| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0324/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/368 |
| Огноо | 2025-07-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/368
2025 07 29 2025/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хд холбогдох эрүүгийн 2525000000278 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, Б.Х
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар 15-ны өдрийн 18 цагийн орчимд 00-00 ... улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ******* Баянцагаан багийн нутаг дэвсгэрт жолоодсон гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Хы мэдүүлсэн: Үнэхээр гэмшиж байна. Гэр бүлээсээ салаад сэтгэл санаагаар унаж архи уугаад ийм зүйл болсон. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг мэдүүлэг,
эрүүгийн 2525000000278 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн “...драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 1.78 % ... гэх тэмдэглэл /хх- ийн 8-р тал/
-Цагдаагийн алба хаагчийн энгэрийн хяналтын камерын бичлэгийг хуулбарласан хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 06-07-р тал /
-гэрч Г.Г: “...Уг нь найз маань эелдэг зөөлөн, нөхөрсөг, хүнд тусархаг, ажил хамт олныхоо дунд нэр хүнд сайтай. Сүүлийн үед эхнэр болон гэр бүлийн харилцаанаас болоод сэтгэл санаагаар унаад архи согтууруулах ундаа маш их хэрэглэдэг болсон. Би найздаа маш их хэлж байгаа архи согтууруулах ундаа битгий хэрэглээч ээ гэж. Тэгсэн ч одоо миний тоохоо байсан. Би өмнө шүүхээр ороход нь ахиж битгий архи уугаарай гэж хэлээд удаагүй байхад дахиад согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан байна. Одоо надад бол үнэндээ хэлэх үг байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дэх тал/
-гэрч Ж.Бгийн мэдүүлсэн: “...Би 2025 оны 05 дугаар 15-ны өдөр Баянцагаан багийн хивсний уулзварын пост дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00-00 ... улсын дугаартай Тоёота приус-20 загварын машины жолоочийг зогсоож шалгахад Харчин ургийн овогт Базарсадын Хыг албаны шалгах багажаар регистрийн дугаарыг хийж шалгахад 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай эрхээ хасуулсан үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхыг таслан зогсоож драгер багажаар үлээлгэж шалгахад 1.78% согтолттой байсан тул тухайн өдрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Тухайн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэл эхнэр болох Л.Б гэж хүний нэр дээр бүртгэлтэй байсан...Би тухайн жолоочтой харилцаа хийж байх үед албаны энгэрийн камер бичлэгээр баталгаажуулж авсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
-Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн 616 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 29-32-р тал /
-Б.Хд холбогдох “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн материалын хуулбар /хх-ийн 27-42-р тал/
-Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 43-р тал/
-Тоёота Приус- 20 загварын 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 44-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-52-р тал/
-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437-р хорих ангиас ирүүлсэн ялын тооцоо /хх-ийн 53-р тал/
-шүүгдэгч Б.Хы яллагдагчаар мэдүүлсэн:..Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Дахиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй. Надад үнэндээ хэлэх өөр үг алга..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Х нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн 616 дугаар шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар 15-ны өдрийн 18 цагийн орчимд 00-00 ... улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг 1.78% согтолттой согтуурсан үедээ******* Баянцагаан багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, яллагдагчийн мэдүүлэг, бусад бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.Х нь шүүхийн шийтгэх тогтоолоор нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу эрх хассан хугацааны дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтуурал шалгасан багажны заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт шинжийг заасан.
Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлон тогтоосон ба 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол...ял шийтгэнэ” гэж, эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.
Энэ гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн хэлбэр нь, болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийн талаар тодорхойлсон ба 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.
Шүүгдэгч Б.Х нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж, түүний улмаас гарах үр дагавар, нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хайхрамжгүй хандсан болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэв.
Хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэмт үйлдлийн шинж нь, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох хор уршгийн талаар урьдаас мэдэх, ухамсарлан болгоомжлох үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч олон нийтийн эрх ашигт хэнэггүй, үл хэрэгсэж, үл тоомсорлон хандаж, мэдэлгүй үйлдсэн сэтгэхүйн хандлагаар илэрдэг.
Шүүгдэгч үйл баримтын талаар маргаагүй.
Шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Х нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай, гаргуулах төлбөргүй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,
үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал,шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ,шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Х нь тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба ял эдэлж байх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.Х тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, ялаа эдэлж байгаа болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн ялын тооцооны баримтаар тогтоогдсон тул энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж,
2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 15 хоногийн ялд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 10 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч Б.Х нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.78 хувийн согтолттой байх үедээ 2025 оны 05 дугаар сарын 15-ны шөнийн 01 цагийн орчим*******ын Хивсний 3 замын уулзварт 00-00 ... улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан
1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нийт 2 жил 10 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг тусад нь эдлүүлэх эсэхийг шүүх шийднэ байх гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О: өмнөх тогтоолоор ял эдэлж эхлэхээс өмнө энэ хэргийг үйлдсэн. Зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлнэ үү гэж тус тус санал гаргасан.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна. Хорихоос өөр ял оногдуулна уу гэжээ.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 27 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас үлдсэн 10 сар 15 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялд нэмж нэгтгэн эдлэх нэмэгдэл ялыг 2 жил 10 сар 15 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 10 сар 15 хоногийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, зорчих эрх хязгаарлах болон эрх хасах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй,хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ