Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч *******,

Хохирогч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201505000362 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 03 дугаар багийн 44 дүгээр гудамжны 06 тоотод 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар *******ын толгой, нүүр хэсэгт төмрөөр цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 11 сарын 11-ний орой Мөнхжаргалынд очсон. Мөнхжаргалынд 5 хүн байсан. Миний таньдагаас Мөнхжаргал, Эрдэнэдалай хоёр байсан. Бусад хүмүүсийг танихгүй. Намайг очиход тэд нар архи, пиво уугаад сууцгааж байсан. Мөнхжаргалынд ороод орон дээр нь сууж байтал тэнд байсан залуучууд наашаа суу танилцъя гэсэн. Тэгэхээр нь ширээнд нь очиж суусан. Хүмүүс надад хундагаар архи өгөхөөр нь би 4-5 удаа татсан байх. Намайг ширээнд суухаас өмнө Мөнхжаргалын эхнэр хоёулаа айлд очоод ирье гэхээр нь түүнтэй айлд очиж Энх-Ундралын найз бүсгүйг авчирсан. Намайг цохьсон гэх залуугийн найз нь гэх залуу ойр зуурын юм ярьж сууж байснаа танай нутаг ямар мяа юм бэ гэсэн утгатай зүйлийг ярьсан. Тэгэхээр нь би найзаа чи хүний нутагт ирчихээд ийм зүйл ярьж болохгүй шүүдээ гэдгийг хэлсэн. Тэгсэн ******* хоёулаа гараатахъя гэж надад хандан хэлсэн. Түүнтэй гэрээс хамт гарсан. ******* гэрээс гарч ирчихээд найзаа би найзыгаа дагуулж ирчихээд нутагтаа зодуулчихмааргүй байна гэж хэлсэн. Би түүнд хандан чи тэгвэл найзыгаа чимээгүй болгочих, зодоон цохион үүсгээд байх шаардлага алга гэдгийг хэлсэн. Дээрх зүйлийг яриад зогсож байтал ******* миний зүүн талын шанаа руу зангидсан гараараа нэг удаа цохьсон тэгэхээр нь түүнтэй барилцаж аваад зодолдсон. Тэгтэл Мөнхжаргалын эхнэр Энх-Ундрал гэрээс гарч ирж бид хоёрыг салгасан. *******аас салчихаад гэр рүү орсон. Гэрт орчихоод жаахан сууж байгаад гэрт байсан хүмүүст би *******тай уулзаж уучлалт гуйчихаад харьж амарлаа гэж хэлээд гэрээс гарахад л үйл явдал болсон гэсэн. Би хүн юмаар цохиж авахыг хүртэл мэдээгүй байсан. Эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байхдаа ухаан орж өөрийгөө гэмтсэнээ мэдсэн... Улаанбаатар хотод очоод гэмтлийн эмнэлэгт 7 хоносон, нэгдүгээр эмнэлэгт 7 хоносон. Нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний тасагт хагалгаанд орсон. Хүнд цохиулсны улмаас миний нүүрний баруун талын хэсэгт гэмтэл үүсч яснууд хугарч, цуурсан. Баруун талын зовхи нээгдэхээ больсон. Баруун нүд харахаа больсон. Мөн тархинд цус хуралттай, нэг шүдний паалан унасан. Биеийн өөр хэсэгт гэмтэл, шарх үүсээгүй. Миний толгой, хүзүүний хэсгээр байнга өвдөж, баруун талын нүднээс нулимс гойжиж, нуухтаж байгаа. Шүдний паалан унаснаас болж халуун, хүйтэн зүйл уухаар шүд өвдөж байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25/,

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Тухайн үед Мөнхжаргалынд архи ууж сууж байгаад ******* намайг дагуулж гараад цохисон. Би эргүүлээд хоёр цохисон. Бид хоёрыг зодолдоод байж байхад Эрдэнэдалай гарч ирж салгасан. Би гэрт ороод утсаа аваад гарахад өмнөөс цохисон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Эмнэлэг дээр сэрсэн гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 11 сарын 11-ний өдрийн орой нар жаргасан хойно ажлаа тараад гэртээ ирэхэд *******, Лхагваа, Цэдэвээ, манай нөхөр Мөнхжаргал, Батбаяр, Эрдэнэдалай нар байсан. Мөн манай эгчийн хүүхэд Соёл-Эрдэнэ, манай хүүхэд байцгааж байсан. Намайг гэрт ороход тэр хэд дундаа архи, пиво тавьсан ууцгаагаад хоорондоо юм ярьцгаагаад байсан. Тэгтэл Батбаяр, Лхагваа нар хоорондоо маргаад байх шиг байсан. Лхагваа нь танай Баянхонгор миа юмаа, тамхи асаагаад өгчих энэ тэр гээд байгаа бололтой байсан. ******* тэр хоёрын дундуур ороод та хоёр больцгоо гэж хэлчихээд Батбаярыг хамт гаръя гэж ******* хэлсэн. *******, Батбаяр нар гэрээс гарсан. Манай гэрт байсан хүмүүс нилээн халцгаасан байсан. Батбаяр, ******* нар хоорондоо өндөр өндөр дуугаар ярьцгаагаад байсан. Нэг их удаагүй Батбаяр гэрт орж ирсэн. ******* хамт орж ирээгүй, гадаа үлдсэн бололтой байсан. Батбаяр гаднаас орж ирээд гэрийн баруун талын орон дээр сууж байгаад би явлаа гэж хэлээд гэрийн хаалгаар гарахаар тонгойж харагдсан. Тэгтэл түүнийг ******* ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон. Тэгсэн Батбаяр босго дамнаад дээш хараад газар унасан. Хүүе юу болов гээд очихын завдалгүй ******* Батбаярыг том дугуй хэлбэртэй төмрөөр нүүр рүү нь цохьсон. Би гүйж очоод түүний гараас төмрийг нь авч шидсэн. Манай дүү Эрдэнэдалай *******ыг гэрийн гадаа үүдэн дээр дараад хэвтсэн. Батбаярыг манай нөхөр би, мөн манай дүү Эрдэнэдалай бид нар гэр рүү оруулсан. Эрдэнэдалай гэрээс буцаж гараад *******ыг газар дарж хэвтсэн. ******* гэр рүү буцаж орж ирэх гээд байсан юм. Би Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн төв рүү дуудлага өгсөн юм... Тухайн төмөр бол манай гэрийн ард өрхний оосорт уясан байсан төмөр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн:

Би Төв аймгийн Зуунмод хотод амьдардаг юм. ******* бид хоёр Батлан хамгаалахын их сургуулийг хамт төгссөн юм. ******* Баянхонгор аймаг руу яваад идэш хоол авчрах гэсэн юм хамт яваач гэж гуйхаар нь түүнтэй хамт явахыг зөвшөөрсөн юм. *******, түүний ахтай 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой Баянхонгор аймагт ирсэн. ...Бид Мөнхжаргалынд архи, пивоо ууцгаагаад байж байхад Цэдэвсүрэн Мөнхжаргалын гэрийн шалны хивс дээр пиво асгасан. Би түүний зүүн гар талд сууж байсан. Тэгтэл Мөнхжаргал Цэдэвсүрэнд хандаж тоглоом шоглоомоор хэлснийг мэдэхгүй, чи наадахаа асгасан юм бол өөрөө сор гэсэн утгатай зүйлийг ярьсан. ******* хажуугаас нь ингэж болохгүй ш дээ. Чи ингэх болоогүй гэж хэлсэн. Тухайн ярианд Эрдэнэдалай орж ирээд хүнийг хатгасан аястай үг хэлсэн. Яг юу гэж хэлснийг санахгүй байна. Мөн Батбаяр ярианд орж ирээд ******* руу чи юу гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн ******* чи өөрөө яах гээд байгаа юм гээд маргалдах шинжтэй болсон. Тэгээд хүмүүс гайгүй болоод сууцгааж байсан. Эрдэнэдалай Пунцагаа гарчихаач гэсэн. Эрдэнэдалай мөн Батбаярт хандан та хоёр гарчихаач гэж хэлж байсан. *******, Батбаяр нар гэрээс хэрэг болохоос өмнө гарч явцгаагаад байсан. Харин сүүлд гарахдаа хоорондоо асуудал үүсгэсэн юм билээ. *******, Батбаяр хоёрыг хоорондоо зодолдсоныг би хараагүй. ******* Батбаярыг нэг урт зүйлээр цохьсон гэж ярьж байсан. Тэр үедээ юугаар цохисныг мэдээгүй. Тэгтэл маргааш өглөө нь намайг тэр түрүүлээд цохисон, би түүнийг төмрөөр цохисон гэж хэлж байсан. Батбаяр намайг гэрээс дуудаж гараагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-39/,

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2015 оны 11 сарын 11-ний өдөр Мөнхжаргалынд бид нар архи ууцгаасан. Уугаад сууцгааж байхад *******, Батбаяр нар маргаад байсан, яг юунаас болж маргасныг нь мэдэхгүй. ...Тухайн үед Лхагва-Очир нь Батбаяр, Эрдэнэдалай нар руу би аймагтаа байсан бол ингэхгүй гээд жаахан үгээр идээд байх шиг байсан. Тэгэхээр нь би Лхагва-Очирыг дуугүй бай, яах гэж ингэж байдаг юм, үүнээсээ болж хэрэлдэж зодолдохно уу гээд болиулсан. Батбаяр Лхагва-Очирт хандан би танай нутагт очсон бол чимээгүй сууж байна гэсэн утгатай зүйлийг хэлсэн. ******* Батбаярыг цохихыг яг хараагүй, тэрхэн зуурт би зурагт хараад сууж байсан. ******* Батбаяр нар эхэндээ жаахан маргас хийж байснаа хамт гарч яваад удаагүй инээлдээд орж ирсэн. Харин хоёр дахь удаагаа гарахдаа бие биенээ гаръя энэ тэр гээд байсан. Яг юунаас болж маргасныг мэдээгүй. Гадаа гарчхаад *******, Батбаяр нарыг яасныг мэдэхгүй. Лхагва-Очир бид хоёр гэрийн баруун талын орон дээр ойр зуурын юм ярилцаад сууж байгаад эргээд хартал Батбаяр гэрийн гаднах довжоон дээр хэвтэж байгаа харагдсан. Тэгэхээр нь босоод яав ийв гээд гэрээс гарсан. Намайг гадаа гарахад Эрдэнэдалай ******* нар газар ноцолдож байх шиг харагдсан. Би больцгоо, ингэж уух байсан бол хэрэггүй уудаг байж гэж хэлсэн. Тэгээд нэг харахад Батбаярыг гэрт оруулсан гэрийн хаалга онгорхой байсан гэх мэдүүлэг /хх-н 40-42/,

Насанд хүрээгүй гэрч Х.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2016 оны 11 сарын 11-ний орой хичээлээ тараад гэртээ ирэхэд Мөнхжаргал ахынд *******, Лхагва-Очир ах нар байсан. Тэд нар дундаа архи тавьсан ууцгаагаад хоорондоо юм ярилцаад сууж байсан. Лхагва-Очир, ******* ах хоёр Батбаяр ах руу гарч машинаа оруул, тамхи асаагаадах, танай Баянхонгор жижиг юмаа гээд байсан. Тэгэхэд нь Батбаяр ах чимээгүй суугаад байсан. Тэгж байж байгаад ******* ах, Батбаяр ахад хандан хоёулаа гарч зохицъя гэж хэлээд хамт гэрээс гарцгаасан. Гадаа *******, Батбаяр ах нар хоорондоо өндөр өндөр дуугаар ярьцгаагаад байсан. Тэгтэл Энх-Ундрал эгч гэрээс гарах гэтэл нэг нь яах юм бэ? Наад хоёр чинь чамайг гарах юм бол онгироод бөөн зодоон болно гэсэн утгатай зүйлийг ярьсан. Энх-Учдрал эгч тэгээд гэрээс гараагүй. Гаднаас Батбаяр ах орж ирсэн. Түүнийг гэрт орж ирчихээд байж байхад хаалгыг гаднаас нь ******* ах онгойлгоод завсар гаргаад харж байснаа би орж болох юм уу гэж сул дуугаар асуусан. Тэгэхэд би гэрийн баруун талд угаалтуурын хажууд зогсож байсан. ******* ахын тэгж хэлэхийг хүмүүс сонсоогүй. Хоорондоо юм ярьцгаагаад байсан. Батбаяр ах би явлаа гэж хэлээд үүд рүү алхаад хаалга онгойлоод гарах гэтэл нь түүнийг ******* ах нэг дугуй төмрөөр нэг удаа цохисон тэгтэл Батбаяр ах дээшээ хараад ухаан алдаад газар унасан. Энх-Ундрал эгч орилоод гарахын завдалгүй ахиад төмрөөрөө цохисон. Эрдэнэдалай ах гүйж гараад ******* ахаас төмрийг нь булааж аваад газар тавьсан. Энх-Ундрал эгч төмрийг нь аваад бүр холдуулж шидсэн. ******* ахыг Эрдэнэдалай ах тэврээд ноцолдсон. Тэр үед Лхагва-Очир гэх ах Эрдэнэдалай ахыг өшиглөсөн. ******* ах Эрдэнэдалай ахын дээр нь гарсан байсан. Тэгэхэд Лхагва-Очир ах өшигөсөн. Би тэр үед гэрийн дотор үүдэнд зогсож байсан. Гэрийн хаалга нээлттэй байсан. Тэр төмөр нь Мөнхжаргал ахын гэрийн ард өрхний оосорт уяатай байсан даруул төмөр байсан. Би тэр төмрийг урд өмнө нь гэрийн өрхийг татаж байхдаа өрхний оосорт уяатай байхыг нь харж байсан юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43/

Гэрч н мөрдөн байцаалтад өгсөн:

2015 оны 11 сарын 11-ний өдөр Мөнхжаргалынд *******, Батбаяр, Мөнхжаргал, Цэдэвсүрэн, Лхагва-Очир бид нар архи пиво ууж байхад *******, Батбаяр нар маргалдаад гадаа гарч учраа олоё гээд гарсан. Удалгүй хашааны буланд 2 хүн орилох чимээ гарахаар нь би гүйгээд гартал ******* нь Батбаярын нүүрлүү гараараа нэг удаа цохиход нь Батбаяр нь *******ыг хавсарч унагаад толгой, шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Би очоод Батбаярыг салгаж аваад гэрт оруулчихаад гараад *******ыг оруулж ирэх гэхэд гадаа байхгүй байсан. Тэгээд орж ирээд сууж байтал удалгүй Батбаяр нь явлаа гээд гэрээс гарах гээд нэг хөлөө давуулаад газар унахаар нь бид нар яваад очих хооронд ******* нь Батбаярын нүүрэнд том төмрөөр нэг удаа цохисон. Би *******ыг барьж аваад ноцолдож байгаад гараас нь төмрийг нь авч шидчихээд Батбаярыг өргөлцөж гэрт оруулсан. *******ыг гэрийн үүдэнд тэврээд хэвтэж байхад *******ын найз Лхагва-Очир нь ирээд миний нүүрлүү нэг удаа өшиглөсөн. Надад гэмтэл учраагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 344 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт: *******ын биед баруун хоншоор ясны урд хананы цөмөрсөн хугарал, хугаралын шугам дээш баруун нүдний ухархайн доод дээд хана, духны баруун сэртэн рүү нийлмэл үргэлжилсэн хугарал, баруун тал бөмбөлгийн духны эдэд няцрал, цус хуралт, баруун ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, гэмтлийн гаралтай баруун нүдний нулимсны хүүдийн үрэвсэл, гэмтлийн гаралтай баруун нүдний судаслаг бүрхүүлийн урагдал, болор цайлт, баруун нүдний хараа 0,01, баруун нүдний доод зовхины няцрал, хамрын баруун талын шарх, 2 нүдний зовхины цус хуралт гэмтлүүд учирчээ. 2: 3. 4. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх духны баруун сэртэн рүү нийлмэл үргэлжилсэн хугарал, баруун тал бөмбөлгийн духны эдэд няцрал, цус хуралт гэмтлүүд нь 2014.12.55-ны өдрийн ХЗ-н сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан А216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад баруун хоншоор ясны урд хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод дээд хананы нийлмэл хугарал, баруун нүдний дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхины няцрал, хамрын баруун талын шарх, эрүүний доорх шарх, зүүн хацрын няцрал, нүүрний хэсгийн олон зулгарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, гэмтлийн гаралтай нүдний эмгэгээс үүссэн баруун нүдний хараа бууралт /0.01/ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 33.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид нүдний эмгэг, хараа бууралт ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 198-204/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой Улаанбатар хотоос Лхагва-Очир, ах Одбаяр нарын хамт өвлийн идшээ авах гэж ирсэн. ...би Эрдэнэдалай, Цэдэвсүрэн, Лхагва-Очир бид нар дэлгүүрээс архи, пиво худалдаж аваад Мөнхжаргалынд очоод хоол идээд байж байтал Эрдэнэдалай, Цэдэвсүрэн нарыг Батбаяр гэх Шинэжинст сумын залуу хүрээд ир машин холбоод асаагаатахаач гэж дуудсанаар тэр хоёр явсан. Эрдэнэдалай, Цэдэвсүрэн нар жаахан удаж байгаад буцаж ирсэн. Араас нь удалгүй Батбаяр машинтайгаа ирсэн. Бид тэгээд нийлж сууцгаагаад архи, пиво ууж эхэлсэн. Тэгээд байж байхад хүмүүс явж дэлгүүрээс архи, пиво авчирсан. Түүнээс хойш бид нар ойр зуурын юм ярилцаад сууж байхад Цэдэвсүрэн ууж байсан аягатай пивоо асгасан, Цэдэвсүрэн Мөнхжаргалын дүүг ахын дүү шалны алчуур аваад ирээч гэхэд хажуугаас нь Мөнхжаргал чи наадахаа өөрөө сорж уу гэж хэлсэн. Мөн хажуугаас нь Эрдэнэдалай Цэдэвсүрэн рүү үг хаясан, хэлсэн үг нь болохоор сонин санагдахаар үг байсан. Тэгэхээр нь би тоглоом тоотой нь дээр шүү гэж Эрдэнэдалайд хандан хэлтэл Батбаяр хажуугаас ярианд орж ирээд Эрдэнэдалайг өмөөрч байгаа юм шиг би барилддаг, сум, аймаг хоёрын хооронд явдаг, өнөөдөр хүн олдсонгүй гэж хэлсэн. Батбаяр бид хоёр маргасан. Гэрээс Батбаяр бид хоёр, хоёр удаа гарч тамхилж уулзсан. Тэгэхэд янз бүрийн асуудал болоогүй. Харин 3 дахь удаагаа ам мурийхад Эрдэнэдалай хажуугаас эр хүмүүс шиг гарчихаач гээд байсан. Батбаяр бид хоёр тэр үед гэрээс гарсан. Гэрээс гараад бие засах газрын хажууд алхаж очсон. Тэгтэл Батбаяр миний нүүр рүү нэг удаа цохиод доогуур зүүн хөл рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь түүнтэй барилцаад авсан. Түүний дор би орсон. Батбаяр учир зүггүй намайг цохиж зодсон. Удаагүй Батбаяр намайг орхичихоод гэр рүү орсон байсан. Би тэрхэн зуур ухаан балартсан байсан. Нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Тэгээд сэргээд Батбаяраа гэж орилсон. Тэгтэл удаагүй Батбаяр гэрээс гарч ирсэн. Тэгэхээр нь төмөр аваад шидсэн. Тухайн үед би уурлаж бухимдсан, зодуулсандаа шарлахсан. Түүний улмаас газар байсан гартаа баригдсан төмрийг авч шидсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-71/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 2-5/

*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 12-13/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ийн тодорхойлолт /1-р хх-ийн 14/

Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 16-19/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 20-21/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ын тодорхойлолт /хх-ийн 48/

*******ын иргэний үнэмлэх, диплом, албаны үнэмлэх зэргийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 77-84/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 85, 170/,

Хохирогч *******ын хувийн байдлыг тогтоох баримтууд /1-р хх-ийн 86-92/

*******ын өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 97-105/

Хохирогч *******ын эмчилгээ хийлгэсэн баримт, өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 106-121, 192-215/

Хохирогч *******ын гэмтсэн үеийн нүүрний зураг, хохиролын талаарх баримтууд, ХЗ-н туслалцаа үзүүлэх гэрээ, орлогын мэдүүлэг /1-р хх-н 122-130, 154-155, 2-р хх-н 76/

Сүн чон хян бүчон эмнэлгийн хариу бичиг /2-р хх-ийн 23-24/

Мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 25/

Баримт бичигт үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 60-61/

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 09 сарын 30-ны өдрийн 30 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 82-83/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 04/1166 дугаартай “иргэн *******ийн биед учирсан гэмтэл болон бусад асуудлыг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргахад толгойн рентген болон КТГ-н зургууд зайлшгүй шаардлагатай байх тул одоогоор дүгнэлт гаргах боломжгүй байна” гэх албан бичиг /2-р хх-ийн 193 болон шүүх хуралдаанд хохирогчоос гаргасан шатахууны зардлын баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Хохирогч ******* нь өөрт уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд нотлох баримтаар нийт 3.565.240 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь уг гэмт хэргийн улмаас Шинэжинст Баянхонгор сумдын хооронд ирж очиход зарцуулсан шатахууны төлбөрт 149.000 төгрөг нэхэмжилсэн баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгснийг шүүгдэгч *******аас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч нь цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах тухай санал гаргасан боловч уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хор арилаагүй, хохирогч гомдолтой, цаашид хийлгэх эмчилгээний зардалыг нэхэмжилж байх тул өмгөөлөгчийн саналыг шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч ******* нь анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохиролыг төлсөн байдал зэргийг ял хөнгөрүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэж түүний эдлэх ялын дэглэмийг нь хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн учир 99 хоног цагдан хоригдосныг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөрийг устгаж, хохирогч *******ын толгойн томографын 5 ширхэг зургийг хохирогчид буцаан олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч *******ын эзэмшлийн 3 толгой сарлагын үхэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 99 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмрийг устгаж, хохирогч *******ын толгойн томографын 5 ширхэг зургийг хохирогчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 3 толгой сарлагийн үхэрийг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 149.000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгосугай.

8. Хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлйин 297.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА    

                                 ШҮҮГЧИД Д.БАТЦЭНГЭЛ

                                                  Н.БААСАНБАТ