Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/270

 

 2025      05          27                                          2025/ШЦТ/270

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, 

улсын яллагч Ц.Л,

хохирогч Р.О, өмгөөлөгч Д.Э,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч А.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Д.О-т холбогдох эрүүгийн 2525000320160 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 53 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт **************************  тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус багийн  **********************тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Д-ийн О /РД; ****************/,

Шүүгдэгч Д.О нь;

2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн урд талын засмал зам дээр **-**ОРХ улсын дугаартай “Toyota Rumion” /Тоёота Румион/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 “Зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө”,

3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах”,

10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган  явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.О-ыг мөргөж,

түүний эрүүл мэндэд “баруун шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясны доод гандан хэсгийн хугарал, шагайн үений мултрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед;

шүүгдэгч Д.О “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв. 

хохирогч Р.О “...хэргийн талаар хэлэх зүйлгүй, гомдолтой байна. Хохирлоо нэхэмжилнэ.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Р.О-ын “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим Оюут багийн 2-11 дүгээр байрнаас Зэст багийн нутаг дэвсгэр Барилгачдын талбайн баруун талын GS-25 сүлжээ дэлгүүрийн чиглэлд ногоон гэрлээр явган хүний гарцаар зам хөндлөн гарах үедээ улаан өнгийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Тухайн үед миний хөлний баруун өсгий дээгүүр гарч би газар унасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

          гэрч Т.С-ын “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим ээж О...Зэст багийн 1-14 дүгээр байрны гаднаас аавын **-**ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Барилгачдын талбай уруудаад гэрлэн дохиогоор баруун эргэтэл огцом тоормослоод “яанаа, хүн мөргөчих шиг боллоо” гээд буугаад харахад газар нэг эгч хэвтэж байсан. Ээжийн машины цонх хоёр талаараа цантсан байдалтай байсан учраас сайн хараагүй юм шиг байна билээ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

          гэрч Ө.Б-ы “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 07.50 цагийн орчим ажил руугаа явж байтал эхнэрийн дүү Долгорсүрэн залгаад “О эгч Барилгачдын талбайн баруун талд машинд дайруулчихлаа, би дайруулсан газар нь ирсэн байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд яараад дайруулсан газар нь иртэл О газар хэвтсэн байдалтай, босож чадахгүй, гурван цагдаа ирсэн байсан, удалгүй түргэн тусламжийн машин ирээд Оыг БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасаг руу авч явсан, эмч өвчин намдаах тариа хийгээд “баруун хөлийн ард хэсэг нь олон газар хугарсан байх шиг байна.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,   

          иргэний нэхэмжлэгч Н.М-ын “...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.004.302 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Хохирлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд, гүйлгээний утга дээр хохирогчийн овог нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар зэргийг бичиж төлөх боломжтой.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

Д.О-ын яллагдагчаар өгсөн “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрч байна. Мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 125-127 дахь тал/,

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 74 дугаартай; “...Р.О-ын биед баруун шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясны доод гандан хэсгийн хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.5-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 48-50 дахь тал/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 406 дугаартай; “...шинжлүүлэгч Р.О-ын сэтгэцэд гэмтлийн дараахь стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/, 

          Орхон аймгийн Автотээврийн төвийн шинжээч нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай дүгнэлт, зурган үзүүлэлт /хавтаст хэргийн 64-67, 68 дахь тал/, 

          Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч,  цагдаагийн хошууч Г.Г-ын 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 8 дугаартай; “...**-**ОРХ улсын дугаартай “Toyota Rumion” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Дэмбээгийн О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 “Зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

          Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч,  цагдаагийн хошууч Г.Г-ын нэмэлтээр гаргасан, 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай “…**-**ОРХ улсын дугаартай “Toyota Rumion” загварын тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн, бүтэн байдлыг хангах, 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

иргэн Р.М-ын “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим дүү О нь Оюут багт байрлах 2-11 дүгээр байрны хойд талын явган хүний гарцаар Зэст баг Барилгачдын талбайн руу гарч яваад **-**ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, баруун хөл нь хугарч гэмтсэн.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,   

иргэн Р.М, хохирогч Р.О нарын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 10 дахь тал/,   

          зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

          хэргийн газарт буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн урд талын засмал зам дээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-15, 16-17 дахь тал/, 

          Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн уулзварын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/,

          уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18/19 дугаартай албан бичгийн хавсралт “...Эрүүл мэндийн даатгалын сангаас Р.О-ын тусламж үйлчилгээний зардалд 2.004.302 төгрөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

хохирогч Р.О-ын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 84-117 дахь тал/, 

хохирогч Р.О-ын гаргаж хэрэгт хавсаргуулсан, дутуу авсан цалин хөлс 1.209.000 төгрөг, олох байсан орлого 7.100.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.296.000 төгрөг, шатахууны зардал 122.808, нөхөн төлбөр 5.367.600 төгрөг, нийт 24.095.408 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, хохирол төлбөрийн баримтууд /хавтаст хэргийн 147, 148-171 дэх тал/,

шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгсөн,

хохирогч Р.О-ын Хас банкны дансны хуулга,

шүүгдэгч Д.О-ын хохирол төлбөр төлсөн баримтууд,

шүүгдэгч Д.О-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 131 дэх тал/,

жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 133 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 135 дахь тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хохирогч, гэрч, нараас болон Д.О-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Д.О дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс гадна,   

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Р.Оын “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим Оюут багийн 2-11 дүгээр байрнаас Зэст багийн нутаг дэвсгэр Барилгачдын талбайн баруун талын GS-25 сүлжээ дэлгүүрийн чиглэлд ногоон гэрлээр явган хүний гарцаар зам хөндлөн гарах үед улаан өнгийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн.” гэх,

          гэрч Т.С-ын “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим ээж О...**-**ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Барилгачдын талбай уруудаад гэрлэн дохиогоор баруун эргэтэл огцом тоормослоод “яанаа, хүн мөргөчих шиг боллоо” гээд буугаад харахад газар нэг эгч хэвтэж байсан.” гэх,

          гэрч Ө.Б-ы “...дайруулсан газар нь иртэл О газар хэвтсэн байдалтай, босож чадахгүй, гурван цагдаа ирсэн байсан, удалгүй түргэн тусламжийн машин ирээд Оыг БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасаг руу авч явсан, эмч өвчин намдаах тариа хийгээд “баруун хөлийн ард хэсэг нь олон газар хугарсан байх шиг байна.” гэх,

          Д.О-ын өгсөн “…өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 74 дугаартай, “...Р.О-ын биед баруун шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясны доод гандан хэсгийн хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн болон тус аймгийн Автотээврийн төвийн шинжээч нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай дүгнэлтүүд,

          Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч,  цагдаагийн хошууч Г.Г-ын 2025 оны 8, 11 дугаартай магадлагаанууд,

иргэн Р.М-ын “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим дүү О нь ***** багт байрлах 2-11 дүгээр байрны хойд талын явган хүний гарцаар Зэст баг Барилгачдын талбайн руу гарч яваад **-**ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, баруун хөл нь хугарч гэмтсэн.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Р.О-ын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол,  зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн урд талын засмал зам дээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн уулзварын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Р.О-ын өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Д.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.О-ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэлд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг заасан.

Шүүгдэгч Д.О-ын үйлдэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хуульзүйн ойлголтод хамаарах бөгөөд түүний үйлдлийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх боломжгүй юм.

Энэ гэмт хэрэг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд  тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд гэмт үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй нь холбон үзвэл тийм хор уршиг учрах боломжтой гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч мэдэлгүй үйлдсэн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2, 3.4, 10.1 заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,

явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясны доод гандан хэсгийн хугарал, шагайн үений мултрал” бүхий хүнд хохирол учруулсан шалтгаант холбоотой.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Д.Оыг “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг аригласан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан байна.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, мөн ар гэрийн ахуй амьдрал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,

          түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан улсын яллагч, өмгөөлөгч нарын саналуудыг тус тус харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.О-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

шүүгдэгч Д.О-ын хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

          Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Хохирогч Р.О нь дутуу авсан цалин хөлс 1.209.000 төгрөг, олох байсан орлого 7.100.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.296.000 төгрөг, шатахууны зардал 122.808 төгрөг, нөхөн төлбөр 5.367.600 төгрөг, нийт 24.095.408 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг гаргаж холбогдох нотлох баримтуудын хамт хавтаст хэргийн 147, 148-171 дэх талуудад хавсаргуулсан байна.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.О эмчлгээний зардалд 1.595.450 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хохирогч энэ талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүх хохирогч Р.О-ын нэхэмжилсэн хохирол, төлбөрийг дараахь байдлаар шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж,

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан тул

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 406 дугаартай, “...шинжлүүлэгч Р.О-ын сэтгэцэд гэмтлийн дараахь стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.  Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлтийг үндэслэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 99.000.000 төгрөгөөс гуравдугаар зэрэглэлийг 9-15% гэж тогтоосон хүрээнд нь 9%-р тооцож, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг 8.910.000 төгрөгөөр тогтоож,

хохирогч Р.Оын дутуу авсан цалин хөлс 1.209.000 төгрөг, шатахууны зардал 122.808 төгрөг, нийт 8.910.000 + 1.209.000 + 122.808 = 10.241.808 төгрөгийг шүүгдэгч Д.О нь төлөх үүрэгтэй байна.

Харин олох байсан орлого болон нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтууд дутуу, хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзээд нэхэмжлэлээс  энэ шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, мөн цаашид гарах эмчилгээний төлбөртэй холбогдох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар тус тус бүрдүүлж  нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.  

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Р.О-д зарцуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 2.004.990 төгрөгийг шүүгдэгч Д.О нь хариуцан төлөх үүрэгтэй тул түүнээс дээрх мөнгөн дүнг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн уулзварын хяналтын камерын бичлэгтэй хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Д.От шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон гэм хорын хохирол, сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг, 

          мөн түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг тус тус Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Д-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.О-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.О-т авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.О-т анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

7.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүд, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Оаас 12.246.110 төгрөг гаргуулж,

10.241.808 төгрөгийг хохирогч Р.О-д,

2.004.302 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгож,

хохирогч Р.О-ын нөхөн төлбөр, олох байсан орлоготой холбоотой болон цаашид гарах эмчилгээний төлбөртэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8.Шүүгдэгч Д.О-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий Бүртгэл Хяналын төвд хүргүүлэхийг,

мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

9.Эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн уулзварын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.Э