| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2022/00515/И |
| Дугаар | 103/ШШ2022/00529 |
| Огноо | 2022-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2022/00529
2022 12 01 103/ШШ2022/00529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороонд байрлах ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болон түрээсийн төлбөр 4,251,600 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн байр талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Хариуцагч: Ж.*******,
Нарийн бичгийн дарга А.Оюунгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ж.*******т холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болон түрээсийн төлбөр 4,251,600 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн байр талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Ж.******* нь ******* дугаар байрны хойд талаас ордог подвалыг ашиглах гэрээгүйгээр 2015 оноос эхлэн эзэмшиж байна. СӨХ-оос хуулийн дагуу гэрээ хийх, эсвэл чөлөөлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээ хийхгүй, байр талбайг чөлөөлөхгүй байна. Уг подвалын 2017 оны 01-12 сарын 360,000 төгрөг, 2018 оны 01-12 сарын 360,000 төгрөг, 2019 оны 01-12 сарын 480,000 төгрөг, 2020 оны 01-12 сарын 480,000 төгрөг, 2021 оны 01-12 сарын 480,000 төгрөг, 2022 оны 01-12 сарын 480,000 төгрөг нийт 2,640,000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн өөрийн амьдарч байгаа ******* дугаар байрны ******* тоотын СӨХ-ны 2016 оны 01-12 сарын 196,200 төгрөг, 2017 оны 01-12 сарын төлбөр 196,200 төгрөг, 2019 оны 01-12 сарын төлбөр 304,800 төгрөг, 2020 оны 01-12 сарын төлбөр 304,800 төгрөг, 2021 оны 01-12 сарын 304,800 төгрөг, 2022 оны 01-12 сарын төлбөр 304,800 төгрөг нийт 1,611,600 төгрөгийг төлөөгүй байна. Иймд нийтийн эзэмшлийн байр талбайг чөлөөлүүлж, СӨХ-ны төлбөрт нийт 4,251,600 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 1999 онд ******* дугаар байр ашиглалтад орсон байдаг, 2008 оны 12 дугаар сард ******* СӨХ байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд гурван дарга солигдсон. Одоо дөрөв дэх дарга нь ажиллаж байгаа болохоор өмнөх дарга юу хийсэн талаар миний хувьд тайлбар хийх боломжгүй. Тус СӨХ нь оршин суугчдын төлбөр мөнгөнөөс өөр санхүүжилт байдаггүй. Оршин суугчдаас санхүүжилт хэр зэрэг орно, тэр хэмжээгээр үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явагдах ёстой. 2013-2022 оны төлбөрийн үлдэгдэлтэй айлуудын мэдээллийг холбогдох газруудаас шүүж, айл айлаар нь тооцож гаргасан үүний дагуу шүүхэд хандсан. Оршин суугчид төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд оршин суугчдын ая тухтай байх нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагаа явагддаг. Төлбөрөө өгч чадахгүй байгаагаас ая тухтай байх нөхцөл хангагддаггүй. Оршин суугчдын гол шаардаж байгаа зүйл нь орцны засвар байдаг. 2019-2021 онуудад ******* дугаар байрны 36 айлаас хийгдсэн СӨХ-нд төлсөн орлогыг харахад 47-51,3 хувь нь жилийн эцэст төлбөр нь ороогүй байдаг. Жил бүр 50 хувиас доошгүй орлого орж байж тухайн орлогоор СӨХ-ны үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ орлого нь оршин суугчдын шаардаад байгаа засвар үйлчилгээний шаардлагад хүрдэггүй учраас СӨХ ажлаа хийхгүй байна гэсэн асуудал үүсээд байна гэж ойлгож байна. СӨХ-ны орлого нь ажилчдын цалин хөлс, лифт, орцны гэрэлтүүлэг, сантехникийн засвар зэрэгт зарцуулагддаг. Иргэн хүний хувьд СӨХ-д очоод үйл ажиллагааг нь үзэх бүрэн боломжтой. Харамсалтай нь үзээгүй байж энэ асуудлыг ярьдаг. СӨХ-ны төлбөр, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээнд холбогдох зардлыг хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэлээ гэснийг зөрчсөн гэж тайлбар гаргасан байсан. Мөн нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д зааснаар засвар үйлчилгээ холбогдох зардлыг үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад шийдвэрлүүлэхээр шаардсан гэсэн байна. Тэгэхээр СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Энэ нь эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдох зардал гэсэн байгаа болохоос биш хамгаалалт, ашиглалтын зардал гэсэн үг биш юм. Тухайн байранд хийгдэх засвар үйлчилгээний төсвийг СӨХ гаргах ёстой. Орцны засвар, лифтний засвар зэргийг тус тусад нь төсвийг нь гаргаад Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасны дагуу тухайн орон сууцанд амьдарч байгаа айл өрхөд ногдох хэмжээгээр хуваарилж, оршин суугчдын хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргах ёстой. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд оршин суугчдын эрх, үүргийг тусгасан байгаа. Засвар үйлчилгээний хөлс нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол холбогдох байгууллагад нь та өөрөө хүсэлтээ гаргаж шалгуулах эрхтэй. Харин СӨХ-д өөрт нь гаргах эрхгүй учраас манай СӨХ уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй. СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолоор батлагдсан журам дээр СӨХ-ны төлбөр мөнгийг хэрхэн авах талаар зааж өгсөн байгаа. Энэ журмын дагуу Ж.*******ай ажлынхаа үнэ хөлсийг тохирох зорилгоор гэрээ хийе гэж хэлсэн боловч хийгээгүй. 2021 онд хийх ажлын бараа материал нь шаардлага хангаагүй байна гэж биднийг хэлэхэд Ж.******* уурлаад гараад явсан. Хийгдсэн гээд байгаа ажлуудыг нь СӨХ хүлээж авсан баримт байхгүй, шаардлага хангах эсэх нь тодорхойгүй, хийгээгүй ажлаа хийсэн гэж худал хэлсэн байна. Жишээлбэл ******* дугаар байрны 9 давхарт хаалт хийсэн гэсэн ямар хаалт яриад байгааг би мэдэхгүй байна. Анх биднийг ажил авахад л нэг хаалгатай байсан тэр хаалга хэвээрээ байгаа. Хийсэн ажлынх нь үнэлгээг харахаар тухайн үеийн үнэ ханшнаас дээгүүр байсан. Ганц Ж.******* ч биш манай иргэд бараа материалаар болон ажил үүрэг гүйцэтгэж, тэрнийхээ үнэ хөлсөөр тухайн журмын дагуу төлбөрийг нь хааж өгдөг. Жишээлбэл Чулуунбаатарын Нэргүй гэж хүн хүсэлт гаргаад СӨХ-той гэрээ хийсэн. Энэ гэрээнд ямар материал гаргаад, ямар засвар хийсэн бэ гэдэг нь бүгд тодорхой байгаа. Ж.******* ийм гэрээ болон нэг ч материалын тооцоо байхгүй учраас хүлээж авах боломжгүй байна. ******* СӨХ-г төлбөрөө нэмсэн үндэслэлээ танилцуулж, ******* дугаар байрны хаалга, цонхыг шинэчилж хийвэл төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй гэж хариуцагч хэлсэн байсан. Тэгэхээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд СӨХ нь зайлшгүй дүрэмтэй байна гэж заасан. Энэ дүрмийг бүх гишүүдийн хуралд батлуулах гэсэн боловч оршин суугчид ирээгүй. Удирдах зөвлөлөөс айл бүрээр явж танилцуул гэсэн шийдвэр гаргаад, айл өрхөөр явж дүрмээ танилцуулж, дүрэм баталсан тогтоол гаргасан. Уг дүрэмд засвар үйлчилгээний төлбөр хэрхэн хийгдсэн талаар танилцуулсан байдаг. Иргэдээс СӨХ-ны төлбөр нэмэгдсэн талаар дүүргийн Засаг даргад гомдол гаргасан байсан. Тухайн үед ЗДТГ-с СӨХ-ны үйл ажиллагаа, төлбөр мөнгөний нэмэгдлийн талаар хэлэлцүүлэг хийх гэж гурван удаа хурал зарлаад иргэд ирээгүй. Подвал ашиглалтын талаар хэлэхэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг холбооны нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал байгуулна гэсний дагуу Ж.*******аас гэрээ байгуулахыг шаардсан боловч байгуулаагүй. 2015 оноос Ж.******* нь ашиглаж байгаа болов уу гэж таамаглаж байгаа болохоос тодорхой хэлж мэдэхгүй байна. Өөрсдийн мэдэж байгаагаар 2017 оноос хойш тухайн үеийн түрээсийн тарифын дагуу төлбөр тооцож гаргасан. СӨХ гэдэг чинь чиний өгсөн мөнгөөр л юм хийдэг. Танай байрны 50 хувь нь мөнгөө өгөхгүй байхад гарах зардлыг нь тооцоорой гэж хэлье. Тухайн үед чиний хийсэн зүйл гэж юу байгаа юм бэ? Чиний тэр цемент асгасан байдалд чинь оршин суугчдаас хэл ам гараад борооны ус тогтоод, тэр усанд нь хүүхдүүд тоглоод байгаа, ямар зорилгоор цемент асгасныг мэдэхгүй байна. Хийсэн хашлага гээд байгаагаа хэнд хүлээлгэж өгсөн юм бэ? бид нарт ярьж тохирсон юм байхгүй. Хаалга хийх нь хийсэн, гэхдээ тэр үеийн үнэ ханш чинь таарахгүй байгаа. Подвалд байгаа хоолой төмөр гээд яриад байгаа боловч түүнийг хэн хүлээж авсан, хэнд өгсөн нь мэдэгдэхгүй байгаа. Гарын үсэг гэдгийг чи буруу ойлгоод байна, дүрэм батлах гарын үсгийг ажлын тайлангийн гарын үсэг гэж яриад байна. Бид эрх үүргийнхээ дагуу шүүхэд хандсан. Иргэн хүн СӨХ-гоо дэмжиж ажиллахгүй юм бол та нарт загнуулаад, үнэ хөлсгүй ажил хийгээд сууж байдаг хүмүүс байхгүй. СӨХ-ны мөнгөө өгөхгүй байгаагаас цалингаа тавьж чадахгүй, үйлчлэгч нь ажлаа хаяад л явдаг. Ард нь та нар цэвэрлэгээ үйлчилгээ муу байна гээд фэйсбүүкээр хэл ам хийдэг биз дээ гэв.
Хариуцагч Ж.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би хувь хүмүүсээр юмаа хийлгэж байгаа. Тэгээд зарлагын падаан аваад очиход заавал НӨАТ-ын баримт авч ир гэсэн боловч НӨАТ-ын баримт хувь хүнээс гарахгүй гэдгийг хэлсэн. НӨАТ-ын баримт гарахгүй гэсэн үндслэлээр гэрээ хийгдэхээ больсон. Би ******* дугаар байрны 9 давхрын хаалт гээд байгаа лифтний хажуу талын зайг /зураг харуулав/ тороор бөглөх материалыг бэлдэж өгөөд үлдсэнийг нь хийчихээрэй гэж хэлсэн боловч одоо хүртэл хийгээгүй байгаа. 9 давхарын айлуудын зовлон их, согтуу хүмүүс байнга холхино, хөөгөөд хэрүүл хийгээд байх хэцүү байдаг. Тухайн байгууллага ямар ажил хийж байгаа вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа. Би тухайн үед хийсэн ажлынхаа зургийг авч баталгаажуулсан юм байхгүй, миний хувьд хийсэн ажлаа үнэлүүлмээр байна. СӨХ-ны үнийн асуудал дээр манай СӨХ над дээр ганц ч удаа ирж байгаагүй. СӨХ-ны удирдах зөвлөл нь өөрсдөө үнээ нэмсэн асуудлаа мэдэхгүй явж байгаа. Оршин суугчдын гарын үсэг зуруулсан хуудас эргэлзээтэй байна. Хийсэн ажлуудаа жагсаагаад гарын үсэг зуруулсан бол үнэн байх байлаа. Урьд нь та нар ямар ч нэр хаяггүй гарын үсэг зуруулаад явж байсан түүх байгаа. Ганц ч хаалга цонх сольсон юм байхгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хальт хийсэн болоод л хаядаг. НӨАТ-ын баримт өгөхгүй, мөнгөө бэлэн аваад ир гэж надад хэлсэн, ингэж болдог юм уу? Ер нь хүн болгон амьдарч байгаа орчноо сайхан байлгахыг хүсдэг. СӨХ-ны үүрэг гэж байгаа, та нар мөнгө өгөхгүй байна гээд юу ч хийхгүй байж болохгүй, ядахдаа нэг хаалга цонх сольсон бол хамаагүй. Тэгээд хүн юм хийхээр үнэлэхгүй, тэр цемент асгасан гээд байгаа чинь шороогоороо байсан бол сайхан байх байсан юм уу? Уналтыг нь гаргаж өгөөгүй болоод л ус тогтсон. Би таниас энэ тоглоомыг нь аваад цемент цутгая, туслах хүн өгөөч гэж хэлэхэд танайхаас нэг ч хүн ирээгүй. Тухайн үед тоглоомыг аваад цутгасан бол налуу болохгүй байсан. Орцонд тавьсан гэрэл нь хөдөлгөөн мэдрэгчгүй учраас давхар болгонд дэвсэж гарах шаардлагатай болдог. Тийм гэрэл тавих шаардлага байгаа юм уу? орой ажлаасаа ирэхэд лифт нь ажиллахгүй, лифтчин гээд байгаа хүмүүс нь засвар хийдэг юм уу?, асаадаг юм уу? ойлгохгүй байгаа Миний СӨХ-д хийсэн ажлуудыг минь тооцвол подволыг чөлөөлнө харин өөрийнхөө байрны мөнгийг нэмэгдэлгүй үнээр төлнө, надад танилцуулаагүй төлбөр нэмсэн гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбооны хариуцагч Ж.******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч ******* СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь нийтийн эзэмшлийн байр талбайг гэрээгүйгээр эзэмшдэг подвалын түрээсийн төлбөр болон өөрийн оршин суугаа орон сууцны СӨХ-ны төлбөрийг төлдөггүй, төлөх тухай удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй гэж,
Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргах үндэслэлээ ******* СӨХ нь үндэслэлгүйгээр төлбөрөө нэмсэн, оршин суугчдын өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэггүй мөн нийтийн эзэмшлийн талбайд өөрийн хийсэн ажлын хөлс 2,190,000 төгрөгийг дээрх төлбөрөөс хасаж тооцуулах, нийтийн эзэмшлийн байр талбайг буцааж өгөхөд хүрвэл хийсэн засвар үйлчилгээний төлбөрийг гаргуулж авсны дараа суллаж өгнө гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1.******* Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын 03 тоот тогтоолоор овогтой гүйцэтгэх захирлаар томилжээ. /хх-ийн 7 дугаар тал/
2.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
3.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж, 4.1.3-д сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй гэж тус тус хуульчилснаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг шаардах эрхтэй, сууц өмчлөгч Ж.******* нь төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
4.Нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж 02 дугаартай тогтоол гарган хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон цахилгааны үнэ тариф нэмэгдсэн, нийгмийн даатгалд бүх ажилчдыг хамруулах болсон зэргийг үндэслэн дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөр дээр цэвэрлэгээ үйлчилгээний үнийг 3,000 төгрөг, цахилгааны үнийг 1,000 төгрөг, айл өрхийн сууцны 1 м.кв нь 100 төгрөг, банкны баримтын үнэ 100 төгрөг байхаар тогтоож, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг 16,350 байсныг 24,500 төгрөг болгожээ. /хх-ийн 8 дугаар тал/
5.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т Холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан атал холбоонд шаардагдах төсөв мөнгийг нэмэх, хасах шаардлагатай эсэхийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөрийг удирдах зөвлөлөөр хэлэлцэн сард төлөх төлбөр 16,350 төгрөг байсныг 24,500 төгрөг болгон нэмсэн нь хууль зөрчсөн гэж үзнэ.
6.Нэхэмжлэгч байгууллага нь төлбөр нэмэх асуудлыг холбооны дүрмэндээ тусгасан, оршин суугчдаас цаасаар гарын үсэг зуруулж санал авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул уг баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
7. ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот байрны өмчлөгч Ж.******* нь 2016 оны 01-12 сарын 196,200 төгрөг, 2017 оны 01-12 сарын төлбөр 196,200 төгрөг, 2019-2022 оны нийт төлбар 1,160.850 төгрөгийг төлөөгүй болох нь ******* сууц өмчлөгчдийн холбооны нягтлан бодогчийн тодорхойлолт, мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдсон /хх-ийн 2, 5 дугаар тал/
Подвалын түрээсийн төлбөр болон нийтийн эзэмшлийн байр талбай чөлөөлүүлэх шаардлагын тухайд:
8.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3-д дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно гэж заасны дагуу ******* сууц өмчлөгчдийн холбоо нь Ж.*******ай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, тодорхой хөлстэйгөөр эзэмшүүлж, ашиглуулсан гэдгээ баримтаар нотлоогүй тул түрээсийн төлбөр 2,640,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах боломжгүй байна. Талуудын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй ба Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Ж.******* нь ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны хойд талаас ордог гэх подвалыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
9.Дээрх үндэслэлүүдээр Ж.*******аас 2016 оны 01-12 сарын 196,200 төгрөг, 2017 оны 01-12 сарын төлбөр 196,200 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 2022 оны 01-11 сарыг дуусталх төлбөрийг удирдах зөвлөл дур мэдэн нэмсэн, оршин суугчдаас санал аваагүй үндэслэлээр сарын 16,350 төгрөгөөр тооцон 768,450 төгрөг нийт 1,160,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, шаардлагаас үлдэх 450,750 төгрөг болон подвал ашигласны төлбөр гэх 2,640,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны хойноос ордог гэх подвалыг чөлөөлөхөөр шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,160,850 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32.410 төгрөг, подвал чөлөөлүүлэх шаардлагад төлсөн 70,200 төгрөг нийт 102,610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******аас 1,160,850 /нэг сая, нэг зуун жаран мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,090,750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны хойноос ордог подволыг Ж.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 102,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ