Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 127/ШШ20223/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2020/0023/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “КК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХАМСЗД-д холбогдох,

Гуравдагч этгээд: “Э” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “...МСЗД-ын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/41, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дугаар захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч К.Б, хариуцагч Хэнтий аймгийн МСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигбаатар, түүний өмгөөлөгч Н.Э, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн өмгөөлөгч М.Т/онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “КК” ХХК-аас ХАМСЗД-д холбогдуулан “...МСЗД-ын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/41, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дугаар захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

            2. Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газрын 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн, 7-5548 тоот мэдэгдэлээр, “Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 892 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, МС-ынТ-2 нэртэй газарт 26346 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын лицензийн 101144Х дугаартай гэрчилгээг “ТМ” ХХК-нд 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдөр олгохоор шийдвэрлэсэн байх ба 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн МV-017401, МV-017399 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл Ашигт малтмалын газраас олгосны дараа Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаартай шийдвэрээр “ТМ” ХХК-ийн МV-017401, МV-017399 дугаартай тусгай зөвшөөрлийг бүхэлд нь толгой компани болох “КК” ХХК-д шилжүүлсэн байна.

            3. Нэхэмжлэгч “КК” ХХК нь МСЗД-ын 2008 оны 59 тоот захирамж, 2015 оны А/39, А/41, А/121 тоот захирамжуудыг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтан болох Хэнтий аймгийн Засаг даргад гомдлоо гаргажээ. Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжавын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 9/927 тоот албан бичгээр “...МСЗД-ын 2008 оны 59 тоот захирамж, 2015 оны А/39, А/41, А/121 тоот захирамжуудыг хүчингүй болгох үндэслэл хангалтгүй гэж үзэж, ... гомдлоо шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг өгчээ.

            4. Нэхэмжлэгч “КК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чанцал 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...“КК” ХХК нь Хэнтий аймгийн МС-ыннутаг дэвсгэрт Т нэртэй ашигт малтмалын МV-017401, Жаргалтхаан, МС-ыннутаг дэвсгэрт Т-2 нэртэй ашигт малтмалын МV-017399 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг болно.

            Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02/113 тоот албан бичгээр манай компаний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн тодорхой хэсэгт өөр аж ахуй нэгжид тариалангийн зориулалтаар газар давхардуулан олгосон тухай дурьдсан байна. Тодруулбал Хэнтий аймгийн МСЗД-ын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дугаартай захирамж, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39 дугаартай захирамж, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/41 дугаартай захирамж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дугаартай захирамжаар тус тус манай компаний Т-2 нэртэй ашигт малтмал ашиглалтын тусгай зөшөөрөлтэй уурхайн талбайд нийт 9 байршилд газар давхардуулан олгосон байна.

            Манай компанийн дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайг анх “ТМ” ХХК эзэмшиж байсан ба ашигт малтмалын хайгуулын ажил хийх зорилгоор 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанд өргөдөл гаргаж, мөн 2005 оны 5 дугаар сарын 03-ны өдөр уртраг, өргөргийг өөрчлөн тус тус өргөдөл гаргасныг Хэнтий аймгийн Засаг дарга дэмжиж 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №582 тоот албан бичгийг ирүүлсэн байна.

            Ингээд Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газрын 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн, 7-5548 тоот мэдэгдэлээр “Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 892 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Т-2 нэртэй газарт 26346 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын лицензийг олгохоор шийдвэрлэсэн.” гэж мэдэгдсэний дагуу ашигт малтмалын хайгуулын дугаар 101144Х тусгай зөвшөөрөл /Хэнтий аймаг, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, МС-ынТ-2 нэртэй газарт орших 26346 гектар талбай/-ийг 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “ТМ” ХХК-д олгосон.

            “ТМ” ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэрээр зөвшөөрч МV-017401, МV-017399 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосоны дараа “ТМ” ХХК нь энэхүү МV-017401, МV-017399 дугаартай тусгай зөвшөөрлийг бүхэлд нь толгой компани болох “КК” ХХК-д шилжүүлсэн болно.

            Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага, мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангасан тул дээрх тусгай зөвшөөрлүүд хууль, журамд заасны дагуу олгогдсон. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10-д “Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон даруйд энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын албанд мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтлэнэ” гэж заасны дагуу ХАМСЗД-д тус тус мэдэгдсэн гэж үзэж байна.

            Гэтэл үүнээс хойш буюу 2008 он, 2015 онд сумын Засаг дарга нь манай компаний эзэмшил бүхий талбайд бусад аж ахуй нэгжид газар эзэмшүүлэхээр давхардуулан олгож захирамж гаргасан нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц хууль бус шийдвэр болсон байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг дараах байдлаар хуульчилсан. Хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 31.4-т “Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байнагэж тус тус заажээ.

            Мөн хуулийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан боловч МС-ынЗасаг дарга нь хуулийн энэхүү зохицуулалтыг зөрчиж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий эзэмшлийн газартай давхцуулж, аж ахуй нэгжид газар эзэмшүүлсэн нь хууль бус байна.

            Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн 20.2.7-т “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах” гэж заасны дагуу манай “КК” ХХК нь дээд шатны байгууллага буюу аймгийн Засаг даргад энэ талаарх гомдлоо гаргасан боловч аймгийн Засаг дарга нь “МСЗД-ын 2008 оны 59 тоот захирамж, 2015 оны А/39, А/41, А/121 тоот захирамжуудыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэх хариуг ирүүлсэн байна.

            Иймээс Хэнтий аймгийн МСЗД-ын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дугаартай захирамж, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39 дугаартай захирамж, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/41 дугаартай захирамж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 тоот захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            5. Нэхэмжлэгч “КК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэнтий аймгийн МСЗД-ын гаргасан захирамжуудаас болж манай компанийн лиценз бүхий эзэмшиж буй газруудад давхардуулж газар олгосноос болж эрх ашиг хөндөгдөж байна. Манай компани МСЗД-ын ... захирамжуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэнтий аймгийн МС-ыннутаг дэвсгэрт “Т”, ашигт малтмалын МВ017401, Хэнтий аймгийн Жаргалтхаан, МС-ыннутаг дэвсгэрт ашигт малтмалын МВ017391 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг албан ёсоор эзэмшдэг компани юм. Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0113 тоот албан бичгээр манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсэгт өөр аж ахуй нэгжид тариалангийн зориулалтын газар давхардуулан олгосон тухай дурдсан байсан. Манай компанийн Т нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй уурхайн талбайд нийт 9 байршил газар давхардуулан олгосон байсан. Манай компанийн хувьд дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “ТМ” ХХК эзэмшиж байсан. Ашигт малтмалын хайгуулын ажил хийх зорилгоор 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай кадастрын албанд өргөдөл гаргаж, мөн 2005 оны 5 дугаар сарын 03-ны өдөр уртраг, өргөргийг өөрчлөн тус тус өргөдөл гаргасныг Хэнтий аймгийн Засаг дарга 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 582 тоот албан бичгээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 755548 мэдэгдэлээр Геологи, уул уурхайн кадастрын даргын 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 892 дугаартай шийдвэрээр Хэнтий аймгийн Т нэртэй газар нийт 26346 га талбайд ашигт малтмалын хайгуулын лицензийг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Ашигт малтмалын хайгуулын 10.1144 тусгай зөвшөөрөл Хэнтий, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, МС-ынТ-2  гэх газарт орших 26342 га талбай бүхий тусгай зөвшөөрөл нь 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “ТМ” ХХК-нд олгогдсон. “ТМ” ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан нь кадастрын хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэрийг зөвшөөрч МВ017401, МВ017399 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг “ТМ”-нд олгосон байдаг. “ТМ” ХХК дээрх 2 тусгай зөвшөөрлийг бүхэлд нь өөрийн толгой компани болох “КК” ХХК-нд бүрэн шилжүүлсэн. Дээрх тусгай зөвшөөрлүүд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах, тавигдах шаардлага, мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг бүрэн хангаж тусгай зөвшөөрөл хуульд заасны дагуу олгогдсон байдаг. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт Төрийн захиргааны байгууллага, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон даруйд энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн талбайд байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын албанд мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтлэнэ гэж заасны дагуу ХАМСЗД-д тус тус мэдэгдсэн гэж үзэж байна. 2016 онд сумын Засаг дарга нь манай компанийн эзэмшил бүхий талбайд бусад аж ахуй нэгжид газар эзэмшүүлэхээр давхардуулан олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхлыг сөргөөр нөлөөлөхүйц хууль бус шийдвэрийг гаргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчилж өгсөн байдаг. Мөн хуулийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхыг хуульчилсан байдаг. Энэхүү хуулийн заалтыг зөрчиж манай эзэмшиж ашиглаж байгаа газар дээр давхардуулж олгосон нь хууль бус байна гэж үзсэн. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг /газар эзэмшүүлэх ашиглуулахтай холбогдсон/ доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох зөрчлийг арилгах арга хэмжээ авах гэж заасны дагуу манай компанийн зүгээс дээд шатны байгууллага болох аймгийн Засаг даргад энэ талаарх гомдлоо гаргасан боловч аймгийн Засаг дарга нь МСЗД-ын захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн. Ингээд МСЗД-ын захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргах болсон” гэв.

            6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“КК” ХХК-ны эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар давхардуулан олгосон нь хууль зөрчсөн байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан ... заалт зөрчигдөж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Анх 2005 оноос эхлэн “КК” ХХК, өмнө нь “ТМ” ХХК гэж байж байгаад зохих журмын дагуу хуульд заасан нөхцөл шаардлагуудыг хангуулсны үндсэн дээр “КК” ХХК-ны эзэмшилд эдгээр ашигт малтмалын лицензүүд ирсэн. 2005 оноос хойш эзэмшихдээ Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн газруудыг авсан.

... Журмын дагуу “ТМ” ХХК-нд одоо маргаад байгаа талбай бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. 2015 онд хайгуулын лиценз эзэмшигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн ашигт малтмалын ашиглах зөвшөөрлийг олгосон. Ингэхдээ тусгай хэрэгцээний газар байна уу, бусдын эзэмшил ашиглалтад, нөөцөд авсан газар байна уу гэдэг энэ бүх шаардлага шалгууруудыг шалгаж үзсэний үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхээр “ТМ” ХХК-нд олгосон.

... Нэхэмжлэгч компанийн зүгээс бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хөндөөгүй. Олгоод байгаа газар маань өөрөө анхнаасаа тариалангийн бүс нутаг байсан. Олон жилийн хугацаанд энэхүү зориулалтаар ашиглаж ирсэн байна. Ашигт малтмалын тухай хууль болон Газрын тухай хууль, газрын нэгдмэл сан, кадастрын нэгдмэл сан гээд маш олон хууль тогтоомжийн хүрээнд Монгол улсад үүссэн газар нутаг, бүс хээр нь өөрөө тодорхой хэмжээний нэгж талбар, дугаар бүхий талбаруудад хуваагддаг. Эдгээр нь газрын нэгдмэл сан гэж явдаг. Нэгдмэл санг үндэслээд удирдах болон хяналтын байгууллага шийдвэр гаргахдаа нэгдмэл санд ямар байгууллага нь бүртгэлтэй байна, ямар байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна, ямар байгууллага нь тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөлтэй байна гэх бүх мэдээлэлд үндэслээд газар олгодог.

Энэхүү нэгдмэл сангаас шүүлт хийгээд, шүүлт хийсний үндсэн дээр Ашигт малтмалын хуульд заасан үндэслэл журмын дагуу, Газрын тухай хуульд заасан журмын дагуу лицензүүдийг “КК” ХХК-нд олгосон байгаа. Тухайн үед олгосон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхэд ямар нэгэн байдлаар бусдын хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй.

Өмнө нь “Э” ХХК-ны гаргасан нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны маргаанд энэхүү асуудлыг авч хэлэлцсэн. Шүүхийн шийдвэрт тодорхой тайлбар дүгнэлтийг хийсэн. Тариалангийн бүс нутгаар эзэмшүүлэхээр олгосон гэх асуудлыг ярьж байна. 2018 оны Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор тариалангийн бүс нутагт гэж тогтоосон тогтоол гарсан байна лээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх аль, алинд тухайн тогтоолтой холбоотой асуудлыг ярилцсан. “Э” ХХК-ны зүгээс Засгийн газрын тогтоолд үндэслэн нэхэмжлэл гаргасан. Үүнд шүүхээс зохих ёсны дүгнэлтийг өгч, нэхэмжлэлийн шаардлагад холбогдолгүй юм байна гэж үзсэн. Ашигт малтмалын газраас олгосон удаа дараагийн шийдвэрүүд нь хууль зөрчөөгүй, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна” гэв.

7. Хариуцагч ХАМСЗД- хариу тайлбартаа: “...Тухайн жилийн төлөвлөгөөнд тусган Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн дуудлага худалдааны зарчмаар, тариалангийн зориулалтаар 2500 га газрыг 2008 оны 9 дүгээр сарын 19-ний А/59 тоот захирамжаар “Э” ХХК-нд эзэмшүүлсэн.

2008 онд олгосон 3 нэгж талбар, давхацсан байсан учраас 2015 онд 3 нэгж талбарын байршил шилжүүлж эзэмшүүлсэн. Иймд эдгээр газруудыг хүчингүй болгох боломжгүй байна” гэжээ.

            8. Хариуцагч Хэнтий аймгийн МСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа” “...Сумын Засаг даргын шийдвэр нь 2008 оны МС-ынИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засаг даргад үүрэг болгосноор нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан. 2008 оны Засаг даргын А/59 дүгээр захирамж нь 2008 оны сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталснаар Засаг даргад үүрэг болгосны дагуу 2500 га газрыг үр тарианы зориулалтаар дуудлага худалдаа явуулан зохион байгуулж олгох шийдвэр гарсан байдаг. Засаг даргын захирамж нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор үүрэг олгосноор захирамжийг нь мөн гаргасан. Тухайн маргаантай газар 1960-аад оны үеэс “Оч нэгдэл” гэж байгуулагдсанаас хойш 3000 га орчим талбайд эргэлтийн цэгтэй газар тариалангийн талбай байсан. “КК” ХХК-ны хэрэгтэй холбоотой нэг лиценз нь 11000 гаруй га газар, нөгөө лиценз нь 1000 гаруй га газар, нийт 13000 га газар юм. Энэ нь МС-ынЧандгана баг, Зөөлөн баг хоёрыг дамнасан том газар байгаа. Энэ нь зөвхөн “Э” ХХК-ны ашиг сонирхол хөндөгдөж, гуравдагч этгээдээр оролцож байгаа юм биш, үүний ард олон малчдын өвөлжөө, хаваржааны гэрчилгээ сунгагдахгүй болж цаашид мал аж ахуйг эрхлэх боломжгүй болж байна. Өвөлжөө, хаваржааны гэрчилгээний хугацаа дуусаад, өвөлжөө, хаваржааны гэрчилгээг сунгуулъя гээд ард иргэд, малчид ирэхэд А лицензтэй газар 2013 онд олгогдсон гэхэд тэд нар “үгүй, юу яриад байгаа юм, 2013 онд ашиглалт, хайгуул болохоос өмнө би авсан” гэдэг. Газар зохион байгуулалтын газраас үүнийг сунгаж өгдөггүй, одоог хүртэл Чандгана багийн иргэдэд хүндрэлтэй байгаа.

... Нэхэмжлэгч компани 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй. 2013 онд ашиглалтаар авснаас хойш 10 жил болж байна. Тухайн газарт маш олон малчид байгаа. Ашиглалтын талбай байсан газарт өвөлжөө, хаваржааны гэрчилгээтэй олон хүмүүс байгаа. Тухайн хүмүүс нь Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцээд манайх энэ газарт өвөлжөөний газар авмаар байна гээд Иргэдийн Нийтийн Хурлаар санал нь дэмжигдээд, газрын даамал дээр давхацсан байна гээд буцаад ирдэг. Үйл ажиллагаа явуулаагүй нь тодорхой. Үйл ажиллагаа явуулсан шав, багана одоог хүртэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.       

   9. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “ТМ” ХХК-нд 2005 онд олгосон. 2013 онд хайгуулын тусгай зөвшөөрлөөр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Эхний захирамж нь 2008 онд гарсан. Хоёр дахь захирамж 2015 онд гарсан. Энэ цаг хугацаанд 2008-2015 оны хооронд “ТМ” ХХК-нд хуулийн этгээдийн эрх шилжиж, энэ компанийн хувьд тусгай зөвшөөрлийн хувьд тухайн байгууллага, тухайн орон нутгийн Засаг, захиргаатай харилцаж байсан. 2016 оны 9 дүгээр сард “КК” ХХК-нд тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байгаа байдал баримтаар харагддаг. 2008, 2015 оны газар эзэмших захирамжууд гараад байхад “ТМ” ХХК юу хийж байсан юм бэ. “ТМ” ХХК тухайн үед орон нутагтай харьцаж, орон нутагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан гэх агуулгатай тайлбарууд байна. Мөн энэхүү газар, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай гэж байгаа бол тухайн газарт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байхад мэдээгүй байна гэсэн үндэслэлүүд харагдахгүй байна. Засаг даргын захирамжийн гол зорилго нь үр тариа, малын тэжээлийг тарих зориулалттай 40 жилийн хугацаатай олгосон. Энэ зорилгын хүрээнд МС-ыннутаг дэвсгэрт байгаа Засаг даргын захирамжаар олгосон талбайд газар тариалангийн, мал аж ахуйн үйл ажиллагаа явуулна. Газар тариалангаас гарсан үр бордоогоор аймаг, орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангах зорилготойгоор стратегийн ач холбогдолтой гарсан захирамж гэж ойлгож болно. Тийм учраас энэхүү захирамжийг Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хууль тогтоомжид нийцсэн захирамж гэж хэлж болохоор байна. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож байгаа үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд 2005 оноос хайгуулын үйл ажиллагаа явуулж байдаг. Хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Орон нутгийн хувьд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж хүргүүлэх чиг үүрэгтэй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл ашиглаж байгаа тохиолдолд тухайн орон нутгийн иргэдийн саналыг авах мөн байгаль орчныг хамгаалах хэмжээнд гаргах, аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагатай газар эзэмших, ашиглах тухай зохих хүсэлтийг гаргахад шийдвэрлүүлэх чиг үүрэг компаниудад байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд 2019 онд гэнэт мэргэжлийн хяналтын газрын шийдвэрийг мэдсэн агуулгатай тайлбарыг гаргадаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн гаргаж байна. Гэтэл 10 гаруй жилийн хугацаа хөндөгдөж байна. 2008 онд гарсан Засаг даргын захирамж, 2015 онд гарсан Засаг даргын захирамжийг 6 жил буюу 72 сарын дараа бид нар мэдсэн гэж гаргаж байгаа энэхүү үйл баримт юм. Энэхүү захирамжийг мэдсэн талаар нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Мэргэжлийн хяналтын газраас явуулсан албан бичгээс мэдсэн гэдгийг дурдаад байгаа болохоос биш, үүнтэй холбоотой албан бичиг явуулсан юм уу. Энэ талаар нотлох баримт хэрэгт байдаггүйг анхаарах нь зүйтэй байна. Засаг даргын захирамжийн агуулгын хувьд Газрын тухай хууль болон Засгийн газрын тогтоол, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зорилготой нийцэж гаргасан шийдвэр.

... “КК” гэх компанид олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт МС-ыннийт хадлан тэжээлийн бүс нутаг хамаарна. Мөн малчдын өвөлжөө, хаваржааны түшиц газар гэж ордог. Газар тариалангийн зориулалтаар 1960-аад он, социализмын үеэс өнөөдрийг хүртэл ашиглаж байсан гурван гол түшиц нөөцийг бий болгосон үржил шим бүхий газар юм.

... Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноороо МС-ыноршин тогтнож байгаа 3 гол суурь, түшиц газрыг үгүй болгох юм. Тийм учраас газар тариалангийн зориулалтаар захирамжуудыг гаргасан байдаг. Тухайн үед аймгийн Засаг даргын шийдвэрээр зөвшөөрсөн хариу өгсөн агуулгатай зүйл ярьж байна. Энэ нь сумаас ямар нэгэн байдлаар зөвшөөрсөн хариу хүргүүлсэн зүйл байхгүй.

... Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.       

10. Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн захирал Ц.Батжаргал хариу тайлбартаа: “...Манай “Э’’ ХХК нь Хэнтий аймгийн МСЗД-ын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дугаар захирамж, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39 дугаар захирамж, мөн өдрийн А/41 дугаар захирамж. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжуудыг Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан журмын дагуу газар эзэмших, ашиглах эрхийг авсан.

Газар эзэмших, ашиглах эрхийг хуулийн дагуу авч газраа үр тариа тарих зориулалтын дагуу өнөөдрийг хүртэл ашиглаж, газрын төлбөрийг жил бүр гэрээнд заасан хугацаанд төлсөөр ирсэн болно.

Гэтэл нэхэмжлэгч нь манай компанийн эзэмшиж буй үр тарианы зориулалттай газрыг өөрийн ашигт малтмалын ашиглалтын МV-017401 тоот тусгай зөвшөөрөл, МV-017399 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай тус тус давхацсан гэх үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            11. Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн өмгөөлөгч М.Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Э” ХХК-ны хувьд Хэнтий аймгийн МСЗД-ын 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 59, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/39, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/41, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжуудыг Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан журмын дагуу газар эзэмших, ашиглах эрхийг авсан. Газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасны дагуу авч тухайн газартаа үр тариа тарих, зориулалтын дагуу өнөөдрийг хүртэл ашиглаж гэрээнд заасны дагуу төлбөрөө төлсөөр ирсэн. Энэхүү маргаантай байдлаас болоод “Э” ХХК нь тогтвортой үйл ажиллагаа явуулахад саад учирсан. Энэхүү талбай нь социализмын үеэс эхлээд газар тариалангийн талбайгаар ашиглагдаж ирсэн. Газар тариалангийн талбайн хувьд ямар ч хамаагүй газар, газар тариалан, үр тариа тарих боломжгүй. Зайлшгүй судалж байж энэ газар ийм тариа тарих эсэх талаар судалгаа хийж байж тарьдаг. МС-ын2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дүгээр шийдвэрээр 2000 м.кв газрыг 30 жилийн хугацаатай тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон. “Э” ХХК-ны хувьд газар, тариалангийн талбай муутай болсон. Газраа барьцаалж тоног төхөөрөмж /зээлээр/ хөдөө аж ахуйн яамнаас авсан. Барьцаанд байгаа хүчин төгөлдөр газрын гэрчилгээний эрх цуцална гэж байгаа нь манай компанийн эрх ашиг хөндөгдөж байна. Нэхэмжлэгч тал үйл ажиллагаагаа одоог хүртэл маргаад байгаа талбайдаа явуулаагүй байдаг. 2019 оноос хойш “Э” ХХК-ны хувьд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм учраас манай компанийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх нэхэмжлэгч “КК” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “КК” ХХК-аас "...МСЗД-ын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/41, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дугаар захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд гаргасан.

2.1 Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий МСЗД-ын захирамжуудыг хүчингүй болгуулахаар Хэнтий аймгийн Засаг даргад 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гомдлоо бичгээр гаргасан байх бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжавын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 9/927 тоот албан бичгээр “...гомдлоо шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариу авчээ.

2.2 Иймд шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн тул захиргааны хэрэг үүсгэн шалгаж, нэхэмжлэлийн шаардлагад үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3. Анх Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 892 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Өмнөдэлгэр сумдын нутагт байрлах Т-2 нэртэй 26346 гектар талбай бүхий 10144Х дугаар ашигт малтмалын хайгуулын лицензийн гэрчилгээг[1] ТМ ХХК-д олгож, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр 11690.18 гектар талбайд MV-017399 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл[2] олгосон байна. Мөн тус компанид Геологи, Уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт, МС-ыннутагт байрлах Т нэртэй 6826 гектар талбай бүхий 9720Х дугаар ашигт малтмалын хайгуулын лицензийн гэрчилгээг[3] олгож, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн МС-ыннутагт 1762.30 гектар талбайд MV-017401[4] дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл тус тус олгожээ.

4. Тус ТМ ХХК-иас ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх хүсэлт гаргасан тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр Тугалтай-2 нэртэй 11690.18 гектар талбай бүхий MV-017399 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг КК ХХК-нд шилжүүлсэн, мөн ТМ ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр түүний Т нэртэй 1762.30 гектар талбай бүхий MV-017401 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг КК ХХК-нд шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн тухайд:

5.1 “Э” ХХК-нд анх Хэнтий аймгийн МСЗД-ын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дүгээр захирамжаар МС-ын5 дугаар багийн нутаг Чандаганы уурхайн баруун талд 2500 га газрыг үр тариа, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар газар эзэмшүүлж, 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 009967 дугаартай газар эзэмших гэрчилгээ[5] олгосон байна.

5.2 Мөн тус сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар МС-ын5 дугаар багийн нутаг Чандаганы уурхайн баруун талд 103 га газрыг үр тариа, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/41 дүгээр захирамжаар МС-ын5 дугаар багийн нутаг Чандаганы уурхайн баруун талд 205.5 га газрыг үр тариа, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар “Э” ХХК-ийн дуудлага худалдаагаар авсан 492716, 492717 дугаартай талбайгаас 183 га талбай нь Професи Пауэр женерейшн ХХК-ийн талбайтай давхацсан тул кадастрын 492712 дугаартай талбайгаас 172.5 га газрыг гуравдагч этгээд “Э” ХХК-нд тус тус эзэмшүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх захирамжууд[6], газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

6. Тус шүүхээс, ХАМСЗД-ас гаргасан маргаан бүхий захирамжуудаар “Э” ХХК-нд тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын байршлууд нь “КК” ХХК-ийн эзэмшдэг МV-017401, МV-017399 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай эсэхийг тодруулахаар шүүхээс шинжээчийг томилсон бөгөөд Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Болор-Эрдэнэ, Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Наранбаяр нарын гаргасан шинжээчийн дүгнэлтийн зураглалаар[7] нэхэмжлэгч “КК ХХК-ийн эзэмшлийн “Т-2 нэртэй 11690.18 гектар талбай бүхий MV-017399 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай “Э” ХХК-ийн тариалангийн зориулалттай талбайнууд 9 нэгж талбарт давхцалтай болох нь тогтоогдсон.

7. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд ХАМСЗД- нь 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/41, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дугаар захирамжуудаар “Э” ХХК-нд тариалангийн зориулалттай газар эзэмшүүлэхдээ “КК ХХК-ийн эзэмшлийн MV-017399 дугаартай “Т-2” нэртэй ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулж олгосон болох нь шинжээчийн дүгнэлтийн зураглал болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

8. Харин Хэнтий аймгийн МСЗД-ын гаргасан маргаан бүхий дээрх захирамжууд нь “КК ХХК-ийн эзэмшлийн MV-017401 дугаартай “Т” нэртэй ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна.

9. “ТМ ХХК-нд 2005 онд ашигт малтмал хайгуулын лицензийн гэрчилгээнүүдийг олгох үед Хэнтий аймгийн МСЗД-ын захирамжаар газар тариалангийн зориулалтаар “Э” ХХК-нд газар эзэмшүүлээгүй байсан, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбай нь хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй, мөн Хэнтий аймгийн Засаг дарга 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 582 дугаартай саналаар[8] дэмжсэн байх бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 435 дугаартай, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 436 дугаартай, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай 14 дугаартай, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай 15 дугаартай шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх, 26 дугаар зүйлийн 26.3.4-т ... ашиглалтын тусгай зөвшөөрөл авах  хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэхээр заасныг тус тус зөрчөөгүй байна.

10. Иймд нэхэмжлэгч “КК ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь гуравдагч этгээд “Э”-ХХК-ийн тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхээс түрүүлж үүссэн болох нь дээрх үндэслэлүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

11. Иймээс Хэнтий аймгийн МСЗД-ын гаргасан маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч “КК” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

12. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 100 дугаартай захирамжаар “Э” ХХК, “БД” ХХК-иудын хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзээд гуравдагч этгээдээр татан, эрх үүргийг тайлбарлаад, нэхэмжлэлийн хувь гардуулсан.

“БД” ХХК-аас манай компанийн эрх ашиг хөндөгдөөгүй, гуравдагч этгээдээр тухайн хэрэгт оролцохгүй гэдгээ албан бичгээр[9] ирүүлснийг дурдах нь зүйтэй.

13. Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн өмгөөлөгч М.Тнь шүүх хуралдааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т заасан үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан.

13.1 Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 тоот тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах албан ёсны тогтоол гарсан. Тухайн тогтоолд Нэгдүгээрт: шүүгчээс татгалзсан тохиолдолд хүсэлтээ бичгээр гаргах, Хоёрдугаарт: ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа тодорхойлох, Гуравдугаарт: нотлох баримттай байх гэсэн үндэслэлүүдийг тусгасан байна.

13.2 Гэтэл гуравдагч этгээд “Э” ХХК-ны өмгөөлөгч М.Тнь хүсэлтдээ, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгчээс татгалзаж байна гэсэн хүсэлт ирүүлсэн ба ямар шалтгаан, үндэслэлээр шүүгчээс татгалзаж байгаа талаарх татгалзлын үндэслэлээ тодорхой дурдаагүй, татгалзсан үндэслэлээ нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “КК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХАМСЗД-ын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/39, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/41, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дугаар захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч “КК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХАМСЗД-ын ажлын алба, сумын Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “КК” ХХК-нд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т тус тус зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах ба давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргана.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.БАЯСГАЛАН

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 123-127 дугаар хуудас,

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас,

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 128-132 дугаар хуудас,

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр хуудас,

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 110-113 дугаар хуудас,

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр хуудас,

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар хуудас,

[9] 2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас,