| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/04085/И |
| Дугаар | 102/ШШ2022/04407 |
| Огноо | 2022-12-14 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2022/04407
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:... тоотод байрлах, РД-..., Б...Ж...И...ХК-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар,
Хариуцагч:.... тоотод оршин суух, РД-...., Б... овогт Б....ийн У....,
Нэхэмжлэлийн шаардлага:5 280 363 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т..., өмгөөлөгч С.Н..., хариуцагч Б.У..., Т.М..., гэрч М.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б..Ж...И... ХК-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар нь Б.У...д холбогдуулан 5 280 363 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Хариуцагч Б.У... нь нөхөр болох М...ын БНСУ-аас ачуулсан чингэлгийг Монгол улсад тээвэрлэн ирэх үед хариуцан авдаг байсан бөгөөд нэхэмжлэгчтэй харилцан тохиролцон 2020 оны 1 сард 1, 2 удаа ачаа тээвэрлүүлж байсан.Хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сард БНСУ-аас тээвэрлүүлж Монголд буусан ВNGI2003023 СCLU6876029/40 дугаартай чингэлгийн тээврийн зардлыг дутуу төлж хүлээн авсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 1650 долларыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлж барагдуулахаа баталж 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр төлөх баталгааны бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгсөн.Гэвч хариуцагч Б.У... нь нэхэмжлэгчтэй хэлэлцэн тохиролцон тээвэрлүүлсэн тээврийн зардлаа өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул Б.У...гаас тээврийн зардал болох 1 650 доллар буюу 5 280 363 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:Би нэхэмжлэгч байгууллагаар дамжуулан бараа хүлээн авсан ачааны зардлыг төлсөн, би гэрээ байгуулаагүй, төлбөр барагдуулах баталгаа гэх баримтад би гарын үсэг зураагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс:Төлөөлөгчийн газрын гэрчилгээ, нэхэмжлэх, төлбөр барагдуулах баталгаа, М.Б....ийн Хаан банкин дах дансны хуулга, захиалгын хуудсыг шүүхэд өгсөн./хх 5, 7, 8, 52-53, 54-63/
Хариуцагчаас:Хаан банкин дах дансны хуулгыг шүүхэд өгсөн./67-72/
Хариуцагчийн хүсэлтээр томилсон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн./хх 30-38/
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Солонгос улсаас 2020 оны 9 дүгээр сард ирсэн ачааны үлдэгдэл төлбөр 1650 ам долларыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлж барагдуулна гэж 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн боловч төлөөгүй тул 5 280 363 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Би нэхэмжлэгч байгууллагаар дамжуулан бараа хүлээн авсан барааны төлбөрийг төлсөн, би нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, төлбөр барагдуулах баталгаа бичээгүй, би гарын үсэг зураагүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэх, төлбөр барагдуулах баталгаа, гэрч М.Б...ийн Хаан банкин дах дансны хуулга, хариуцагчийн Хаан банкин дах дансны хуулга, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
БНСУ-аас 2020 оны 9 дүгээр сард тээвэрлүүлж Монголд буусан ВNGI2003023 СCLU6876029/40 дугаартай чингэлгийн тээврийн зардлын үлдэгдэл 1650 долларыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлж барагдуулахаа баталж 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр төлөх баталгааны бичгийг Б.У... бичиж өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж, энэхүү баримтыг нэхэмжлэлийн үндэслэл болгон шаардаж байна./хх-8/
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2876 дугаар шинжээчийн дүгнэлтэд-2020.04.13-ны өдрийн “Төлбөр төлөх баталгаа” гэх баримтын доод хэсэгт хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.У...гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэжээ./хх 30-31/
Нөгөө талаар хариуцагч нь Хаан банкин дахь данснаасаа 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “B&G тээвэр зардал Мандах 1700$” гэсэн утгатай 4 749 800 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн байна./хх-72/
Гэтэл нэхэмжлэгч нь энэхүү 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4 749 800 төгрөгийг баталгаанд бичигдсэнээр 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлж барагдуулах үүргийн дүн биш гэдгийг нотлоогүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь гадаад улсаас ирсэн илгээмжийн тээвэрлэлтийн хөлсийг гэрч М.Б...ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авдаг байсан гэх үйл баримтад талууд маргахгүй байна.
Дээрх үндэслэлээр Б.У...гаас илгээмжийн зардлын 1 650 доллар буюу 5 280 363 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан үндэслэлгүй байх тул Б.У...гаас 5 280 363 төгрөг гаргуулах тухай Б...Ж...И...ХК-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН