Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 0032

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          С.Батмөнх-Очир

Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаар захирамжтай, М.Бод холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт М-ын Б.

 

М.Б нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  багийн  тоотод О.М-г ташуур модоор зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2020 оны 1-3 дугаар сард түүнийг жирэмсэн байхад нь байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаар захирамжаар: Шүүгдэгч М.Бод холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, Энэ захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

... Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2020 оны 1-3 дугаар сард хохирогч О.М жирэмсэн байсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн хохирогч О.Мын ..тухайн үед жирэмсэн байсан, 8 дугаар сард мэс ажилбар хийлгэж авахуулсан гэх мэдүүлэг, гэрч Д.М-н ... Б-с жирэмсэн болсон гэсэн. Одоо 4-5 сартай жирэмсэн байх ёстой гэх мэдүүлгүүдээр нотлогддог. Гэтэл шүүх дээрх мэдүүлгүүдийг ямар учраас нотлох баримтаар үнэлэхгүй байгаа үндэслэлээ дурдаагүй атлаа дан ганц эмнэлгийн бичиг баримтаар нотлогдсон байхыг шаардаж хэрэг учрал болох үед хохирогч жирэмсэн байсан эсэх, жирэмсэн байсан бол хэдэн долоо хоногтой жирэмсэн байсныг тогтоох шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч 2020 оны 1-3 дугаар сард шүүгдэгч М.Бод зодуулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байтал үүнээс 5 сарын дараа буюу 2020 оны 08 дугаар сард хохирогч мэс ажилбар хийлгэсэн шалтгааныг тогтоох, энэ нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана, 2 дахь хэсэгт шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба шүүх хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан атлаа 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр буюу 12 хоногийн дараа ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэх хуулийн заалтыг буюу шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байхад шүүх дээрх үндэслэлүүдийн аль нь хангагдаагүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж байгаа нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг баримталсан нь буруу байх ба шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бод холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Быг гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.Мыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  аймгийн  сумын  багийн  тоотод ташуур модоор зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн түүнийг 2020 оны 1-3 дугаар сард жирэмсэн байхад нь байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч М.Бод холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.М “... би 2019 оны 12 дугаар сард жирэмсэн болсон. 2020 оны 09 дүгээр сард төрөх ёстой байсан ... БОЭТ-ийн төрөх төсгийн эмч Б эмчээр тариа хийлгээд амьгүй хүүхэд төрүүлсэн ... ” гэж мэдүүлдэг, хохирогч нь байнга зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх үедээ жирэмсэн байсан эсэх, мөн амьгүй ураг төрүүлсэн талаар ямар нэгэн /эмнэлгийн байгууллагын/ нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй байна.

 

              Өөрөөр хэлбэл хохирогч гэмт халдлагын улмаас хүүхдээ төрүүлэх боломжгүй болж мэс ажилбар хийлгэсэн эсэх, хэрэв хийлгэсэн бол ураг амьгүй болсон шалтгаан нөхцлийг зайлшгүй тогтоолгох шаардлагатай бөгөөд энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудал буюу хэргийн зүйлчлэлийг зөв тогтооход чухал ач холбогдолтой асуудал юм.

 

              Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д засан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодорхой тогтоогоогүй, дээрх ажиллагааг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР