Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 119/ШШ2023/0004

 

                                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Г овогтой Л

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Б,

            Хариуцагч: ОАЗД /С.Б/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ОАЗДТГ-ын ХЭЗХ-ийн мэргэжилтэн Ч.О,

Хариуцагч: ОАГХБХБГ /дарга Д.Ц/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ОАГХБХБГ-ын мэргэжилтэн О.Д нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/744 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”,

“ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Л-д олгохыг ГХБХБГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Л, түүний өмгөөлөгч С.Б, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч ОАГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Л нь ОАЗД-д холбогдуулан “АЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/744 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,

ОАГХБХБГ-т холбогдуулан “ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаар захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Л надад олгохыг ГХБХБГ-т даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

2. Нэхэмжлэгч Г.Л-д ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/303 дугаар захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Авто оношилгооны төвийн баруун талд 500 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

3. Тэрээр 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр амины орон сууцны зориулалттай газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтийг ОАЗД-д гаргасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжаар түүний эзэмшлийн 500 мкв газрыг авто засвар үйлчилгээний зориулалттай болгон өөрчилсөн.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1. ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/303 тоот захирамжаар амины орон сууцны зориулалтаар газрын зориулалтыг өөрчлүүлэхээр холбогдох журмын дагуу хүсэлт гаргахад амины орон сууцны зориулалтаар урьд олгосон газар эзэмших гэрчилгээ, гэрээг хураан авч захирамж ирээгүй байна гэсэн хариуг өгсөн.

4.2. ОАГХБХБГ-аас 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 161 дүгээр албан тоот, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 589 тоот албан бичгээр “... иргэн та хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оноос хойш гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй гэх үндэслэлээр танд газар эзэмшүүлсэн ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаар захирамжийн хавсралтын 10 дахь заалтын хэсгийг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэсэн мэдэгдэл ирүүлж, миний зориулалт өөрчлүүлэх хүсэлтийг 2016 ондоо шийдсэн болохыг мэдсэн.

4.3. ОАГХБХБГ-ын даргатай уулзаж, 2016 оны А/349 дүгээр захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгосон бол зам дагуу өөр газар 500 мкв газрыг эзэмших хүсэлт гаргахад “болно” гэсэн өргөдөл бичүүлж авсан ч асуудлыг шийдвэрлээгүй.

4.4. ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн хавсралтын 10 дахь заалтын хүчингүй болгосон шийдвэр гараагүй байсан тул АЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаар захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Л надад олгож өгөхийг ГХБХБГ-т даалгах өргөдөл гаргахад 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмшүүлсэн 2016 оны шийдвэрүүдийг хүчингүй болгосон АЗД-ын 2022 оны А/744 тоот захирамжийг гардуулж өгсөн.

4.5. Тус газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан эсэх асуудлыг иргэн би мэдэхгүй, ажил хариуцаж буй төрийн байгууллага нь мэдээд шийдвэрлэсэн. Иймд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

5. Нэхэмжлэгч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/744 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг надад олгохыг ГХБХБГ-т даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ захирамж гарсаны дараа надад гэрээ байгуулах болон гэрчилгээ олгох талаар мэдээ, мэдэгдэл өгөөгүй. А/349 дугаартай захирамжийг 2022 оны 11 дүгээр сард хүчингүй болгосон. Д.Ц даргын гарын үсэгтэй мэдэгдэл өгсөн. Би А/349 захирамжийг авъя гэж удаа дараа хэлсэн. Гэрээ байгуулаагүй 2 жил болсон гэх үндэслэлээр цуцалсан гэж хэлсэн. Танай зүгээс гэрээ байгуулах мэдэгдэл өгөөгүй байхад яаж гэрээ байгуулах юм бэ?. Зундаа гэсдэг, өвөлдөө хөлддөг газар учир харж байж барилга байшин барина гэж бодоод харсан. Үүн дээр хугацаа алдсан зүйл байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гэж яриад байгаа. Үүнийг мэдэх боломжгүй байсан. Аливаа тушаал шийдвэр шат дарааллаар явж байгаад эцэст нь Засаг дарга баталдаг байх гэж бодож байна.” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Л нь 2016 онд хүсэлтүүд гаргасан байдаг. Баян-Өндөр сумын Баянцагаан баг авто оношилгооны төвийн баруун талд байрлах 500 м.кв газрыг эзэмшүүлсний дараа гэрээ, гэрчилгээ авсан гэж тайлбарладаг. Тухайн үед ГХБХБГ-ын даргын нарийн бичгээс газрын зориулалт өөрчлөгдсөн захирамж гарсан эсэхийг асуухад албажиж гараагүй төсөл байдлаар явж байгаа гэсэн хариуг өгсөн. Тухайн захирамжийг нэхэмжлэгчид өгөөгүй. Байршлын схем зургийг өгсөн. Газрын зориулалтыг өөрчилсөн захирамжийг танилцуулаагүй явж байтал ГХБХБГ-аас 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 161 дүгээр албан тоотоор тухайн газраа 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байна гэсэн мэдэгдэл ирсний дараагаар холбогдох газарт өргөдөл гомдлыг гаргасан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын ХЭЗХ-ээс хариу ирсэн. Үүний дараагаар энэ газрыг хууль зөрчиж олгосон байна, танд өөр газар эзэмшүүлье гэж хэлээд өргөдлийг нь хүлээж аваад одоог хүртэл шийдвэрлээгүй. Газар эзэмшүүлэх гэрчилгээг ямар захирамжаар хүчингүй болгосон талаар тодорхой зүйл байхгүйгээр 2 удаа мэдэгдэл ирүүлсэн. Хамгийн сүүлд эрх ашгийн хөндсөн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчээс тайлбар болон сонсох ажиллагаа хийгээгүй учир гомдолтой байгаа.

ГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 жилийн хугацаанд ашиглаагүй газар байсан учраас хүчингүй болгох мэдэгдлийг андуурч хүргүүлсэн. Дараа нь засаж хүргүүлсэн гэдэг тайлбарыг хэлж байна. Засаж хүргүүлсэн 08 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэлд газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгүй этгээд Газрын тухай хуулийн 27.1, 27.2, 34.8 дахь заалтуудыг үндэслээд гэрээ, гэрчилгээ аваагүй байгаа нь Газрын тухай хуулийг зөрчиж байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй асуудлаар мэдэгдэл хүргүүлээгүй. Засаг даргын А/744 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчсөн. Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох эрх Засаг даргад байгаа. Энэ үндэслэлээр хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа боловч иргэнд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг Захиргааны ерөнхий хуульд заасан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар захиргааны байгууллага 48.2.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон гэж тайлбарлаад байдаг. Гэтэл захиргааны актыг гаргаснаас хойш 5 жилийн дотор хүчингүй болгохоор заасан байдаг. 2016 онд гарсан 2 захирамж байдаг. 2016 оны 06 дугаар сарын 27, 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн учир захиргааны байгууллага хууль зөрчиж шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлгүй. Захиргааны байгууллага хуульд үндэслэсэн, хууль дээдлэх, шуурхай тасралтгүй байх зарчмуудыг зөрчиж Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т заасныг зөрчсөн. Иргэнд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль зөрчиж гаргасан хэдий ч хүчингүй болгох эрх нь хуульд үндэслэж гарах ёстой. Өөрөөр хэлбэл, захирамжийг 5 жилийн дотор хүчингүй болгох ёстой. Тэрнээс биш 5 жил өнгөрсөн байхад хүчингүй болгох боломжгүй. Тийм учраас Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар иргэн Г.Л нь үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрхтэй. Энэ эрхийг нь хангах хууль зүйн боломжтой байна. Хүсэлтээ өгсөн. Шийдвэрийн төслийг Газрын албанаас бэлддэг. Хуульд нийцүүлж төслөө бэлдэх ёстой. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан эсэхийг иргэн мэдэх боломжгүй учраас газар эзэмших эрхийг хөндөх боломжгүй. АЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/744 шийдвэрийг хүчингүй болгож, Г.Л-д олгосон газрыг олгохыг даалгаж,  гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү” гэв.

7. Хариуцагч ОАЗД хариу тайлбартаа: “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар 2016 онд аж ахуйн зориулалтаар иргэн аж ахуйн нэгжид шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил хэмжээг тогтоож өгсөн бөгөөд иргэн Г.Л-ийн газар тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.

ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/303 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Баянцагаан баг авто оношилгооны төвийн баруун талд байрлах 500 мкв газрыг иргэн Г.Л-д амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэн Г.Л-ийн газрын зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлтийн дагуу ОАЗД 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжаар Г.Л-ийн газрын зориулалтыг өөрчилж засвар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг зөрчиж, Г.Л нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оноос хойш ГХБХБГ-тай гэрээ байгуулж, газрын гэрчилгээ аваагүй.

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн үндэслэлээр ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болгох тухай” А/744 дүгээр захирамжаар иргэн Г.Л-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/303 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Баянцагаан баг авто оношилгооны төвийн баруун талд байрлах 500 м.кв газрыг иргэн Г.Л-д амины орон сууцны зориулалтаар, ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжаар Г.Л-ийн газрын зориулалтыг өөрчилж засвар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн захирамжийг тус тус хүчингүй болгосон. Хүчингүй болгосон гол үндэслэл нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар 2016 онд аж ахуйн зориулалтаар иргэн аж ахуйн нэгжид шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил хэмжээг тогтоож өгсөн бөгөөд иргэн Г.Л-ийн газар нь тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон учир хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь А/349 захирамжийг надад мэдэгдээгүй гэж байгаа боловч тухайн газрын байршлын схем зургийг аваад холбогдох байгууллагаар явсан байдаг. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлээгүй байсан үед гарсан захирамж учраас сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг нь үүгээр үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээж аваад Засаг даргын Тамгын газрын ХЭЗХ-ээс өргөдлийн хариуг өгч байсан. Иймээс ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/744 дугаар захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.

9. Хариуцагч ОАГХБХБГ хариу тайлбартаа: “ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/303 дугаар захирамжаар иргэн Г.Л-д Баянцагаан багийн авто оношилгооны төвийн баруун талд байрлах 500 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг.

Иргэн Г.Л нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн 500 мкв хэмжээтэй амины орон сууцны зориулалттай газрынхаа зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтийг АЗД-д гаргасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжаар иргэн Г.Л-ийн эзэмшил 500 мкв газрын зориулалтыг авто засвар үйлчилгээний зориулалттай болгон өөрчилсөн байна.

Иргэн Г.Л нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ГХБХБГ-т эзэмших гэрээ, гэрчилгээгээ авах хүсэлт тавьсны дагуу судлан үзэхэд тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчилтэй байсан тул 2021 онд 161 дугаартай албан мэдэгдлийг иргэн Г.Л-д хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн дараа иргэн Г.Л нь манай байгууллагад 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хариу тайлбар ирүүлж мөн мэдэгдлийн дагуу ОАЗДС.Бд өргөдөл гаргасан байдаг.

Иргэний нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар: Иргэн Г.Л нь амины орон сууцны зориулалтаар газар эзэмших гэрээ, гэрчилгээ авсан талаар дурдсан байна. Анх ОАЗД-ын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн А/303 дугаар захирамж гарснаас хойш 2016 оны 06 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэл ГХБХБГ-т гаргасан өргөдөл, хүсэлт огт бүртгэгдээгүй. Мөн Газрын кадастрын мэдээллийн систем болон газар эзэмшигчийн улсын бүртгэлд газраа бүртгүүлээгүй нь тухайн иргэн огт газар эзэмших гэрээ, гэрчилгээ авч байгаагүй болохыг нотолж байна. Иргэн зориулалт өөрчлүүлэхээр хүсэлт өгсний дагуу зориулалт өөрчилсөн захирамжийг манай байгууллагаас удаа дараа хандсан гэх боловч тухайн үед өгч байсан өргөдөл, хүсэлт огт бүртгэгдээгүй байх бөгөөд уг хүсэлтийг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэр гаргах этгээд буюу АЗД-д гаргах учиртай.

Үүнээс харахад иргэн захирамжаа өөрчлөх хүсэлт өгсөн боловч ГХБХБГ-т удаа дараа хандсан гэх баримт байхгүй тул дээрх нэхэмжлэлийн үндэслэл нь ор үндэсгүй байна гэж үзэж байна.

АЗД-ын 2016 оны А/303 дугаар захирамж гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэн Г.Л нь тухайн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газраа тэмдэгжүүлээгүй байгаа болно.” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байна гэсэн мэдэгдлийг 2021 онд өгсөн. Уг мэдэгдлийг хүлээн авсны дараагаар гэрээ, гэрчилгээгээ аваагүй байсан учир хүлээн зөвшөөрөхгүй байна гээд АЗД-д хандсан. Энэ нь юугаар нотлогдож байна гэхээр 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл байгаа. Уг өргөдөлд ГХБХБГ-ын 161 дугаартай мэдэгдлийг хүлээн авсан, уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, газрын гэрээ, гэрчилгээг авч байгаагүй гэсэн утга бүхий өргөдлийг өгсөн байсан. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн газар эзэмших өргөдлийг харахаар манайхаас гэрчилгээ авч байгаагүй нь харагдаж байгаа. Мөн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А/303 захирамж гарснаас хойш газар эзэмшүүлэх өргөдөл өгөөгүй. А/349 захирамж албажиж гарсан учир үндэслэж бичсэн. Схем дээр амины орон сууц биш авто засвар гэж дурдсан байсан. Тэгэхээр тухайн захирамжийг мэдэж байсан нь нотлогдож байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасан байдаг. Тухайн газар нь төлөвлөгөөнд ороогүй байсан учир АЗД хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон гэж харж байна. Нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй, гэрчилгээ аваагүй, захирамжаа мэдээгүй гэж тайлбарлаж байна. Авто засварын газрын байршлын схем зураг гаргуулж явж байсныг харахаар тухайн захирамжийг мэдэж байсан нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Л-оос ОАЗД-д холбогдуулан “ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/744 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”, ОАГХБХБГ-т холбогдуулан ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаар захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Л-д олгохыг ГХБХБГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэг. ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/744 дугаартай “Газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

2.1. ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/303 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Баянцагаан баг, Авто оношилгооны төвийн баруун талд байрлах 500 м.кв газрыг Г.Л-д “Амины орон сууц”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд мөн АЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаартай “Эдэлбэр газрын хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” захирамжаар уг газрын зориулалтыг “Авто засвар үйлчилгээ” болгон өөрчилжээ. /Хавтаст хэргийн 25-28 дахь тал/

2.2. Иргэн Г.Л-д газар эзэмшүүлсэн дээрх захирамжуудыг ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/744 дугаартай “Газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болгуулах тухай” захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. /Хавтаст хэргийн 24 дэх тал/

2.3. Нэхэмжлэгч “Газрын зориулалтыг өөрчлүүлэхээр холбогдох журмын дагуу хүсэлт гаргахад амины орон сууцны зориулалтаар урьд олгосон газар эзэмших гэрчилгээ, гэрээг хураан авч захирамж ирээгүй байна гэсэн хариуг өгч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулаагүй, тус газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан эсэх асуудлыг иргэн би мэдэхгүй, ажил хариуцаж буй төрийн байгууллага нь мэдээд шийдвэрлэсэн. Иймд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах хууль зүйн үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ;

хариуцагч “Г.Л нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оноос хойш ГХБХБГ-тай гэрээ байгуулж, газрын гэрчилгээ аваагүй. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн үндэслэлээр ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болгох тухай” А/744 дүгээр захирамжаар иргэн Г.Л-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлаж, маргав.

2.4. ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаартай “Эдэлбэр газрын хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” захирамжаар иргэн Г.Л-ийн “Амины орон сууц”-ны зориулалт бүхий газрын зориулалтыг “Авто засвар үйлчилгээ” болгон өөрчилж, уг захирамжийн 2 дахь заалтаар “эзэмшил газрын хэмжээ, зориулалт өөрчлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн хуучин гэрээ, гэрчилгээг хураан авч хүчингүйд тооцох”-оор шийдвэрлэснээс дүгнэхэд иргэн Г.Л-д амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрх дуусгавар болжээ. Иймд амины орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/303 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосон шийдвэрт дүгнэлт хийх шаардлагагүй, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзлээ.  

2.5. ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаар захирамжийн дагуу “Авто засвар үйлчилгээ”-ний зориулалтаар эзэмшүүлсэн газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон.

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж, мөн хуулийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчилэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаартай “Эдэлбэр газрын хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” захирамжаар иргэн Г.Л-ийн “Амины орон сууц”-ны зориулалт бүхий газрын зориулалтыг “Авто засвар үйлчилгээ” болгон өөрчилж, түүнд газар эзэмшүүлсэн шийдвэр нь газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарна.

 2.7. Дээрх эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт буюу ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаартай “Эдэлбэр газрын хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” захирамж нь хууль зөрчиж гарсан болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

2.8. Орхон аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр тусгагдаагүй газарт иргэн Г.Л-д газар эзэмшүүлсэн болох нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар “Газрын харилцааны талаар 2016 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай” тогтоолоор нотлогдож байгаа бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33.4-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчжээ. /Хавтаст хэргийн 29-33 дахь тал/

2.9. Тодруулбал, ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаартай “Эдэлбэр газрын хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” захирамжид газрын байршлыг Баянцагаан баг, Авто оношилгооны төвийн баруун урд талд “Авто засвар үйлчилгээ”-ний зориулалттай, 500 м.кв газар гэж тусгасан байх ба уг газар нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар “Газрын харилцааны талаар 2016 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газарт тусгагдаагүй нь нотлогдож байна. Иймд уг газрыг анхнаасаа Газрын тухай хууль зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

2.10. ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаартай “Эдэлбэр газрын хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” захирамж нь иргэн Г.Л-д газар эзэмших эрх олгосон шинжээрээ үйлчлэл нь чиглэсэн этгээддээ эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх боловч газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа холбогдох хуулиудыг дээрх үндэслэлүүдээр зөрчсөн шинжээрээ эрх зүйн зөрчилтэй захиргааны акт буюу эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад хамаарч байна.

2.11. Иймд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захирааны актыг түүнийг батлан гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;...” гэж заасан үндэслэлээр хүчингүй болгох эрхтэй.

2.12. Энэхүү эрхийн хүрээнд хууль зөрчсөн шийдвэрээ өөрөө хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэсвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасныг зөрчөөгүй, АЗД-ын шийдвэр гаргах эрх хэмжээнд хамаарч байна.

2.13. Харин ОАЗД хууль зөрчсөн захиргааны актыг өөрөө хүчингүй болгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан 5 жилийн хугацааг баримтлаагүй, 5 жилийн хугацаа өнгөрсөн хойно уг шийдвэрийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байна. Гэхдээ энэ үндэслэлээр ОАЗД-ын  2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/744 дугаартай “Газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

2.14. Учир нь иргэн Г.Л-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь анхнаасаа хууль зөрчиж гарсан, маргаан бүхий захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, уг захиргааны актыг хүчингүй болгосноор түүний газар эзэмших эрх сэргэхгүй, түүний газар эзэмших эрх хуулийн дагуу хамгаалагдах боломжгүй юм. Тодруулбал, Эзэмших эрх гэдэг нь тухайн этгээдэд хууль болон гэрээгээр олгогдож буй хууль зүйн боломж бөгөөд эзэмших эрх нь хуулийн дагуу /хууль ёсны дагуу/ үүссэн бол өөрөө хуулиар хамгаалагдах эрх, ашиг сонирхлыг үүсгэнэ.

2.15. Мөн иргэн Г.Л-ийн газар эзэмших эрх нь хуульд заасан журмын дагуу хууль ёсны дагуу үүсээгүй, анхнаасаа хууль зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын дагуу захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй.

2.16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох зохицуулалттай.

2.17. Иймд ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/744 дугаартай “Газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болгуулах тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хугацааг зөрчсөн хэдий ч маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол /хууль ёсны дагуу үүссэн газар эзэмших эрх/ хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Хоёр. ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Л-д олгохыг ГХБХБГ-т даалгах” нэхэмжлэлийн тухайд:

2.18. ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаартай “Эдэлбэр газрын хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” захирамжийн 2 дахь заалтаар “эзэмшил газрын хэмжээ, зориулалт өөрчлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн хуучин гэрээ, гэрчилгээг хураан авч хүчингүйд тооцон шинээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг ГХБХБГ-т даалгасугай” гэжээ.

2.19. ОАГХБХБГ нь захирамжид заасан үүрэг буюу иргэн Г.Л-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгэх үүргээ биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;” гэж заасныг зөрчсөн хэдий ч ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/744 дугаартай “Газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болгуулах тухай” захирамжаар түүнд анх газар эзэмшүүсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2.20. Шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлсэн байдлын талаар: Г.Л-ийн газар эзэмших эрх, газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох талаарх мэдэгдлийг ОАГХБХБГ-ын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 161, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 589 дугаартай албан бичгүүдээр тус тус мэдэгдэж байсан нь түүнд шийдвэр гаргах ажиллагааны талаар урьдчилан мэдэгдсэн, сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй. /Хавтаст хэргийн 43-44 дэх тал/

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Л-ийн ОАЗД, ОАГХБХБГ-т тус тус холбогдуулан гаргасан “ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/744 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”, “ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Л-д олгохыг ГХБХБГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.УУГАНЦЭЦЭГ