| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2022/00465/И |
| Дугаар | 502 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 502
2022 12 15 137/ШШ2022/00502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Му овогт Д.Э-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д... тоотод оршин суух, Т овогт Ө.У-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 14,120,275 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч 2022 оны 10 сарын 17-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ю.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие хариуцагч Ө.У 2019 оны 10 сарын 14-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба хариуцагч нь гэрээний хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй худал ярьж өнөөдрийг хүрсэн. Тухайн үед ... улсын дугаартай ... маркийн зүтгүүр, ... улсын дугаартай ... маркийн машиныг нөхөр Ц.Д нэр дээр худалдан авсан, урагш гаргаж байгаа засвар үйлчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага гараад байна. Дор нь буцаагаад төлнө гэж хэлээд барьцаанд ... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авчирч тавиад зээл авсан байдаг. Түүнээс хойш хүү гэж 1322,0 төгрөг төлөөд дахин төлөлт хийхгүй худал ярьсаар өнөөдрийг хүрсэн ба энэ оны 5 сарын сүүлээр зээл хөөцөлдөж байгаа, үл хөдлөхийн гэрчилгээгээ авъя, гэрчилгээгээ барьцаанд тавиад зээл бүтэхэд нь зээлээ төлнө гэж хэлээд гэрчилгээ аваад оронд нь ... улсын дугаартай машины гэрчилгээ тавиад алга болсон. Утсаар ярихад одоохон төлнө, өнөө маргаашгүй зээл бүтэж байгаа гэж хэлж хойшлуулсаар ирсэн ба анхнаасаа зээл авахдаа төлөхгүй байх зорилгоор нь авсан нь өөрийнх үйлдэл хэл ярианаас ойлгомжтой байдаг. Зээл авснаас хойш ... машинаараа урагш тээвэр хийж ... улсын дугаартай ... маркийн зүтгүүр чирэгчийн хамт авсан байдаг ба зээлээ төл гэж хэлэхэд удахгүй өгнө, цаг хугацааны асуудал гэх мэтээр байнга худал ярьсаар ирсэн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 3,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 14-нөөс хойш 36 сарын төлөгдөөгүй хүү 9,478,000 төгрөг, нийт 12,478,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч: Анх миний бие У 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулаад 3,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Яагаад зээлүүлэх болсон бэ? гэхээр урьд банканд ажилладаг байсан, мөн хариуцлагатай, таньдаг гэдэг үүднээс нөхрийнхөө нэр дээр “Волва” маркийн том машин авах гэсэн юм, засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлагатай, мөнгө хэрэгтэй болоод байна, машинаа засаад урагшаа тээвэр хийхээрээ удаахгүй эргүүлээд өгнө гэхээр нь 7 сарын хугацаатай 3,000,000 төгрөг зээлсэн юм. Гэтэл зээлийн гэрээний хугацаанд 1,322,000 төгрөгийг хүү гэж өгөөд үндсэн зээл, зээлийн хүүгээ огт төлөөгүй байгаа. 2020 онд улс орон даяар цар тахлын өвчин гарсан ч 2021 онд чингэлэг тээвэр, ачаа тээвэр эрхлэгч нар хангалттай хэмжээний орлого олж байсан. Тухайн үедээ “Даюун” маркийн тээврийн хэрэгсэлтэй байж байхдаа зээлээ төлөх боломжтой байсан. Гэтэл зээлээ төлөхгүй, асуухаар цаг хугацааны асуудал шүү дээ, жоохон хүлээчих гээд хойшлуулаад яваад байсан. Миний хувьд зээлийн гэрээний хугацаагүй учраас 36 сарын хүүгээ л авъя гэж нэхэмжилсэн. Гэтэл хариу тайлбар дээрээ үндсэн зээлийн 1,322,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 1,678,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би хоолны газар ажиллуулдаг учраас алдангиас чөлөөлж өгнө үү гэх тайлбар гаргасан байсан. Үүнтэй холбогдуулан миний бие шүүхэд хүсэлт гаргасан. Тухайн үед зээлийн гэрээний хугацаа дууссан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзээгүй байсан. Яагаад гэвэл хариуцагч байнга над руу мессеж бичээд, гэрээгээ сунгуулъя гэх саналыг тавьж байсан. Хэрэв гэрээний хугацаа үнэхээр дууссан байсан бол хариуцагч гэрээгээ цуцалъя гэж мэдэгдэх байсан. Өнөөдөр, маргаашгүй төлнө гэсэн боловч хойшлуулаад л байдаг байсан. Тиймээс гэрээний хугацаа дууссан гэж үзээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа дуусгавар болгоогүй гэж хүүг нэхэмжилсэн. Үүнтэй холбоотойгоор хариуцагч хариу тайлбар гаргасан байсан. Нотлох баримтаар хэрэгт над руу бичиж байсан мессежийг гаргуулах, зээлийн гэрээ байгуулснаас хойш орлого олоод худалдан авсан тээврийн хэрэгслийг нотлох баримтаар хуулбарыг гаргуулах зэрэг гэрчийн мэдүүлэг авхуулах гэсэн боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан. Нэгэнт хариуцагчийн зүгээс төлөх боломжгүй, хугацаа дууссан гэх хариу тайлбар өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл бол 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацаатай зээл өгсөн. Зээлийн хүү 2,100,000 төгрөг болж байгаа, үүнээс төлсөн гэх 1,322,000 төгрөгийг хасаад, үлдэх 778,000 төгрөг дээр үндсэн зээл болох 3,000,000 төгрөгийг нэмж төлүүлэх, нийт 3,778,000 төгрөгийг төлүүлэх, мөн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг бодсон. Нийт 1,095 хоног болж байгаа. Өөрсдийнх нь зүгээс хүндэтгэн үзэх шалтгаанаас корона вирус цар тахлын өвчин гарсан учраас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу алдангийг бууруулаад 50 хувиар нэхэмжилж үндсэн зээл, хүү, алданги гээд нийт 14,120,270 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ө.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 10 сарын 14-ны өдөр 3 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээл авсан нь үнэн. 2020 оны 05 сарын 04-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд Ковид 19 короновирус гэх өвчин Монгол улсад гарсантай холбоотой зээл болон зээлийн хүүг төлж чадахгүй болсон нь үнэн. Гэхдээ миний бие нь хоолны газар ажиллуулж байсан бөгөөд короновирус гарсантай холбогдон ...-д хатуу хөл хорио тогтоосноос орлого ашиггүй болж хоолны газраа бүрэн хаасан. Харин зээлээс 1,322,000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгийг үндсэн зээлээс хасаж өгнө үү. Иймд Энхтуяагийн нэхэмжилсэн үндсэн зээлийн 3,000,000 төгрөгнөөс 1,322,000 төгрөгийг хасаж 1,678,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү алдангиас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ө.У өмгөөлөгч Ю.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У нь нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлж авсан. Үүнээс 1,332,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн хувьд У хоолны газар ажиллуулж байсан гэдгийг мэдэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр хүү нэхэмжилж байгаа бол зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан байдаг. Бичгээр зээлийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан байдаг. Энэ 7 сарын хугацааны хүүг төлнө. Үндсэн зээлийн 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн 2,100,000 төгрөг гээд нийт 5,100,000 төгрөгөөс 1,332,000 төгрөгийг хасаж тооцохоор 3,778,000 төгрөг болж байгаа юм. Үүнийг төлөх нь үүрэг. Үлдэх хэсгийг яагаад зөвшөөрөхгүй байна вэ гэхээр корона вирус халдвараас урьдчилан сэргийлэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн 14.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хүүгийн хэмжээг 3 сараас 3 хувиас хэтрэхгүй, алдангийн хэмжээг 0,2 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцно гэж заасан. 3,778,000 төгрөгийн алдангийг бодоод үзэхээр 1,889,000 төгрөг болж байна. Тиймээс үүргийн гүйцэтгэлийг хасаж тооцож өгнө үү гэж хүсэж байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зээлийн хүүгийн хэмжээг зээл төлөгчийн эрх ашиг, сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон бол түүний хүсэлтээр шүүхээс зээлийн хүүг багасгаж болно гэж заасан. Иймд цар тахлын үетэй байсныг харгалзан үзээд үүргийн гүйцэтгэлийг багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Үүргийн гүйцэтгэлд 3,7780,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
-2019 оны 10 сарын 14-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар
-зээлийн эргэн төлөлтйин график
-... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар
-Газрын байршлын кадастрын зураг
-Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа
-Хаан банкны депозит дансны хуулга
-Хариуцагч Ө.У хариу тайлбар
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ө.У зээлийн гэрээний үүрэгт 14,120,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох 2019 оны 10 сарын 14-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Ө.У нарын хооронд 2019 оны 10 сарын 14-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлүүлэхээр тохирсон байна.
Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ“ гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Талууд зээлийн гэрээ болон гэрээний нөхцөлийн талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэж зээлийн гэрээний хугацааг сунгагдсан гэж маргалдаж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги хүү тооцно,
Хариуцагч нь улс орон даяар ковид-19 халдварт цар тахал өвчин гарсантай холбоотойгоор хуульд зааснаар зээлийн гэрээний хүүгийн хэмжээг 3 сараас 3 хувиас хэтрэхгүй, алдангийн хэмжээг 0,2 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцно гэж заасан.тул үүргийн гүйцэтгэлийг хасч тооцно уу гэж мэтгэлцэв.
Хариуцагч тал нь цайны газар ажиллуулаад цар тахлын улмаас ажилгүй, орлогогүй байсан тул зээлийн алданги, хүүг хасч тооцно уу гэж тайлбарлаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талын нотлох баримтаа шүүүхэд гаргаж өгөөгүй байна.
Зээлийн хүүнд 1,322,000 төгрөгийг төлсөн талаар тайлбар гаргасан бөгөөд зохигчид энэ талаар маргаан гаргаагүй болно.
Нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 1095 хоног гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоногт 0,5 хувийн алданги 10,342,270 төгрөг нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,000,000 төгрөгний 50 хувь буюу 1,500,000 төгрөгнөөс хэтрүүлэхгүйгээр алдангийн хэмжээг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэл болон хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул түүнээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 3,000,000 төгрөг, зээлийн хүүнд 2,100,000 төгрөг төлөхөөс хүүнд төлсөн 1,322,000 төгрөгийг хасч 778,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,000,000 төгрөгний 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 1,500,000 төгрөгний алданги нийт 5,278,000 гаргуулж, нэхэмжлэгч Д.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн алданги 8,842,275 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.У 55,882 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Т овогт Ө.У зээлийн гэрээний үүрэгт 5,278,000 / таван сая, хоёр зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М овогт Д.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,842,275 / найман сая, найман зуун дөчин хоёр мянга, хоёр зуун далан тав/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.У 55,882 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э олгосугай.
3. Хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц