Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00940

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00672 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

 

Даатгалын гэрээний үүрэгт 303 345 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, даатгалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Г.У, А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П XXК нь М ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр S2018/17 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 739 573 000 төгрөгийн түлшийг нийлүүлсэн боловч тус компаниас өнөөдрийг хүртэл төлбөр төлөлт хийгээгүй байна. Дээрх гэрээний хуваарьт төлбөр хэвийн төлөгдөх байдлыг хангаж П ХХК нь М" ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 90С18200072824 дугаартай даатгалын гэрээ, түүний хавсралтаар 404 460 000 төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий гэрээг байгуулсан. Уг гэрээгээр даатгуулагч П ХХК нь худалдан авалтын гэрээний дагуу төлөгдөх хуваарьт төлөлтийг даатгуулах, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг хүлээсэн. Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9-д Даатгалын тохиолдол гэж Худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгоно гэж заасан. М ХХК-ийн хувьд Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтад зааснаар төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа нь дээр заасан 120 хоногоос хэтэрч даатгалын тохиолдлыг бий болгоод байна. Даатгалын тохиолдол бий болсон учир даатгагч нь даатгалын гэрээ, түүний 1 дүгээр хавсралтад заасан даатгалын үнэлгээ болох 404 460 000 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага болох 25 хувийг хасч, даатгуулагчид 303 345 000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Бид төлбөр тасалдал үүссэн буюу даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэж, холбогдох баримтуудын хамт даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж хандсан боловч даатгагч нь гэрээнд заасан ажлын 5 хоногийн дотор даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, ямар нэг хариу өгөөгүй. Улмаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх... заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Харин тус хорооноос 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 9/4377 тоот албан бичгээр ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байх тул мөн зүйлд заасны дагуу шүүхэд хандаж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 90С1820007284 дугаартай Даатгалын гэрээний дагуу М ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 303 345 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч П ХХК-тай төлбөр тасалдлын даатгалын гэрээний чиглэлээр хамтран ажиллах болсон.Цаашид энэ журмаар хамтран ажиллах юм байна гэсэн ойлголттой болж бизнесийн итгэлцлийн зарчмын үндсэн дээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр М ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн худалдах гэж байгаа талаараа бидэнд мэдэгдэж мөн өдрөө №90С1820007284 тоот даатгалын гэрээг байгуулж М ХХК-д 404 460 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэлт хийгдэх гэж байгаа талаар мэдэгдсэн учир уг үнийн дүнгээр төлбөр тасалдлын даатгалд хамруулсан.

 1.П ХХК нь М ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр №S2018/17 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж мөн өдрөөс даатгалын гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд нийт 404 712 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нэгэнт нийлүүлсэн байсан;

2. Даатгалын гэрээ байгуулагдах үед нэхэмжпэгч компанийн зүгээс бидэнд 440 460 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаараа мэдэгдэж байсан боловч 2018-03-28-ны өдрөөс 2018-04-20-ны өдрийн хооронд М ХХК-д нийт 14 удаагийн нийлүүлэлтээр 739 573 200 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн,

3. П" ХХК нь бүтээгдэхүүн нийлүүлэх бүрдээ М ХХК-д төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлж байсан боловч худалдан авагчийн зүгээс нэг ч удаа төлбөр төлөлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Даатгалын гэрээний 6.10-д худалдан авагч нь даатгуулагчийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр дараагийн нийлүүлэлтийн хэмжээг багасгах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу даатгуулагч П ХХК нь М ХХК төлбөрийн нэхэмжлэх хүлээн авсан даруйдаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд дараагийн нийлүүлэлтийг багасгах, зогсоох үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлэлгүй нийлүүлэлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр богино хугацаанд их хэмжээний нийлүүлэлт хийж даатгуулагчийн зүгээс бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргасан байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн" тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. П ХХК нь худалдан авагч талд нэгэнт бүтээгдэхүүнийг нийлүүлсэн атлаа нийлүүлэх гэж байгаа гэж мэдэгдэн даатгалын гэрээ байгуулсан, худалдан авагч төлбөрөө удаа дараа төлөөгүй байхад дараагийн нийлүүлэлтийг багасгах, зогсоох арга хэмжээ авалгүйгээр үргэлжлүүлэн нийлүүлэлт хийж даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг санаатайгаар бүрдүүлсэн байна.Нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П ХХК нь худалдан авагч талд нэгэнт бүтээгдэхүүнийг нийлүүлсэн атлаа нийлүүлэх гэж байгаа гэж мэдэгдэн даатгалын гэрээ байгуулсан, худалдан авагч төлбөрөө удаа дараа төлөөгүй байхад дараагийн нийлүүлтийг багасгах, зогсоох арга хэмжээ авалгүйгээр үргэлжлүүлэн нийлүүлэлт хийж даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг санаатайгаар бүрдүүлсэн байна. П" ХХК нь даатгалын гэрээ байгуулагдахаас 21 хоногийн өмнө худалдан авагч М ХХК-д 9 удаагийн нийлүүлэлтээр 404 712 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн талаар болон худалдан авагч нийлүүлэлт болгоны дараа төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа төлбөрөө төлөөгүй талаар бидэнд мэдэгдсэн бол бид даатгалын гэрээ байгуулахаас татгалзах байсан. Худалдан авагч 9 удаагийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлбөрийг төлөөгүй явдал нь даатгалын тохиолдол бий болоход нөлөөлөх ноцтой нөхцөл байдал мөн байтал П ХХК-иас энэ тухай бидэнд мэдэгдэлгүй дахин 5 удаагийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг нэмж хийсэн нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл байдал, түүнээс учирч болох аюулыг санаатайгаар ихэсгэсэн явдал юм. Ийнхүү хариуцагч нь бизнесийн итгэлцлийг алдсан ёс зүйгүй үйлдэл гарган хууран мэхэлж даатгалын гэрээ байгуулсан байна. Хууран мэхэлж хийсэн хэлцэл нь бодит үнэн нөхцөл байдлыг нуун дарагдуулж төөрөгдөлд оруулах сэдэлт зорилготой байдаг. Даатгалын гэрээний гол зорилго, агуулга нь аливаа эрсдэлд өртөж хор уршиг, хохирол учраагүй эд хөрөнгө буюу даатгалын зүйлийг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. П ХХК нь хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг санаатайгаар нуун дарагдуулж тус компанийг хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулан гэрээ байгуулжээ. Иймд даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

П ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:  Хариуцагч нь нэхэмжпэгч компанийг борлуулалтаа зогсоогоогүй, М ХХК нь шатахууны төлбөрийг төлөөгүй байхад нэмж борлуулалт хийсэн гэсэн байна. Гэвч гэрээ байгуулсаны дараа болсон үйл явдал нь хууран мэхэлж гэрээ хийсэн гэх үндэслэлд огтоос хамааралгүй юм. Төлбөр тасалдлын даатгалын гэрээнд хамрагдаагүй буюу даатгалын үнэлгээ болох 404,0 сая төгрөгнөөс давсан хэмжээний борлуулалтын төлбөр төлөгдөхгүй байх эрсдэлийг нэхэмжпэгч компани өөрөө хариуцаж байгаа.Худалдан авагчийн зүгээс борлуулалтын төлбөрийг төлөөгүй, цаашид төлөх боломжгүй болох нөхцөл байдал аль хэдийнээ үүссэн байхад энэ талаар бидэнд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан гэж тайлбарласан байна. Гэвч энэ нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй тайлбар байна. Даатгалын гэрээ байгуулах үед М ХХК нь төлбөр төлөх үүргээ зөрчсөн, цаашид ч төлөхгүй байх нь тодорхой гэх зүйл бий болоогүй байсан. Бид Төлбөр тасалдлын даатгалын гэрээг хийхэд даатгалд хамруулж буй компанитай байгуулсан Худалдан авалтын зээлийн гэрээ болон борлуулалтын мэдээг өгдөг байсан. Даатгалын компанийн зүгээс энэ бүх мэдээллийг авсаны үндсэн дээр даатгал хийдэг болохоос ямар ч мэдээлэлгүй буюу харанхуй байдлаар хандаж гэрээ хийхгүй нь тодорхой билээ. Даатгалын гэрээний 7.3, 7.4 дэх заалтуудад худалдан авагчийн төлбөрийн чадварыг шалгаж, тус бүрт нь зээлийн хамгаалалтын дээд хэмжээг тогтоох, зээлийн шугамын шалгуур үзүүлэлтийг хангаагүй худалдан авагчийг даатгалд хамруулахаас татгалзах эрхийг даатгагч эдлэх тухай заасан бөгөөд хариуцагч нь тус эрхийнхээ хүрээнд М компанийг шалгасны үндсэн дээр даатгалд хамруулсан гэж ойлгож байна. Бид Даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрдүүлэн өгч, хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр нэхэмжилж байх үед хариуцагч нь дээрх үндэслэлийг гаргаагүй. Ямар үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа үндэслэлээ бичгээр болон амаар тайлбарлаагүй. Бид хэд хэдэн удаа тус компанитай уулзсаны дараа М ХХК-тай уулзах хүсэлтийг бидэнд тавьсан. Гэвч даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэхийн тулд бид төлбөр төлөх үүрэг бүхий компаниудыг даатгагчтай уулзуулах үүрэг хүлээгээгүй бөгөөд энэ нь нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд хамааралгүй юм. Нэхэмжлэгч нь санаатайгаар даатгалын тохиолдол бий болгосон, орчин нөхцлийг бүрдүүлсэн гэдэг тайлбар хэлж байгаа нь бизнесийн ёс зүйгүй зан гаргаж, төлбөр төлөхөөс зайлсхийж буй явдал байна. Төлбөр төлөх үүрэг бүхий компаниуд нь төлбөр төлөхгүй байх нь бидэнд учрах эрсдэл тул бид тус нөхцөл байдлыг санаатайгаар бий болгох ашиг сонирхол байхгүй билээ. Бид төлбөр төлөх үүрэг бүхий компаниуд төлбөрөө төлөхгүй байх эрсдлийг хэсэгчлэн даатгалын компанид даатгуулсан. Энэ нь даатгалын компанийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлдэг үндсэн үйл ажиллагаа бөгөөд бидэнтэй энэ талаар Төлбөр тасалдлын даатгалын гэрээ байгуулсан тул гэрээний дагуу хүлээсэн үүргээ шударгаар гүйцэтгэх учиртай. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар М ХХК-иас 303 345 000 /гурван зуун гурван сая гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж, П ХХК-д олгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар М ХХК-ийн 2018 оны 04 сарын 18-ны өдөр М ХХК болон П ХХК-ийн хооронд байгуулагдсан №90С1820007284 тоот Даатгалын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 674 680 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 180 350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 1 674 680 төгрөгийг гаргуулж П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Энх-Амгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Даатгалын 5-н гэрээг цаг хугацааны хувьд ухрааж 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан нь хариуцагчийг хуурч мэхэлсэн бизнесийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа учраас Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгалын үйл ажиллагаа нь эрсдэл аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Нэгэнт учирсан эрсдэлийг даатгах боломжгүй. Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон үүргээ зөрчиж даатгалын тохиолдол бий болоход нөлөөлөхүйц ноцтой нөхцөл байдлын талаар, гэрээ хэлцэл байгуулах эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл байдлын талаар мэдэгдэлгүй, нуун дарагдуулсан гэжээ. Нэхэмжлэгч тал даатгалын гэрээ байгуулахдаа худалдан авагч талдаа бүтээгдэхүүн нийлүүлэлт хийсэн талаар даатгагчид мэдэгдсэн болохоо нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх энэ талаар даатгагч мэдсэн гэж үзэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Даатгалын гэрээнд зааснаар худалдан авагч талыг нэхэмжлэгчийн гаргасан “Кредит Менежментийн Журам”-д заасан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаж үзсэний үндсэн дээр даатгалд хамруулах эсэхээ шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч энэхүү журмын дагуу шалгаж үзээгүй, даатгагчид шалгах боломжийг бүрдүүлээгүй, тус журмыг огт байхгүй, зохиомол журам мэтээр тайлбарласан. Хариуцагчийн зүгээс дээрх журмыг бодит болохыг нотолж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гарган хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүх тус журмыг огт үнэлээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болоход болон гэрээ хэлцэл байгуулах эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл, нөхцөл байдлын талаар нуун дарагдуулсан нь илт тодорхой тул талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал худалдан авагч талдаа бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн явдал нь эрсдэл учрах нь нэгэнт тодорхой болсон нөхцөл байдал буюу гэрээ байгуулахад саад болох хангалттай нөхцөл байдал юм. Гэтэл шүүх үүнийг гэрээ байгуулахад саад болох нөхцөл байдал биш гэж үзсэн нь даатгалын үйл ажиллагааны үндсэн зорилгыг гажуудуулж үзсэн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Даатгагчийн зүгээс даатгалын гэрээний үйлчлэх хугацааг ухрааж хийх саналыг хүлээн зөвшөөрсөн нь нэгдүгээрт, хамтын ажиллагааны явцад олсон бизнесийн цэвэр итгэлцлийн зарчимд тулгуурласан, даатгуулагч ноцтой нөхцөл байдлын талаар нуун дарагдуулж байгаа талаар мэдэгдээгүйгээс үүдэн итгэсэн явдал юм. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч П” ХХК нь хариуцагч “М” ХХК-нд холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 90С18200072824 дугаартай даатгалын гэрээний нөхөн төлбөрт 303 345 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх-1-2, 95-96, 117-120, 245/

 

Хэрэгт нэхэмжлэгч нь “М” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр S2018/17 тоот гэрээ байгуулж, 739 573 000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн худалдаж нийлүүлсэн, худалдан авагч үнийг төлөөгүй, нэхэмжлэгч нь мөн дээрх гэрээний хэвийн төлөгдөх байдлыг хангаж Мтай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 90С18200072824 дугаартай, 404 460 000 төгрөгийн даатгалын гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ. /1-р хх 49, 51-55 /

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн төлбөр тасалдлын даатгалын гэрээний чиглэлд хамтран ажиллаж байгаагаа болон 404 460 000 төгрөгийн үнийн дүнгээр төлбөр тасалдлын даатгалын гэрээг байгуулснаа үгүйсгээгүй боловч “П” ХХК нь богино хугацаанд их хэмжээний нийлүүлэлт хийж, бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргасан, санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж маргаж байна.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч  нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болохоор заасан боловч “М” ХХК нь мэргэжлийн байгууллагын хувьд “П” XXК-тай дээрх даатгалын гэрээг байгуулахдаа гэрээний төлбөр хугацаандаа хэвийн төлөгдөх нөхцлийг хангах зорилгоор гэрээний хугацааг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 00 цагаас эхлэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24 цаг хүртэл хүчинтэй байхаар, даатгалын тохиолдлыг худалдан авалтын зээлийн гэрээнд заагдсан хуваарьт төлбөр хугацаанаасаа 120 хоногоор хэтэрсэн тохиолдолд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэхээр тохиролцсон.

 

Хариуцагч “М” ХХК нь хууртагдан мэхлэгдсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Талууд даатгалын гэрээний хугацааг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 00 цагаас эхэлнэ гэж тохиролцсон нь “М” ХХК-д нийлүүлэлт хийгдсэнийг мэдэж, нийлүүлэлт хийсэн өдрөөс эхлэн даатгалын зүйлийг даатгалд хамруулсан гэж үзэхээр байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцжээ.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлэх бөгөөд талуудын даатгалын гэрээний 2.1.9-д даатгалын тохиолдол гэж худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгохоор тохиолцжээ. /1хх-9-12 /

 

Хэргийн баримтаас үзэхэд газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээнд худалдан авагчийн төлбөр төлөх хугацааг ачилт хийгдсэн өдрөөс хойш 45 хоногт багтахаар заасан, шатахууныг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийлүүлж, төлбөр 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор барагдах байсан боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй тул даатгалын гэрээнд заасан 120 хоногоос хэтэрч даатгалын тохиолдол бий болсон  гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн хуульд нийцнэ. /1хх-49-65/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шалгаж үзэхэд  гэрээнд заасны дагуу 404 460 000 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага болох 25 хувийг хасч, 303 345 000 төгрөг үлдэж байх бөгөөд тооцооллын хувьд ч зөв байна.

 

Хариуцагч “М” ХХК-ийн хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг санаатайгаар нуун дарагдуулж тус компанийг хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулан гэрээ байгуулсан гэх сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, талууд эрсдлээ тооцоолж, харилцан мэдээлэл солилцож, шалгах үүргээ биелүүлж гэрээ байгуулах үүрэгтэй.

 

Даатгуулагч нь худалдан авагчид өмнө нь бараа бүтээгдэхүүн нийлүүлснээ нуун дарагдуулсан нь гэрээ байгуулсан огноогоор нотлогдоно гэх тайлбар үндэслэлгүй, гэрээнд талуудын хийсэн бичилт, хүсэл зоригийн илэрхийлэл, “П” XXК нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш “М” ХХК-д нийлүүлэлт хийгээгүй байдал зэргээр няцаагдаж байна.

 

Хэдийгээр гэрээний 6.10-д “худалдан авагч нь даатгуулагчийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр дараагийн нийлүүлэлтийн хэмжээг багасгах үүрэг хүлээнэ” гэж заасан ч “П” XXК нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө бүх нийлүүлэлтээ хийж дууссан байна.

 

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1 дэх хэсэгт заасан “даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүргээ биелүүлээгүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэж, холбогдох баримтуудын хамт даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж хариуцагчид хандсан ч даатгалын гэрээнд заасан ажлын 5 хоногийн дотор даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн хариу өгөөгүй, Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасан, Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 9/4377 тоотоор хариу өгснөөр шүүхэд хандсан байна./1-р хх 17, 68-70/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 674 680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

           

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД