| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2022/03141/И |
| Дугаар | 101/ШШ2022/03767 |
| Огноо | 2022-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2022/03767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Ж-т холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 26,516,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг, нийт 28,016,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Х нь Улаанбаатар хотоос дизель түлш тээвэрлэн, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайнуудад худалдан борлуулдаг байсан бөгөөд хариуцагч Ч.Ж нь нэхэмжлэгч Д.Х аас 2017 оны 06 сараас 2017 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 26,516,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш худалдан авсан. Хариуцагч Ч.Ж шатахууны үнийг өнөөдрийг хүртэл төлөөгүй 26,516,000 төгрөгийн өртэй байгаа. Мөн хариуцагч Ч.Ж нь нэхэмжлэгч Д.Х аас 1,500,000 төгрөгийг зээлж авсан байдаг. Уг мөнгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Хариуцагч Ч.Ж нь нэхэмжлэгчид 28,016,000 төгрөгийн оронд ******* УНГ улсын дугаартай Вейвен Норд Бенз ND3250 маркийн тээврийн хэрэгслийг тооцон авах гэсэн боловч тухай тээврийн хэрэгсэл нь эрхийн зөрчилтэй байсан тул төлбөртөө тооцож авч чадаагүй. Хариуцагч Ч.Ж нь одоог хүртэл 28,016,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байгаа. Иймд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэсэн, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 26,516,000 төгрөг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн, зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг, нийт 28,016,000 төгрөгийг хариуцагч Ч.Жгээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Х т олгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
2. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 3-11, 28, 37 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч талаас тайлбар гаргаагүй, нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 26,516,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг, нийт 28,016,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.
3. Хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариуцагчид эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаар танилцуулж, хэргийн материалтай танилцсан байна.
Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
4. Хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай тогтоолд Ч.Ж нь 2017 оны 10 дугаар сард иргэн Д.Х т 79-49 УНГ улсын дугаартай Вевен норд бенз ND3250 загвар-ын ачааны автомашиныг дизель түлшний үлдэгдэл төлбөр болон зээлдсэн 1,500,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийн төлбөрт өгч зарсан байх ба Д.Х т зарсан гэдгээ мэдсээр байж гуравдагч этгээд буюу Б.Соёлоод худалдсан нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг мөн гэж үзсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /хх-5-7/
5.Нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 7,750,000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 9,300,000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3,797,000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 19,762,000 төгрөгийн, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 6,665,000 төгрөгийн, 2017 оны 09 сарын 08-ны өдөр 6,200,000 төгрөг, 2017 оны 09 сарын 12-ны өдөр 15,500,000 төгрөг, 2017 оны 09 сарын 19-ний өдөр 12,772,000 төгрөг, 2017 оны 9 сарын 21-ний өдөр 9,734,000 төгрөг, 2017 оны 9 сарын 27-ны өдөр 6,200,000 төгрөг, 2017 оны 10 сарын 03-ны өдөр 15,903,000 төгрөг, 2017 оны 10 сарын 13-ны өдөр 16,416,000 төгрөг, нийт 129,999,000 төгрөгийн дизель түлшийг өгснөөс, хариуцагч нь 103,483,000 төгрөгийг төлж, 26,516,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарлаж, тооцооллыг хүснэгтээр гаргаж өгсөн байна. Мөн нэхэмжлэгч өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт Жигэ нэрээр дизель түлшний тооцоог гараар бичсэн баримтыг өөрийн нэхэмжлэлийн шаардлага нотлохоор шүүхэд гаргаж өгсөн. Уг тэмдэглэлийн дэвтрийн хуулбартай хариуцагч танилцаад тухайн баримтыг үгүйсгэх тайлбар, баримт гаргаж өгөөгүй.
6. Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд дизель түлш худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан зохицуулалтаар дизель түлшний үлдэгдэл төлбөрийн маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин зээлийн 1,500,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн байдлаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн баримтгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
7. Иймд хариуцагч Ч.Жгээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 26,516,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Х т олгож, харин зээл олгосон баримтгүй тул зээлийн гэрээний үүрэг 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн төлөх 26,516,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргаж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 234.1-т зааснаар хариуцагч Ч.Жгээс зээлээр худалдан авсан шатахууны төлбөр 26,516,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Х т олгож, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс зээл 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 290,530 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ