| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2022/04282/И |
| Дугаар | 184/ШШ2022/03501 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2022/03501
| 2022 оны өдөр | 11 сар 08 р 184/ШШ2022/03501 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........... овогт ............. ............ /РД: ......../ Хаяг: .......... аймаг, ............ сум ........... ......... тоот
Хариуцагч: ......... овогт .............. .............. /РД: ........../ Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо, Зээл .... дугаар гудамж, ...... тоот
2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *************, хариуцагчийн итгэмжлэгдсэн ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ......... Сонгинохайрхан дүүрэг, ..... дүгээр хороо, ..... дугаар байрны .... давхрын .... тоот байрыг 6 сарын хугацаатай сарын 700,000 төгрөгөөр түрээслэн суухаар тус байранд түрээслэгчийн тав тухтай байдлыг ханган обой, хаалга үүдийг сольж өгөхөөр тохирч түрээсийн төлбөрийн урьдчилгаа 2,500,000 төгрөгийг *********** данс руу шилжүүлсэн боловч түрээслэгч нь анх ярьсандаа байгаагүйгээр зогсохгүй үндэслэлгүй үнэ хөлсөө нэмж сарын 750,000 төгрөг болгож нэмсэн. Обой хаалгаа сольж өгөхгүй гэсэн учир урьдчилгаа болгож шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээслүүлэхээр тохирсон байрны эзэн нь хариуцагчийн охин ..... юм, нэхэмжлэгч нь түүний ажиллуулж байсан цайны газрын зориулалттай павилоныг 15,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 10,000,000 төгрөгийг өгөөд үлдэх 5,000,000 төгрөгийг нь өгөөгүй. Орон сууцыг хөлслөхөөр тохиролцох үед өртэй хүн таарсан учир урьдчилгаанд төлсөн 2,500,000 төгрөгийг нь аваад охин ....... өгсөн байдаг. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, харилцах дансны харилцагчийн хуулга, 2,500,000 төгрөгийг ........ хүлээлгэн өгсөн тухай ....... гар бичмэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ............. холбогдуулан 2,500,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч ............ орон сууц хөлсөхөөр харилцан тохиролцож, урьдчилгаа 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн ч байрыг хөлслүүлээгүй тул буцаан гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ миний охин Г........... төлөх 5,000,000 өрөнд нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг суутган авсан гэж тайлбарлана.
Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг, ..... дүгээр хороо, ....... дугаар байр, ..... тоот орон сууцыг нэхэмжлэгчид 6 сарын хугацаатай хөлслүүлэхээр тохиролцсон, урьдчилгаа 2,500,000 төгрөгийг хүлээн авсан тухайд маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгч .......... Төрийн банк дахь 232100023125 тоот дансны хуулга, бичгээр үйлдсэн баримт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 5,6/
Нэхэмжлэгч хөлслөхөөр тохиролцсон орон сууцандаа орж чадаагүй, хариуцагч хөлслүүлэхээс татгалзан, орон сууцны хаалганы цоожийг сольсон, урьдчилгаанд төлсөн 2,500,000 төгрөгийг буцаан өгөөгүй нь талуудыг тайлбараар тогтоогдсон.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн боловч хариуцагч гэрээнээс татгалзан хөлслүүлэхээр тохиролцсон орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч урьдчилан төлсөн хөлс 2,500,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар зорхицуулжээ.
Иймд хариуцагч .......... 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .......... олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч ............ нь охин ........ нэхэмжлэгч ............ төлөх өрийг суутган авсан гэж тайлбарласан ч тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх, мөн нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй бөгөөд тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .......... 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч .......... олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ