Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/140

 

 

 2025      03          19                                          2025/ШЦТ/140

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Эдаргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Т.Т,

иргэний нэхэмжлэгч В.С, Г.Б,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Т.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Э.М-т холбогдох эрүүгийн 2525000000009 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймаг Цэцэрлэг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “**************” ТӨҮГ-ын Оёдлын цехэд оёдолчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********************* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Х овогт Э-ийн М/РД; АЮ89091171/,

2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч Э.М нь;

2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 22.00 цагийн орчим 1.99% согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт **-**ОРН улсын дугаартай “Toyota Prius-41” /Тоёота Приус/ загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед;

шүүгдэгч Э.М “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

иргэний нэхэмжлэгч Г.Б-гийн “...2024 оны 11 дүгээр сард **-**ОРО дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг худалдаж авсан. ...уг тээврийн хэрэгслийг “Шижир бумба” ББСБ миний нэр дээр шилжүүлэх албан бичиг хийж өгсөн ч би өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй өдийг хүрч байна, тээврийн хэрэгсэл 100% миний өмч байгаа юм. Төрсөн дүү С.Г 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний тээврийн хэрэгслийг ашигласан ч орой нь зам тээврийн осолд орсон талаар мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

 

иргэний нэхэмжлэгч Ц.Б-гийн “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20.00 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн **-**ОРА улсын дугаартай “Sonata-6” /Соната/ загварын тээврийн хэрэгслээ “Тайхар” эмнэлгийн урд талын төв зам дагуух зогсоолд байрлуулчихаад ахынхаа ажил руу орсон. ...22.00 цагийн үед гадаа гарч ирээд тамхи татаад зогсож байтал “түс, тас” хийх чимээ гарахаар нь яваад очтол зогсоолд байрлуулсан миний машиныг **-**ОРН улсын дугаартай хар өнгийн “Toyota Prius-41” загварын тээврийн хэрэгсэл боржур давж замаас гарч ирээд хөндлөн мөргөчихсөн байдалтай зогсож байсан. ...жолооч залуу нь ганцаараа явсан бөгөөд намайг очиход машинаасаа буугаагүй байсан. ...зам дээр бас нэг “Toyota Prius-20” загварын машиныг араас нь мөргөчихсөн, ...миний машины ертөнцийн зүгээр баруун талд байсан хоёр машин бас давхар мөргүүлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч В.С-ын “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21.00 орчим өөрийн **-**УАТ улсын дугаартай, хар өнгийн “Ford Explorer-U502” /Форд Эксплорер/ загварын машинаа Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Тайхар” эмнэлгийн урд талын зам дагуух зогсоолд байрлуулсан. 22.00 цагийн орчим над руу танихгүй дугаараас залгаж “машиныг чинь мөргөчихсөн байна” гэж хэлсэн. Гараад хартал “Toyota Prius-41” загварын хар өнгийн машин нь замаас гараад зогсоолд байсан тээврийн хэрэгслийг мөргөөд, тэр мөргүүлсэн тээврийн хэрэгсэл нь давхар миний тээврийн хэрэгслийг мөргөчихсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Р-гийн “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн барагцаагаар 18.00 цагийн орчим **-**УБК улсын дугаартай “Toyota Prius-41” загварын тээврийн хэрэгсэлээ “Тайхар” эмнэлгийн урд талын зам дагуух зогсоолын хажууд түр байрлуулсан. Ажил дээрээ байж байхад 23.00 цагийн үед над руу залгаж ослын талаар мэдэгдсэн, гараад хартал “Toyota Prius-41” загварын хар өнгийн тээврийн хэрэгсэл нь замаас гараад зогсоолд байсан тээврийн хэрэгслийг мөргөөд, тэр мөргүүлсэн тээврийн хэрэгсэл нь давхар миний тээврийн хэрэгслийг мөргөчихсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,

гэрч Б.Б-ийн “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21.00 цагийн орчим дэд ахлагч А-ын хамт оройн эргүүлд үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс “...“Тайхар” эмнэлгийн урд авто осол гарсан” гэх дуудлагын дагуу очиход **-**ОРН улсын дугаартай хар өнгийн “Toyota Prius-41” загварын тээврийн хэрэгсэл нь “Toyota Prius-20” болон зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг мөргөөд зогсчихсон байсан. ...жолооч Э.М-ийн согтолтыг шалгахад 1.99 хувийн согтолттой гарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,

Э.М-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18.00 цагийн үед байрныхаа гадаа өөрийн **-**ОРН улсын дугаартай хар өнгийн “Toyota Prius-41” загварын тээврийн хэрэгсэл дотор ганцаараа 2.5л пиво уусан, тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцоод Согоот баг 6-9 болон 10 дугаар байрны дунд очиж ахин 0.33л архийг ганцаараа машин дотроо уусан. ...нэг мэдсэн чинь хүмүүс намайг машинаас буулгаж байсан, цагдаа ирсэн, би зам тээврийн осол гаргаад олон машин мөргөөд зогсчихсон байсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний согтолтыг шалгахад 1.99% гарсан, би 2024 оны 8 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан байсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80, 135 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх  тал/,

Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын ашиглах зөвшөөрөлтэй “Alcotest 7510” загварын амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар жолооч Э.Мийн согтолтын зэргийг шалгахад 1.99%  согтолттой байсныг тогтоосон баримт /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17, 18-26 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “GS-25” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/1296 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Г.Б-гийн хэрэгт хавсаргуулсан,

**-**ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсантай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 42, 43, 44, 45 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч В.С-ын хэрэгт хавсаргуулсан,

**-**УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсантай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 47, 48-49 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Р-гийн хэрэгт хавсаргуулсан,

**-**УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 57, 58 дахь тал/,

**-**ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний хөлсөнд 355.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 83 дахь тал/,

“Бан хас” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24/02/04565 дугаартай “...**-**ОРО улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 5.235.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 84, 85-88 дахь тал/,

ослын улмаас тээврийн хэрэгсэлд үүссэн гэмтлийг оношлуулахад 200.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 88 дахь тал/,

**-**ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний хөлсөнд 290.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 92 дахь тал/,

“Бан хас” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24/02/04563 дугаартай “...**-**ОРА улсын дугаартай “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4.120.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 93, 94-96 дахь тал/,

ослын улмаас тээврийн хэрэгсэлд үүссэн гэмтлийг оношлуулахад 150.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 98 дахь тал/,

**-**УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний хөлсөнд 300.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 102 дахь тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаартай “...**-**УАТ улсын дугаартай “Ford Explorer” загварын тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 3.910.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 103, 105 дахь тал/,

ослын улмаас тээврийн хэрэгсэлд үүссэн гэмтлийг оношлуулахад 50.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 104 дэх тал/,

**-**УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний хөлсөнд 45.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 109 дэх тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаартай “...**-**УБК улсын дугаартай “Toyota Prius-41” загварын тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 305.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 110, 111 дэх тал/,

шүүгдэгч Э.М-ийн;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 139 дэх тал/,

жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 141 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 147 дахь тал/,

шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгсөн, 

“***************” ТӨҮГ-ын “...Оёдлын цехэд оёдолчин ажилтай, улсад ажилласан жил 13 жил 1 сар 10 хоног, үйлдвэрт ажилласан жил 7 жил 1 сар 18 хоног.” гэсэн ажлын газрын лавлагаа,

иргэний нэхэмжлэгч В.С-т 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 1.300.000 төгрөг,

 иргэний нэхэмжлэгч Д.Р-д 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 350.000 төгрөг тус тус төлсөн тухай банкны баримтууд зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нараас мөн Э.М-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Э.М дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

иргэний нэхэмжлэгч Г.Б-гийн “...дүү С.Г2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний тээврийн хэрэгслийг ашигласан ч орой нь зам тээврийн осолд орсон талаар мэдэгдсэн.” гэх,

иргэний нэхэмжлэгч Ц.Б-гийн “...22.00 цагийн үед гадаа гарч ирээд тамхи татаад зогсож байтал “түс, тас” хийх чимээ гарахаар нь яваад очтол зогсоолд байрлуулсан миний машиныг **-**ОРН улсын дугаартай хар өнгийн “Toyota Prius-41” загварын тээврийн хэрэгсэл боржур давж замаас гарч ирээд хөндлөн мөргөчихсөн байдалтай зогсож байсан.” гэх,

иргэний нэхэмжлэгч В.С-ын “...22.00 цагийн орчим над руу танихгүй дугаараас залгаж “машиныг чинь мөргөчихсөн байна” гэж хэлсэн. Гараад хартал “Toyota Prius-41” загварын хар өнгийн машин нь замаас гараад зогсоолд байсан тээврийн хэрэгслийг мөргөөд, тэр мөргүүлсэн тээврийн хэрэгсэл нь давхар миний тээврийн хэрэгслийг мөргөчихсөн байсан.” гэх,

иргэний нэхэмжлэгч Д.Р-гийн “...Ажил дээрээ байж байхад 23.00 цагийн үед над руу залгаж ослын талаар мэдэгдсэн, гараад хартал “Toyota Prius-41” загварын хар өнгийн тээврийн хэрэгсэл нь замаас гараад зогсоолд байсан тээврийн хэрэгслийг мөргөөд, тэр мөргүүлсэн тээврийн хэрэгсэл нь давхар миний тээврийн хэрэгслийг мөргөчихсөн байсан.” гэх,

гэрч Б.Б-ийн “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21.00 цагийн орчим дэд ахлагч А-ын хамт оройн эргүүлд үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс “...“Тайхар” эмнэлгийн урд авто осол гарсан” гэх дуудлагын дагуу очиход **-**ОРН улсын дугаартай хар өнгийн “Toyota Prius-41” загварын тээврийн хэрэгсэл нь “Toyota Prius-20” болон зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг мөргөөд зогсчихсон байсан. ...жолооч Э.М-ийн согтолтыг шалгахад 1.99 хувийн согтолттой гарсан.” гэх,

Э.М-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...**-**ОРН улсын дугаартай хар өнгийн “Toyota Prius-41” загварын тээврийн хэрэгсэл дотор ганцаараа 2.5л пиво уусан, тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцоод Согоот баг 6-9 болон 10 дугаар байрны дунд очиж ахин 0.33л архийг ганцаараа машин дотроо уусан. ...би зам тээврийн осол гаргаад олон машин мөргөөд зогсчихсон байсан. .” гэх мэдүүлгүүд,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолооч Э.М 1.99% согтолттой байсныг тогтоосон эрх бүхий албан тушаалтны баримт, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн болон Бүрэнбүст баг “GS-25” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгүүдэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/1296 дугаартай шийтгэвэр, 

“Бан хас” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24/02/04565 дугаартай “...**-**ОРО улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 5.235.000 төгрөг.” гэсэн,

“Бан хас” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24/02/04563 дугаартай “...**-**ОРА улсын дугаартай “Sonata-6” загварын тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4.120.000 төгрөг.” гэсэн,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаартай “...**-**УАТ улсын дугаартай “Ford Explorer” загварын тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 3.910.000 төгрөг.” гэсэн,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаартай “...**-**УБК улсын дугаартай “Toyota Prius-41” загварын тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 305.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлангууд зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Э.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Согтуурсан” гэдгийг шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс доош промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг,

“тээврийн хэрэгслийн жолооч” гэдгийг тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг,

“тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг,

харин “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэдгийг дээр дурьдсан этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тус тус ойлгохоор Эрүүгийн хуульд тайлбарласан.

Шүүгдэгч Э.М-ийн хувьд, 2024 оны 8 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрийн замд “Toyota prius” загварын **-**ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчлийн улмаас Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/1296 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгуулсны дараа 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1.99% согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт **-**ОРН улсын дугаартай “Toyota Prius-41” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

          шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Э.М-ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Э.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирол, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан, “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нь 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг  жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

          зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав. 

Шүүгдэгч Э.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.   

Бусад асуудал;

Иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.М нь гэм буруутай үйлдлээрээ,

иргэний нэхэмжлэгч Г.Б-д 5.235.000 төгрөгийн,

иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 4.120.000 төгрөгийн,

иргэний нэхэмжлэгч В.С-т 3.910.000 төгрөгийн,

иргэний нэхэмжлэгч Д.Р-д 305.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүх дээрх үнийн дүн дээр иргэний нэхэмжлэгч нарын эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхдээ төлсөн гэх иргэний нэхэмжлэгч Г.Б-гийн 555.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Б-гийн 440.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч В.Сын 350.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Р-гийн 45.000 төгрөгийг тус тус нэмж тооцох нь зөв юм. 

Шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч нь 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэний нэхэмжлэгч В.С-т 1.300.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэний нэхэмжлэгч Д.Р-д 350.000 төгрөг тус тус нөхөн төлсөн тухай банкны баримтуудыг гаргаж өгсөн тул иргэний нэхэмжлэгч В.С-т олгохоор шийдвэрлэсэн 4.260.000 төгрөгөөс түүнд төлсөн 1.300.000 төгрөгийг хасаж тооцсон бөгөөд шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Д.Р-д төлөх төлбөргүй байна.

Энэ хэргийн хамт ирүүлсэн “Тайхар” гэсэн бичиглэл нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Х овогт Э-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.М-ээс нийт 13.310.000 төгрөгийг гаргуулж,

          иргэний нэхэмжлэгч Г.Б-д 5.790.000 төгрөгийг,

          иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 4.560.000 төгрөгийг,

          иргэний нэхэмжлэгч В.С-т 2.960.000 төгрөгийг тус тус олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

          7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан, мөн иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,

          мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

           8.Энэ хэргийн хамт ирүүлсэн “Тайхар” гэсэн бичиглэл нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Д.Р-д төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э