Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/265

 

 

 2025       05         26                                           2025/ШЦТ/265

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  шүүгдэгч Ш.Т-т холбогдох эрүүгийн 2525000000074 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1963 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймаг Баруунтуруун суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, дүүгийн хамт ************************* тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

Д овогт Ш-ийн Т /РД; ****************/,

2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч Ш.Т нь;

2025 оны 1 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 03.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрийн замд 1.09%-ийн согтуурсан үедээ **-**ОРА улсын дугаартай “Hyundai Sonata-6” /Хюндай Соната-6/ загварын тээврийн хэрэгсэл жолоодсон,

үргэлжилсэн үйлдлээр, 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 17.00 орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрийн замд 1.50%-ийн согтуурсан үедээ **-**ОРА улсын дугаартай “Hyundai Sonata-6” /Хюндай Соната-6/ загварын тээврийн хэрэгсэл жолоодсон,

2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12.00 орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрийн замд 0.34%-ийн согтуурсан үедээ **-**ОРА улсын дугаартай “Hyundai Sonata-6” /Хюндай Соната-6/ загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед;

шүүгдэгч Ш.Т “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2025 оны 1 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

Б.Эын “...Ш.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03.40 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Ш.Т согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 1.09%-ийн согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 24 дэх тал/,

гэрч Б.Э-ын “...2025 оны 1 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 02.00 цагийн орчимд Уурхайчин багийн нутаг дэвсгэр Хангайн бүс” худалдааны төвийн урд талын зам дээр ахлагч Ж-ийн хамт эргүүл шалгалт хийж байгаад **-**ОРА улсын дугаартай “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч Ш.Т гэгчээс согтууруулах ундааны зүйл үнэртсэн, тэр угаасаа хөдөлгөөнд оролцохдоо эгнээгээрээ явж чадахгүй, зам голлоод яваад байхаар нь шалгасан. ...драйгер багажаар шалгахад 1.09%-ийн согтолттой гарсан, мөн урьд өмнө эрхээ хасуулчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Ш.Т-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2025 оны 1 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00.00 цагийн үед гэртээ дүү Гансүхийн хамт 0.5л нэг шил архи хувааж уусан. ...найз Түмээ 01.00 цагийн үед залгаж, “чи ирж машинаа аваад засварт оруулчих, би маргаашаас эмнэлэгт хэвтэх гээд байна” гэж ярьсан, тэгэхээр нь Гансүх бид хоёр Түмээгийн гэрт очиод тэднийхээс өөрийн **-**ОРА улсын дугаартай цагаан өнгийн “Sonata-6” загварын машинаа жолоодоод явсан бөгөөд Уурхайчин багийн нутаг “Хангайн бүс” худалдааны төвийн урд талын зам дээр явж байтал цагдаа зогсоож шалгасан, миний согтолтыг багажаар шалгахад 1.09%-ийн согтолттой гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 33 дахь тал/,

2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

О.Ж-ийн “...2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр **-**ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 3 дугаар сарын  31-ний өдрийн 10.00 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 94 дэх тал/,

эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 96 дахь тал/,

Ш.Т согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 1.50%-ийн согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, зурган үзүүлэлт /хавтаст хэргийн 98, 99, 100 дахь тал/,

Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 103 дахь тал/,

гэрч О.Жамсрангийн “...томилгоот хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байх үед цагдаагийн 102 тусгай дугаараас “согтуу жолооч зогсоочихлоо” гэх дуудлага өгсний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг халуун усны ойролцоо очиж шалгахад “Sonata-6” загварын **-**ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул драйгер үлээлгэн шалгахад 1.50 бүхэл согтолттой гарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

Ш.Т-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Цэрэндагва бид хоёрын төрсөн өдөр болж 0.5л “Хараа” архи хувааж уугаад дуусаж байтал найз Түмэндэмбэрэл залгаад “машинаа ирж ав, чиглэлийн автобус жолоодох ажилтай болчихоод байна.” гэсэн. Түмэндэмбэрэлийн гэрээс машинаа аваад Шанд багийн нутаг дэвсгэрт явж байтал цагдаа зогсоогоод “та согтуу байна, машиныг чинь журмын хашаанд хийнэ” гэж хэлээд намайг гэрт хүргэж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125, 132-133 дахь тал/,

2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

Б.Л-ын “...иргэн Ш.Т нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” спорт ордны арын зам дээр жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 4 дүгээр  сарын 22-ны өдрийн 13.10 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 143 дахь тал/,

эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 144 дэх тал/,

Ш.Т согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 0.34%-ийн согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 146 дахь тал/,

Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 155-156 дахь тал/,

уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 157 дахь тал/,

гэрч Б.Л-ын “...2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12.00 орчим томилгоот хуваарийн дагуу олон нийтийн цагдаа О.Б-ий хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр Амарын талбайн урд талын зам дээр үүрэг гүйцэтгэж байх үед олон нийтийн цагдаа О.Билгүүн намайг дуудсан, яваад очиход **-**ОРА улсын дугаартай “Sonata-6” загварын тээврийн хэрэгсэл зогсоочихсон, “Ш.Т гэх хүн жолоодох эрхийн үнэмлэхгүй, тээврийн хэрэгсэл жолоодсон байна” гэж хэлсэн. Тухайн жолооч руу ойртох үед архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байх бөгөөд драйгер багажаар үзэхэд 0.34%-ийн согтолттой байсан учир тээврийн хэрэгслийг журамласан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 159-160 дахь тал/,

Ш.Т-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 09.00 цагийн үед усанд орох зорилготой өөрийн эзэмшлийн “Sonata-6” загварын **-**ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа гэрээсээ гарсан, Согоот багийн “Пирамид” үйлчилгээний газрын халуун усны газар усанд ороод 11.00 цагийн үед гарсан. Машинаа бариад Амарын талбайн урд талын зам дээр явж байтал цагдаа зогсоогоод бичиг баримтыг шалгаад, тандагч багажаар шалгахад улаан асаад намайг цагдаа дээр авч ирсэн, драйгер үлээлгэхэд 0.34%-ийн согтолттой гарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 172-173 дахь тал/,

шүүгдэгч Ш.Т-ын;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/,

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 38  дахь тал/,

жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 9 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43, 85 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/1064 дугаартай шийтгэврийн хуулбар  /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 47-49 дэх  тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ш.Т дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгчийн “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,  

2025 оны 1 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

гэрч Б.Э-ын “...2025 оны 1 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 02.00 цагийн орчимд...**-**ОРА улсын дугаартай “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч Ш.Т гэгчээс согтууруулах ундааны зүйл үнэртсэн, тэр угаасаа хөдөлгөөнд оролцохдоо эгнээгээрээ явж чадахгүй, зам голлоод яваад байхаар нь шалгасан. ...драйгер багажаар шалгахад 1.09%-ийн согтолттой гарсан, мөн урьд өмнө эрхээ хасуулчихсан байсан.” гэх,

Ш.Тын өгсөн “...2025 оны 1 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00.00 цагийн үед гэртээ дүү Гансүхийн хамт 0.5л нэг шил архи хувааж уусан. ... өөрийн **-**ОРА улсын дугаартай цагаан өнгийн “Sonata-6” загварын машинаа жолоодоод явсан бөгөөд Уурхайчин багийн нутаг “Хангайн бүс” худалдааны төвийн урд талын зам дээр явж байтал цагдаа зогсоож шалгасан, миний согтолтыг багажаар шалгахад 1.09%-ийн согтолттой гарсан.” гэх мэдүүлгүүд,

Ш.Т согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 1.09%-ийн согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

гэрч О.Ж-ийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг халуун усны ойролцоо очиж шалгахад “Sonata-6” загварын **-**ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул драйгер үлээлгэн шалгахад 1.50 бүхэл согтолттой гарсан.” гэх,

Ш.Т-ын өгсөн “...2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Цэрэндагва бид хоёр...0.5л “Хараа” архи хувааж уугаад...Түмэндэмбэрэлийн гэрээс машинаа аваад Шанд багийн нутаг дэвсгэрт явж байтал цагдаа зогсоогоод “та согтуу байна, машиныг чинь журмын хашаанд хийнэ” гэж хэлээд намайг гэрт хүргэж өгсөн.” гэх мэдүүлгүүд,

Ш.Т согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 1.50%-ийн согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

Б.Л-ын “...Тухайн жолооч руу ойртох үед архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байх бөгөөд драйгер багажаар үзэхэд 0.34%-ийн согтолттой байсан учир тээврийн хэрэгслийг журамласан.” гэх,

Ш.Т-ын өгсөн “...2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр...11.00 цагийн үед...Амарын талбайн урд талын зам дээр явж байтал цагдаа зогсоогоод бичиг баримтыг шалгаад, тандагч багажаар шалгахад улаан асаад намайг цагдаа дээр авч ирсэн, драйгер үлээлгэхэд 0.34%-ийн согтолттой гарсан.” гэх мэдүүлгүүд,

Ш.Т согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 0.34%-ийн согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээс гадна Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн болон эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлүүд зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Ш.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэдгийг тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг,

“тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг,

“тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэдгийг дээр дурьдсан этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тус тус ойлгоно.

Гэмт этгээд нэг гэмт санаа, зорилгоор нэг объектод нэг төрлийн буюу эсхүл өөр өөр үйлдэл хийж хоёр буюу түүнээс дээш удаа халдсан боловч үйлдэл тус бүр нь гэмт хэрэг болохгүй, тэдгээр нь нийлж нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхыг үргэлжилсэн үйлдэл, эс үйлдэхүй гэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байдаг.

Үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийг үйлдлийнх нь шинж чанараас хамааран нэг төрлийн үйлдэлтэй, өөр өөр үйлдэлтэй гэж ангилж болох бөгөөд шүүгдэгч Ш.Тын үйлдлийг нэг төрлийн үйлдэлтэй үргэлжилсэн үйлдэл гэж үзэх тул Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ш.Т-ын хувьд,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/1064 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгуулсны дараа 2025 оны 1 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 03.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрийн замд 1.09%-ийн согтуурсан үедээ **-**ОРА улсын дугаартай “Hyundai Sonata-6” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон,

үргэлжилсэн үйлдлээр, 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 17.00 орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрийн замд 1.50%-ийн согтуурсан үедээ **-**ОРА улсын дугаартай “Hyundai Sonata-6” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон,

2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12.00 орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрийн замд 0.34%-ийн согтуурсан үедээ **-**ОРА улсын дугаартай “Hyundai Sonata-6” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. 

Шүүгдэгч Ш.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

          шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд түүний гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Ш.Т-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүх шүүгдэгч Ш.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсны 2025 оны 1 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө,

          үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 3 дугаар сарын 29, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, 1963 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймаг Баруунтуруун суманд төрсөн, 62 настай зэргийг нь, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,

түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нь 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих  ял оногдуулах” гэсэн саналыг харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нь 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 11 /арван нэг/ хоногийн тээврийн хэрэгслийг жолоодох хасах болон 9 /ес/ сар 14 /арван дөрөв/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ш.Тын нийт эдлэх ялын хэмжээг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 14 /арван дөрөв/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын эрүүгийн хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр оногдуулав.    

          Шүүгдэгч Ш.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.   

Бусад асуудал;

Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овогт Ш-ийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 11 /арван нэг/ хоногийн тээврийн хэрэгслийг жолоодох хасах болон 9 /ес/ сар 14 /арван дөрөв/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ш.Т-ын нийт эдлэх ялын хэмжээг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 14 /арван дөрөв/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Т-т оногдуулсан 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох хасаж ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгслийг жолоодох хасах ял болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,

мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг тус тус Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э