| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 184/2022/04082/И |
| Дугаар | 101/ШШ2022/04528 |
| Огноо | 2022-10-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2022/04528
| 2022 10 31 | 101/ШШ2022/04528 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ү. О /РД:/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, хариуцагч Ү.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Н.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Амгалан захын хиам, махан бүтээгдэхүүний төрөлжсөн лангууны худалдагч иргэн Ү.Отой “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”-г 2019 оны 12-р сарын 23-ны өдөр бичгээр байгуулж захиалгын дагуу хиам, хиаман бүтээгдэхүүнийг цаг тухайд нь ханган нийлүүлж ирсэн.
“Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”-ний 4-р зүйлийн 4.1 дэх заалтын дагуу худалдан авагч талтай хэлэлцэн тохиролцсоноор хиам, хиаман бүтээгдэхүүн нийлүүлсний дараа падаанаас падааны хооронд буюу бараа нийлүүлснээс хойш 14 хоногийн дотор төлбөрийг дансаар төлөхөөр тохиролцсон. 4-р зүйлийн 4.3 борлуулагч тал нь нийлүүлэгч талын итгэмжлэгдсэн ажилтан болох борлуулалтын менежертэй төлбөр тооцоог хийнэ. 4-р зүйлийн 4.4 сар бүр нийлүүлэгч талын борлуулалтын менежер эсвэл итгэмжлэгдсэн нягтлан бодогчтой тооцоо нийлж тооцоо нийлсэн актыг үйлдэж баримтжуулна.
Хариу албан тоот явуулж, төлбөр төлөх хугацааг тодорхойлолгүй гэрээний хугацаанаас 45 хоног хэтэрвэл шүүх, хяналтын байгууллагад шууд шилжүүлнэ.
6-р зүйлийн 6.1 борлуулагч нь бүтээгдэхүүний төлбөр болон бусад зардлыг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хоног тутам 0.5%-ийн алданги тооцно гэж тусгаж өгсөн.
Гэвч иргэн Ү.Онь бараа, бүтээгдэхүүнийхээ төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд төлөх үүргээ биелүүлээгүйгээс тус компанид 3,000,000 /гурван сая/ төгрөг, алданги 1,500,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна.
Худалдан авагч талаас төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхийг шаардсан боловч элдэв шалтгаан буюу тайлбар хэлж үүргийн гүйцэтгэл биелүүлэх хугацааг хойшлуулсаар өдийг хүрлээ.
Иймд бид Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1, 208-р зүйлийн 208.1, 232-р зүйлийн 232.4, 243-р зүйлийн 243.1, 244-р зүйлийн 244.1-р зүйлийг тус тус үндэслэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөг, алданги 1,500,000, нийт 4,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Бид гэрээ байгуулсан. 2020 оноос дандаа 3 саяас дээш үлдэгдэлтэй явсан. Сүүлийн үед гайгүй болсон тул төлбөрөө бага багаар төлөх талаар хэлсэн. Ингээд гэрээний дагуу 0.5 хувийн алданги тооцож байгаа юм. Буцаалтын падааны төлбөрийг үндсэн төлбөрөөс хасаж тооцно. Үндсэн төлбөр 3 сая төгрөг. Алдангийг 50 хувиар тооцсон. Манайх алданги нэхэхгүй үндсэн төлбөрөө төлөөч гэж олон удаа хэлэхэд шүүхээр яв гэж хэлж байсан. Гэрээнд алдангийн талаар заасан тул гэрээний дагуу л шаардаж байна. Иймд алдангийг хасахгүй гэв.
Хариуцагч Ү.Онь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Т компанид 3 сая төгрөгийн өртэй болно. Сүүлийн 2 жил орлого жигд бус байснаас болоод төлбөрийг барагдуулж чадахгүй өдийг хүрлээ. Миний бие нь алданги болох 1,5 сая төгрөгийг нөхөж төлөх боломжгүй тул үндсэн төлбөр болох 3 сая төгрөгийг бага багаар өгч барагдуулах хүсэлтэй байна. Орлого тогтворгүй байгаагаас харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Жич: буцаалт болох 165,960 төгрөгийг хасуулах хүсэлт байна.
3 саяын төлбөртэй байснаа зөвшөөрнө. алданги 1,5 саяыг нэхэх ёсгүй. Учир нь ковид гээд гүйлгээ муу байна. Эсхүл багасгаж болохгүй юу. Би боломжоороо төлж байсан гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2022 оны 07 дугаар сарын 26 болон 8-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа /хх14-15/, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх17/, худалдааны хамтын ажиллагааны гэрээ /хх18/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 3,131,614.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,368,385.80 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь өөрийн үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүнийг нийлүүлж, хариуцагч нь борлуулалтын дараа үнийг төлөхөөр тохиролцсон. Улмаар 3,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байсан бөгөөд үүнд 165,960 төгрөгийн бүтээгдэхүүн буцаагдсан дүн орсон талаар зохигчид хэн аль нь маргаагүй. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэхүү 165,960 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцохыг зөвшөөрсөн.
Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 2,834,040 төгрөг юм.
Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр худалдааны хамтын ажиллагааны гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. /хх18/
Уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүнийг хариуцагчид олгох, хариуцагч нь дамжуулан жижиглэнгээр худалдсаны дараа үнийг төлж байхаар тохиролцжээ.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд үнийг борлуулалтын дараа төлөх нөхцөлтэй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Гэрээний 4.1-т зааснаар хариуцагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор үнийг төлөх бөгөөд 6.1-д зааснаар хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног дутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.
Хариуцагч нь цар тахалтай холбоотойгоор төлбөр төлөх боломжгүй болсон гэж тайлбарласан боловч энэхүү тайлбар нь алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь алдангийг хэдий хугацаанаас хэрхэн тооцож байгааг тайлбарлаж, нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Хэрэгт зохигчдын хамгийн сүүлд үйлдсэн гэх тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төлбөрийн үлдэгдэл 3,485,490 төгрөг гэсэн байх боловч шүүх хуралдаанд 2,834,040 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул талуудын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.
Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэнээс хойш 21 хоногийн дараа буюу 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул энэ хугацаанд алданги тооцно.
Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 2,834,040 төгрөг тул 1 хоногт 14,170.20 төгрөг, 21 хоногт 297,574.20 төгрөгийн алданги тооцогдоно.
Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас нийт 3,131,614.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,368,385.80 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ү.Ооос 3,131,614.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,368,385.80 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 65,055.83 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД