| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2022/00325/и |
| Дугаар | 152/ШШ2022/00391 |
| Огноо | 2022-09-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2022/00391
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн х сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,
Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Я.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А миний бие 1972 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар тус сургуульд манаачаар ажилд орсон. Гэтэл Увс аймгийн х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Г нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр намайг ажил тасалсан гэж үзэн ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2022 оны 05 дугаар сарын 15-ны бүтэн сайн өдөр хөдөөнөөс мал авахаар явсан ба тухайн өдөртөө багтаж ирнэ гэж тооцоод явсан боловч унаа эвдэрсэн. Би хонинд явахаасаа өмнө хамт ажилладаг жолооч Б.З-д хэлсэн байсан. Улмаар унаа эвдэрсэн ба тухайн Өндөрхангай ар гэх газар нь утасны сүлжээ барихгүй байсан тул Б.Ч гэж хүнээр гэрлүүгээ хэлүүлсэн. Миний энэ байдлыг эхнэр Б.А нь захиралд танилцуулсан байсан ба миний хийж гүйцэтгэх ажлыг тасалдуулахгүйгээр эхнэр Б.А, жолооч Б.З, слесарь Ц.Б нараар хийж гүйцэтгүүлсэн байсан. Манайх гэрээрээ сургуулийн хашаанд амьдардаг ба сургуулийг харж хамгаалах үүрэг 24 цагаар үргэлжилж байсан. Намайг байхгүй байх хугацаанд миний ажлын байран дээр ямар нэгэн алдаа зөрчил гараагүй болно. Би хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Ажил олгогч бид хоёрын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд юуг ноцтой зөрчил гэж үзэх талаар тохиролцсон зүйл байдаггүй. Иймд Увс аймгийн х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Увс аймгийн х сумын Ерөнхий боловсролын сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. х сумын Ерөнхий боловсролын сургуульд хөдөлмөрийн маргаан таслах комисс, сумын Засаг даргын дэргэд хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо тус тус байгуулагдаагүй байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчийн зүгээс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 тоот тушаалаар Д.А-ийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.7-д заасныг үндэслэл болгосон. Дээрх үндэслэлүүдийг задалж үзвэл Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2-д Хөдөлмөрийн гэрээнд онцгойд тооцохоор нэрлэж, хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан, эсвэл зөрчил давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална гэж, Хөдөлмөрийн гэрээний 3.3.7-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 80.1.4-т сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно гэж тус тус заасан байна. Д.А-ийн хувьд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж гэж үзэх үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримт нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, Д.А-ийг урьд эрхэлж байсан Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Я.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай сургууль нь 168,940,736,45 Т эргэлтийн болон үндсэн хөрөнгөтэй Ахлах сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэж байгаа учир Д.А манаачид хууль журмын дагуу шаардлага тавих нь миний үүрэг бөгөөд өөрийн эрх хууль ёсны дагуу ажлаас чөлөөлсөн болно. 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4 дэх өдөр байсан. Жолооч, слесарь, манаач нар сургуулийн урд модны нүх ухаж байсан ба тэр үед Д.А халамцуу байсан. Би тэр өдөр сургуулийн ёс зүйн хороонд гомдол гаргасан, тэр өдрөөс эхэлж зарим ажилчид архи ууж эхэлсэн. Багш нар чөлөө авахдаа хариуцсан менежерээсээ чөлөө авдаг ба, ажилчид надад хэлээд чөлөө авдаг. Бүтэн сайн өдөр нь би бас мод услах гээд ирэхэд Д.А-ийн гэрт хүн байгаагүй, савнууд бүгд усгүй болсон байхаар нь байрны жижүүртэй гэрт нь ороход Д.А гэртээ согтуу унтаж байсан, бид 2 сэрээх гэж татаад сэрээгүй. 1 дэх өдрийн өглөө ирэхэд 2 хүнтэй хамт нүх ухаад байж байсан би та хүний илгэл алдаад, яах гэж архи уусан юм бэ гэж хэлээд явсан. 2022 оны 05 дугаар сарын 17-19 хүртэл 3 өдөр дараалан ажил, гэртээ байгаагүй. 2022 оны 05 дугаар сарын 19-ний орой цэцэрлэгийн зааланд тэмцээн болж байхад Д.А-ийн эхнэр Б.А багш би сургууль цоожлох гэж байна. Та өрөөнөөсөө юм авах уу гэж асууж байсан. Манаач гал тогоо дотор 00-д ус шахдаг, жижүүрүүд манаач байхгүй байна уу яаж шахах вэ? гэж байнга асууж байсан. Аль чаддаг хүнээр нь ус шахуулж байсан нь тухайн үеийн жижүүрийн дэвтэрт байгаа байх. 5 дахь өдрийнх нь өглөө манаачийн гэр эзэнтэй болж онгойсон. Д.А өмнө нь ажлын байраа орхиж ажлын хариуцлага алдаж байсан тэр тухай бүрд тохирох арга хэмжээнүүдийг авч байсан бөгөөд эцэст нь ажлаас чөлөөлөх шийдвэрт хүрсэн. Үүний учир Д.А-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцлүүдийг заасан. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр анх ажилд орсон ба 5 сарын дараа сахилгын арга хэмжээ авсан тушаал гарсан. Үүний дараа дахин хариуцлага алдсан ч ажилчдын хурлаар ороод харж үзээд өнгөрөөсөн. Хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэж ажлаас чөлөөлөөгүй, уг ажлаас чөлөөлсөн тушаалын тушаах хэсгийн 1-д сургуулийн манаач Д.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан тул гэж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгохоор хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр чөлөөлсөн. Ноцтой зөрчил гэж юуг хэлэх талаар дотоод журамдаа нарийн тусгаагүй боловч дотоод журмын 10.1.2-д уг харилцааг ноцтой зөрчил гэж үзэж болох талаар агуулгын хувьд бүрэн тодорхойлсон. Хөдөлмөрийн гэрээний 3.3.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш хоногийн хугацаагаар ажлын байраа орхисон бол хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заачихсан байгаа. Энэ заалтыг ч тушаалын үндэслэх хэсэг болгосон. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа 3 буюу түүнээс дээш хоног ажлын байраа орхиж болохгүй, орхивол ямар үр дагавартайг ойлгож байсан гэж үзэж байна. Д.А гэртээ байсан гэж маргадаггүй, жолооч Б.З-д хэлээд явсан гэж хэлдэг ба жолооч Б.З нь ажил олгогч биш чөлөө өгөх эрх бүхий этгээд биш, манаач гэдэг бол маш хариуцлагатай ажил, сургуулийн хөрөнгийг хариуцдаг, дотуур байранд олон хүүхэд байдаг. Дотуур байрны жижүүрүүдийн дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн, уг дэвтэрт манаач байхгүй учраас ус шахсан гэж тэмдэглэсэн. Шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.9-д талууд заавал ноцтой зөрчил гэх зүйлийг тохиролцох ёстой гэж заагаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан, нэхэмжлэгч өөрөө ажлаа тасалснаа хүлээн зөвшөөрсөн, Д.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр ажлаа тасалбал ажлаас хална гээд заачихсан, тэр хэсэгтэй Д.А өөрөө танилцсан. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг дээр ямар нэгэн тайлбар гаргадаггүй. Д.А-ийн гаргасан зөрчил ноцтой зөрчил мөн гэж үзэж байна. Анх удаа зөрчил гаргаагүй удаа дараа зөрчил гаргасан тул захирал Я.Г-ын гаргасан тушаал үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ...Д.А нь 3 хоног ажил тасалсан ба түүнийг ажлаас чөлөөсөн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.
Увс аймгийн х суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болох нь Увс аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №106 тоот Тус суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй нь үнэн болно гэх албан бичиг, Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус комисс байхгүй болох нь Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Г-ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №29 тоот Х сумын Ерөнхий боловсролын сургуульд Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус комисс байхгүй болно гэх албан бичгээр тус тус тогтоогдсон байх тул тухайн иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Д.А Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/27 тоот тушаалаар тус сургуулийн манаачаар томилогдон ажиллаж байгаад Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 тоот Д.А-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2 дахь заалт, Д.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.7 дэх заалтыг тус тус үндэслэн сургуулийн манаач Д.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан тул 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Д.А-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ...ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цулахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгодог. Хөдөлмөрийн гэрээ байгуулж буй талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардддаг ба хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Я.Г, манаач Д.А нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж нэрлэн заасан заалт байхгүй.
Мөн Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.2-т Хөдөлмөрийн гэрээнд онцгой тооцохоор нэрлэж хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан, эсхүл зөрчил давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална гэж мөн заажээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.А-ийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 тоот Д.А-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Хариуцагч нь жолооч Б.З-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, жижүүрийн дэвтэр, Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл гэх баримтууд хэрэгт авагдсан боловч энэхүү баримтууд нь хэрэгт хамааралгүй, мөн Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар байх тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 тоот Д.А-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР