Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 0033

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Н.Д

               Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолтой Э.Пд холбогдох, эрүүгийн хэргийг прокурор Н.Дүүрэнжаргалын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Э-н П.

 

Э.П 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  аймгийн  сумын  багийн тоотод эхнэр Д.Б-н толгой тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Э-н Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Д эсэргүүцэлдээ:

“ ... Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож улмаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй, уг торгох ялыг ямар хугацаанд хэрхэн биелүүлэх, торгох ялыг хэрхэн хорих ялд шилжүүлэх талаар шийтгэх тогтоолд огт дурдалгүй “Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх эсэх талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийх, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйл болон 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн шийтгэх тогтоолд “ ... торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай” хэмээн заасан нь эргэлзээ төрүүлэхээр байна. Торгох ялаар шийтгүүлсэн этгээдийн хувьд ялыг заавал биелүүлэх үүрэгтэй, зөвхөн ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд ялыг солих тухай заасан нь ялтанд ял завшуулж, ял гарцаагүй байх зарчмыг алдагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан байхад дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Мөн хорих ялаар солихдоо торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих талаар заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус зөрчжээ.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 15-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “ ... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна ... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Н.Д-н эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Э.Пд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Э.П 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  аймгийн  сумын  багийн  тоотод эхнэр Д.Б-н толгойн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх боловч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

 

Хууль тогтоогч “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Э.Пгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан атлаа уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу хэсэгчлэн төлүүлэх, эсхүл хэсэгчлэн төлүүлэхгүй эсэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

 

Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох эсэх нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж буй шүүгчийн эрх хэмжээний асуудал боловч хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгах шаардлагатай юм.

 

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх эсэх асуудлыг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Мөн дээрх асуудлыг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүйгээс ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих буюу шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэх хууль зүйн үр дагавартай. 

 

Түүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-т “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж хуульчилсан.

 

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ “Эрүүгийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж хэт ерөнхий зааж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлд ... зөрчлийн хэрэг үйлдсэн хүнд торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгэх, мөн хуулийн 160 дугаар зүйлд эрүүгийн хэрэг үйлдсэн хүнд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмыг тус тус тодорхойлсон.

 

Өөрөөр хэлбэл дээрх заалтууд нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлах журмын талаарх зохицуулалтууд бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт баримталбал зохих заалт биш тул прокурорын эсэргүүцэлд дурдсан “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйл болон 160 дугаар зүйл ... заалтыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй“ гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурорын эсэргүүцлийн “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйл болон 160 дугаар зүйл ... заалтыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй“ гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хүлээн авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                                   С.УРАНЧИМЭГ