| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2022/00124/И |
| Дугаар | 157/ШШ2022/00145 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 157/ШШ2022/00145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З овогт Ч-ын О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А овогт П-ийн А-д холбогдох,
“4,192,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
Хариуцагч П.А шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.О нь П.А-д холбогдуулан 4,192,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Миний бие Х аймгийн Б суманд автозасвар үйлчилгээний газар ажиллуулж байгаад үйл ажиллагаа түр зогссон байсан. Гэтэл миний танил П-ийн А гэх залуу 3 сарын хугацаатай автозасварыг чинь түрээслэж ажиллуулъя гэсэн. Бид харилцан ярилцаж 2021 оны 12 сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл 3 сарын хугацаанд өдрийн 20,000 төгрөг буюу сарын 600,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож амаар гэрээ байгуулсан. Мөн автозасварт худалдаж байсан автомашины сэлбэг, эд ангийг хүлээлгэн өгсөн. Харин 2 дахь сараас нь эхлээд түрээсийн төлбөрөө огт өгөхөө больсон. Тохиролцсон хугацаагаа дуусгаад түрээслэхээ зогсоосон ба П.А нь автозасварыг маань нийт 87 өдөр ажиллуулж байсан. Тэгээд хүлээж авсан авто сэлбэгийг хүлээлгэн өгөхийг шаардсан боловч өгөөгүй. Иймд П.А-с 2 сарын буюу 51 өдрийн төлбөр 1,020,000 төгрөг, сэлбэг эд ангийн 2,275,000 төгрөг, цахилгааны төлбөр 147,000 төгрөг, мөн 2020 оны 08 сард зээлээр авч байсан 5 ширхэг автомашины дугуйны үнэ 750,000 төгрөг, нийт 4,192,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие П.А нь Ч.О-ын нэхэмжлэлийг хүлээн авч уншаад хариу тайлбар гаргаж байна. Бид хоёрын дунд граж түрээсийн асуудал яригдаж үйл ажиллагаа явагдаж эхэлсэн энэ хугацаанд сар сарын түрээс хуваагдаж төлөгдөж байсан. Сэлбэг материалын хувьд шаардлага хангахгүй хуучин муу сэлбэгүүд байсан, сэлбэг солиулсан автомашин буцаж ирж дахин солиулах зэрэг зардал ихээр гарсан. Ч.О-ын нэхэмжилсэн 4,192,00 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон уг төлөлтийг сарын 500,000 төгрөгөөр төлж дуусгана. Хугацаа 2022 оны 10 сарын 01-ээс эхэлнэ гэжээ.
Нэхэмжлэгчээс:
-Цахилгааны төлбөрийн нэхэмжлэл-1 хуудас
-Сэлбэг, эд ангийн үнийн жагсаалт-1 хуудас
-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-1 хуудас зэрэг баримтуудыг гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь шаардах эрхээ “Авто засварын газрыг 2 сар буюу 51 өдөр түрээсэлсний төлбөр 1,020,000 төгрөг, сэлбэг эд ангийн 2,275,000 төгрөг, цахилгааны төлбөр 147,000 төгрөг, мөн 2020 оны 08 сард зээлээр авч байсан 5 ширхэг автомашины дугуйны үнэ 750,000 төгрөг, нийт 4,192,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийг “Бид хоёрын дунд граж түрээсийн асуудал яригдаж үйл ажиллагаа явагдаж эхэлсэн энэ хугацаанд сар сарын түрээс хуваагдаж төлөгдөж байсан. Сэлбэг материалын хувьд шаардлага хангахгүй хуучин муу сэлбэгүүд байсан, сэлбэг солиулсан автомашин буцаж ирж дахин солиулах зэрэг зардал ихээр гарсан. Ч.О-ын нэхэмжилсэн 4,192,00 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон...” гэсэн тайлбар ирүүлсэн боловч нэхэмжлэгч тохиролцоогүй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ч.О-ын авто засварын газрыг хариуцагч П.А түрээслэхээр амаар тохиролцсон, түрээсийн төлбөрт 720,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.О авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь сэлбэг материалын хувьд шаардлага хангахгүй хуучин муу сэлбэгүүд байсан, сэлбэг солиулсан автомашин буцаж ирж дахин солиулах зэрэг зардал ихээр гарсан тул нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрөхгүй байх ба авто засварын газрыг түрээслэн ажиллуулж байсан талаар маргаагүй, хариуцагч нь 2,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
6.Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Ч.О, хариуцагч П.А нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч Ч.О /түрээслүүлэгч/ нь хариуцагч П.А-д /түрээслэгч/ авто засварын газар болон түүн дотор байсан сэлбэг, эд материалын хамт түрээслэсэн байх ба түрээслэгч нь эд хөрөнгийг зөвхөн ашиглаад зогсохгүй, үр шимийг хүртэж байдаг, энэхүү шинжээрээ түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгагдан зүйчлэгдэх бөгөөд Ч.О, П.А нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Ч.О, П.А нар нь түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон талаар тайлбарладаг ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэж заасан байх тул хуульд заасан шаардлага хангаагүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.”, 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн... хэлцэл хүчин хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан байх ба Ч.О, П.А нар нь түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуульд заасан шаардлага хангаагүй байх тул тэдний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Иймд нэхэмжлэгч Ч.О нь авто засварын газрын түрээсийн төлбөр 1,020,000 төгрөг, авто засварын газарт байсан сэлбэг, эд ангийн үнэ болох 2,275,000 төгрөг зэргийг хариуцагч П.А-с шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч П.Адилбишээс “2020 оны 8 дугаар сард Прадо-150 маркийн авто машинд тавина гэж 5 ширхэг дугуй надаас худалдаж авсаны үнэ 750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй тул 750,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар авто засварын газрыг түрээслэн ашиглаж байхдаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хэрэглэсэн гэх цахилгааны төлбөр 147,000 төгрөг болон хариуцагч П.А-ийн төлөхийг зөвшөөрсөн 2,500,000 төгрөг, нийт 2,647,000 төгрөгийг хариуцагч П.А-с гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Ч.О, П.А нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул шүүх үр дагаврыг шийдвэрлэх учиртай.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заасан тул хэлцэл хийсэн талууд болох Ч.О, П.А нар нь уг хэлцлээр /түрээсийн гэрээгээр/ шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй буюу түрээслэгч П.А нь авто засварын газар болон авто засварын газарт байсан сэлбэг, эд ангийг түрээслүүлэгч Ч.О-д буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх, түрээслүүлэгч Ч.О нь түрээслэгч П.А-с 26 өдрийн түрээсийн төлбөрт авсан 720,000 төгрөгийг түрээслэгч П.А-д буцаан өгөх үүрэгтэй байна.
7.Нэхэмжлэгч Ч.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,022 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 2,647,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57,302 төгрөгийг хариуцагч П.А-с гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.4 дэх, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Ч.О, П.А нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсүгэй.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.А нь хүлээлгэн өгсөн сэлбэг, эд ангийг нэхэмжлэгч Ч.О-д буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх, нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч П.А-ийн түрээсийн төлбөрт төлсөн 720,000 төгрөгийг түүнд буцаан олгох,
3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.А-с 2,647,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.О-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,022 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч П.А-с улсын тэмдэгтийн хураамжид 57,302 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ