийн дагуу шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Харин шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн...” гэж дүгнэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, шүүгдэгч Б.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан, явган зорчигч /5 настай/ Ц.Б-, /9 настай/ О.О- нарыг мөргөж Ц.Б-гийн амь нас хохирч, О.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхад түүнд тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх Б.Б-г тухайн хэрэгт гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэг, заалтад заасан шинжийг өөр байдлаар “хүний амь нас хохироосон” гэж гэм буруутайд тооцсон байгааг анхааруулж тэмдэглэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийхгүй орхиж, шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН