Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2022/00430

 

      Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Ш овогт Ч-ийн Т-ийн,

      Хариуцагч: Увс х-д холбогдох,

    Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ковид цар тахлын үед /2021, 2022 онуудад/ эмч, сувилагч, ажилтан нарт олгосон урамшуулал, гар утас, бусад нэмэгдлийг олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд оролцогчид:

      Нэхэмжлэгч: Ч.Т,

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

      Хариуцагч: Д.О,

      Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Эрдэнэцэцэг,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч Ч.Т нь Увс аймгийн Улаангом сумын Х-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №Б/04 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ковид цар тахлын үед /2021, 2022 онуудад/ эмч, сувилагч, ажилтан нарт олгосон урамшуулал, гар утас, бусад нэмэгдлийг олгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

   1.1. Увс аймгийн Улаангом сумын иргэн Ч.Т миний бие Увс Х өрхийн эрүүл мэндийн төвд 18 дахь жилдээ үйлчлэгч сахиулаар ажиллаж байна. Энэ хугацаанд эмнэлгийн цэвэрлэгээ үйлчилгээг стандартын дагуу сайн гүйцэтгэж байсан бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн шалгалтаар ч цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн дутагдалтай гэсэн үнэлгээ авч байгаагүй тул ажлаа зохих түвшинд хийж байсан гэж үздэг. Тийм ч учраас хамт олны хүсэлтээр намайг Засгийн газрын шагнал Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдэг мөн яамны Жуух бичгээр тус тус шагнасан байх. Миний бие өөрт ноогдсон ажлаа чанартай сайн хийхийн зэрэгцээ эмч сувилагч нарынхаа ажилд туслаж нэг баг болон хамтран ажиллаж байсныг хамт олон мэднэ. Гэтэл Увс Х-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тоот тушаалаар мөн оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн ажил эрхлэлтийн харилцааг цуцлаж ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн гэсэн. Би өөрийгөө ёс зүйн ноцтой зөрчил гаргаснаа мэдэхгүй байна. Ямар зөрчил гаргасныг нотлох баримт байхгүй. Хүний хувийн орон зайд халдаж хувь чатаар намайг доромжиллоо гээд ёс зүйн хороонд өгсөн. Би Ёс зүйн хорооны хуралд нь намайг оролцуулахгүй хаана ямар хороо хуралдсаныг мэдэхгүй. Хувийн чатын асуудал нь хүнийг ажлаас халах үндэслэл биш. Дотоод журмын 1.9.4-д заасныг зөрчсөн гэж үзсэн байсан. Би 2015 оноос хойш дотоод журам уншиж үзээгүй. А эмч 2020 онд бидэнд дотоод журам уншиж өгөхөд харсан. Эхлээд сануулаад дараа нь үр үнгийн урамшуулал олгохгүй байх, цалингийн 20 хувиар 3 сарын хугацаанд хасаад дараа нь ажлаас хална гэж заасан. Намайг ажлаа хийж чадахгүй гээд ажлаас халж байгааг ойлгохгүй байна. Өөрөө хийж чадахгүй ажлаа ч надаар хийлгэж байсан шивүүлэх, хүчил төрөгчийн болон физик эмчилгээний аппарат ажиллуулах зэргийг надаар хийлгэдэг байсан. Би 2013 онд анх манаачаар ажилд орсон Д.О 2015 онд даргаар ажиллаж эхэлсэн. 2017 онд намайг тахир дутуу нөхөртэй, 3 оюутан хүүхэд сургаж байхад миний цалингаас 250.000 төгрөг хассан. Эдгээр асуудлуудаас болж бид маргалдахад надад сахилгын арга хэмжээ авдаг байсан. 2019 оноос хойш бид гайгүй хамтарч ажиллаад тэрнээс хойш сануулах арга хэмжээ аваагүй. Манай байгууллага нөхөрлэлтэй, гэтэл Д.О дандаа асуудлыг ганцаараа шийдвэрлэдэг. Бид Д.О-ийн хувийн байгууллагад ажиллаагүй. Яагаад ингэж групп чатыг дэлгэж өөрийгөө сурталчилж, ЭМГ-т өгч байгаа юм бэ. ЭМГ-ийн Ёс зүйн хороо ч хүний хувийн орон зайд халдаж байгаа учраас өөрөө ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэж байна. Тэдэнд тийм эрх байхгүй. Би залуу хүн гэж бодоод цаашаа олон зүй ярихгүй байна, энэ тухай хуулийн байгууллагаар шалгуулсан ч болох зүйл. Хүний хэлснийг СД-д буулгах эрх байхгүй, чагнах төхөөрөмж тавьж, хүний нууцад халдсан, бичлэг хийсэн эдгээр нь байж боломгүй, ёс зүйгүй хэрэг. Ядарсан нэг үйлчлэгтэй оролдож өөрийнхөө нэр хүндийг унагаж байна. Би шүүх хурлаар ороод хэрэггүй, би 1 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэртээ гаръя гэж ч хэлж байсан, даргыг хүндлээд бичиг хийж өгсөн. Түүнээс би алдаа гаргасандаа бичиг хийж өгөөгүй, тэр бичиг нь хэрэгт байгаа. Тушаалд дурдсанаар намайг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, ажил, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж ажлаас чөлөөлснийг миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсан үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Үүнд: 2021 оны 01 дүгээр сард өрхийн эмнэлгийн зарим ажилтнуудын хувийн орон зайгаа илэрхийлсэн групп чат мессежийг хулгайгаар уншиж тэрхүү мессежийг үндэслэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм зөрчсөн гэж ажлаас чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхэд халдан эрх зүйн байдлыг минь дордуулсан. Үйлчлэгч, сахиулиар ажиллаж байсан миний хувьд эмнэлгийн мэргэжилтэн гэдэг ангилалд хамаарахгүй. Учир нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 2.1, 9.1-д заасныг уншиж үзвэл эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан гэдэгт эмнэлгийн мэргэжилтэй ажилтан хамаарах юм байна гэж ойлгосон. Ажил, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэснийг ойлгохгүй байна. Ажлаа хангалттай сайн хийж байсан гэдэгтээ итгэлтэй байна. Урьд нь ямар нэгэн сануулга авч арга хэмжээ авагдаж байгаагүй. Хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж байгаагүй, танилцуулаагүй болохоор ямар заалт байгааг мэдэхгүй байна. 2021 оны хөдөлмөрийн гэрээн дээр 2021 оны 11 дүгээр сарын 10-нд /эрүүл мэндийн газраас шалгалт ирээд явсны дараа/ гарын үсэг зуруулсан. Он дуусаж байсан болохоор анзаарч уншаагүй. 2022 онд хөдөлмөрийн гэрээ шинээр хийгээгүй. Мөн миний биеийг Увс Х өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлөхдөө хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй дүрэм, журам хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д "... хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэжээ. Гэтэл Мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллагад байгуулна гэж заасан боловч манай байгууллага 13 орон тоотой комисс байгуулах боломжгүй тул хуульд зааснаар Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд өргөдөл гаргасан юм. Гэвч Улаангом сум энэ хороог байгуулаагүй гэсэн хариу өглөө. Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаанаа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, хороогоор шийдвэрлүүлэх боломжгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд Увс Х-ийн даргын Б/04 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Увс Х өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ковид цар тахлын үед /2021, 2022 онуудад/ эмч, сувилагч, ажилтан нарт олгосон урамшуулал, гар утас, бусад нэмэгдлийг олгуулж өгнө үү... гэжээ.

       2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Т нь Х ӨЭМТ-д 18 жил тасралтгүй ажилласан. Ч.Т-ийг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар Х ӨЭМТ-ийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ ХТХ-ийн 123.1, 123.2, 123.2.5-д заасныг болон байгууллагын дотоод журам хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн. Ажлаас чөлөөлсөн үндэслэлдээ ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй гэж дурдсан. 2022 оны 1 дүгээр сараас эхлээд Монгол улсад шинэ ХТХ үйлчилж эхэлсэн. Тушаал гаргахдаа шинэ хуулийн 123 дугаар зүйлд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай заасныг баримталсан. Одоогийн байдлаар Ч.Т-т ноцтой зөрчил гаргасан сахилгын шийтгэл оногдуулж байсан зүйл байдаггүй. 2016 онд сахилгын шийтгэл ногдуулж, 2019 онд сануулах арга хэмжээ авсан байдаг. Аливаа шийтгэл нь цаг хугацаатай, хуульд заасан шийтгэлгүйд тооцох хугацаа байдаг. Хариуцагч талаас хамгийн сүүлд арга хэмжээ авсан тушаалыг хэрэгт баримтаар гаргаж өгсөн нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/25 дугаартай тушаал байдаг. Шинэ ХТХ-ин 128.8-д Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 жил өнгөрсөн бол ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан. Ч.Т-ийг ажлаас халсан 2022 оны 01 дүгээр сарын тушаал гарч байхад сахилгын шийтгэлтэй байсан гэж үзэхгүй байна. Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн тохиолдолд ХТХ-ийн 80 дугаар заалтыг барих ёстой. ХТХ-ийн 80.1.4-д 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай заасан. Ажил олгогч ноцтой зөрчил гэж үзээд байгаа Хөдөлмөрийн гэрээний 2.1-д ажлын байранд согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, бусдыг хэл амаар доромжилсон, нэр хүндийг гутаасан, айлган сүрдүүлсэн зэргээр жижгээр танхайрсан нийгмийн хэв журмыг зөрчсөн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатай биелүүлээгүй эсэргүүцсэн эсхүл гүйцэтгэхээс татгалзсан гэж заасан. Ч.Т-ийн хувьд яг аль зөрчлийг нь гаргасныг тодорхйлох хэрэгтэй. Хөдөлмөрийн гэрээний 4.23-д Үйлчлүүлэгчийн нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлхөөр үр дагаварыг бий болгосон хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай арга хэмжээ явуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгт өдөөн турхирсан бусдад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн энэ үйлдэл нь баримтаар нотлогдож байгаа бол ажлын эрх ашиг нэр хүндэд хохирол учруулсан байна гэж заасан. Гэтэл хариуцагч нь хувь хүний чат руу орж, хувь хүний нууцыг задалж ЭХТА-ийн 13.10, 13.11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн. Ч.Т ажлынхаа компьютер дээр чат оруулж янз бүрийн зүйл бичсэн нь үнэн. Аливаа хувь чат дээр найз нөхөд байгууллага хувь сэтгэл санаанд заавал нийцэх зүйл бичсэн байхыг шаардахгүй. Хүн хувийн чат дээрээ хэний тухай юу ч бичсэн байж болно. Энэ нь хуулиар хамгаалагдсан хүний эрх. Нэхэмжлэгч өмгөөлөгч авахаасаа өмнө цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж байсан ч цаг хугацаа өнгөрч хариуцагчийн зүгээс алдаа дутагдлаа хүлээж хамтран ажиллах юм уу гэж бичиг бичүүлж авсан. Ч.Т-ийн зүгээс цаашид даргатайгаа сөргөлдөхгүйн тул хамтран ажиллах тухай бичиг бичиж өгсөн. Тухайн чатууд нь 2019 оны чатууд байгаа. ХТХ-ийн 123.4-д сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Гэтэл энэ асуудлын талаар 2021 оны 11 дүгээр сарын 04-нд Увс аймаг дахь ЭМГ-ын ЁЗХ-д чатаар манай эмнэлгийн талаар бичиж ёс зүйн зөрчил гаргасан байна гэж гомдол гаргасан. Ч.Т хэрэв Увс аймгийн нэгдсэн групп эсвэл улсын хэмжээнд мэдээллэдэг сайтуудад байгууллага болон хувь хүний нууцын тухай бичсэн бол байгууллагын нууцыг задалж ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж болох юм. Гэтэл Ч.Т өөрийн хаягаар хувь чатаар хамт ажилладаг хүмүүстэйгээ эрхлэгчтэй хамт ажиллах нь таагүй байгаа тухайгаа ярилцсан. 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар Ч.Т-ийг сахиулын ажлыг хавсран ажиллуулах тухай тушаал гарсан, сахиулын ажлаас чөлөөлж өөр хүнд ажлыг хүлээлгэн өгөх тухай асуудал огт яригдаагүй, ажлаас чөлөөлөгдөх хүртлээ үйлчлэгч сахиулын ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Гэтэл 2022 оны 1 дүгээр сард ажлаас чөлөөлсөн тушаалд Ч.Т-ийг үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн ч сахиулын ажлаас чөлөөлөгүй, ажлаас чөлөөлөгдөх хүртлээ өрхийн эмнэгийн хашаанд байрлаж, сахиул үйлчлэгчээ хавсарч гүйцэтгээд явж байсан. Ажилтан ноцтой зөрчил гаргасан бол үндэслэлээ тодорхой заагаад ХТХ-ийн 80 дугаар зүйлийг баримтлах ёстой. Ч.Т эрүүл мэндийн ажилтан болохоос биш эмч биш, сувилагч биш ЭМЯ-ны сайдын баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм гэх баримтад ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох тухай заачихсан. Ч.Т-ийн хувь чат бичсэн үйлдэл нь дээрх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд харшлах, зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд Х ӨЭМТ-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож Ч.Т-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

      3. Хариуцагч Увс аймгийн Х-ийн дарга Д.О шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 8 дугаар сараас эхэлж Х ӨЭМТ-ийн даргаар ажиллаж эхэлсэн. 2021 оны зун ээлжийн амралтаа аваад 9 дүгээр сарын эхээр ажилдаа орсон. 2021 оны 11 дүгээр сард өглөө ажилдаа ирээд интернет ортол эрлэгийн элч, найзууд, гэр бүл, сэтгэл санаа нийлдэг 5 гэх групп чатуудад зэрэг чат ирээд байхаар нь харахад Ч.Т-ийн хаяг байсан. Уг групп чатууд дээр миний талаар болон бусад байгууллагын дарга нарын талаар ёс зүйгүй, ёс бус үг хэллэг бичиж доромжилсон байсныг би хэвлэж аваад өөрсдөд нь хэлж ярилцсан. Энэ чат нь 8 хүний бүрэлдэхүүнтэй байгаа учраас хувийн чат гэж үзэх боломжгүй байна. Та нарт ямар санаа байна гэж асуухад Ч.Т манай эгч 30 жил шүүгч хийсэн чам шиг юм намайг ажлаас халсан ч чи дийлэхгүй, авах ёстой арга хэмжээгээ ав, би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн учраас 2021 оны 11 дүгээр сарын 02-нд ЭМГ-ын дэргэдэх Ёс зүйн хороонд өргөдөл гаргаж уг хороо 2 удаа хуралдаж Эрүүл мэндийн ажилтнуудын хувьд ёс зүйн хувьд маш ноцтой зөрчил гаргасан байна, та өөрийн эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээг авч ажилла гэх албан тоотыг надад ирүүлсэн тул Ч.Т-ийг ажлаас нь чөлөөлсөн. Ч.Т нь Д.О-ийн шивж чадахгүй зүйлийг ч шивж өгч байсан мэтээр өрөөсгөл, доромжилсон шинжтэй зүйлийг яриад байна. Өөрийнх нь ажлын байрны чиг үүрэгт заагаагүй зүйлийг хийхийг шаардаж байгаагүй. Нэхэмжлэгч нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ч.Т бид 2 маргалдаад намайг цохисон учраас би 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Т-ийн манаачийн ажлаас чөлөөлж байна, хувийн бэлтгэлээ хангах тухай албан тоот танилцуулсан. Гэтэл хамт олон минь орж ирээд цалингийн хувиар торгох гэх мэт өөр арга хэмжээ авч өгнө үү гэж гуйсан тул би 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр цалинг нь бууруулах тушаал гаргаж ажилд нь үлдээсэн. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлдэггүй, хамт олны яриаг хамгийн түрүүнд босч хэрүүлийн шинжтэй болгодог. Удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж байсан. ЭМГ-ын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөс намайг дуудаад энэ чатад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй ч зүйлүүд байна, цагдаагийн байгууллагад шилжүүлэх үү? гэхээр нь би шилжүүлэхгүй, салбар дотроо шийднэ гээд явуулаагүй. 166 хуудас бүхий чатад намайг яатуу янгарцаг гэж бичсэн эмч эмнэлгийн мэргэжилтнээс гарамгүй үгүүдийг хэлсэн байсан. А406 тоот тушаалын эмч, эмнэлгийн мэргэжилтэн гэх хэсэгт Ч.Т-ийн үйлчлэгчийн ажил орсон гэж ойлгож байна. Ийм учраас Ч.Т-ийг эмнэлгийн мэргэжилтэн биш гэж ойлгох ямар ч боломжгүй. Нэхэмжлэгч тайлбар гаргахдаа өөрийнхөө компьютер дээр интернэт орсон гээд байна. Үйлчлэгчид ямар ч компьютер байдаггүй, сахиулын ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа байгууллагын хашаанд оршин суудаг байхдаа орой ажлын бус цагаар миний өрөөнд орж янз бүрийн бичлэг үздэг байсан. Хэргийн материалд Ч.Т надаас уучлалт гуйсан бичиг байгаа тэр бичгийг өөрийг нь дарамталж байж бичүүлсэн гэж байна. Тийм зүйл огт байхгүй. СД-ний хувьд өөрт нь харуулаад би өөрийнхөө утсаар бичлэг хийснээс чагнах төхөөрөмж суурьлуулсан зүйл байхгүй. 2022 оны 1 дүгээр сараас эхэлж манаачийн ажил хавсарч хийсний нэмэгдэл 20 хувь цалин олгохгүй байгаа. Баримтаар өгсөн СД дээр надтай яаж харьцдаг тухай тодорхой бичигдсэн байгаа. 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ЭМГ-ын Ёс зүйн хорооноос манай эмнэлэг дээр ирж хурал хийсэн, уг хурал дээр групп чатад байсан 8 гишүүн бүгдээрээ байсан. Ч.Т-т ажиллаж байх хугацаандаа цаг ашиглалт гэж огт байдаггүй, цэвэрлэгээ үйлчилгээ гэхээсээ илүү намайг унагах талаар ажиллаж Улаангом сум, ЭМГ-т өргөдөл бичээд л гүйгээд байдаг. Шинээр орж ирж байгаа ажилтнуудыг дандаа удирдлагын эсрэг чиглүүлдэг. 2017 онд Аймгийн ЗД-ын захирамж гараад бүх албан байгууллагыг камержуулах үүрэг чиглэл өгсөний дагуу манай эмнэлэг гадна 4, дотор 4 камержуулсан боловч Ч.Т-ийн байдлыг харж үзээд үндсэн цалингийн 20 хувиар тооцож цалинжуулаад сахиулын ажлыг хавсран гүйцэтгүүлж байсан. Манай эмнэлгийн хашаанд байхдаа хувцсаа угаагаад эмнэлгийн өрөөнд оруулаад хатаачихдаг, ажлын байран дээр архи уусан тохиолдол нь баримтаар нотлогдож байгаа. Ч.Т-ийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй байсан. Би 2020 оны 7 дугаар сард ажлаасаа халагдаж миний ажлыг н.А гэх эмч хүлээж авсан. 2020 оны 12 дугаар сард буцалтгүй тусламж 1,000,000 төгрөгийг Ч.Т-т олгосон байгаа юм. Ямар ч баримтгүйгээр хоорондоо хувилдаж нэг сая төгрөг гаргаж аваад 300,000, 700,000 төгрөгөөр хувааж авсан нь шинээр гаргаж өгсөн баримтад байгаа. Байгууллагын ажилчдыг хэдэн хэсэг болгон тархаан бутархагч, эрх мэдэлтэй үйлчлэгч учраас ажлаас чөлөөлөх үндэслэл болсон байгаа. Иймд Ч.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

      4. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Т нь ёс зүйн зөрчил гаргасан нь дээд байгууллагын гаргасан шийдвэрээр нотлогдсон учраас Д.О өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХТХ-ийн 80 дугаар зүйлийг баримталж тушаал гаргах ёстой байсан гэх тайлбарыг гаргаж байна. Ч.Т-ийг эмнэлгийн байгууллагын ажилтан, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх ёстой гэдгийг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Б нотолж мэдүүлсэн. Б.Б нь удирдах дээд байгууллагын хүн юм. Гэрч Н.Х мэдүүлэхдээ байгууллагын дотор ямар уур амьсгалтай байдаг, удирдлагын өөдөөс ямар харилцаа хандлага гаргадаг, байгуулагын санхүүтэй хүртэл оролддог тухай мэдүүлдэг. Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан мөн гэрчүүд ч энэ тухай мэдүүлдэг учраас Ч.Т-ийг ёс зүйн зөрчил гаргасныг тогтоогдсон гэж үзэж байна. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг бус 123 дугаар зүйлийг баримталсан нь үндэслэлтэй. Тухайн үед нэхэмжлэгч ёс зүйгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрсөн тухай баримт хэрэгт хавсаргагдсан. Өмнө нь 2016, 2019 онуудад зөрчил гаргаж байсан. Нэгэнт эрх бүхий дээд байгууллага зөрчил гаргасан болохыг нь тогтоочихсон байхад удирдлагын хувьд энэ арга хэмжээг авахаас өөр ямар ч арга байхгүй. Иймд ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

      5. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс Х-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан өргөдөл, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №38 тоот Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөрийн тухай хуулийн 156-р зүйлийн 156.1-д заасан хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комисс байхгүй болно гэх тодорхойлолт, Увс аймаг Х өрхийн эмнэлгийн ахлагчийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №09 тоот Ажилтан ажиллуулах тухай тушаал, Увс аймаг Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/10 тоот Сахиулын ажлыг хавсран ажиллуулах тухай тушаал, Ч.Т-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     6. Хариуцагчаас CD 1 ширхэг, Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №189 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, “Х” чатны хуулбар, 2022 оны 1 сард Т-ийн бичсэн 1 хуудас баримт, Увс аймаг Улаангом сумын Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №10 тоот Албан тоот танилцуулах тухай тушаал, 2021 оны ажлын үнэлгээ гэх баримт, Увс аймгийн Улаангом сумын Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/10 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн Улаангом сумын Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, Увс аймаг Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/25 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, Ч.Т-ийн хөдөлмөрийн гэрээ, Увс аймаг Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 тоот Буцалтгүй тусламж олгох тухай тушаал, түүний хавсралт, Х-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн салбар хорооны даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот Хөрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О-д гэх албан тоот, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн салбар хорооны гаргасан дүгнэлтийг танилцуулах хурлын тэмдэглэл, нийт 166 хуудас чатнаас хуулбарласан гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ч.Т-ийн хөдөлмөрийн гэрээ, ХӨЭМТөвийн хөдөлмөрийн дотоод журам зэрэг бичгийн нотлох баримт бүрдүүлсэн.

    8. Хариуцагч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч Б.Б, Н.Х нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

      1. Нэхэмжлэгч Ч.Т-ийн хариуцагч Увс Х-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Увс Х-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ковид цар тахлын үед /2021, 2022 онуудад/ эмч, сувилагч, ажилтан нарт олгосон урамшуулал, гар утас, бусад нэмэгдлийг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Увс аймгийн Улаангом сумын иргэн Ч.Т миний бие Увс Х өрхийн эрүүл мэндийн төвд 18 дахь жилдээ үйлчлэгч сахиулаар ажиллаж байна. Энэ хугацаанд эмнэлгийн цэвэрлэгээ үйлчилгээг стандартын дагуу сайн гүйцэтгэж байсан бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн шалгалтаар ч цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн дутагдалтай гэсэн үнэлгээ авч байгаагүй тул ажлаа зохих түвшинд хийж байсан гэж үздэг. Тийм ч учраас хамт олны хүсэлтээр намайг Засгийн газрын шагнал Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдэг мөн яамны Жуух бичгээр тус тус шагнасан байх. Миний бие өөрт ноогдсон ажлаа чанартай сайн хийхийн зэрэгцээ эмч сувилагч нарынхаа ажилд туслаж нэг баг болон хамтран ажиллаж байсныг хамт олон мэднэ. Гэтэл Увс Х-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тоот тушаалаар мөн оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн ажил эрхлэлтийн харилцааг цуцлаж ажлаас чөлөөлсөн. Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул Увс Х-ийн даргын Б/04 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Увс Х өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ковид цар тахлын үед /2021, 2022 онуудад/ эмч, сувилагч, ажилтан нарт олгосон урамшуулал, гар утас, бусад нэмэгдлийг олгуулж өгнө үү...гэжээ.

      3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Би 2014 оны 8 дугаар сараас эхэлж ХӨЭМТ-ийн даргаар ажиллаж эхэлсэн. 2021 оны зун ээлжийн амралтаа аваад 9 дүгээр сарын эхээр ажилдаа орсон. 2021 оны 11 дүгээр сард өглөө ажилдаа ирээд интернет ортол эрлэгийн элч, найзууд, гэр бүл, сэтгэл санаа нийлдэг 5 гэх групп чатуудад зэрэг чат ирээд байхаар нь харахад Ч.Т-ийн хаяг байсан. Уг групп чатууд дээр миний талаар болон бусад байгууллагын дарга нарын талаар ёс зүйгүй, ёс бус үг хэллэг бичиж доромжилсон байсныг би хэвлэж аваад өөрсдөд нь хэлж ярилцсан. Энэ чат нь 8 хүний бүрэлдэхүүнтэй байгаа учраас хувийн чат гэж үзэх боломжгүй байна. Та нарт ямар санаа байна гэж асуухад Ч.Т манай эгч 30 жил шүүгч хийсэн чам шиг юм намайг ажлаас халсан ч чи дийлэхгүй, авах ёстой арга хэмжээгээ ав, би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн учраас 2021 оны 11 дүгээр сарын 02-нд ЭМГ-ын дэргэдэх Ёс зүйн хороонд өргөдөл гаргаж уг хороо 2 удаа хуралдаж Эрүүл мэндийн ажилтнуудын хувьд ёс зүйн хувьд маш ноцтой зөрчил гаргасан байна, та өөрийн эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээг авч ажилла гэх албан тоотыг надад ирүүлсэн тул Ч.Т-ийг ажлаас нь чөлөөлсөн. Ч.Т-ийг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн. Иймд Ч.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Увс Х-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан өргөдөл, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №38 тоот Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөрийн тухай хуулийн 156-р зүйлийн 156.1-д заасан хөдөлмөрийн маргаан таслах ороэ тооны бус комисс байхгүй болно гэх тодорхойлолт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн салбар хорооны даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот Хөрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О-д гэх албан тоот, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн салбар хорооны гаргасан дүгнэлтийг танилцуулах хурлын тэмдэглэл, Ч.Т-ийн хөдөлмөрийн гэрээ, Б.Б, Н.Х нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

     5. Нэхэмжлэгч Ч.Т-ийн Увс Х-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тоот Ажлаас чөлөөлөх тухай тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ковид цар тахлын үед /2021, 2022 онуудад/ эмч, сувилагч, ажилтан нарт олгосон урамшуулал, гар утас, бусад нэмэгдлийг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Увс Х-ийн дарга Д.О эс зөвшөөрч маргадаг.

      6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар заасан ба Ч.Т нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

     7. Мөн Увс аймгийн Улаангом суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны комисс байхгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 38 тоот Улаангом сумын Засаг даргын тамгын газарт Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комисс байхгүй болно гэх албан тоотоор тогтоогдсон байх тул тухайн иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

     8. Нэхэмжлэгч Ч.Т-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 3,6-р зүйл, Х өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 1.9.4г заалт, хөдөлмөрийн гэрээний 4.21, 4.23 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

    Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зохицуулсан. Гэтэл ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэл баримтлаагүй ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

    Мөн хөдөлмөрийн гэрээний 4.21, 4.23-т заасан аль алийг зөрчсөн талаар нотлоогүй, хариуцагчийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Т-ийг сахиулын ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа боловч, 2021 оныг дуустал сахиулын ажлыг хавсаргаж 20 хувийн нэмэгдэл цалин олгож байсан, 2022 оноос олгохгүй байгаа гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд үйлчлэгч Ч.Т нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, ажил албан үүргээ удаа дараа биелүүлээгүй тул 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлсүгэй гэж бичжээ.

   Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Т-ийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс Х-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тоот Ажлаас чөлөөлөх тухай тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс Х-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

     9. Харин нэхэмжлэгч Ч.Т нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ковид цар тахлын үед /2021, 2022 онуудад/ эмч, сувилагч, ажилтан нарт олгосон урамшуулал, гар утас, бусад нэмэгдлийг олгуулах-аар нэхэмжилсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д нэхэмжлэлийн үнэ тодорхой байна гэж заасан ба хэдэн сарын хэдний өдрөөс хэзээ хүртэл хэдэн төгрөгийн тэрээр хэдэн өдрийн амралтын цалин, урамшуулал гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

     Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ковид цар тахлын үед /2021, 2022 онуудад/ эмч, сувилагч, ажилтан нарт олгосон урамшуулал, гар утас, бусад нэмэгдлийг олгуулах шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзав.

      10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс Х-ээс 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

      11. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Увс аймаг Х өрхийн эмнэлгийн ахлагчийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №09 тоот Ажилтан ажиллуулах тухай, Увс аймаг Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/10 тоот Сахиулын ажлыг хавсран ажиллуулах тухай тушаалууд нь хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй, мөн хариуцагч талаас гаргаж ирүүлсэн 1 ширхэг CD дэх бичлэгийг хэн, хэзээ, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхойгүй, мөн Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №189 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол хэрэгт хамааралгүй, “Х” чат нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар, Увс аймаг Улаангом сумын Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №10 тоот Албан тоот танилцуулах тухай тушаал, Увс аймгийн Улаангом сумын Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/10 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, Увс аймгийн Улаангом сумын Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, Увс аймаг Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/25 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 тоот Буцалтгүй тусламж олгох тухай тушаалууд нь хэрэгт хамааралгүй, нийт 166 хуудас чатнаас хуулбарласан гэх баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхээс тус тус үнэлээгүй болно.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар Увс Х-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тоот Ажлаас чөлөөлөх тухай тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс Х-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ковид цар тахлын үед /2021, 2022 онуудад/ эмч, сувилагч, ажилтан нарт олгосон урамшуулал, гар утас, бусад нэмэгдлийг олгуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

     3Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс Х-ээс 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.БОЛОР