Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/05255

 

 

 

 

 

 

 

 

                              2022        12          14

            101/ШШ2022/05255

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Н.Т /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “Х” ХХК /рд:/-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Т би “Х” ХХК-тай байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №19/18 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулах гэрээнд заасан Баянзүрх дүүргийн,  м.кв газар дээр баригдаж байгаа 80 айлын орон сууцны А блок орон сууцны 2 давхрын 47.18 м.кв талбайтай айл тоот 2 өрөө тоот орон сууцыг захиалсан. Энэхүү гэрээгээр захиалсан орон сууцны нийт төлбөр 50,000,000 төгрөг (м.кв-1,050,000 төгрөг)-өөр худалдан авсан. Түүнчлэн орон сууцны үнийг гэрээний 3.2-т зааснаар хугацаанд нь 100 хувь төлсөн боловч Х ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх орон сууцыг шилжүүлж өгөхгүй байсаар байгаа бөгөөд гэрээний 4.1-д зааснаар уг орон сууцыг 2019.9.30-ны өдөр батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэж өгөх үүргээ биелүүлэхгүй бүтэн 3 жил гаран хугацаа өнгөрөөд байгаа юм. Иргэний хуулийн 110 дугаар 110.1 -д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдагч нь эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ”, гэж тус тус зааснаар иргэн Н.Т миний бие нь худалдан авсан орон сууцаа өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Х ХХК-ийн энэхүү үйлдэл нь иргэн миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн буюу МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “МУ-ын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасныг шууд зөрчиж байна. Н.Т би агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд тодорхой заасан хэлцэл-ийг “Х” ХХК-тай байгуулсны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Иймд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй” гэж заасны дагуу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Н.Т намайг Баянзүрх дүүргийн, 16-р хороо,  хотхон байрлах, “ м.кв газар дээр баригдсан 80 айлын орон сууцны А блок орон сууцны 2 давхар м.кв талбайтай // 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Хариуцагч хурлын тов мэдсэн боловч ирээгүй тул хурлаа үргэлжлүүлэх саналтай. 2019.6.18-нд гэрээ байгуулсан. Уг барилга нь 90 хувийн гүйцэтгэлтэй бэлэн болох гэж байсан. 9 сард хүлээлгэж өгнө гэсэн тул мөнгөө 100 хувь төлсөн. 9.15-нд очиход халаалт авсан засал дууссан лифтнээс бусад нь бэлэн байсан. 9.20-нд очиход жоохон хүлээчих гэсэн бөгөөд 10 сард очиход дахиад хүлээгээч гэсэн. 11 сард дахиад хүлээ гэсэн. 12 сард очиход удахгүй орно цар тахал гарлаа гэсэн. Утсаар холбогдоход санаа зоволтгүй л гэдэг байсан. Хашаатай манаач нь оруулж үзүүлдэг байсан боловч сүүлд очиход манаачгүй цоожтой байсан бөгөөд утсаар асуухад санаа зоволтгүй гэдэг байсан. Тэрнээс хойш 2022 оны 8 сард очиход гэрээ байгуулагдсанаас хойш юм нэмж хийгээгүй байсан. Одоо бидэнд цементийн үнэ нэмэгдсэн тул м.кв-н үнэ нэмэгдсэн гээд байгаа юм. Байрандаа оръё гэхээр оруулахгүй байгаа юм. Хүн амьдрах боломжтой болсон байгаа юм. Мөнгөө нэмж төл төлөхгүй бол байрыг чинь зарлаа гээд байгаа тул өмчлөгчөөр тогтоолгоно.  Зээлийн барьцаанд байгаа гэх боловч баримтыг нь үзүүлээгүй. Материалын үнэ өссөн гэх боловч гэрээ байгуулагдсанаас хойш ажил хийгдээгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Батбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй орон сууц байгуулсан үеийн барилгын материалын үнэ ханш гадаад валютын үнэ ханш орон сууцыг барих явцад огцом өсөж (Ж/нь: цементийн үнэ 5 дахин нэмэгдэж өссөн)

Захиалагч нараас татаж авсан мөнгө орон сууцыг барьж дуусгахад хүрэлцэхгүй болж орон сууцыг 70%-д хүргээд зогссон. Энэ үед компани Хан Алтайн нуруу ББСБ-д хандан 70%-ын гүйцэтгэлтэй орон сууцыг бүхэлд нь барьцаалж орон сууцыг барьж үргэлжлүүлсэн. Одоо уг орон сууц зээлийн барьцаанд бүрдгэлтэй байгаа болно. Иймд барьцаанд буй орон сууцыг өмчлөхөөр тогтоох боломжгүй юм. Нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: орон сууцны захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэх гэрээний хуулбар /хх5-6/, “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх9/, төлбөрийн баримтын хуулбар /хх10/, 5 ширхэг гэрэл зураг /хх11/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.Т нь Баянзүрх дүүргийн 2036 м.кв газар дээр баригдсан, 80 айлын орон сууцны А блокийн  м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь барилгын материалын үнэ нэмэгдсэн, улмаар барилгыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх хариуцагчид 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан.

Улмаар хариуцагчийн төлөөлөгчид 2022 оны 12 дугаар сарын 07-ын өдөр өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Тодруулбал, хөдөө орон нутагт зорчсон гэх боловч зайлшгүй орон нутагт зорчих шаардлагатай байсан талаар баримтгүй бөгөөд шүүх хуралдаанд хүсэлт гаргаагүй.

Иймд нэхэмжлэгч хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 19/18 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэх гэрээ байгуулсан байна. /хх5-6/

Энэхүү гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн  м.кв газар дээр баригдсан, 80 айлын орон сууцны А блокийн  м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чанартай барих, нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, тохиролцсон 50,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Улмаар нэхэмжлэгч нь гэрээний үнэ болох 50,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлсөн болох нь Хас банкны төлбөрийн баримтын хуулбар, орлогын ордерын хуулбараар тогтоогдож байна. /хх10/

Түүнчлэн гэрээний 3.2-т төлбөр бүрэн төлөгдсөн талаар заасан байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Иймд захиалагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч нь нэг талын санаачилгаар гэрээний үнэнд өөрчлөлт оруулах эрхгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул хариуцагч нь уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч нь маргаж буй барилгыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэж маргасан. Гэвч энэхүү байдал нь нэхэмжлэгчийн шаардах эрхгүй хязгаарлахгүй боловч барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн хураамжийг буцаан олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Тыг Баянзүрх дүүргийн ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдсан, 80 айлын орон сууцны А блокийн  м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-с 407,950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 50 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Н.Тд олгосугай.

 

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД