| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 113/2022/0004/З |
| Дугаар | 113/ШШ2023/0002 |
| Огноо | 2023-02-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 113/ШШ2023/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК (РД:....),
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Ц
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н
Хариуцагч: ГСА БС
Гуравдагч этгээд: “Б” ХХК (РД:.........)
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Л нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирал Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч Г.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь анх ГСА БСЗ даргад холбогдуулан, “сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр (а) ГСАЗД-д холбогдуулан “аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/187, А/188 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”, (б) ГСА БСЗД-д холбогдуулан “З.Хатанзориг, О.Наранхүү нарын нэр дээрх газруудын гэрчилгээг “Б” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхгүй байгаа БСЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын гэрчилгээ гаргахыг даалгах”-аар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг шүүх дараах байдлаар шийдвэрлэсэн. Үүнд:
2.1. Энэ хэсгийн 2(а)-д заасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 113/ШЗ2022/0134 дүгээр шүүгчийн захирамжаар ГСАЗД-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан бол 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 113/ШЗ2023/0008 дугаар шүүгчийн захирамжаар “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ГСАЗД-д холбогдох 113/2023/0001/Т индекс дугаартай хэргийг энэ захиргааны хэргээс тусгаарласан.
2.2. Энэ хэсгийн 2(б)-д заасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 113/ШЗ2022/0134 дүгээр шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2022/1034 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн.
3. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
3.1. ГСА БСЗД-ын 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаар захирамжаар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн, эвдрэлд орсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээж, цэвэрлэж сайжруулсантай нь холбогдуулан 1-р баг, цахилгаан станцын зүүн урд, улаан гаражийн баруун урд талд байршилтай 5 га газрыг “Б” ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
3.2. Харин, газар эзэмшигчийг газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, Усны тухай хууль тогтоомжид заасан дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, Газрын тухай хууль тогтоомжид заасан газрын төлөв, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгээгүй, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрыг бусдад ашиглуулсан зэрэг зөрчил гаргасан гэх үндэслэлээр, БСЗД-ын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар “Б” ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
3.3. Хариуцагч нь уг захирамжийг “Б” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд заасан хаяг болох Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13-р хорооллын 171в-32 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн /шуудангийн баримтад огноо тодорхойгүй/ гэж тайлбарлана.
3.4. “Б” ХХК нь ГСА БСЗД-ын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн талаар дараах хүсэлт, гомдол, нэхэмжлэлийг гаргажээ:
3.4.1. Тус компанийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/20 дугаартай албан бичгийг БСЗД-д хүргүүлэхдээ, маргаан бүхий А/24 дүгээр захирамжийн талаар дурдаж, уг шийдвэрийн үндэслэл болгосон холбогдох баримтыг ирүүлэхийг шаардсан.
3.4.2. Тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ц 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 02/01 дугаартай албан бичгийг БСЗД-д хүргүүлж, маргаан бүхий А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан.
3.4.3. Маргаан бүхий А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар ГСАЗД-д гаргасан гомдолд, аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/662 дугаар албан бичгээр “БСЗД-ын 2021 оны А/24 дүгээр захирамж үндэслэлтэй, хуулийн байгууллагад хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах” гэсэн агуулга бүхий хариу өгсөн.
3.4.4. “Б” ХХК-ийг төлөөлж, хувьцаа эзэмшигч Г.Н-с маргаан бүхий А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-аар 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг, тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 113/ШЗ2021/0042 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
3.5. “Б” ХХК нь ГСА БСЗД-ын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах талаар захиргааны байгууллагад гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж байгаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй.
3.6 “Б” ХХК-ийг төлөөлж, Гүйцэтгэх захирал Б.Ц-с 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан “маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл /төрөл/-ээр үүсгэсэн захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
4. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
4.1. Нэхэмжлэгч нь өргөдөлдөө, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар ГСАЗД-д гомдол гаргасан бөгөөд ГСАЗД-ын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/373 дугаар албан тоотоор дараагийн шатанд гомдлоо гаргана уу гэж хариу өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
4.2. БСЗД-ын 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар захирамжаар “Б” ХХК-д тус сумын 1 дүгээр баг Засаг даргын Тамгын газрын улаан гражийн баруун урд талд нийт 5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан ба “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Н өөрийн үүсгэн байгуулсан “Б” ХХК, “Б.ч" ХХК, “Ганболд металл” ХХК-иудтай хамтран ажиллаж тус компаниудын нэр дээр маргаан бүхий газар үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тухайн үед үйл ажиллагаа явуулж байгаа аль нэг компанийн нэр дээр холбогдох дүгнэлтүүдийг 2011 оноос хойш гаргаж байхад “Б” ХХК-ийн нэр дээр байхыг шаарддаггүй байсан. 2018 оны тухайн үед Баянтал сумын Засаг даргын Тамгын газартай харилцан тохиролцож, 20 сая төгрөгийн үнэ бүхий фитнесс клуб байгуулж өгсөн бөгөөд энэ мөнгийг газрын төлбөрт тооцохоор тохиролцсон тул газрын төлбөрт 2,393,089 төгрөг төлөөгүй гэдгийг зөвшөөрөхгүй.
4.3. Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10, Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.7-д заасны дагуу Г.Н өөрийн үүсгэн байгуулсан “Ганболд металл” ХХК-ийн нэр дээр гаргаж баталгаажуулсан. Гэтэл Газрын тухай хуулийн 40.1.1-д зааснаар газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн гээд усны тухай хууль тогтоомжид заасан дүгнэлт гаргаж эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, “Б” ХХК-ийн нэр дээр гаргаагүй нь хууль зөрчсөн гэж үзсэн нь буруу байна. Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Засаг даргын Тамгын газрын улаан гражийн баруун талд байршилтай 5 га газар зөвхөн нэг л байдаг, уг газарт ус ашиглах дүгнэлт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгэсээр байхад “Б” ХХК-ийн нэр дээр авах ёстой гэж буруутгах үүднээс хандсан. Хувьцаа эзэмшигч Г.Н-ын үүсгэн байгуулсан 4 компанитай хамтран ажилласан байхад бусдад ашиглуулсан гэж дүгнэсэн нь буруу.
4.4. “Б” ХХК уг газраас үл салгаж болох үл хөдлөх хөрөнгө, үйлдвэр зэрэг барилга байгууламж барьсан бөгөөд тус захирамжид энэ хохирлыг хэрхэх талаар огт тусгаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар компанийн хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тул БСЗД 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамж ирүүлэн, газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг зөвшөөрөхгүй зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлно.
4.5. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа, Сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаар захирамжаар тус сумын 1 дүгээр багт сумын Засаг даргын Тамгын газрын улаан гражийн баруун урд хэсэгт 5 га газрыг “Б” ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулсан. Мөн “Б” ХХК-д сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 141 дүгээр захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 1.5 га, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаар захирамжаар төмөр замын ачиж буулгах талбай байгуулах зориулалтаар 1.5 га газрыг тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ч сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тухайн газрыг цэвэрлээгүй байхад олгосон нь зөрчилтэй гэж дүгнээд, ГСАЗД-ын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/187, А/188 дугаар захирамжаар сумын Засаг даргын эдгээр захирамжуудыг хүчингүй болгосон байдаг.
4.6. “Б” ХХК нь зөрчлөө арилгаж байгаагүй, илүү талбай ашигласан хэвээрээ байсан ба 2021 оны 03 сард газар эзэмших эрхийг дуусгавар болгох үед газрын төлбөрийн өр болох 2019 оны төлбөр 799363 төгрөг, 2020 оны төлбөр 799363 төгрөгийн өр, 2021 оны төлбөрийн ногдол 799363 төгрөг, нийт 2,398,089 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Газрын төлбөрийг Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу аймгийн орлогын дансанд шилжүүлж, төвлөрүүлэх үүрэгтэй. Өөр ямар нэгэн хэлбэрээр газрын төлбөрийг суутгаж, хасаж тооцох хууль эрх зүйн үндэслэлгүй. Мөн Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгэж ирүүлж байгаагүй.
4.7. Үйлдвэрлэл явуулж буй “Б.ч” ХХК нь өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, харин “Б” ХХК-ийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байсан, Цаг уур орчны шинжилгээний газрын байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн сорилын дүн нь “Б” ХХК-ийн эзэмшлийн газар дээр үйл ажиллагаа явуулж байсан “Б.ч” ХХК-ийн нэр дээр гарсан нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрыг бусдад ашиглуулсан гэх зөрчлийн үндэслэл болсон.
4.8. Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргааны даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар ус ашиглах зөвшөөрөл нь газар эзэмшигч “Б” ХХК-ийн нэр дээр биш “Ган болд металл” ХХК-ийн нэр дээр олгосон нь Усны тухай хууль тогтоомжид заасан дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагаар баталгаажаагүй гэх үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэнэ.
4.9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. “Б” ХХК нэр дээрээ лавлагаа, дүгнэлтүүдээ гаргуулаагүй гэж буруутгаж байгаа. Хамтран ажиллах гэрээ байгаа. Тэрэн дээр газраа ашиглуулах биш ашиг орлого олох зорилгоор хамтарч ажиллана гэж заасан байгаа. Нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.
4.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б”, “Б.Ч” ХХК-ууд анхнаасаа харилцан тохиролцож хамтарч ажилладаг. Гэтэл хариуцагч Г.А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр манай газрыг хүчингүй болгоод “Б.” ХХК-д эзэмшүүлэх гээд улайрч явсан байдаг. Харин иргэдийн Хурлын төлөөлөгч нар нь газрыг зөвхөн дуудлага худалдаанд оруулна гэсэн байдаг. Манайх газрын төлбөрийг одоо ч төлөх боломжтой, мөн тэр захирамид дурдсан зөрчлүүдийг арилгаж чадна. Усны хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг, манайх бол 2018 оны 12 сард усны зөвшөөрөл аваад ажиллаж байсан. 2019, 2020 онуудад үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Манайх үйл ажиллагаа явуулаагүйн улмаас ажилчдынхаа цалинг өгч чадахгүй хохирсон байдалтай байгаа. Зөрчил дутагдлын тал дээр бол өөрсдөө ихэнхийг үүсгэдэг. Кадастрын зургийг 2011 онд зурснаасаа өөрөөр 2018 онд зураад тэр кадастрын зураг нь давхцалтай байна гээд зөрчилд орчихдог. Газрын төлбөр, усны төлбөр зэргийг газрын даамал нь ирээд л бэлнээр авчихдаг, харин одоо огт тэгдэггүй байсан мэт яриад байна. Худаг усны зөвшөөрлийг журмыхан дагуу авсан. Улс төр намын ялгаа гаргаад байгаа гэж харж байгаа. Орон нутгаа бодоод, иргэдээ ажил төрөлтэй байлгая гэж бодсон бол манай үйлдвэрийг дэмжээд хамтран ажиллах байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа” гэв.
4.11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БСЗД 2021 оны А/24 дүгээр захирамж ирүүлээд, газар эзэмшүүлэх эрхийг дуусгавар болгосныг зөвшөөрөхгүй. “Б” ХХК-ийг үүсгэн байгуулагч Г.Н өөрийн үүсгэн байгуулсан “Б.Ч”, “Ганболд металл” компаниутай хамтран ажиллаад тус компаниудын нэр дээр маргаан бүхий газар үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан аль нэг компанийн нэр дээр Засаг даргын захирамжид заагдаад байгаа холбогдох дүгнэлтүүдийг 2011 оноос хойш гаргаж байхад, заавал “Б” ХХК-ийн нэр дээр гаргуулахыг шаарддаггүй байсан. 2018 оны тухайн үед БСЗД-ын тамгын газартай харилцан тохиролцож 20,000,000 төгрөгний үнэ бүхий фитнес заал байгуулж өгсөн бөгөөд энэ мөнгийг газрын төлбөрт тооцохоор тохирсон. Сав газрын захиргааны даргын А/34 дүгээр тушаалаар “Ганболд металл” ХХК-д ус ашиглуулах тухай дүгнэлт гарсан. Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-д иргэн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрх нь өөрийн эзэмшлийн газар ус ашиглах эрхийг төлөөлөхгүй гэж заасан. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.7-д газар эзэмшигч ашиглагч нь газрын төлөв байдал чанарын улсын баталгааг өөрийн хөрөнгөөр гаргуулна гэсний дагуу өөрийн үүсгэн байгуулсан компанийн нэрээр гаргасан байхад “Б” ХХК нэр дээр гаргуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь буруу. Бусдад газар ашиглуулахдаа Засаг даргын зөвшөөрөл авсан байх үүрэгтэй гэж яриад байна. Газрын тухай хуулийн 35.1-д “болно” гэсэн эрхийг зааж өгсөн байдаг. Мөн өөр компаниудын нэр дээр байгаль орчны үнэлгээ хийснийг хүлээн зөвшөөрөөд тухайн үед мэдэж байсан байж одоо огт мэдээгүй юм шиг байгаад байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй. Байгаль орчны нарийвчилсан дүгнэлт, газрын чанарын хянан баталгааны дүгнэлт бүгд байгаа, угаасаа тэр ганц л газарт хийгдсэн. Тухайн үед 2018 онд энэ дүгнэлт, лавлагаагаа “Б” ХХК-ийн нэр дээр болго гэж мэдэгдсэн зүйл огт байхгүй. Г.Н-г хоригдсоны дараа буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах хүн нь байхгүй байхад шийдвэр гаргасан. “Б” ХХК өөрийн хөрөнгөөр 2010 онд 10.04 га газрыг цэвэрлээд хашаа бариад, худаг гаргаад, оффисын барилга, цахилгаан эрчим хүч гээд энэ бүх зүйлсийг асар их хөрөнгөөр хийсэн. Байгаль орчин аялал жуулчлалын газрын 292 дугаартай албан бичиг, Цаг уур орчны шинжилгээний газрын лобаротарийн дүгнэлт нь “Б.Ч” ХХК-тай холбоотой, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн 33в/2665 дугаартай албан бичиг нь хууль зөрчсөн. Ийм албан бичгүүдийг үндэслээд сонсох ажиллагаа хийхгүй гээд “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байхгүй нь тогтоогдож байгаа. 2019 онд “Б” ХХК-ийн 10 га газрыг төлөвлөгөөнд оруулна. Фитнес заал байгуулсан тэр хөрөнгийг газрын төлбөрт оруулан тооцно гэж аман тохиролцоо хийсэн. 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос хөл хорио тогтоосон. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн байсан. Тухайн үед “Б” ХХК үйл ажиллагаа явуулаагүйн улмаас ямар ч ашиг олоогүй. Усны зөвшөөрөл авсан гэдэг нь хувийн хэрэгт авагдсан. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэсэн. БСЗД-ын А/24 дүгээр захирамж “Б” ХХК руу шууд чиглэсэн. Энэ нь захиргааны оролцогч болж байгааг харуулж байна. “Б” ХХК-ийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах ёстой байсан, гэвч тийм баримт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэрт хувийн хэрэг бүрдүүлж, хяналтын дагалдах хуудас хөтлөх ёстой, А/24 дүгээр захирамжийн хувьд байхгүй. Бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, бусад байгууллагын баримтад үндэслэж газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй. 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр газрын төлбөр төл, төлөхгүй бол эрх цуцлана гэсэн 287 дугаартай албан тоот байгаа боловч энэ мэдэгдлийг хүлээн авсан хүн нь тодорхойгүй. Г.Н-д руу шуудангаар явуулсан гэдэг гэвч тэр үед цагдан хоригдож байсан. Цагдан хоригдож байгааг далимдуулаад энэхүү шийдвэрийг гаргасан гэж харж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
4.12. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуульд бусдад газраа ашиглуулж байгаа бол заавал эрх бүхий албан тушаалтан буюу Засаг даргад бичгээр хүсэлт гаргаж зөвшөөрөл авна гэж тодорхой заасан байдаг. Тэгээгүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авна. Энд хэд хэдэн компаниудын нэр гараад байгаа. Хамтарч ажиллаж байгаа ч гэсэн тухайн компанид газрыг ашиглуулж байгаа л бол Засаг даргаас зөвшөөрөл авна. Газрын тухай хуульд газрын төлбөр төлөгч нь хэн байх вэ гэдгийг тодорхой заагаад өгсөн байдаг. Газрын төлбөрийг 2015-2016 онд “Ганболд металл” ХХК хийсэн нь бусдад ашиглуулаад байгааг нотолж байгаа. 2019-2021 онуудад газрын төлбөрийг төлөөгүй, гэрээ байгуулсан бол “Б” ХХК төлбөр төлөх ёстой. Газар эзэмшигч нь газар дээрээ тухайн үнэлгээ, дүгнэлтийг авах ёстой. Усны дүгнэлтийн хувьд “Б” ХХК өөрөө үйл ажиллагаа явуулж байгаа бол өөрөө тухайн дүгнэлтийг авах ёстой. Эднийх аймгийн Засаг даргад хандаж миний гаргасан захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан. Аймгийн Засаг дарга миний захирамжийг үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар орсон үйлдвэр үйлчилгээ явуулах саналтай газрыг заавал дуудлага худалдаагаар өндөр дүн хэлсэн нь авдаг. Надад “Б.Ч” ХХК-ийн хүмүүстэй хуйвалдсан, нэг талд үйлчилж, илт давуу байдал үүсгээд байсан зүйл байхгүй. Кадастрын зургийг өөрчлөхдөө эзэмшигчийн хүсэлтээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хийдэг. Засаг дарга, газрын даамал кадастрын зураг өөрчлөнө гэж байхгүй. Газрын даамал очоод газрын төлбөрийг бэлнээр аваад явдаг тогтолцоо байхгүй. “Б” ХХК үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаад байгаа учир таслан зогсоох гээд тус захирамжийг гаргасан. Г.Н-г хоригдож байгааг манай Засаг даргын тамгын газрын зүгээс огт мэдээгүй, тухайн үед цаг хугацаа нь тэгж таарсан” гэв.
4.13. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрийг төлөөгүй тухайд 2018 онд БСЗД-ын Тамгын газарт харилцан тохиролцож 20,000,000 төгрөгний үнэ бүхий фитнес заал байгуулж өгсөн бөгөөд энэ мөнгийг газрын төлбөрт тооцохоор тохиролцсон тул 2019-2021 оны газрын төлбөр болох 2,398,089 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Газрын тухай хууль тогтоомжийн дагуу тус аймгийн орлогын дансанд шилжүүлж төвлөрүүлэхээр хуульчилсан байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа тохиролцооны баримт төлбөрийн мэдээлэл хэрэгт байхгүй. Газрын тухай хуульд, газрын төлбөрийг дээрх нөхцөлөөр төлж тохиролцож болно гэсэн зохицуулалт байхгүй. “Б” ХХК-ийн газрын төлбөрөө төлөх үүргийг газар эзэмшүүлэх гэрээ болон Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.2, 35.3.3, 45 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Газрын төлбөрийг төлөх хуульд заасан хугацаанд төлөх үүргийг зөрчсөн байна гэж үзэж байна. “Б” ХХК нь 2018 оны байдлаар 2014 оны газрын төлбөрийн 365,000 төгрөгний өртэй, 2019-2021 оны хугацаанд дээрх дурдсан төлбөр төлөөгүй. Газрын төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй, гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн. Газрын тухай хуулийн 40.1.1-т заасны дагуу эрхийн гэрчилгээг эзэмшигч газар эзэмших нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмшигч ашиглагч нь газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн үүсгэн байгуулсан “Ганболд металл” ХХК-ийн нэр дээр гаргаж баталгажуулсан байхад “Б” ХХК-ийн нэр дээр гаргаагүйг хууль зөрчсөн гэж үзсэн нь буруу мэтээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Б” ХХК ус ашиглах дүгнэлтийг гаргуулах ёстой байтал тухайн дүгнэлтийг хийлгээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Усны тухай хуулийн 28.6, 28.7-д заасан ус ашиглах зөвшөөрлийг аваагүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргааны даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ус ашиглах зөвшөөрөл олгосон тушаал нь “Б” ХХК-ийн нэр дээр биш “Ганболд металл ХХК”-ийн нэр дээр байх тул “Б” ХХК усны тухай хууль тогтоомжид заасан дүгнэлт гаргуулж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй гэж үзэх үндэслэлтэй. “Б” ХХК газрыг бусдад ашиглуулахдаа хувьцаа эзэмшигч Г.Н-ын үүсгэн байгуулсан дөрвөн компанитай хамтран ажилласан байхад газрыг бусдад ашиглуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж тодорхойлсон. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар газар эзэмшигч газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэй тухайн газраа бүгд буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заасан байдаг. “Б” ХХК нь Засаг даргаас зөвшөөрөл авалгүйгээр газрыг бусдад ашиглуулсан үйлдэл нь хууль зөрчсөн гэж харж байна. “Б” ХХК-д газраас үл салгаж болох эд хөрөнгө, барилга байгууламж барьсан бөгөөд уг захирамжид тэдгээрийг хэрхэх тухай огт тусгаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.7-д заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч тал бол хууль болон хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлж ажилласан. Маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Энэ хэрэгт “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ГСА БСЗД-ын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн эсэх маргаан хэлэлцэгдсэн болно.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудтай харьцуулан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. ГСА БСЗД-ын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.1, 35.3.2, 35.3.3, 35.3.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.2, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 292 дугаартай албан бичиг, Цаг уур, орчны шинжилгээний газрын байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторын дүгнэлт, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 33в/2665 дугаартай албан бичиг, иргэд, байгууллагын гомдлыг үндэслэн газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй, Усны тухай хууль тогтоомжид заасан дүгнэлт гаргуулж эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, Газрын тухай хууль тогтоомжид заасан газрын төлөв, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хуульд заасан хугацаанд хийлгээгүй, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрыг бусдад ашиглуулсан зэрэг зөрчил гаргасан гэх үндэслэлээр, “Б” ХХК-д тус сумын 1 дүгээр баг, Засаг даргын Тамгын газрын улаан гражийн баруун урд талд үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон 5 га газрын эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
8. Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тус тусын татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
8.1. Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй, 2019-2021 оны төлбөрийн үлдэгдэл нь 2,398,089 төгрөг ба газрын төлбөрийг аймгийн дансанд төвлөрүүлэх үүрэгтэй, харин өөр хэлбэрээр суутгаж, хасаж тооцох хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгэж ирүүлж байгаагүй.
8.2. Газар дээр “Б.ч” ХХК-ийн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж, ус ашиглах зөвшөөрлийг “Ганболд металл” ХХК-ийн нэр дээр гаргуулсан нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрыг бусдад ашиглуулсан гэж дүгнэх үндэслэл болсон.
8.3. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчлөө арилгахгүй байсан тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. А/24 дүгээр захирамжийг компанийн хаягаар Г.Н-д хүргүүлсэн. Уг захирамжийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад гомдол гаргасан ч захирамж үндэслэлтэй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгчийн тайлбарласан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж маргана.
9. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд, маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж, хариуцагч ба гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлын үндэслэлийг няцаахдаа дараах шаардлагын үндэслэлийг тодорхойлж байна. Үүнд:
9.1. ГСА БСЗД-ын 2011 оны 58 дугаар захирамжаар “Б” ХХК-д эзэмшүүлсэн газар дээр тус компанийн үүсгэн байгуулагч Г.Н-ын үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшдэг “Б.ч”, “Ганболд металл” ХХК-иуд хамтран ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг байсан ба холбогдох зөвшөөрөл, дүгнэлтийг заавал “Б” ХХК-ийн нэр дээр авахыг шаарддаггүй байсан. Хувьцаа эзэмшигч Г.Н-ын үүсгэн байгуулсан компаниуд хамтран ажилласан байхад газрыг бусдад зөвшөөрөлгүй ашиглуулсан гэж дүгнэсэн нь буруу.
9.2. БСЗД-ын Тамгын газартай харилцан тохиролцож, 2018 онд 20 сая төгрөгийн үнэ бүхий фитнесс төв байгуулж, энэ мөнгийг газрын төлбөрт тооцохоор аман тохиролцоо хийсэн.
9.3. БСЗД нь маргаан бүхий 2021 оны А/24 дүгээр захирамжийг гаргах ажиллагаанд “Б” ХХК-ийг оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, захиргааны актын хувийн хэрэг бүрдүүлж, хяналтын дагалдах хуудас үйлдээгүй, Г.Н-ыг цагдан хоригдож байгааг далимдуулж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Мөн захирамжид газар дээрх “Б” ХХК-ийн хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй тул бодит байдалд биелүүлэх боломжгүй, эрхэд халдах үндэслэл байгаагүй гэж тайлбарлана.
10. ГСА БСЗД-ын 2011 оны 58 дугаар захирамжаар “Б” ХХК-д 5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн ч бодит байдалд 44576 кв.м талбай бүхий газрыг эрхийн гэрчилгээ, гэрээгүйгээр хашаалж ашигласан; 2019-2021 оны газрын төлбөрийг хууль буюу гэрээнд заасан журмын дагуу төлөөгүй; дээрх захирамжаар олгосон 5 га газар дээр барьсан үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1901000064 дугаарт, “Б.ч” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн; уг газар дээр явуулж буй төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн ус ашиглах зөвшөөрлийг Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргааны 2018 оны А/34 дүгээр тушаалаар “Ганболд металл” ХХК-д олгосон; зэрэг үйл баримтууд хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар (хэргийн I хавтасны 13-21, 69-76, 79-81, 166-167, 234-244, II хавтасны 67-68, 89-94 дахь талд) тогтоогдох ба хэргийн оролцогчид эдгээр үйл баримттай маргаагүй.
11. Нэхэмжлэгчийн хувьд, БСЗД-ын Тамгын газарт 20 сая төгрөгийн үнэ бүхий фитнесс клуб байгуулж өгснийг уг газрын төлбөрт тооцох буюу илүү ашиглаж байгаа газрыг эзэмшүүлэхээр Засаг даргатай аман тохиролцоо хийсэн, /шүүх хуралдаанд гаргасан эвлэрэх саналдаа/ үүнийг газрын төлбөрт тооцохгүй гэвэл 2,398,089 төгрөгийг одоо ч төлөх боломжтой гэхчлэн уг асуудалд харилцан адилгүй агуулгатай тайлбар гаргана. (хэргийн I хавтасны 2, IV хавтасны 3 дахь талд)
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд (a) маргаж буй захиргааны акт нь /шаардлагын үндэслэлд тодорхойлсончлон/ Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ (б) нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох учиртай.
13. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн үндэслэлт байдлыг шалгахын тулд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан алдааг агуулж байгаа эсэхийг л шалгана, хүчингүй болгох нэхэмжлэлийн үндэслэлт байдлыг шалгадаг шиг захиргааны акт нь формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг зөрчсөн эсэхийг бүхэлд нь шалгах шаардлагагүй. /Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй, х.205, (2019)/
14. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын төрлийг “маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон учир шүүх нотлох зарчмыг энэ шаардлагын үндэслэлийн хүрээнд хэрэгжүүлж, эрх зүйн дүгнэлт хийх нь шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ойлголтыг илэрхийлэх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн non ultra petita[1] зарчимд нийцнэ.
15. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэсгийн 9.1, 9.2, 9.3-д тодорхойлсон: нэхэмжлэгч /Б/-ийн эзэмшлийн газар дээр байгаа үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн өмчлөгч компани /Б.ч/, уг төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн ус ашиглах зөвшөөрөл эзэмшигч компани /Ганболд металл/-иудыг Г.Н-ын үүсгэн байгуулж, хувьцааг нь эзэмшдэг бөгөөд хоорондоо хамтран ажилладаг тул газрыг бусдад зөвшөөрөлгүй ашиглуулсан гэж үзэхгүй, үйл ажиллагаа явуулахтай холбоотой дүгнэлт, зөвшөөрлийг заавал газар эзэмшигчийн нэр дээр авахыг шаардахгүй, А/24 дүгээр захирамжид үндэслэсэн бусад захиргааны байгууллагын дүгнэлт, зөвшөөрөл нь өөр компанийн нэр дээр гарсан, Цагдаагийн хэлтсийн албан бичиг нь хууль зөрчсөн, сумын Засаг даргын Тамгын газарт фитнесс клуб байгуулан өгч газрын төлбөрийг төлснөөр тооцуулсан, шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, бодит нөхцлийг тогтоосонгүй, хувийн хэрэг, дагалдах хуудсыг бүрдүүлээгүй, газар дээрх компанийн хөрөнгийг шийдвэрлээгүй зэрэг нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл болохгүй.
16. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “... эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх урьдчилсан нөхцөл нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдааг илэрхийлэхгүй, харин захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүй ноцтой зөрчлүүдийг хамааруулна.
Тухайлбал, сумын Засаг дарга нь аймгийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан, эсхүл захирамжид огт хууль зүйн үндэслэл дурдаагүй, эсхүл Газрын тухай хуульд үл хамаарах үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бол хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдсан, илэрхий хууль бус бөгөөд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, уг захиргааны актаар бий болгосон эрх үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргаа түүнийг хэрэгжүүлэх ёсгүй үр дагавар үүсгэх ноцтой алдаатай гэж үзэж, захиргааны актыг дээрх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж тооцож болно.
17. Харин ГСА БСЗД нь 2021 оны А/24 дүгээр захирамжийг гаргахдаа, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах талаар сумын Засаг даргын эрх хэмжээг тодорхойлсон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтад үндэслэсэн.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад тодорхойлсон “Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцлийг зөрчсөн, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх зөрчил тогтоогдсон гэж хариуцагчаас үзэж, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, маргаан бүхий А/24 дүгээр захирамжийг захиргааны актад тавигдах эрх зүйн формал шаардлагын хувьд хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, хуульд заагаагүй үндэслэлээр хуулийн этгээдийн эрхэд халдсан гэж дүгнэн, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
18. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж газрын төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх буюу хөнгөлөх, чөлөөлөх журмыг зохицуулсан байх тул энэ хэсгийн 9.2-т дурдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээж авах боломжгүй, энэ нь хариуцагчийн тодорхойлсон газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэх зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... газар дээрх үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг “Б.ч” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан албан бичиг /хэргийн I хавтасны 156 дахь талд/-т зурсан гарын үсэг минийх биш” гэж тайлбарлах боловч шинжээч томилуулах зэргээр нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, энэ хэргийн маргааны үйл баримтад холбогдолгүй болохыг дурдах нь зүйтэй.
20. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “... бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдэгт захиргааны акт хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж, уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг, мөн тодорхой нөхцөлд хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй хийхэд хүргэхүйц тохиолдлыг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно.
21. Маргаан бүхий 2021 оны А/24 дүгээр захирамжийн хувьд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр байх тул бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй.
22. Учир нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “... газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор газрыг чөлөөлж, ... Засаг даргын мэдэлд шилжүүлнэ”, 41.3-д “... газар дээрх барилга байгуулж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна” гэж газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлөхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байх тул “газар дээрх манай эд хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй тул захирамжийг биелүүлэх боломжгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.
23. Мөн маргаан бүхий газар дээр баригдсан, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд “Б.ч” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй үйлдвэрийн барилгын өмчлөл, улсын бүртгэлийн талаарх маргаан энд хэлэлцэгдээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3, 60 дугаар зүйлийн 60.1.4-д зааснаар газар дээрх эд хөрөнгийн маргааныг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэх тул энэ шийдвэрт холбогдох эрх зүйн дүгнэлтийг хийхгүй болохыг тэмдэглэв. Нэгтгэн дүгнэвэл,
24. Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй ГСА БСЗД-ын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын үндэслэлийн хүрээнд, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн тодорхойлсон газар эзэмших эрхийг зөрчөөгүй байх тул “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
25. Захиргааны байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, захиргааны актын хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас хөтлөөгүй гэх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, түүний үндэслэлүүд нь “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн төрөлд хамаарахгүй тул шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ уг асуудалд нотлох зарчмыг хэрэгжүүлж, эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтыг баримтлан “Б” ХХК-ийн гаргасан “ГСА БСЗД-ын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 113/ШЗ2022/0048 дугаартай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгонд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ