Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 45

 

Ж.С-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сүмбэр

сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                   Х.Батсүрэн,

                                  Д.Мөнхтуяа,

                                  Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Т.Өлзийтүвшин

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох”

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 123/ШШ2017/0023 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0802 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, 

Хариуцагч С.М, түүний өмгөөлөгч Н.С.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 123/ШШ2017/0023 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6, 47 дугаар зүйлийн 47.2.2, 50 дугаар зүйлийн 50.1.3, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-ийн “Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0802 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгчийн зүгээс Сумын засаг даргын 2017 оны Б/19 дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэхдээ шүүхийн шийдвэрт Сумын засаг даргын 2017 оны Б/19 дүгээр захирамжийн 2, 3, 4 дэх үндэслэлүүдийг буюу “...Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр захирамжид заасан Ж.С сумын ЗДТГ-ын жижиг оврын ковш тракторыг өөрийн нөхөрт дур мэдэн өгсөн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 63.1.15 дахь заалтыг зөрчсөн гэсэн нөхцөл нотлох баримтаар тогтоогдохгүй байгааг дурдаж байна” хэмээн Засаг даргын захирамжийг үндэслэлгүйг дүгнэсэн.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж зааснаар сумын Засаг даргын 2017 оны Б/19 дүгээр тушаал бүхэлдээ илт хууль бус акт.

6. Мөн анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “...төсвийн шууд захирагч буюу Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.С нь ...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гээд үүнийг тайлбарлахдаа “...орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан 70.000.000 төгрөгийн үнэ бүхий ахуйн үйлчилгээний барилгад үйл ажиллагаа явуулж байгаа иргэдтэй түрээсийн гэрээ байгуулан, түрээсийн төлбөрийг орон нутгийн төсөвт оруулах ажлыг зохион байгуулаагүй байх тул түүнийг төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн.

7. Давж  заалдах  шатны  шүүхэд  дээрх  анхан  шатны  шүүхийн  дүгнэлтийг талуудын маргаагүй бөгөөд ажлаас халсан Б/19 дүгээр тушаалын үндэслэлд байхгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, шүүх хуралдааныг хэлэлцсэн хэлэлцүүлгийн шатанд ч талууд маргалдаагүй зүйл байсан ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж мэдүүлдэг. Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүхээс гомдлын энэ хэсэгт ямар нэгэн дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн.

8. Нөгөөтэйгүүр шүүхийн магадлалын хянавал хэсгийн төгсгөлд “Мөн нэхэмжлэгч Ж.С нь ковшийн сэлбэгний үнэ болох 5.280.000 төгрөгийг нөхөр Г.О-д олгохыг зөвшөөрч цохолт хийсэн, тус ковшоор ямар ажил гүйцэтгэсэн, Засаг даргын Тамгын газраас ямар ажил гүйцэтгэх захиалга өгсөн, мөн уг гэрээг хэзээ, хэрхэн дүгнэсэн талаар баримт байхгүй байгаа нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт цуглараагүй, нотлох баримтгүй үйл баримтыг нэхэмжлэгчийн албан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хийхээр байна. Үүнээс үзвэл шүүхийн хийгээгүй ажиллагаанаас болж нотлох баримтаар авагдаагүй үйл баримтыг нэхэмжлэгч ажил үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж буруутгаж болохгүй юм.

10. Иймээс шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

12. Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.С-ийг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан тус сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасантай нийцсэн байна.  

13. Хариуцагчаас маргаан бүхий захирамжийн үндэслэлийг “Ж.С ...барилгын ажлыг тендер зарлалгүйгээр сонгон шалгаруулалт хийж, гэрээ байгуулсан, гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан, ...төрийн байгууллагын эд хөрөнгө, техник болох хог ачиж, зөөх зориулалттай ковшийг өөрийн нөхөрт дур мэдэн өгч, ашиглуулан завшуулсан, ...түүний нөхөр Г.О нь сумын иргэдийн Хурлын төлөөлөгчөөр нэр дэвшихэд Сонгуулийн хорооны даргын хувьд аймгийн Сонгуулийн хороонд мэдэгдээгүй, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, …Б/66, Б/72 дугаар захирамжийг  хууль  зөрчин   нөхөн   гаргаж  хийсэн  нь  иргэдийн  газартай  давхцаж, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн” гэж тодорхойлжээ. 

14. Нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн “...шүүх хэрэгт цуглараагүй, нотлох баримтгүй үйл баримтыг нэхэмжлэгчийн албан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ. ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хийхээр байна. ...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

15. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.С нь  Төв аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон Сүмбэр сумын Засаг даргын 2014 оны А/37 дугаар захирамжаар байгуулсан Үнэлгээний хорооноос, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар баригдах Халуун усны барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, зохион байгуулаагүй байхад 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Хангай констракшн” ХХК-тай “Барилга барих ажил гүйцэтгэх гэрээ”-г шууд байгуулж хууль зөрчсөний зэрэгцээ уг гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс тухайн барилгыг 3 жил гаруй хугацаанд гүйцэтгэгч компаниас бүрэн гүйцэд хүлээн авч, орон нутгийн өмчид бүртгүүлээгүй нь тогтоогджээ.

16. Түүнчлэн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр сумын Засаг даргын орлогч Ч.У, иргэн Г.О нарын хооронд тус сумын Засаг даргын Тамгын газрын өмч болох жижиг оврын ковш тракторыг эзэмшүүлэх, ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр захиалагч болох тамгын газар нь тракторын засвар, зардлыг хариуцах, гүйцэтгэгч Г.О нь тус тамгын газраас өгсөн захиалгын дагуу иргэдэд үйлчлэх, гэрээг жил бүр дүгнэх, ажлын хөлс, ажил үйлчилгээний төлбөр тооцоог 14 хоногийн дотор хийж байхаар тохиролцсон. Улмаар тус тамгын газар нь Г.О-д 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ковш тракторын сэлбэгийн үнэд 5,280,000 төгрөгийг олгосон байх ба өнгөрсөн хугацаанд гүйцэтгэгч нь ковш трактороор ямар захиалгын дагуу, ямар ажил гүйцэтгэсэн, гэрээгээ хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт тус тамгын газрын архивын баримтад байхгүй нь нотлогдсон байна.

17. Хэдийгээр нэхэмжлэгч Ж.С нь дээрх квош тракторын асуудал нь миний албан үүрэгт огт хамааралгүй гэж маргах боловч сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу төсвийн шууд захирагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.4-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулах, түүний үр дүнг төрийн өмнө хариуцах, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1-д зааснаар төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах чиг үүрэгтэй, өөрөөр хэлбэл сумын Засаг даргын орлогчийн байгуулсан дээрх гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллаагүй байх тул түүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж шүүхүүдийн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

18. Харин маргаан бүхий захиргааны актын өөр бусад үндэслэл буюу Ж.С-ийг Сонгуулийн хорооны дарга байхад түүний нөхөр Г.О нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр нэр дэвшсэн нь ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байгаа учраас аймгийн Сонгуулийн хороонд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, ...сумын Засаг даргын 2016 оны Б/66, Б/72 дугаар захирамжийг хуурамчаар гаргаж Г.О-д газар олгосон гэсэн үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

19. Дээрх байдлаар нэхэмжлэгч Ж.С-ийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд түүнийг үүрэгт ажлаас нь халсан маргаан бүхий Б/19 дүгээр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар 2 шатны шүүх зөв дүгнэжээ. 

20. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас халсан гол үндэслэл тогтоогдсон, хэдийгээр зарим нь тогтоогдоогүй боловч актыг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй байгаа тул захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...47 дугаар зүйлийн 47.3-д ...зааснаар сумын Засаг даргын 2017 оны Б/19 дүгээр тушаал бүхэлдээ илт хууль бус акт” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.

21. Шүүхүүд маргаан бүхий захиргааны актын үндэслэлд зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг зөв баримтлаагүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 123/ШШ2017/0023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0802 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6, 47 дугаар зүйлийн 47.2.2, 50 дугаар зүйлийн 50.1.3, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д тус тус заасныг баримтлан” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1-д тус тус заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      М.БАТСУУРЬ

                                           ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА