| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2022/01952/И |
| Дугаар | 101/ШШ2022/03915 |
| Огноо | 2022-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2022/03915
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б -т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Б нь манай компанитай 2020.12.27-ны өдөр 2082 дугаартай Зээлийн гэрээ байгуулж Aiwa JU55DS190NS загварын зурагтыг 1,300,000 төгрөгөөр, 12 сарын хугацаатай 0%-ийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам 5000 төгрөгийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож дээрх зурагтыг гэртээ хүргүүлэн авсан. Гэвч Aiwa JU55DS190NS загварын зурагтыг зээлээр худалдан авснаас хойш Б.Б нь төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, төлөх талаар ямар ч санаачлага гаргахгүй алга болсон. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,300,000 төгрөг, 12 сарын хүү 0 төгрөг, алданги хоног тутам 5000 төгрөг гэж тохиролцсоны дагуу 2020.12.27-ны өдрөөс 2022.03.11-ний өдөр хүртэлх 420 хоногийн 2,100,000 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн үндсэн үнийн дүнгийн 50%-иар тооцож 650,000 төгрөг, нийт 1,950,000 төгрөг болсныг Б.Бээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, талуудын хооронд байгуулсан 139 дугаар Зээлийн гэрээ-ний 2.2, 2.3, 2.5 бусад холбогдох заалтыг үндэслэн манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:
Хариуцагч нь зээлээр зурагтын дэлгэц авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй. Иймээс гэрээний дагуу алданги тооцоход 650,000 төгрөг болж байгаа тул 100,000 төгрөгийг хасч зээлээр авсан зурагтын дэлгэцний үнэ 1,300,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, нийт 1,850,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 1-8, 39, 52 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар гаргаагүй, нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч нь зээлээр худалдсан зурагтын дэлгэцийн үнэ 1,300,000 төгрөг, алданги 650,000 төгрөг, нийт 1,950,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд алдангийг 100,000 төгрөгөөр багасгаж, зурагтын дэлгэцийн үнэ 1,300,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, нийт 1,850,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.
3. Хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариуцагчид эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаар танилцуулж, хэргийн материалтай танилцсан байна.
Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
4.ХХХК, Ц.Б нар нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 1,300,000 төгрөгийг, хүүгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 5000 төгрөгийн алданги тооцож, 12 сарын хугацаатай, ХХХК-иас Aiwa JU55DS190NS загварын зурагтны дэлгэц худалдан авах зориулалтаар зээл авсан байна. Зээлийн гэрээнд зээлийн төлбөр хийх хуваарь хавсаргагдсан ба 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 108,333.33 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон байна.
5. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Зээлийн гэрээ нэртэй боловч зээлийн мөнгөн хөрөнгийг ХХХК-иас Aiwa JU55DS190NS загварын зурагтны дэлгэц худалдан авахад зориулагдсан ба гэрээний 3.2.8-д Зээлдэгч зээлийн төлбөрөө 30 хоногт төлөөгүй тохиолдолд лизингээр олгосон барааг хураан авах бөгөөд зээлийн бүтэн төлбөрөө бүрэн барагдуулсны дараа барааг буцаан олгоно, 60 хоног хэтэрсэн тохиолдолд барааг хураан авч урьдчилгаа төлбөр, зээлийн төлөлтийг буцаан олгохгүй шууд гэрээ дуусгавар болно гэж заажээ.
Дээрх гэрээний шинж нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлж, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээдэг зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна гэж үзлээ.
Иймээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар 1,300,000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 550,000 төгрөг, нийт 1,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Талууд гэрээнд алдангийг 1,300,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнд хоногт төлөх алдангийн хэмжээг 5000 төгрөгөөр тооцож тогтоосон ба зээлээр бараа авсан хариуцагч нь огт төлбөр төлөөгүй тул шүүх алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй гэж заасантай нийцэж байна гэж үзэх ба гэрээний төлбөр төлөх хугацаа хэтэрч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 1 жил 2 сар 12 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд шүүх алдангийн хэмжээг гүйцэтгэгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ гэж дүгнэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн төлөх 1,850,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргаж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар хариуцагч Б.Бээс зээлээр авсан барааны үнэ 1,300,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, нийт 1,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ