| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2022/00953/И |
| Дугаар | 155/ШШ2022/01069 |
| Огноо | 2022-12-02 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2022/01069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2022/00953/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М...сумын ......дугаар багийн ...... тоотод оршин суух, регистрийн дугаар РХ.........., У.... Л. Б.,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М.. сумын ... дугаар багийн .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, Д. Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Аймгийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А-203 тоот шийдвэрээр Д.Ж...... эзэмшүүлсэн 107,7 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг Л.Б......... шилжүүлж өгөхийг Д.Ж.........даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Л.Б.
Хариуцагч: Д.Ж.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б. нь хариуцагч Д.Ж. холбогдуулан Аймгийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А-203 тоот шийдвэрээр Д.Ж. эзэмшүүлсэн 107,7 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг Л.Б. шилжүүлж өгөхийг Д.Ж. даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Л.Б.миний бие 2017 оноос хойш Мөрөн сумын 2-1-4-т байрлах Хүнсний үйлдвэрийн ажилчдын байранд амьдарч байгаа ба 2020 онд нийтийн 00-ыг дарж тус тусдаа хашаалснаас үүдэн иргэн Л.Б. би 00 барих, түлээгээ буулгах, машин тавих ч газаргүй болж, Мөрөн сумын ЗД, аймгийн ЗД, ГХБХБ-ын газруудад хандсан боловч асуудлыг шийдвэрлэж өгөлгүй шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөсөн болно.
Ингээд би 2021 оны 7 дугаар сард Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба шүүхээс цуглуулсан нотлох баримтуудаас харахад миний амьдарч байгаа 4 айлын орон сууцны дэвсгэр болон орчны газрыг хоёрхон хүний нэр дээр хуваан эзэмшүүлж, кадастр хийгдсэн байсан. Захиргааны хэргийн шүүхээс Хүнсний үйлдвэрийн ажилчдын 2 сууцны эзэмшигч болохоо иргэний хэргийн шүүхээр тогтоолгосны дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сард Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн 2 байрны эзэмшигч, өмчлөгч болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч мөн нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Учир нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-1-4-н тоотод байрлаж байгаа тус газар нь иргэн Д.Ж. эзэмшилд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн ГХБХБ-ын газраас ирүүлсэн, иргэн Д.Ж....... 2-1-4 тоотод байрлах эзэмшил газрын 6712046006 нэгж талбарын хувийн хэргийн баримтаар тогтоогдсон.
Иймээс иргэн Л.Б...... намайг тухайн байрны эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Миний бие 2017 онд Д.Ж....... газрын гэрээ гэрчилгээг нь авсан боловч шилжүүлж өгөхөө хойшлуулсаар байгаад одоо болохоор газраа шилжүүлж өгөхгүй гэсэн учир арга буюу шүүхэд хандаж байна гэж тодорхойллоо.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хуучин хүнсний үйлдвэрийн тэнд хоёр байр худалдаж авсан. Тэгээд тухайн газарт газрын маргаан гарч би Захиргааны хэргийн шүүхэд хандаж газрын маргааны талаарх асуудлаа шийдүүлэх гэхэд эхлээд та иргэний хэргийн шүүхээр тухайн газрын эзэмшигч, өмчлөгч мөн болохоо тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Тийм учраас миний тухайн хоёр байрныхаа эзэмшигч, өмчлөгч мөн болохоо тогтоолгохоор хандахад таны энэ газар хүний дээр байна гэх шүүхийн шийдвэр гарсан. Тийм учраас би Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очоод ийм газар байгаа талаар хэлэхэд та энэ газраа өөрийн нэр дээр шилжүүлж авч байж эзэмшигч, өмчлөгчөөрөө тогтоолгоно гэж хэлсэн.
Би тухайн газрын эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор удаа дараа хөөцөлдөж иргэний бүртгэл мэдээллийн газар очсон боловч заавал газрын гэрчилгээ, кадастр байх шаардлагатай. Танд эдгээр зүйлс байхгүй учраас тухайн орон сууцны эзэмшигчээр тогтоох боломжгүй гээд тогтоож өгөөгүй. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга надад тухайн газраа та Д.Ж. гэх хүнээс өөрийн нэр дээр шилжүүлж байж газрын эзэмшигчээр тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Тийм учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би хариуцагч Д.Ж. хариу тайлбартай танилцахад тухайн газар нь нийтийн эзэмшлийн газар учраас 1,000,000 төгрөг надад өгөөд уг газар эзэмших гэрчилгээгээ аваарай гэж бичсэн байсан. Миний газар жижигхэн газар байдаг 49 метр квадрат газар байдаг. Бусад нь нийтийн эзэмшлийн газартай давхацсан газар юм. Нийтийн эзэмшлийн газрыг худалдаж болохгүй энэ асуудлыг хуулиар зохицуулж өгсөн байдаг. Тийм учраас би хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Би Захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцож байхдаа өмгөөлөгчтэй оролцож байсан бөгөөд тус шүүхээс нотлох баримтыг хангалттай хэмжээнд цуглуулсан байсан учраас би шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтууд хангалттай байсан. Тийм учраас би хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Би зүгээр нэг хороололд айлын хашаанд амбаар худалдаж авчихаад үүнд тохирох газар байх ёстой уг газрыг надад шилжүүлж өг гэж хэлээд байгаа бол энэ нь өөр асуудал юм. Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно гэж заасан байдаг бөгөөд мөн зүйлийн 4.1.1-д нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан барилгыг ойлгоно гэж заасан. Энэ нь нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг ойлгоно гэж заасан. Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж хуульчилсан байдаг. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.6-д орчны газар гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг ойлгоно гэж заасан. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4-т дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна гэж заасан.
Иймд Л.Б. надад Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А-203 тоот шийдвэрээр Д.Ж.д эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжны 4 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний 107,7 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг Ш. овгийн Д. Ж. даалгаж өгнө үү. гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа тухайн газарт нэхэмжлэгч 4 айлын орон сууцны дундах хоёр өрөөг нь 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн худалдаж авсан байрны нэг өрөө нь огт газаргүй юм. Би тухайн байрыг 2011 онд хүнээс худалдаж авсан байсан. Анх 2016 оноос хойш би н.Цэнд-Аюуш гэх олон хүүхэдтэй, өрх толгойлсон цэцэрлэгийн туслах багш эмэгтэйд тухайн байрыг түрээслэж зохих ёсны түрээсийг аваад явдаг байсан. Тэгээд н.Ц. нь би удахгүй өндөр настны тэтгэвэрт гарна тэгэхдээ нэг удаагийн тэтгэмжээ аваад байрны мөнгөө өгье гэж хэлсэн учраас би байрандаа байлгадаг байсан. Тэр хугацаандаа би байрны түрээсийн мөнгө авахгүй ч байсан удаа бий. н.Ц. нь өндөр настны тэтгэвэрт орохдоо авсан их хэмжээний мөнгөө аваад банкны зээл, бусад зүйлсдээ зарцуулаад миний мөнгийг надад бүтнээр нь өгөөгүй. Энэ талаараа надад учир байдлаа тайлбарлаж хэлсэн учраас би ойлгоод нэг их мөнгө нэхээд байгаагүй. Тэгээд бид хоёр газрын гэрээ гэрчилгээг шилжүүлэх талаар ярилцаж байсан боловч тухайн үед шилжүүлээгүй. Би ч гэсэн байрныхаа мөнгийг бүрэн аваагүй учраас газрын гэрчилгээгээ шилжүүлэх тийм ч дуртай байгаагүй. Удалгүй н.Ц. хүүхдийн бие муудаад Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад мөнгө хэрэг болоод нэхэмжлэгч Л.Б. 1,500,000 төгрөгөөр худалдаж ам хэлэлцэл хийгээд явсан байсан. Тухайн үед би энэ талаар мэдээгүй. Нэг өдөр манайд А.Б. гуай орж ирээд энэ асуудлын талаар тайлбарлаад миний газрын гэрчилгээг аваад явсан. Би газрын гэрчилгээгээ өгсөн учир нь заавал миний гарын үсэг байж газрыг шилжүүлнэ гэж бодсон учраас ямар нэгэн юм бодолгүйгээр өгсөн. Нэхэмжлэгч бид хоёр хөрш зэргэлдээ амьдраад удаж байгаа атал нэхэмжлэгч Л.Б. надад газрын гэрчилгээгээ шилжүүлэх талаар нэг ч удаа хэлж байгаагүй учир энэ газраа зарахаа больё гэж бодож байсан. Тэгээд Х.Б. ерөнхийлөгч өрх бүрд 1,000,000 төгрөг өгнө гэж байх үед нэхэмжлэгч над дээр ирээд би хоёр хүүгээ нэг нэг өрх болгоод, өөрөө нэг өрх болоод мөнгө авмаар байна. Би гурван өөр өрх гээд бүртгүүлэх гэсэн боловч надад ямар нэгэн газрын гэрчилгээ байхгүй учраас өрх гэж үзэж боломжгүй гэж хэлсэн. Тухайн үедээ би энэ талаар нэг их юм бодохгүй байж байгаад өнгөрсөн. Манай байр 4 айлын зориулалттай орон сууц бөгөөд би хашаа, байшингаа зараад орох оронгүй байж байх үедээ тухайн 4 байрны хамгийн захын арай том хэмжээтэй байрыг худалдаж авсан. Тэгээд байж байтал нэхэмжлэгч 4 айлын орон сууцны бүх газрыг тэнцүүлнэ яагаад хоёр захын газар нь том байхад дундах хоёр газар нь бага хэмжээтэй байдаг юм бэ? гэж хэлээд энэ асуудлаараа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Үүнийг Захиргааны хэргийн шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Би 2022 оны 6 дугаар сараас хойш Ахмадын өргөөнд харуул, нярваар ажиллаж байгаа. Нэхэмжлэгч энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар би мэдээгүй байсан. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжны 6 тоотод байрлах байраа зарчихсан учраас надад шүүхийн мэдэгдэх хуудас очсоныг мэдэх боломжгүй. Нэхэмжлэгч энэ асуудлаараа шүүхэд хандаж байгаа талаараа надад нэг ч удаа хэлж байгаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь таалагдаагүй. Мөн Мөрөн Вилла хотхонд охиндоо байр авч өгсөн. Одоо надад ямар нэгэн хаяг байхгүй. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжны 6 тоотод байрлах байраа зарчихсан боловч бүртгэлээ хасуулаагүй учраас энэ хаяг дээр гарч ирээд байдаг. Одоо бүх зүйлийн үнэ нэмэгдэж байгаа үед би зүгээр газраа өгчихмөөргүй байна. Би нэхэмжлэгчид хандаж нэг бол би анх зарсан үнээрээ байраа буцааж авъя гэхэд нэхэмжлэгч эзэмшлийн газрыг зарж болохгүй, харин чи өөрөө өмчилж авсан бол зарж болдог гэж байна гэж хэлсэн. Тэгээд би нэхэмжлэгч Л.Б.. үгэнд итгээд Газрын албанаас очиж асуухад таны нэр дээр газрын гэрчилгээ, кадастр, газрын хувийн хэрэг 3 байгаа тохиолдолд та зарах боломжтой гэж тайлбарласан. Түүнээс өмнө би нэхэмжлэгчийн үгэнд итгээд эзэмшлийн газрыг зарж болохгүй юм байна гэж бодоод явж байсан. Миний нэр дээр газрын гэрчилгээ байгаа атлаа шал өөрөө хүний эзэмшилд очоод тухайн хүн нь миний газрын гэрчилгээг өгөхгүй гээд байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Газрын гэрчилгээгээ нэхэмжлэгчид шилжүүлэх талаар зөвшөөрч гарын үсгээ зурж байж нэхэмжлэгчийн эзэмшилд очих ёстой байтал тийм зүйл болоогүй учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай газар А зэрэглэлийн газар тул 5,000,000 төгрөгөөр үнэлэх боломжтой гэж надад хүн хэлсэн. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас болоод надад маш хэцүү байгаа. Учир нь манай охин Улаанбаатар хотын Онцгой байдлын албанд ажиллахаар болсон учраас би охиныхоо амьдарч байсан Мөрөн Виллагийн байрыг төрөөд удаагүй байгаа эмэгтэйд түрээслэсэн. Тэгээд байнга шүүхээс намайг дуудсан мэдэгдэх хуудас очоод байхаар намайг залилан хийсэн юм уу? гэж бодож байгаа байх. Мөн манай байрны нөгөө орцонд надтай адилхан нэртэй хүн амьдардаг байж тараад тэр хүн рүү хүртэл шүүхийн мэдэгдэх хуудас очсон байсан. Тэр хүн намайг таньдаг байж тараад надад энэ талаар хэлсэн. Түүнээс би энэ талаар мэдэхгүй байсан. Надад шүүхэд хандах гэж байгаа талаараа нэхэмжлэгч хэлсэн бол би өөр хандах байсан. Гэтэл надад газрын гэрчилгээгээ шилжүүл гэж огт хэлж байгаагүй атлаа одоо ийм асуудал яриад байгаад би гомдолтой байна. Тухайн газарт өмнө амьдарч байсан н.Ц.. гэх эмэгтэй Улаанбаатар хот руу хүүгээ аваад яаралтай эмчилгээнд явах гэж байхдаа байраа буцааж авах уу гэж надаас асуух гэсэн боловч би байгаагүй учраас нэхэмжлэгч Л.Б. зарсан байсан.
Иймд би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
Нэхэмжлэгч Л.Б. нь шүүхэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сүх багийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 14/90 дугаартай албан бичиг, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0402743 дугаартай Мөрөн сумын 2 дугаар багийн 1-4 тоотод байршилтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, кадастрын зургийн хуулбар, байрны план зургийн хуулбар зэрэг баримтуудыг,
Хариуцагч Д.Ж.. нь хариу тайлбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.
Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно гэж заасан байдаг бөгөөд мөн зүйлийн 4.1.1-д нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан барилгыг ойлгоно гэж заасан. Энэ нь нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг ойлгоно гэж заасан. Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж хуульчилсан байдаг. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.6.-д орчны газар гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг ойлгоно гэж заасан. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4-т дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна гэж заасан.
Гэтэл хариуцагч нь Д.Ж. нь орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг дангаараа Хөвсгөл аймгийн ЗД-ын 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А-203 тоот шийдвэрээр эзэмшиж байгаа нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж байна. Д.Ж. нь миний Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжны 4 тоотод байршилтай байшинг н.Ц. гэх хүнд худалдсан бөгөөд би н.Ц.. худалдаж авсан. Би зүгээр нэг хороололд айлын хашаанд амбаар худалдаж авчихаад үүнд тохирох газар байх ёстой уг газрыг надад шилжүүлж өг гэж хэлээд байгаа бол өөр хэрэг. Миний Д.Ж...с нэхэмжлээд байгаа гэр бүлийн хэрэгцээний 107,7 м2 газарт миний н.Ц...с худалдаж авсан байшингийн доорх газар орж байгаа. Гэсэн хэдий ч энэ гэр бүлийн хэрэгцээний 107,7 м2 газар нь орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газарт хамаарч байх тул хариуцагч Д.Ж.. нь энэ газрыг эзэмших эрхийн гэрчилгээг надад шилжүүлж өгөх үүрэгтэй...гэж тодорхойллоо.
Хариуцагч Д.Ж.. татгалзлын үндэслэлээ...Нэхэмжлэгчийн маргаж буй газарт байрлах 4 айлын орон сууцны дундах хоёр өрөөний нэгийг нь би 2016 онд н.Ц.. гэх хүнд 1,500,000 төгрөгөөр огт газаргүй худалдсан. Тухайн худалдсан орон сууцыг нэхэмжлэгч нь н.Ц... худалдаж авсан байсан. Л.Б.. уг байшинг н.Ц... худалдаж авсны дараа би түүнд түлээгээ буулгах газар гаргаж өгсөн. Би зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, маргаан бүхий гэр бүлийн хэрэгцээний 107,7 м2 газрыг эзэмших эрхийг олж авсан. Нэхэмжлэгч миний газар эзэмших эрхийн гэрчилгээг надаас авчихаад шүүхэд баримт болгож гаргаж өгөөд байгаа нь хууль бус юм. Зохих журмын дагуу эзэмших эрхийн гэрчилгээ авсан миний газрыг хэн нэгэн нэхэмжлээд авчихдаг хууль гэж байхгүй байх. Би анхнаасаа энэ байшинг газаргүй зарсан. Тийм болохоор 1,500,000 төгрөг хямдхан худалдсан. Үүнийг нэхэмжлэгч ч өөрөө мэдэж байсан. Одоо бүх зүйлийн үнэ нэмэгдэж байгаа үед би зүгээр газраа өгчихмөөргүй байна. Би нэхэмжлэгчид хандаж нэг бол би анх зарсан үнээрээ байраа буцааж авъя гэхэд нэхэмжлэгч эзэмшлийн газрыг зарж болохгүй, харин чи өөрөө өмчилж авсан бол зарж болдог гэж байна гэж хэлсэн. Би нэхэмжлэгч Л.Б.. үгэнд итгээд Газрын албанаас очиж асуухад таны нэр дээр газрын гэрчилгээ, кадастр, газрын хувийн хэрэг 3 байгаа тохиолдолд та зарах боломжтой гэж тайлбарласан. Түүнээс өмнө би нэхэмжлэгчийн үгэнд итгээд эзэмшлийн газрыг зарж болохгүй юм байна гэж бодоод явж байсан. Миний нэр дээр газрын гэрчилгээ байгаа атлаа шал өөрөө хүний эзэмшилд очоод тухайн хүн нь миний газрын гэрчилгээг өгөхгүй гээд байгаа нь үндэслэлгүй гэж бодож байна. Манай газар А зэрэглэлийн газар тул 5,000,000 төгрөгөөр үнэлэх боломжтой гэж надад хүн хэлсэн. Би нэхэмжлэгчийг 1,000,000 төгрөг надад өгчихвөл энэ газар эзэмших гэрчилгээгээ таны нэр дээр шилжүүлж өгье гэсэн боловч нэхэмжлэгч нийтийн эзэмшил газар учир чамд худалдах эрх байхгүй гэсэн учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...гэж тайлбарлалаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хариуцагч Д.Ж.. нь иргэн н.Ц.. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1-4 тоотод байршилтай орон сууцыг 2011 онд худалдсан ба нэхэмжлэгч Л.Б... нь тухайн орон сууцыг 2016 онд иргэн н.Ц.. 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан, тухайн орон сууц байрлах газрыг оролцуулан хариуцагч Д.Ж.. нь 107,7 м2 талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эзэмшдэг болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарууд, нэгж талбарын 210709033 дугаар, гэрчилгээний 0402743 дугаар бүхий Хөвсгөл аймгийн газрын албанаас 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр олгосон Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл айгмийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А-203 тоот шийдвэрийг үндэслэн Хөвсгөл аймгийн ГХБХБГазрын кадастрын мэргэжилтэн Х. овгийн Б.Г., Ш. овгийн Д.Ж. нарын хооронд байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Улсын бүртгэлийн дугаар 754, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын С... багийн засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 14/90 дүгээр: Л.Б. (РХ...) нь Сүх 2 дугаар багийн 1 дүгээр гудамжны 2 тоотод албан ёсны бүртгэлтэй. 2017 онд Сүх 2 дугаар багийн 1 дүгээр гудамжны 4 тоотыг худалдан авч үүнээс хойш тухайн хаяганд оршин сууж байгаа нь үнэн болно. гэх бичвэр бүхий албан тоот зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын С... багийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 14/90 дүгээр: Лувсанцэрэнгийн Б.. (Р..) нь Сүх 2 дугаар багийн 1 дүгээр гудамжны 2 тоотод албан ёсны бүртгэлтэй. 2017 онд Сүх 2 дугаар багийн 1 дүгээр гудамжны 4 тоотыг худалдан авч үүнээс хойш тухайн хаяганд оршин сууж байгаа нь үнэн болно. гэх бичвэр бүхий албан тоотоор маргаан бүхий газрыг хариуцагч Д.Ж... нэхэмжлэгч Л.Б.. шилжүүлж өгөх үүрэгтэй болох нь нотлогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан 1 дэх асуултын хариулт: Газартай болон орц, гарцтай давхцаж байгаа эсэх, Давхцаж байгаа бол ямар хэмжээгээр давхцаж байгаа эсэх Зураг №1, Байрны план зураг Ерөнхий зураг 3 гэсэн гарчиг бүхий баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б... Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А-203 тоот шийдвэрээр эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжны 4 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний 107,7 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг Ш.. овогт Д..Ж...д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА