Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2017/0241

 

Б.Мөнхбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Мөнхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэмөнх, Г.Лэгдэн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 69 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Мөнхбаярын нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний жанжин штабын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/636 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, Монгол Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан “Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/636 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх” тухай иргэн Б.Мөнхбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.24-ний өдрийн дугаар 274 шийдвэрийг нэхэмжлэгч Б.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Уранцэцэг миний бие эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэт нэг талын нотлох баримтыг хөтөлбөргүй үнэн гэж дүгнэлт өгч шийдвэрээ гаргалаа.

1. Анхан шатны шүүхийн 2017.01.24-ний өдрийн дугаар 274 шийдвэрийн үндэслэл хэсэгт 16 дахь хуудас “Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн нууцын дарга, архивын эрхлэгч ахлах ахлагч Ч.Бат-Эрдэнэ дээрх тушаалаар батлагдсан зааврыг архивын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж ангийн захирагчийн 2016.8.10-ны өдрийн Б/130 дугаар тушаалыг нөхөж гаргасан, хоёр өөр гэж үзэх үндэслэлгүй байна” гэснийг дараахь байдлаар тайлбарлаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2016.08.10-ний өдрийн Б/130 дугаартай сахилгын шийтгэлүүд нь нэг өдөр гаргасан хоёр өөр шийтгэл байх бөгөөд нэг дээр нь Ажиллагааны удирдлагын тасгийн сургалт төлөвлөгөөний офицер ахмад Б.Мөнхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2016.8.6-ны шөнө 22 цагт дэд ахлагч М.Уртнасан, Б.Батмөнх нарыг гэртээ амарч байх үед цонхыг нь хагалан орж, тэднийг зодож, харьцааны зөрчил гаргасан гэж байгаа бол нөгөө шийтгэл дээр нь 2016.8.6-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, сахилгын зөрчил гаргасан ажиллагааны удирдлагын тасгийн сургалт төлөвлөлтийн офицер ахмад Б.Мөнхбаярын албан тушаалын үндсэн цалинг 2 cap 20 хувиар бууруулан сахилгын шийтгэл оногдуулсугай гэсэн хоёр өөр бичилттэй, нэг өдөр гаргасан сахилгын шийтгэлийн чухам аль шийтгэлийг нь ахмад Б.Мөнхбаярт хэзээ яаж гардуулсан нь тодорхойгүй байгаа юм.

Мөн дээрх сахилгын шийтгэлийг ахмад Б.Мөнхбаярт 2016.8.10-ний өдөр ангийн нийт бие бүрэлдэхүүний өмнө уншиж сонсгоогүй талаар Б.Отгонцэцэгийн “Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг ангийн бие бүрэлдэхүүний дунд уншиж сонсгодог журамтай. 2016.8.10-ны өдөр Б.Мөнхбаярт сахилгын шийтгэл ногдуулсан талаар уншиж сонсгоогүй, тус өдөр Б.Мөнхбаяр нь түүнд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гардаж аваагүй ба гарын үсэг зураагүй юм.” гэх гэрчийн мэдүүлэг, П.Адарсүрэнгийн “ Б.Мөнхбаярт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын талаар уншиж сонсгоогүй. Харин Б.Мөнхбаяр нь архи дарс уусан асуудалтай байсан болохоор штабын дарга Эрдэнэбаатар Б.Мөнхбаярыг бие бүрэлдэхүүний өмнө гаргаж ирж архи уусан буруугаа хүлээж уучлалт гуй гэснээр бие бүрэлдэхүүний өмнө гарч ирж дахиж ийм асуудал гаргахгүй гэж уучлалт гуйсан юм, 2016.8.10-ны өдрийн сонсголын үеэр Б.Мөнхбаярт тушаал гардуулж, гарын үсэг зуруулсан асуудал огт байхгүй” гэх гэрчийн мэдүүлгүүд болон нотлох баримтуудад шүүгч огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр 2016.8.9-ний өдрийн 09 дугаартай Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам сахиулах, хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хэлэлцэх асуудал гэсэн хэсгийг уншиж, 2016.8.6-ны өдрийн үйл явдал дээр огт байгаагүй хүмүүс болох Э.Лүндээжамц, Б.Галхүү нарын гэрт нь очиж зодож, сахилгын зөрчил гаргасан асуудал байхгүй байхад яагаад хурлаараа тухайн өдрийн үйл явдалд хамааралгүй хүмүүсийн нэрсийг бичсэн байгаа талаар ярьж, энэ тэмдэглэл нь өөрөө хуурамч тэмдэглэл байх магадлалтайг дурьдсаар байхад шүүгч энэ нотлох баримтыг огт үнэлсэнгүй.

2. 2017.01.24-ний өдрийн дугаар 274 шийдвэрийн үндэслэл хэсэгт 13 дахь хуудас “мөн тэрээр үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандасны улмаас 2015.11.16-ны өдөр Б/194, мөн оны 12.04-ний өдөр Б/207 дугаар тушаалуудаар түүнд сахилгын шийтгэл ногдуулж байжээ” гэснийг дараах байдлаар тайлбарлаж байна. МУ-ын ерөнхийлөгчийн 2008.12.22-ны өдрийн Дугаар 379 зарлигаар баталсан “цэргийн алба хаагчид оногдуулах шийтгэл, түүнийг хэрэглэх журам”-н 65-д “Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш хугацаат албаны түрүүч, байлдагч 3 cap, офицер ахлагч 6 сарын хугацаанд дахин сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно” энэ зүйлд дүрмийн 42-н “г”заалт хамаарахгүй. ( 42-н “г” албан тушаал бууруулж, томилогдсон албан тушаалын зэрэглэлийн цолыг эдлүүлэх) Энэ журмаар 2015.5.01-ны өдрийн Б/67 тушаал, 2015.12.04-ний өдрийн 207 дугаар “Сахилгын шийдвэр ногдуулах тухай” тушаал, 2015.11.16-ний өдрийн Б/194 тушаалыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Учир нь 2016 оны 6 сард эдгээр тушаалын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. МУ-ын ерөнхийлөгчийн 2008.12.22-ны өдрийн Дугаар 379 зарлигаар баталсан Монгол улсын цэргийн дүрэмд “цэргийн алба хаагчид оногдуулах шийтгэл, түүнийг хэрэглэх журам”-ыг ЗХШХШТХ-ын 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй гэж заасны дагуу VWWV.Legalnfo.mn сайтаас үзэх боломжтой байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана” гэсэн байна. ЗХЖШ-ын даргын 2016.08.26-ны өдрийн Б/636 тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “2-оос дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хална” заасныг Үндэслэж ТУШААЛ гаргахдаа Б.Мөнхбаярыг 2016.8.16,17-ны өдрүүдэд ажлын цагаар дүрэмт хувцастайгаа архидан согтуурч цэргийн дүрэм сахилгыг удаа дараа зөрчиж, офицерын албан хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй байх тул сахилгын хариуцлагаар 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ албанаас халж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Захиргааны актын хууль зүйн үндэслэл гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэргийн нөхцөл байдал буюу маргаан бүхий захиргааны акт нь хуулийн ямар зүйл, заалтад хэрхэн тодорхойлогдож, зохицуулагдаж байгааг хэлнэ.

Тэгвэл Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д “2-оос дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хална” гэж заасан байна. Мөнхбаяр албан үүргээ хангалтгүй биелүүлсэн юмуу ? эсхүл ёс зүйн зөрчил гаргасан юмуу? Үүнийг эхлээд тогтоох хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв тушаалын үндэслэх хэсэгт байгаа Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д заасныг баримтлах юм бол энэ хүний 2-оос дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлснийг нотлох хэрэгтэй байна.

Уг ажлын байрны тодорхойлолтонд заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгааг нотлох хэрэгтэй гэж үзэж байна.

Офицерын албан хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй гэж юуг хэлээд байгаа юм бэ? Энэ шалгуур үзүүлэлтийн гол шалгуур нь эрх бүхий этгээдээс авсан мэргэшлийн шалгалтын дүн, эсхүл захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журмын дагуу албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй байгааг нотлох ёстой гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 буюу “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах хэдий ч “орон тоо цөөрүүлэх”-ийн тулд шалгалт явуулж, улмаар дүгнэлт, шийдвэр гаргаж буй нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй.Түүнээс гадна энэ зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн эсэх нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

Тэгвэл Б.Мөнхбаяр нь 2015 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн офицеруудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн дүн, 2015 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн офицеруудын өөрийн үнэлгээний нэгдсэн дүн, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн офицеруудын хамт олны үнэлгээний нэгдсэн дүн болон офицеруудын түвшин тогтоох үзлэгт бэлтгэн офицеруудын 2012-2014 оны үеийн төгсөлтийн шалгалтын нэгдсэн дүн 3 жилийн үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний нэгдсэн дүн, үнэлгээний хуудасны дүн зэргээс харахад миний бие албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан удаа байхгүй юм. ЗХЖШ-ын даргын 2016 оны 07.07-ны өдрийн Б/475 дугаар тушаалаар миний бие ахмад цолыг авч, 2016.04.12-ний өдрийн ЗХ-ний 340-р ангийн даргын Б/46 тушаалаар албан тушаал ахиж Сургалт төлөвлөлтийн офицероор ажиллаж байсан явдал нь ажил үүргээ хангалттай сайн биелүүлж байсан гэдгийг нотолж байна.

2008.12.22-ний өдрийн МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн сахилгын дүрэм”-н 55-р зүйлд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн сахилгын зөрчил гаргасан офицер, ахлагчид албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах шийтгэл оноох, мөн дүрмийн 56-р зүйл Ажил удирдах арга барилаараа хангалтгүй нь нотлогдсон, албан үүргээ биелүүлэхдээ удаа дараа зөрчил гаргасан, ажил мэргэжлийн түвшингээрээ “F” үнэлгээ үзүүлсэн офицер, ахлагчид албан тушаал бууруулах шийтгэл оногдуулна.

4. 2016.07.01-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд 2016.08.26-ны өдрийн Б/636 тушаал Халах, цэргийн цол хураах тухай тушаал буюу захиргааны акт нь энэ хуулийн шаардлагыг хангасан байх ёстой гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дүгээр зүйлийн 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй актыг ойлгоно” гэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-д заасны дагуу “захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг, эхийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл зэргийг бичих” шаардлагыг хангасан байна.

БХ-ын сайдын 2008 оны 65-р тушаалаар баталсан “Офицерын алба хаах журам”-н 11.6-д Халагдах болон тэтгэвэр чөлөөнд гарах офицерт хүний нөөцийн байгууллагаас нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх хуудас өгнө. Мэдэгдэх хуудасны хугацаа дуусмагц захиргааны санаачлагаар зохих шийдвэрийг гаргана. Энэ хугацаанд тухайн офицер нь ажил амралт, өмч хөрөнгийн тооцоог анги байгууллагатайгаа бүрэн хийх үүрэгтэй. Тэгвэл Б.Мөнхбаярт хэзээ ийм мэдэгдэл өгсөн юм бэ? Түүнд ийм мэдэгдэл өгөх нь битгий хэл мэдээ ч үгүй байхад нь сахилгын зөрчлийг давхардуулан, нөхөж гаргаад ажлаас нь, цэргийн жинхэнэ албанаас гэнэт халчихсан.

5.2016.08.26-ны өдөр тушаалаа гаргасан мөртлөө 2016.08.24-ны өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ албанаас халсугай гэдгийг ер нь яаж ойлгох вэ? Энэ тушаал хууль бус тушаал болсон гэдгийн хамгийн том нотолгоо гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д зааснаар захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг зааж өгөх гэснийг зөрчсөн байна.

6. Б.Мөнхбаярыг “ажлын цагаар дүрэмт хувцастайгаа архидан согтуурч цэргийн дүрэм сахилгыг удаа дараа зөрчиж, офицерын албан хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй ...” гэж тушаалаа гаргаад байгаа юм бол Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл заалтыг үндэслэх ёстой байсан.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д Төрийн

жинхэнэ албан хаагч нь “.....төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж

төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүрэг хүлээхээр заасныг үндэслэж тушаалаа гаргах байсан. Хэрэв Төрийн албаны хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэж, үндэслэлээ гаргасан бол Б.Мөнхбаярын хувьд түүний үйлдэл нь сахилгын зөрчилд тооцогдох байсан бөгөөд төрийн албаны тухай хуулийн 26.1-д зааснаар “энэ хуулийн 13,15,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна” гэж зааснаар сахилгын шийтгэл оногдуулах байсан юм. Харин ажлаас халах, цэргийн цол хураах үндэслэл болохгүй байсан юм.

МУ-ын ЗГ-ын “Сахилга, дэг журам, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” даалгаврын 3-д Ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй орчин бүрдүүлж, байгууллагын дотоод журам, сахилгын болон ёс зүйн дүрэмд ажлын байрандаа, түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архидан согтуурсан албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 26.1.3, 26.2-ыг үндэслэн шийдвэртэй арга хэмжээ авч байх заалтуудыг хэрэгжүүлэх гэж даалгасан байна. Энэ даалгаврын хүрээнд ч Б.Мөнхбаярт Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-р халах үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2017.01.24-ний өдрийн дугаар 274 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/636 дугаар тушаалаар Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4/-д зааснаар цэргийн жинхэнэ албанаас халсан байна.  Нэхэмжлэгч нь хууль болон эрх бүхий этгээдийн баталсан цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн нь дараахь байдлаар тогтоогдсон байна.

1. Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагчийн 2016 оны 08 дугаар 10-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар “Б.Мөнхбаяр 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед бусдыг амарч байхад цонхыг нь хагалан орж, тэднийг зодож, харьцааны зөрчил гаргасан” хэмээн үндсэн цалинг 2 сар, 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан байна. Нэхэмжлэгчээс энэхүү Б/130 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдээгүй, энэ тушаалыг сүүлд нөхөж гаргасан хэмээн маргасан байна.

Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагчийн 2016 оны Б/130 дугаар тушаалаар Б.Мөнхбаяр, Ж.Дөл, Б.Отгондалай, Б.Отгонбаяр, Б.Мөнхтулга нарын 5 хүнд сахилгын шийтгэл хүлээлгэсэн байх бөгөөд гэрчээр Ж.Дөл, Б.Отгондалай, Б.Отгонбаяр нарыг асуухад “2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нийт бие бүрэлдэхүүний мэдээллийн цагаар захирагчийн Б/130 дугаар тушаалыг дэд хурандаа Г.Эрдэнэбаатар уншихад шийтгэгдсэн ахмад Б.Мөнхбаяр, ахлагч Б.Отгондалай, дэд ахлагч Ж.Дөл бид нар хамт олны өмнө зогсож байсан ба дахин ямар нэгэн зөрчил гаргахгүй гэдэг амлалт авсан нь үнэн болно” гэх байдлаар мэдүүлсэн байна. Мөн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн тушаал, захирамжийн бүртгэлд хийсэн үзлэгээр маргааны бүхий Б/130 дугаар тушаалыг нөхөж гаргасан гэх зүйл тогтоогдоогүй байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагчийн 2016 оны Б/130 дугаар тушаал гарсныг мэдээгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажил тасалж, дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн тухайд:

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/302 дугаар тушаалаар батлагдсан Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм-ийн хавсралтын 4.2.12-т “...түүнчлэн цэргийн дүрэмт хувцастай байх үедээ архи согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргахыг хориглоно...”, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагчийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаалын хавсралт, 6.1.2-т “...Офицер...нар нь өглөө ажилдаа ирсэн, засварласан, ажлаас орой тарсан цагаа бүртгүүлнэ...”, 11.2.3-т “...ангид тэмдэглүүлсэн дугаартай утсаа өдөр шөнийн ямар ч нөхцөлд унтраахгүй байх...”, 11.2.4-д “холбоо барих боломжгүй /сүлжээгүй/ газар явахаар болсон тохиолдолд хаана, хэдий хугацаагаар ямар ажлаар явж байгаа, болон хэзээ ирэх тухайгаа ангийн жижүүрт мэдэгдэж тэмдэглүүлсэн байна”, 12.8-т “...түүнчлэн дүрэмт хувцастай үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх... хориглоно”, 12.12-т “...сахилга хариуцлага, ёс зүйн талаар дээр дурьдсанаас бусад ямарваа нэг зөрчил дутагдал гаргах-ыг хориглоно”, 15.1.2-т “Тухайн өдрийн 3 удаагийн бүртгэлд байгаагүй үед ажил тасалсанд тооцно, мөн өдрийн бүртгэлийн дүнгээр 3 удаагийн нэгдэлт тасалсан болон, ангийн нэгдсэн үйл ажиллагаа, мэдээллийн цаг тасалсан бол 1 өдөрт ажил тасалснаар тооцно”  гэжээ.

Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 2016 оны 08 дугаар сарын цагийн бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч Б.Мөнхбаяр нь мөн сарын 16, 17-ны өдрүүдэд ажил тасалсан тэмдэглэгээ хийгдсэн байх бөгөөд энэхүү өдрүүдэд ажил тасалсан болох нь тус ангийн ахлагч Д.Мөнхзултай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагийн үед “Хаан банк” ХХК-ийн үүдэн таарсан гэх гэрчийн мэдүүлэг, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ангийн тэргүүн ахлагч А.Долгорсүрэн, Д.Мөнхзул, Г.Мөнхнаран, Б.Отгонцэцэг /Б.Мөнхбаярын эхнэр/ нар нэхэмжлэгчийг хөдөө хадгалангийн талбайгаас очиж авсан гэрчийн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн, түүний дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь гэрч Х.Батаа, Д.Мөнхзул нарын гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Б.Мөнхбаярын хувьд түүний үйлдэл нь сахилгын зөрчилд тооцогдох байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар ... зөрчлийн шинж байдал, түүнийг анх удаа, давтан үйлдснийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах байсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр цалин бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан байтал түүнээс 6 хоногийн дараа 2016 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүд дахин зөрчил гаргасан учир Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4/-т “цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн” гэж үзсэн нь  үндэслэл бүхий болсон байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий харилцаанаас хойш батлагдсан хуулийг хэрэглэсэн байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 69 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9” гэснийг “Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4/” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ