| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2022/03519/И |
| Дугаар | 101/ШШ2022/04262 |
| Огноо | 2022-10-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2022/04262
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.О--ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК,
Хариуцагч: Ц.З нарт холбогдох
орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай үндсэн,
орон сууц худалдсаны зөрүү төлбөр болох 21,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Г.М,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.О-ийн төлөөлөгч Н.М, Г.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.О- нь А ХХК-тай харилцан тохиролцож түүний хэрэгжүүлж буй Энэрэнгүй үйлс хотхон орон сууцны 2-р ээлж, 5-р давхрын 00 тоот, 2 өрөө нийт 43.6 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар 2019 оны 11 сарын 11-ний өдөр Барилга орон сууц захиалах №19-4/00 дугаартай гэрээг байгуулсан юм. Энэхүү Барилга орон сууц захиалах №19-4/00 дугаартай гэрээгээр А ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Энэрэнгүй үйлс хотхон орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж, улсын комисс хүлээлгэн өгч, захиалагч Ц.О-т орон сууц хүлээлцсэн акт, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхөөр, харин Ц.О- нь уг орон сууны үнэ нийт 63,220,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж дуусгах үүргийг талууд тус тус хүлээсэн байдаг.
Ийнхүү Ц.О- нь Барилга орон сууц захиалах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж гэрээнд заасны дагуу нийт 63,220,000 төгрөгийг Ц.З-д шилжүүлсэн байдаг.
Ц.О- болон түүний нөхөр Д.Д нараас Ц.З-гийн Хаан банкны харилцах дансанд шилжүүлсэн мөнгийг хүснэгтээр дэлгэрэнгүй харуулбал,
| № | огноо | мөнгөн дүн /₮/ | гүйлгээний утга | шилжүүлсэн | хүлээн авсан |
| 1 | 2019.11.11 | 18.966.000 | О--с байрны урьдчилгаа | Ц.О- /Худалдаа хөгжлийн банк 408035673/ | Ц.З- /Хаан банк 5720075890/ |
| 2 | 2020.03.31 | 1.230.000 | Энэрэнгүй үйлстэн хотхон О--с | Ц.О- /Хаан банк 5360231684/ | |
| 3 | 2020.04.30 | 1.230.000 | enerengui uilsten О | Ц.О- /Худалдаа хөгжлийн банк 408035673/ | |
| 4 | 2020.05.25 | 1.230.000 | О- Ц-с Энэрэнгүй үйлстэн хотхон | ||
| 5 | 2020.06.29 | 1.230.000 | Оees Enerengui uilsten hothon 99049769 | Д.Д /Хаан банк 5007097601/ | |
| 6 | 2020.08.01 | 1.230.000 | О Enerengui uilsten bair 99049769 | ||
| 7 | 2020.09.04 | 1.230.000 | Enerengui uilsten О 99049769 | ||
| 8 | 2020.09.29 | 1.230.000 | О Enerengui uilsten bair 99049769 EZ69080 | ||
| 9 | 2020.10.00 | 1.230.000 | О Enerengui uilsten EZ69080102 | ||
| 10 | 2020.11.26 | 1.230.000 | О Enerengui uilsten 99049 | ||
| 11 | 2020.12.25 | 1.230.000 | Enerengui uilsten О EZ69080102 | ||
| 12 | 2021.01.30 | 1.230.000 | Enerengui uilsten О EZ69080102 99049 | ||
| 13 | 2021.02.27 | 1.230.000 | Enerengui uilsten О EZ69080102 99049 | ||
| 14 | 2021.03.27 | 1.230.000 | О Enerengui uilsten EZ69080102 99049 | ||
| 15 | 2021.04.30 | 1.230.000 | Enerengui uilsten О EZ69080102 99049 | ||
| 16 | 2021.05.30 | 1.230.000 | Энэрэнгүй үйлстэн О- ЕЗ69080102 990497 | ||
| 17 | 2021.07.01 | 1.230.000 | Энэрэнгүй үйлстэн О- ЕЗ69080102 990497 | ||
| 18 | 2021.07.31 | 1.230.000 | Энэрэнгүй үйлстэн О- ЕЗ69080102 990497 | ||
| 19 | 2021.08.31 | 1.230.000 | Энэрэнгүй үйлстэн О- ЕЗ69080102 990497 | ||
| 20 | 2021.09.30 | 1.230.000 | Энэрэнгүй үйлстэн О- ЕЗ69080102 990497 | ||
| 21 | 2021.10.30 | 1.230.000 | О- Энэрэнгүй үйлстэн ЕЗ69080102 990497 | ||
| 22 | 2021.11.27 | 1.230.000 | Энэрэнгүй үйлстэн О- ЕЗ69080102 990497 | ||
| 23 | 2021.12.22 | 1.230.000 | Энэрэнгүй үйлстэн О- ЕЗ69080102 | ||
| 24 | 2022.01.29 | 1.230.000 | Энэрэнгүй үйлстэн О- ЕЗ69080102 990497 | ||
| 25 | 2022.02.26 | 1.230.000 | Ц.О- Энэрэнгүй үйлс ЕЗ69080102 9904976 | ||
| 26 | 2022.03.30 | 1.230.000 | Энэрэнгүй үйлстэн О- ЕЗ69080102 | ||
| 27 | 2022.04.00 | 1.230.000 | Энэрэнгүй үйлстэн О- ЕЗ69080102 | ||
| 00 | 2022.05.05 | 5.000.000 | Энэрэнгүй үйлстэн 2 байрны төлбөр у99049769 | Ц.О- /Худалдаа хөгжлийн банк 408035673/ | |
| 29 | 2022.05.05 | 5.000.000 | Энэрэнгүй үйлстэн 2 байрны төлбөр у99049769 | ||
| 30 | 2022.05.05 | 2.274.000 | Энэрэнгүй үйлстэн 2 байрны төлбөр у99049769 | ||
| нийт | 63.220.000 | ||||
А ХХК нь Барилга орон сууц захиалах №19-4/00 дугаартай гэрээгээр ...орон сууцыг 100 хувийн төлбөр хийсэн захиалагчид хүлээлгэн өгнө /гэрээний 3.2/ гэсэн үүрэгтэй. Гэвч тухайн орон сууц нь 2022 оны 5 дугаар сард ашиглалтад оруулсан гэх боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөлгүй үндэслэлгүйгээр гэрээний төлбөрийн үнийн дүнг нэмэгдүүлж Ц.О-ийн хууль ёсны эрхийг зөрчиж байна.
Иймд, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Энэрэнгүй үйлс хотхон орон сууцны 2-р ээлж, 5-р давхрын 00 тоот, 2 өрөө нийт 43.6 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ц.О-ийг тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг А ХХК-д болон Ц.З- нарт даалгаж өгнө үү. гэв.
2. Хариуцагч А ХХК болон Ц.З- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манай компани 2019 оны 11 сарын 11-ний өдөр Ц.О-тэй орон сууц худалдан борлуулах гэрээ байгуулсан. 2020 оны 02 сараас дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч улмаар 2020 оны 3 дугаар улирлаас эхлэн хил гааль хаагдаж, барилгын материалын хомсдол үүссэнтэй холбоотойгоор барилгын материалын үнэ огцом өссөн. Цар тахлын улмаас барилгын үнэ өссөн явдал нь бидэнд тооцоолоогүй эрсдэл бий болсон бөгөөд, бидний зүгээс авч хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээг авч барилгыг ашиглалтад оруулсан байдаг. Манай компани барилгын метр квадратын үнийг тодорхой хэмжээгээр нэмэх гэж буй шалтгаанаа удаа дараа гэрээ байгуулсан захиалагч байгууллага болон иргэддээ мэдээллэж байсан. Мөн энэ талаар санал, хүсэлтүүдийг иргэдээс авсны үндсэнд тус шийдвэрийг гаргасан байдаг. Тухайн үедээ Ц.О- нь үнийн өсөлттэй холбоотой ямар нэгэн тайлбар, гомдол гаргаагүй бөгөөд энэ асуудлаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Ц.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
3. Хариуцагч А ХХК болон Ц.З- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А ХХК нь иргэн Ц.О-тэй 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалах 19-4/00 дугаартай гэрээг байгуулж, гэрээгээр Энэрэнгүй үйлс хотхон-ны 2-р ээлж, 5 давхрын 00 тоот, 2 өрөө нийт 43.6 м.кв талбай бүхий орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагч Ц.О-т хүлээлгэн өгөх, захиалагч зохих төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэвч гэрээ байгуулагдаж, барилгын ажил явагдаж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахал дэгдэж, улмаар бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсч, аж ахуй нэгж байгууллагуудад томоохон санхүүгийн хүндрэлийг бий болгосон. А ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд бүхий л боломжийг ашиглаж, орон сууцыг барьж дуусгасан боловч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор алдагдал хүлээх нөхцөл байдал үүссэн. Тухайлбал 2020 оны 07 сард 10 мм, А500С арматур 1 метр тутамдаа 0.632 жинтэйгээр 1,720,000 төгрөг байсан бол 2021 оны 07 сарын байдлаар дээрх хэмжээгээр 3,000,000 төгрөг болж өссөн байдаг. Энэ мэтчилэн бусад барилгын материалын үнэ ч мөн өссөнтэй холбогдуулан манай компанийн зүгээс 1м.кв тутмын үнийг 500,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
А ХХК-ийн зүгээс захиалагч талд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй ч дээр дурдсан зөрүү төлбөрийг төлсөн, төлөх талаар аливаа тохиролцоонд хүрсэн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх, мөн гэрээг урьдчилж байгуулсан захиалагчдын төлбөрт 1 м.кв тутамд 400,000 төгрөгийн зөрүү тооцох боломжтой талаар санал тавьсан ч захиалагч тал хүлээн авахаас татгалзсан тул ийнхүү давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн нөхцөл байдлаас үүссэн санхүүгийн алдагдлыг арилгах, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор энэхүү сөрөг нэхэмжпэлийг гаргаж байна.
Иймд орон сууц худалдсаны зөрүү төлбөр болох 21,800,000 төгрөгийг иргэн Ц.О-ээс гаргуулж өгнө үү.гэв.
4. Нэхэмжлэгч Ц.О-ийн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Талуудын хооронд байгуулсан гэрээгээр маргаан бүхий орон сууцыг нийт 63,220,000 төгрөгөөр захиалан бариулахаар талууд тохиролцсон бөгөөд энэхүү гэрээний үнэд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орж болох талаар гэрээгээр харилцан тохиролцоогүй болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.
5. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 5-40 тал, 102 хүртэлх нотлох баримтуудыг,
Хариуцагч тал хавтаст хэргийн 50-53, 57, 65-66, 93-101, 108 дугаар тал хүртэлх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч А ХХК болон Ц.З- нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах шаардлага гаргаж,
Хариуцагч нар нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, дэлхийг хамарсан цах тахал гарч хил гааль хаагдаж, бараа материалын үнэ огцом өсч барилгын метр квадратын үнэ тодорхой хэмжээгээр өсч буй шалтгаанаа гэрээ байгуулсан байгууллага, иргэдэд мэдэгдэж байсан, тухайн үедээ Ц.О- үнийн өсөлттэй холбоотой ямар нэгэн тайлбар, гомдол гаргаагүй гэж маргажээ.
3. Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Ц.О-т холбогдуулан орон сууц худалдсаны зөрүү төлбөр 21,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ц.О- нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр маргаан бүхий орон сууцыг нийт 63,220,000 төгрөгөөр захиалан борлуулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд энэхүү гэрээний үнэд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орж болох талаар гэрээгээр харилцан тохиролцоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Барилга орон сууц захиалах 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №19-4/00 дугаар гэрээгээр, гүйцэтгэгч А ХХК нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Энэрэнгүй үйлстэн хотхон 5 давхарт, 00 тоот, 2 өрөө, 43.6 м.кв талбай бүхий орон сууцны барилгыг барьж захилагч Ц.О-т 2021 оны 1-р улиралд багтаан хүлээлгэн өгөх, барилгын нэгж үнэ 1,450,000 төгрөг, нийт үнэ 63,220,000 төгрөгөөр тогтоож, захилагч Ц.О- нь 2019.11.11-ний өдөр 18,966,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 44,254,000 төгрөгийг 3 жил буюу 2020 оны 03 сарын 25-наас 2023 оны 01 сарын 25-ныг дуустал сар бүр 1,229,230 төгрөгөөр төлөхөөр, байрны төлбөр 100% төлж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ц.О-ийн нэр дээр гаргана гэж гэрээнд заажээ. /хх-8-9/
Дээрх гэрээнд заасан хугацаанд Ц.О- нь 2019.11.11-ний өдөр 18,966,000 төгрөг, үлдэх төлбөрийг хариуцагч Ц.З-гийн Хаан банкин дахь 5720075890 дансанд өөрийн болон нөхөр Д.Дийн данснаас тус тус шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга баримтуудаар тогтоогдож байна. /хх-10-37/
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ...ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаа худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ... гэжээ.
Тодорхой давхар, хаалганд, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, орон сууц барих ажлын санхүүжилтад хөлс төлөх, нөгөө тал ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх ба нэгэнт бий болсон орон сууц санал болгон тохирсон үнийг төлж буй нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж үзнэ.
Дээрхээс дүгнэн үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
6. Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, гэрээний төлбөрийг захиалагч Ц.О- нь гүйцэтгэгч А ХХК-ийн захирал Ц.З-гийн дансанд шилжүүлж байсан, шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд маргаангүй байна.
7. Харин гэрээ байгуулснаас хойш дэлхийг хамарсан цах тахал гарч хил гааль хаагдаж, бараа материалын үнэ огцом өсч барилгын метр квадратын үнэд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орж, уг орон сууцны үнэ 21,800,000 төгрөгөөр өссөн уг мөнгийг захиалагч төлөх үүрэгтэй эсэхэд талууд маргаж байна. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн дүгнэлтийг хамтад нь дүгнэв.
8. Ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтаар гүйцэтгэх ажлын төсвийг талууд урьдчилан зохиож батлах ба төсвийн хэмжээнд өөрчлөлт орох бол гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх, төсвийн хэмжээ нэмэгдсэнээс талууд гэрээг дуусгавар болгох эсхүл үргэлжүүлэх талаар ямар нэгэн тохиролцоог хийгээгүй, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах ямар нэгэн санал гаргаагүй байна.
9. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан цемент, арматур, блок, хөөс, бетон зэрэг барилгын материалын үнэ нэмэгдсэн гэдгийг нотлохоор бараа материалын зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтаар орон сууцны үнийг 21,800,000 төгрөгөөр өссөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Талуудын хооронд байгуулсан Барилга орон сууц захилах гэрээний 5.4-т Захиалагч нь байрны үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд үнийн дүнд өөрчлөлт орох буюу гэрээ цуцлагдана гэж заасан нь боловч захиалагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн,
мөн гэрээний 4.11-т Төгрөгийн ханшийн уналтыг захиалагч тал хариуцахгүй, 6.1-т зааснаар давагдашгүй гэнэтийн хүчин зүйлүүдийн улмаас барилгын ажил саатвал уг асуудлыг арилах хүртэл хугацаанд тухайн тал хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаас үзэхэд гэрээний үнэд өөрчлөлт орох боломжгүй байна.
Түүнчлэн А ХХК нь хуулийн этгээдийн хувьд орон сууцны барилгын ажил гүйцэтгэхдээ барилгын зураг, төсөв бүхий баримт бичигт үндэслэн, зохих зөвшөөрлийн үндсэн дээр барилгын ажил гүйцэтгэх ба орон сууцны үнэ өссөн гэдгээ хариуцагч тал нотлож чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
10. Иймээс талуудын хооронд байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээнд заасан захиалагчийн үүргийг нэхэмжлэгч Ц.О- биелүүлсэн тул өмчлөх эрх түүнд гэрээний дагуу үүсч байна гэж үзэн Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах шаардлагыг хангаж, Ц.О-ээс орон сууц худалдсаны зөрүү төлбөрт 21,800,000 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах шаардлагад нэхэмжлэгч 544,250 төгрөг төлснийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн төлсөн 266,950 төгрөгийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энэрэнгүй үйлс хотхон орон сууцны 2 дугаар ээлж, 5 давхрын 00 тоот, 2 өрөө, 43.6 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч А ХХК болон Ц.З- нарт даалгасугай.
2. Сөрөг нэхэмжлэлийн орон сууц худалдсаны зөрүү төлбөр болох 21,800,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 544,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2022/14349 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ