Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/136

 

 

 2025      03          17                                          2025/ШЦТ/136

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Н.Д,  

хохирогч Э.И, өмгөөлөгч Ц.Э,

шүүгдэгч Э.Э, өмгөөлөгч Н.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  шүүгдэгч Э.Э-т холбогдох эрүүгийн 2425000000262 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “**************” ТӨҮГ-т гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ********************* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Д овогт Э-ын Э /РД; ************/,

Шүүгдэгч Э.Э нь;

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө 01.00-02.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Эрдэнэт” их дэлгүүрийн хажуугийн зам дээр хохирогч Э.И-гийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “гурван шүдний булгарал, дөрвөн шүдний сулрал, дээд уруулд зулгаралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Э.Э “...2024 оны 3 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө найзуудтайгаа гадуур гарч согтууруулах ундаа хэрэглэсэн нь үнэн, арван жилийн найзыгаа гэрт нь хүргэж өгөх гээд 6 микрийн зүг явж байсан. Тухайн үед “Эрдэнэт” их дэлгүүрийн урдуур гарч явахад хэсэг бүлэг хүмүүс зодолдоод, миний хажууд маш ойрхон 2м зайтай нэг залууг гурав дөрвүүлээ нийлээд зодож байхад нь очиж салгасан. Ямар хүмүүс хоорондоо зодолдож байгааг мэдээгүй, би тэнд байсан хүмүүсийн хэнтэй нь ч муудалцаагүй. Зодоон намжсаны дараа “Эрдэнэт” их дэлгүүрийн замын эсрэг талд тухайн хүмүүс дахиад зодоон үүсгээд байхаар нь араас нь очоод салгахад гурав дөрвүүлээ ирээд намайг зодох гээд байхаар нь надтай хамт явж байсан Д “одоо боль, хоёулаа явья” гээд зам гараад байж байхад араас хүрч ирээд барьсан. Тухайн үед цагдаагийн алба  хаагч нар ирсэн, намайг зугтаасан гээд байгаа, зугтаасан зүйл байхгүй, энэ нь юугаар нотлогдох вэ гэхээр зодоон хийсэн Э.И-г найзуудынх нь хамт цагдаа аваад явсан, харин би цагдаагийн байгууллагад өөрөө хувийн машинаараа очсон. Цагдаагийн газар очиход “чи намайг цохисон, өргөдөл бичиж өгнө” гэхээр нь би нэрээ хэлж өгсөн, мөрдөн байцаах ажиллагаа эхлэхэд би хүн цохиж гэмтээгээгүй учраас өөртөө итгэлтэй тайван байсан, байцаагч эхлээд “чиний цохисон чинь нотлогдохгүй байна” гэж хэлж байсан, сүүлдээ “чиний талд мэдүүлэг өгөх хүн байхгүй байна, бүх нотлох баримт чиний эсрэг болоод байна, тийм учраас чи хохирлыг нь барагдуулчих” гэж хэлж байсан. Би өмгөөлөгчгүй, хуулийн мэдлэггүй байсан учраас байцаагчийн үгэнд ороод явж байсан, миний өмгөөлж хамгаалсан хүмүүс яагаад олдохгүй байгаа юм бэ, тэр үед цагдаагийн газар ирэхэд надтай хамт Э.И болон түүний найзуудад зодуулсан гэх хоёр залуу ирсэн, нэгнийх нь чихнээс, нөгөө хүнийх нь хамраас цус гарсан байсан, хоёулаа өргөдөл бичсэн. Энэ хүмүүсийг хамгийн эхэнд дуудаж байцаалт авах боломжтой байсан, “нарийн судалж өгнө үү” гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч байцааж өгөөгүй. “Эрдэнэт” их дэлгүүрийн гадаа болж байгаа бичлэгийг харвал би энэ хүмүүсийн хэнтэй нь ч муудаагүй, бүгд тодорхой харагдаж байгаа. Зөвхөн миний зам гарч байгаа бичлэгийг үзүүлээд “Э.И гэдэг хүнийг цохисон гэх нотлох баримт болоод байна” гээд байгаа,  “...“Эрдэнэт” их дэлгүүрийн урд талд 2, 3 камерын бичлэг байгааг яагаад шалгахгүй байгаа юм” гэж удаа дараа хүсэлт гаргасан, сүүлдээ бичлэг устахаас нь өмнө би өөрөө бичлэгийг авч мөрдөн байцаагчид өгсөн.” гэв.

хохирогч Э.И “...Тухайн үед У, Н нартай явж байсан, “Эрдэнэт” их дэлгүүрийн гадаа Нийг хэдэн залуучууд мөрлөчихөөр нь У, Н бид гурав муудалцсан. Тэнд ганц хоёр барилцаж аваад салсан, “Эрдэнэт” их дэлгүүрийн урдаас 6 дугаар микр тал руу замаар гарч дээшээ өгсөж байгаад утас байхгүйг мэдээд утсаа авах гээд буцаад уруудсан. Энэ хэд урдаас зам гараад гараад ирж байсан, “утсаа авья” гэхэд Э.Э хажуугаас цохисон, тэнд би хүн цохиогүй, зодоон болоогүй, У, Н нар миний ард явж байсан. Би “шүд уначихлаа” гэхэд хамт явж байсан эмэгтэй нь “явья” гээд чирээд аваад явсан, Н, У нар над дээр ирэхээр нь “очоод бариад авчих” гэж хэлэхэд тэр хоёр зам руу гүйж, би араас нь явсан. Миний гурван шүд газар дээрээ унасан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Э.И-гийн “...2024 оны 3 дугаар сарын 09-ний орой ажлынхаа найзуудын хамт бааранд орчихоод “Эрдэнэт” их дэлгүүрийн хажууд явж байгаад хэсэг бүлэг хүмүүстэй хэрүүл маргаан хийчихээд цаашаа зам гараад 6-5 дугаар байр өнгөрөөд цэцэрлэгийн хажууд явж байтал утас байхгүй байхаар нь буцаад 6-5 дугаар байрны хажуу талын замаар гарах гэж байтал цагаан куртиктэй залуу, хүүхэн хоёр хэдэн залуустай зогсож байхаар нь очоод “утсаа авья” гээд хэлчихсэн чинь цагаан куртиктэй залуу гараараа нүүрэн тус газар руу цохичихоод зам хөндлөн гараад зугтаачихсан. ...Би Н, У хоёрыг “миний шүд рүү цохиод унагаачихлаа, тэр цагаан куртиктэй залууг бариад ав” гэсэн, тэгээд манай хоёр очиж барьж авсан. ...Миний шүдийг цагаан куртиктэй залуу буюу Э гараараа нэг удаа цохиж унагаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

“...би хэсэг бүлэг залуусаар цохиулсан боловч миний шүдийг унатал цохиж зодоогүй. Тэгээд зодоон, цохион салаад зам хөндлөн гараад 6-5 дугаар байрны хажуу талаар яваад цэцэрлэгийн хажуу талд явж байтал гэнэт утсаа хаяснаа санаад буцаж анх зодоон болсон газар руугаа явж байтал 6-5 дугаар байрны хажууд буюу “Эрдэнэт” их дэлгүүрийн чанх урд талын зам дээр зодоон хийсэн залуучууд дахиад ирчихсэн байхаар нь би утсаа асуусан чинь “бид нар яаж мэддэг юм” гээд хэрүүл, маргаан хийгээд зогсож байтал цагаан куртиктэй залуу буюу Э...нөгөө залуучуудыг өмөөрөөд миний нүүрэн тус газар буюу шүднүүдийг цохиж унагаасан, ...Эын хажууд байсан эмэгтэй миний шүдийг цохиод унагачихаар “явья” гэж хэлээд зам гараад зугтахаар нь би ажлынхаа хоёр залууг “очоод бариад ав” гэж хэлчихээд, өөрөө амаа дараад ардаас нь гүйж очсон. ...тэр залуучуудад зодуулахын хувьд бол зодуулсан, шүд унаагүй. Энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй. ...Э надад эмчилгээний зардал болон нөхөн төлбөр өгөөгүй. ...шүднүүдээ янзлуулчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

          “...“Эрдэнэт” их дэлгүүрийн урд талаар явж байтал хэсэг бүлэг залуус найз Н-ийн мөрийг мөрлөснөөс болж хэрүүл маргаан үүсээд, ...зодоон хийсэн. Би нэг залуутай зууралдаж байтал тэр залуу миний хоёр хацар болон дух, толгой хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон, ам, уруул, шүд рүү бол огт цохиогүй. Тухайн үед “Эрдэнэт” их дэлгүүрийн гадаа тэр залуус намайг цохиж миний шүдийг гэмтээсэн бол би цагдаа дуудаж, арга хэмжээ авах байсан, шүд болон уруул зүгээр байсан учраас гэр рүүгээ найзуудын хамт явж байгаад 6-5 дугаар байрны гадаа Эт шүдээ унатал цохиулсан. ...Э надтай цагдаагийн гадаа уулзахдаа “чиний шүдийг чинь хийлгээд өгье” гэж хэлж байснаа гурван шүд унагааснаа мэдэнгүүтээ “би чамайг цохиж, зодоогүй” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,

гэрч Н-гийн “...2024 оны 3 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө... 03.00 цагийн  үед “...“Эрдэнэт” их дэлгүүрийн урд зам дээр зодоон болоод байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиход өндөр бор залуугийн амнаас цус гарчихсан, “миний шүдийг энэ цагаан хувцастай залуу цохиод унагаачихлаа” гэж хэлсэн. ... шүдээ цохиулсан гээд байгаа өндөр бор залуу “өөрөөсөө дүү залуучуудтай хэрүүл маргаан хийж байхад нь цагаан цамцтай залуу тэр залуучуудыг өмөөрөөд шүд рүү цохисон” гэж өндөр бор залуу өөрөө хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

гэрч Ч.Д-ийн “...тухайн өдөр Эын хамт 10 жилийнхэнтэйгээ уулзаад бааранд орж бүжиглэж байгаад...баарнаас гараад “Эрдэнэт” их дэлгүүрийн урд явж байтал баахан хүмүүс хоорондоо зодолдоод байж байхаар нь хажуугаар нь зөрөх гэтэл Э.Э миний хойноос хүрч ирээд “чамайг гэрт чинь дөхүүлээд өгье” гээд...зам гараад явж байтал нөгөө зодолдож байсан хүмүүс нэгнийгээ алах гээд байхаар нь бид хоёр салгах гээд очсон, ...Э.Э-ыг арай хийж салгаж аваад зам гараад явж байтал өндөр банди найз нарынхаа хамт ирээд Э.Э-ыг зодох гээд хувцаснаас нь зуураад байж байтал цагдаа нар ирээд бүгдийг нь аваад явсан. ...Э хэн нэгнийг цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

гэрч Д.Н-ийн “...2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Э.И, Б.У нарын хамт бааранд орчихоод “Эрдэнэт” их дэлгүүрийн хажуугаар явж байгаад баахан хүмүүстэй муудалцаж салаад, 6 дугаар микрийн цэцэрлэгийн хажуугаар явж байтал Э.И ах “утсаа хаячихлаа” гэсэн. ...6-5 дугаар байрны тэнд цагаан куртиктэй, бор царайтай ахад цохиулаад байж байсан, ...У бид хоёр “юу болов” гээд гүйгээд очсон чинь Э.И ах “цагаан куртиктэй залуу миний шүдийг хугалчихлаа, очоод бариад ав” гэхээр нь Уын хамт зам гарч, барьж авсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...цагаан куртиктэй ах Э.И ахыг нүүрэн тус газар нь цохичихоод гүйснийг харсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

          гэрч Б.У-ын “...2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр И, Н бид гурав баарнаас гараад “Эрдэнэт” их дэлгүүрийн хажууд явж байгаад хэсэг бүлэг хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд салаад цаашаа зам гараад 6 дугаар микрийн хажууд явж байтал И гэнэт “би утсаа хаячихжээ” гэж хэлээд буцаж гүйгээд 6-5 дугаар байрны хойд талын замаар “Эрдэнэт” их дэлгүүр тал руугаа гарах гэж байгаа цайвар куртиктэй залуу И-г цохичихоод зам хөндлөн гараад зугтчихсан. И амаа дарчихаад “цагаан куртиктэй залуу шүд унагачихлаа, бариад ав” гэхээр нь Н бид хоёр зам хөндлөн гарч, гүйж очоод барьж авсан. Тэгээд цагаан куртиктэй залууг барьчихаад байж байтал цагдаа нар ирээд бид хэдийг аваад явсан, Игийн нүүр лүү цохиж шүдийг нь хугалсан залуу бол цагаан куртиктэй, бор царайтай залуу байсан, хожим нэрийг нь сонсоод байхад Э гэдэг нэртэй залуу байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

          шинжээч эмч Э.Б-ын “...анагаах ухааны хэллэгт шүдийг баруун дээд гэвэл 11, 12, зүүн дээд гэвэл 21, 22 гэх мэтчилэн тэмдэглэдэг. ...11 дүгээр шүдийг баруун дээд нэг, 21 дүгээр шүдийг зүүн дээд нэг, баруун доод 1-р шүдийг 41 дүгээр шүд гэх мэтчилэн тэмдэглэнэ. Мултрал, булгаралт нь нэг ойлголт бөгөөд шүд бүрэн унасныг ойлгоно. Тухайн үеийн миний үзлэгээр баруун дээд 2, зүүн дээд 2, баруун доод 2, зүүн доод 1-р шүднүүд илт мэдэгдэхүйц хөдөлгөөнд орсон байсан. Дөрвөн шүдний сулрал, гурван шүдний мултрал нь нэг ба түүнээс дээш удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

          Э.Э-ын яллагдагчаар өгсөн “...2024 оны 3 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө...Д-ийг гэрт нь хүргэж өгөх гээд “Эрдэнэт” их дэлгүүрийн хажуугаар явж байтал хэсэг бүлэг хүмүүс зодолдоод, нэг залууг 4-5 залуу зодоод, нүүр, ам руу нь дэвсээд байхаар нь очиж салгасан боловч дахиад хоорондоо зодолдоод байсан. Салгасны дараа хэсэг хүмүүс нь цаашаа зам гарч яваад замын цаана дахиад л зодоон болоод байсан. ...Д цагдаад дуудлага өгсөн. Би зам хөндлөн гараад зодолдож байсан хүмүүс дээр очсон чинь “энэ ах нь юм байна” гэж хэлээд нөгөө зодолдож байсан Э.И найз нарын хамт над руу дайраад, зодолдох гээд байхаар нь би буцаад Дийн хамт зам гараад явж байтал ардаас И найз нарын хамт гүйж ирээд намайг газар унагаагаад дэвссэн, удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газар руу авч явсан. Тухайн өдөр би өөрийгөө авч явах чадвартай байсан. Би И-г цохиж, зодоогүй, “Эрдэнэт” их дэлгүүрийн үүдэнд зодуулж биедээ гэмтэл авсан байх.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 278 дугаартай; “...Э.И-гийн биед гурван шүдний булгарал, дөрвөн шүдний сулрал, дээд уруулд зулгаралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

          хохирогч Э.И-гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “Э-т зодуулж гэмтэл авсан.” гэсэн өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

“Эрдэнэт” их дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,

“Инээмсэглэл” шүдний эмнэлгийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн карт” /хавтаст хэргийн 31 дэх тал/,

          “Инээмсэглэл” шүдний эмнэлэгт 90.000 төгрөг төлсөн тухай 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт болон “Эрдэнэт дент” шүдний эмнэлэгт 130.000 төгрөг төлсөн тухай 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн баримт /хавтаст хэргийн 95 дахь тал/,

          “Эрдэнэт дент” шүдний эмнэлгийн эмч О.Н-ийн “...И гэмтлийн улмаас дээд хоёр үүдэн шүд, доод нэг шүд унагаасан.

          Хийгдэх эмчилгээ нь; цэвэрлэгээ 130.000 төгрөг, дээд болон доод шүдний яс нөхөлт 800.000-1.000.000 төгрөг, гурван шүдний имплант 10.500.000 төгрөг, хугарсан ёзоор авахуулахад 40.000 төгрөг, нийт эмчилгээ 12.470.000 төгрөг.” гэсэн бичиг /хавтаст хэргийн 96 дахь тал/,    

          Шүүгдэгч Э.Э-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/,

          иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,  хохирогч, гэрч нараас мөн Э.Э-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу  2024 оны 3 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө 01.00-02.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Эрдэнэт” их дэлгүүрийн хажуугийн зам дээр шалтгаангүйгээр хохирогч Э.И-гийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “гурван шүдний булгарал, дөрвөн шүдний сулрал, дээд уруулд зулгаралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны үед өгсөн хохирогч Э.И-гийн “...“утсаа авья” гэхэд Э.Э хажуугаас орж ирээд цохисон, ...Би “шүд уначихлаа” гэхэд хамт явж байсан эмэгтэй нь “явья” гээд чирээд аваад явсан, ...Миний гурван шүд газар дээрээ унасан.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хэргийн үйл баримтын талаарх хохирогч Э.И-гийн “...2024 оны 3 дугаар сарын 09-ний орой...6-5 дугаар байрны хажуу талын замаар гарах гэж байтал цагаан куртиктэй залуу, хүүхэн хоёр хэдэн залуустай зогсож байхаар нь очоод “утсаа авья” гээд хэлчихсэн чинь цагаан куртиктэй залуу гараараа нүүрэн тус газар руу цохичихоод зам хөндлөн гараад зугтаачихсан. ...Би Н, У хоёрыг “миний шүд рүү цохиод унагаачихлаа, тэр цагаан куртиктэй залууг бариад ав” гэсэн, ...миний шүдийг цагаан куртиктэй залуу буюу Э гараараа нэг удаа цохиж унагаасан.” гэх,

гэрч Н-гийн “...2024 оны 3 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө... 03.00 цагийн  үед “...“Эрдэнэт” их дэлгүүрийн урд зам дээр зодоон болоод байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиход өндөр бор залуугийн амнаас цус гарчихсан, “миний шүдийг энэ цагаан хувцастай залуу цохиод унагаачихлаа” гэж хэлсэн.” гэх,

гэрч Д.Н-ийн “...6-5 дугаар байрны тэнд цагаан куртиктэй, бор царайтай ахад цохиулаад байж байсан, ...У бид хоёр “юу болов” гээд гүйгээд очсон чинь Э.И ах “цагаан куртиктэй залуу миний шүдийг хугалчихлаа, очоод бариад ав” гэхээр нь Уын хамт зам гарч барьж авсан. ...цагаан куртиктэй ах Э.И ахыг нүүрэн тус газар нь цохичихоод гүйснийг харсан.” гэх,

гэрч Б.У-ын “...И гэнэт “би утсаа хаячихжээ” гэж хэлээд буцаж гүйгээд 6-5 дугаар байрны хойд талын замаар “Эрдэнэт” их дэлгүүр тал руугаа гарах гэж байгаа цайвар куртиктэй залуу И-г цохичихоод зам хөндлөн гараад зугтчихсан. И амаа дарчихаад “тэр цагаан куртиктэй залуу шүд унагачихлаа, бариад ав” гэхээр нь Н бид хоёр зам хөндлөн гарч, гүйж очоод барьж авсан.” гэх,  

шинжээч эмч Э.Б-ын “...Мултрал, булгаралт нь нэг ойлголт бөгөөд шүд бүрэн унасныг ойлгоно. ...Дөрвөн шүдний сулрал, гурван шүдний мултрал нь нэг ба түүнээс дээш удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэх мэдүүлгүүдээр,

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 278 дугаартай, “...Э.И-гийн биед гурван шүдний булгарал, дөрвөн шүдний сулрал, дээд уруулд зулгаралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,

          хохирогч Э.И-гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, “Эрдэнэт” их дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Инээмсэглэл” шүдний эмнэлгийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн карт зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг. 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Э.Э-ын хохирогч Э.И-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүний эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалгаант холбоотой байна.

          “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Э.Э-ын хохирогчийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “гурван шүдний булгарал, дөрвөн шүдний сулрал, дээд уруулд зулгаралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч “...хохирогч Э.И “Эрдэнэт” их дэлгүүрийн үүдэнд бусдад зодуулж байгаа нь камерын бичлэгээс харагдаж байна. Иймд шүүгдэгч Э.Э хохирогчийг зодоогүй, гэмтэл учруулаагүй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т хохирогч нь “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх”,

9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэрч нь “хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” талаар тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч, гэрч нарт хуулийн дээрх зохицуулалтыг сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх талаар баталгаа гаргуулж мэдүүлэг авсан байх тул шүүх тэдний өгсөн, өөрөөр хэлбэл,

хохирогч Э.И-гийн “...цагаан куртиктэй залуу гараараа нүүрэн тус газар руу цохичихоод зам хөндлөн гараад зугтаачихсан. ...Миний шүдийг цагаан куртиктэй залуу буюу Э гараараа нэг удаа цохиж унагаасан.” гэх,

гэрч Н-гийн “...дуудлага мэдээллийн дагуу очиход өндөр бор залуугийн амнаас цус гарчихсан, “миний шүдийг энэ цагаан хувцастай залуу цохиод унагаачихлаа” гэж хэлсэн.” гэх,

гэрч Д.Н-ийн “...У бид хоёр “юу болов” гээд гүйгээд очсон чинь Э.И ах “цагаан куртиктэй залуу миний шүдийг хугалчихлаа, очоод бариад ав” гэхээр нь Уын хамт зам гарч, барьж авсан. ...цагаан куртиктэй ах Э.И ахыг нүүрэн тус газар нь цохичихоод гүйснийг харсан.” гэх,

          гэрч Б.У-ын “...6-5 дугаар байрны хойд талын замаар “Эрдэнэт” их дэлгүүр тал руугаа гарах гэж байгаа цайвар куртиктэй залуу Иг цохичихоод  зам хөндлөн гараад зугтчихсан. ...И-гийн нүүр лүү цохиж шүдийг нь хугалсан залуу бол цагаан куртиктэй, бор царайтай залуу байсан, хожим нэрийг нь сонсоод байхад Э гэдэг нэртэй залуу байсан.” гэх мэдүүлгүүд нь шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон.   

Харин өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэх гэрч Ч.Д-ийн  “...өндөр банди найз нарынхаа хамт ирээд Э.Э-ыг зодох гээд хувцаснаас нь зуураад байж байтал цагдаа нар ирээд бүгдийг нь аваад явсан. ...Э хэн нэгнийг цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг нь дээр дурьдсан гэрч нарын мэдүүлгүүдээр,

мөн мөрдөн байцаалтын шатанд Э.Э-ын яллагдагчаар өгсөн “...би буцаад Дийн хамт зам гараад явж байтал ардаас И найз нарын хамт гүйж ирээд намайг газар унагаагаад дэвссэн.” гэх мэдүүлэг нь “Эрдэнэт” их дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээр тус тус няцаагдах тул шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах, улмаар шүүгдэгч Э.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Э.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналуудыг тус тус харгалзан, “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж,

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Э.И нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Эрдэнэт дент” шүдний эмнэлгийн эмч О.Н-ийн “...И гэмтлийн улмаас дээд хоёр үүдэн шүд, доод нэг шүд унагаасан. Хийгдэх эмчилгээ нь; цэвэрлэгээ 130.000 төгрөг, дээд болон доод шүдний яс нөхөлт 800.000-1.000.000 төгрөг, гурван шүдний имплант 10.500.000 төгрөг, хугарсан ёзоор авахуулахад 40.000 төгрөг, нийт эмчилгээ 12.470.000 төгрөг.” гэсэн бичгийг хавтаст хэргийн 96 дахь талд хавсаргуулсан байх бөгөөд шүүх хуралдааны үед “...өнөөдрийг хүртэл хугацаанд  шүдээ хийлгүүлж чадахгүй, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа маш их хохирч явна, мөн энэ байдлаас шалтгаалаад Судан Улсад ажиллах боломжоо алдсан, гомдолтой байна. Шүүгдэгч Э.Э-аас 12.470.000 төгрөгөө гаргуулж шүдээ эмчлүүлж, имплант шүд хийлгэмээр байна.” гэв.

Хохирогч Э.И-гийн Монгол Улсын онцгой обьектод ажилладаг байдал, эдийн засгийн нөхцөл байдал, цалин орлогоос шалтгаалан өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийн эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэж чадаагүй зэрэг байдлуудыг нь харгалзан Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэснийг баримтлан шүүгдэгч Э.Э-аас 12.470.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны үед гаргасан хохирогчийн өмгөөлөгч Ц.Э “...сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулж өгнө үү.” гэсэн боловч энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, нотлох баримт дутуу байсан тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээв.

Эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт ирүүлсэн “Эрдэнэт” их дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овогт Э-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Эаас 12.470.000 төгрөг гаргуулж хохирогч Э.И-д олгож,

хохирогч нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй.

7.Эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Эрдэнэт” их дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э