Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 550

 

                                                                       Б.П-д холбогдох эрүүгийн

                                                                                хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар магадлалтай, Б.П-д холбогдох 1827000000003 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б-ийн П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх Б.П-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг зөвтгөж, иргэний нэхэмжлэгч Э.Сугармаагийн нэрийг нэмэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.П гаргасан гомдолдоо “2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Энхтүвшин над руу утсаар холбогдож дуудсаны дагуу Есөнзүйл суманд 16 цагийн үед очоод гэрт нь хоносон юм. Маргааш нь талийгаач Энхтүвшин 19 цагийн үед Б, Ц гэсэн хоёр хүнийг дагуулаад ирээд дөрвүүлээ 2 шил архи уугаад гэрээсээ гарч байхад талийгаач гадаа мотоциклийн дэргэд савж унаад байсан. Тэгээд Б, Ц хоёр өвс аваад явсны дараа талийгаач бид хоёр дахиад 2 шил архи нэмж уугаад унтсан. Бид хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй. Маргааш өглөө босоод Энхтүвшинг сэрэх гэтэл өнгөрсөн байхаар нь ар гэрийнхэн болон цагдаад мэдэгдсэн. Дуудлагаар ирсэн цагдаагийн шинжээч эмч гадны нөлөө байхгүй гэж хэлсээр байтал намайг эрүүдэн шүүж, өмгөөлөгч байлцуулахгүйгээр байцааж ялласанд гомдолтой байна. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөлийг нарийн тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл талийгаачийн толгойд үүссэн гэмтлийн эхлэл, төгсгөлийн хэсгийг тогтоогоогүй. Цохилтын механизмд инерцийн хүч чухал үүрэгтэй бөгөөд толгойн орой хэсэгт цохих, толгойгоороо савж унах үед гэмтэл авах маш өндөр байдаг. Архины шилээр цохисон гэж үзвэл тухайн архины шилний хэлбэр бөөрөнхий гадаргуутай тул талийгаачийн толгойн орой хэсгийг гэмтээсэн зүйлийн ул мөр үлдэх байтал тийм ул мөр байдаггүй нь эргэлзээтэй байна. Мөн талийгаачийн толгойд үүссэн гэмтлүүд богино хугацаанд үүсэх боломжгүй гэж үзэж байна. Талийгаач өөрийн гэрийн баруун хаяанд унасан бөгөөд ийнхүү явдлаас болж тодорхой хэмжээгээр доргилт үүсч, тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй тул 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах тухай хүсэлт удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй болно. Хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тул эдгээр нөхцөл байдлыг дахин нягтлах боломжоор хангаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.П-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэж, шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч болон өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтууд болох шүүгдэгчийн өмгөөлөгчийн хамт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь  хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.П-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвөөс 10 километрийн зайд байрлах бригадын хашаанд Ч.Э-г алсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.П-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нь хохирогч Ч.Э гадны нөлөөгүйгээр толгойгоороо савж унах үедээ тархиндаа гэмтэл авсан байх магадлалтай байхад уг асуудлыг шалгахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн агуулгатай гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан 03, 302 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч  Ч.Э-ийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, гавлын дух, зулай, орой ясны шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн дух зулай хэсгийн хатуу хальсан дээрх тархмал цусан хураа ... бүхий хүнд гэмтлүүд хохирогчийг шууд үхэлд хүргэх боломжтойгоос гадна хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх магадлалтай бөгөөд гавал тархины битүү гэмтэл нь биеийн жингээр өндрөөс газар унах үед үүсэх боломжгүй, толгойн тус газар нэг ба түүнээс дээш олон удаагийн мохоо зүйлээр цохих, цохигдох үйлчлэлээр үүссэн талаар дүгнэсэн байна.

Мөн Б.П нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ амь хохирогчтой маргалдах явцад түүний толгойн зулай хэсэгт нь архины шилээр цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн зэрэг баримтаас үзэхэд шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН