Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/115

 

 

 2025      03          06                                          2025/ШЦТ/115

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,  

улсын яллагч Э.Г,

шүүгдэгч Ч.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Ч.А-д холбогдох эрүүгийн 2525000000067 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 2002 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**********” ХХК-д зөөгч ажилтай, ам бүл 4, эмээ, үеэл дүү нарын хамт ************************  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ч овогт Ч-ын А /РД; ФД02260415/,

Шүүгдэгч Ч.А нь;

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, “...ээжийн төрсөн дүү Н “шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа хэдэн төгрөг дутаад байна мөнгийг чинь  өсгөөд өгье 10.000.000 төгрөг олоод өгөөч” гэсэн юм, би 6.000.000 төгрөг олчихсон, чи надад 4.000.000 төгрөг өгчих, сарын дараа өгнө.” гэж хэлж өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 4.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг  Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Э-тэй холбогдож “...дахиад мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 2.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт,

2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Э-гийн “...АТМ-аас бэлэн мөнгө болгоод аваад ирээрэй” гэж итгэмжлэн хариуцуулж түүний Хаан банкны данс руу нь шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ч.А “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Б.Э-гийн “...2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр...Ч.А надтай уулзаад “...ээжийн төрсөн дүү Н “шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа хэдэн төгрөг дутаад байна мөнгийг чинь  өсгөөд өгье 10.000.000 төгрөг олоод өгөөч” гэсэн юм, би 6.000.000 төгрөг олчихсон, чи надад 4.000.000 төгрөг өгчих, сарын дараа өгнө.” гэхээр нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ч.А эзэмшигчтэй Хаан банкны ************ тоот данс руу өөрийнхөө эзэмшлийн 5167690655 тоот данснаас 4.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “...2.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь мөн дээрх данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би гэрээсээ гарах боломжгүй байсан тул Ч.А-г “...чи завтай бол АТМ-с бэлэн мөнгө авч ирээд өгөх боломжтой юу” гэж асуутал “за тэгье” гэж хэлэхээр нь дээрх данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Надад мөнгийг минь авч ирж өгөхгүй болохоор нь Б, Л, Т гэх найзуудтайгаа уулзаад тэд нарт болсон үйл явдлаа хэлэхэд Б “...Ч.А мөрийтэй тоглоом тоглоод байгаа юм биш үү” гэсэн, ...2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр найз Ш.Б-ийн хамт Ч.А-гийн гэрт очоод “1xbet /1хвет/ апп-аа шалгуул” гээд шалгатал мөрийтэй тоглоом тоглоод бүх мөнгөө алдчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

гэрч Ш.Б-ийн “...2024 оны 12 дугаар сард Этэй уулзахад   “...“А хагалгаанд орно гээд надаас 6.000.000 төгрөг зээлсэн, “тодорхой хугацааны дараа өгнө” гэж хэлээд өгөөгүй, мөн “гэрээсээ гарах боломжгүй байна, 3.000.000 төгрөг данс руу чинь шилжүүлье аваад ирээч” гэхэд “за” гэж хэлчихээд авч ирж өгөөгүй” гэсэн. Маргааш нь Э бид хоёр Агийн гэрт очоод “3.000.000 төгрөгөө яасан юм” гэж асуутал “мөрийтэй тоглоод алдчихсан” гэсэн. Э бид хоёр Агийн “1xbet /1хвет/ апп руу нь нэвтрээд түүх цэс рүү нь ороод шалгатал 2.400.000, 500.000, 100.000 гэсэн дарааллаар мөрийд тавиад бүх мөнгөө алдчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

гэрч М.Л*ийн “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э надтай уулзаад “...А надаас 6.000.000 орчим төгрөг зээлсэн, дараа нь нэмж 3.000.000 төгрөг авсан, өгөхгүй байна, намайг залилчих шиг боллоо.” гэж хэлсэн. ...би Атэй холбогдоод болсон явдлыг асуухад “...надад үнэхээр хэцүү байна, “1xbet /1хвет/ тоглоод алдчихлаа 3.000.000 төгрөгийг нь яаж олж өгнө өө гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Ч.А-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Этэй уулзаад “...ээжийн төрсөн ах шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа, 10.000.000 төгрөг хэрэг болоод байна, би 3.000.000 төгрөгийг нь олчихсон надад 4.000.000 төгрөг зээлчих 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 6.000.000 төгрөг болгоод өгье” гэж хэлээд өөрийн Хаан банкны данс руугаа шилжүүлж авсан, өөр хүмүүст өртэй байсан тул Эгээс авсан мөнгөө мөнгө зээлсэн хүмүүстээ өгсөн. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Э-гээс дахин 2.000.00 төгрөг зээлсэн. 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э над руу залгаад “данс руу чинь 3.000.000 төгрөг шилжүүлье, бэлэн мөнгө болгоод гэрт аваад ирээч” гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны данс руугаа шилжүүлж аваад мөнгийг нь Эд өгөлгүй “1xbet /1хвет/ апп-д мөрийд тавиад алдчихсан. ...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, ...“BET TALK-1xbet Deposit Withdraw гэх фэйсбүүктэй чатаар харилцаж мөнгөө бет болгож байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 37-39 дэх тал/,

хохирогч Б.Э-гийн;

Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

          Ч.А эзэмшигчтэй Хаан банкны ************ тоот данс руу 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөг тус тус  шилжүүлсэн баримтууд /хавтаст хэргийн 59, 60, 61 дэх тал/,

          Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Ч.Агөөс хохирол, мөнгөө бүрэн гаргуулж авсан тул гомдол, саналгүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 68 дахь тал/,

          шүүгдэгч Ч.А-гийн;

          Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-31 дэх тал/,

          эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/,

          иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/,

          Хаан банкны ************ дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 50-52 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ч.А дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч Б.Э-гийн “...Ч.А эзэмшигчтэй Хаан банкны ************ тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр...4.000.000 төгрөг, ...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр...2.000.000 төгрөг, ...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр...3.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,

гэрч Ш.Б-ийн “...Э бид хоёр Агийн гэрт очоод “3.000.000 төгрөгөө яасан юм” гэж асуутал “мөрийтэй тоглоод алдчихсан” гэсэн. Э бид хоёр А-гийн “1xbet /1хвет/ апп руу нь нэвтрээд түүх цэс рүү нь ороод шалгатал 2.400.000, 500.000, 100.000 гэсэн дарааллаар мөрийд тавиад бүх мөнгөө алдчихсан байсан.” гэх,

гэрч М.Л-ийн “...би Атэй холбогдоод болсон явдлыг асуухад “...надад үнэхээр хэцүү байна, “1xbet /1хвет/ тоглоод алдчихлаа 3.000.000 төгрөгийг нь яаж олж өгнө өө гэж байсан.” гэх,

Ч.А-гийн өөрийнх нь “…Эгээс авсан мөнгөө мөнгө зээлсэн хүмүүстээ өгсөн. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эгээс дахин 2.000.00 төгрөг зээлсэн. 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э над руу залгаад “данс руу чинь 3.000.000 төгрөг шилжүүлье, бэлэн мөнгө болгоод гэрт аваад ирээч” гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны данс руугаа шилжүүлж аваад мөнгийг нь Эд өгөлгүй “1xbet /1хвет/ апп-д мөрийд тавиад алдчихсан.” гэх мэдүүлгүүдээр,

хохирогч Б.Э-гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Б.Э-гийн Хаан банкны данснаас Ч.А-гийн Хаан банкны ************ тоот данс руу 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтуудаар, мөн түүний Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Ч.А-гөөс хохирол, мөнгөө бүрэн гаргуулж авсан тул гомдол, саналгүй.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Ч.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

Хэрэгт цуглуулсан баримтуудыг дүгнэвэл,

шүүгдэгч Ч.А нь “...ээжийн төрсөн дүү Н “шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа...надад 4.000.000 төгрөг өгөөч” гэж хохирогч Б.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж хоёр удаагийн үйлдлээр буюу 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Э-гийн “...АТМ-аас бэлэн мөнгө болгоод аваад ирээрэй” гэж Хаан банкны данс руу нь шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг завшсан үйл баримт тогтоогдож байна.

“Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж өөрөөр хэлбэл хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, уг үйлдлийн үр дүнд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг.

Харин “итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх бөгөөд “хөрөнгө завших” гэдгийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан, захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Ч.А-гийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, хохирогчид учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс өмнөх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч нарын болон гэрч нарын мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсгүүд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байдаг.

Үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийг түүний үйлдлийн шинж чанараас хамааран нэг төрлийн үйлдэлтэй, өөр өөр үйлдэлтэй гэж ангилж болох бөгөөд шүүгдэгч Ч.А-гийн үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэх тул Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ч.А-гийн үйлдэл шунахайн сэдэлтэй, шууд санаатай, хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул түүнийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь,

          мөн хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсгүүдэд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ч.А-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нийт эдлэх ялын хэмжээг 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох” гэсэн санал гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзав.

Шүүх шүүгдэгч Ч.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.   

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.

Хохирогч Б.Э-гийн “...хохирол, мөнгөө бүрэн гаргуулж авсан тул гомдол, саналгүй.” гэсэн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан хавтаст хэргийн 68 дахь талд авагдсан хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Ч.А-г бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

          шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч овогт Ч-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шүүгдэгч Ч.А-г шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-г 1 /нэг/ жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ч.А-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

          8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.Э