Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/114

 

 

2025      03         06                                           2025/ШЦТ/114

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Э.Л нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Э.Л-т холбогдох эрүүгийн 2525000000037 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Булган аймаг Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *************************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Ж овогт Э-ын Л /РД; ***************/,

Шүүгдэгч Э.Л нь;

2024 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг  Рояал кастел” хотхоны гадаа хохирогч Э.Э-ийн нүүрэн тус газар 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “хүзүү, дух, зүүн чамархай, хамрын нуруунд цус хуралт, дээд, доод уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Э.Л “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;

хохирогч Э.Э-ийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 12-ны орой найз Л, Т нартай Хүрэнбулаг “Copper” /Коппер/ бааранд орж виски уусан, баар хаах цаг болж бид гурав гараад Л найзынхаа гэрийн гадаа 2-3 пиво хувааж уусан. Лтой маргалдаад, миний хамар хэсэг рүү 2-3 удаа цохиод миний хамраас цус гараад байхаар нь би Лоос салаад гэр лүүгээ явсан. Өглөө нь буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09.00 цагийн орчим Цагдаагийн газарт очиж өргөдөл гаргасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Э.Лын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 03.00 цагийн орчим найз Энх-Эрдэнэ, Т, манай дүү Түмээ нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Grand” /Гранд/ каракое орсон. ...Э-ийг гэрт нь хүргэж өгөх замдаа бид хоёр маргалдаад...би Энх-Эрдэний нүүрэнд 4-5 удаа цохисон, машинаас бууж Э-ийг хавсарч унагаад бие хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. ...Э.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 31-32 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 89 дугаартай; “...Э.Э-ийн биед хүзүү, дух, зүүн чамархай, хамрын нуруунд цус хуралт, дээд, доод уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

хохирогч Э.Э-ийн;

          Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

“Элит” эмнэлгийн магадлагаа /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн найз Э.Л-т зодуулж өргөдөл гаргасан бөгөөд Э.Л миний хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 36 дахь тал/, 

шүүгдэгч Э.Л-ын;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 23 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 21 дэх тал/,

2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 2.500.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч Э.Э-эс болон Э.Л-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Э.Л дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч Э.Э-ийн “...Л-той маргалдаад, миний хамар хэсэг рүү 2-3 удаа цохисон.” гэх,

Э.Л-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Э-ийг гэрт нь хүргэж өгөх замдаа бид хоёр маргалдаад...би Энх-Эрдэний нүүрэнд 4-5 удаа цохисон, машинаас бууж Э-ийг хавсарч унагаад бие хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 89 дугаартай, “...Э.Э-ийн биед хүзүү, дух, зүүн чамархай, хамрын нуруунд цус хуралт, дээд, доод уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,  

хохирогчийн    Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, “Элит” эмнэлгийн магадлагаа, Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн найз Э.Л-т зодуулж өргөдөл гаргасан бөгөөд Э.Л миний хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй.” гэсэн хүсэлт, хохирол төлбөрт 2.500.000 төгрөг төлсөн баримт зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Э.Л гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.  

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Э.Л-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж,  эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Э.Л-ын үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Э.Л-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Э.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх шүүгдэгч Э.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид 2.500.000 төгрөг төлснийг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн саналыг харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч нь хохирогч Э.Э-д 2.500.000 төгрөг төлсөн тухай баримт хавтаст хэргийн 35 дахь талд,

мөн хохирогч Э.Э-ийн “...2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн найз Э.Л-т зодуулж өргөдөл гаргасан бөгөөд Э.Л миний хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй.” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 36 дахь талд тус тус авагдсан байх тул шүүгдэгч Э.Л-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овогт Э-ын Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Л шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э