Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/064

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

хохирогч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:       

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

******* нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын 4 дүгээр багийн нутаг “Шаварт” гэх газарт Териос маркийн 27-63 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан: “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.3.6-д заасан: “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.2-т заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 настай *******гийн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                          /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нөхөр *******, талийгаач хүүхэд Мөнхжин бид гурав Батсүх ахынд оччихоод гэр рүүгээ буцаж яваад зам тээврийн осолд орсон юм. Зам тээврийн осол яах ийхийн зуургүй болсон. Яг юуны улмаас болсоныг тэр үед мэдээгүй. Талийгаач хүүхэд бид хоёр жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж явсан. Би машиныг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг мэдээгүй. Бид гурвуулаа хамгаалах бүс зүүж яваагүй. Манайх машинаа цагаан сарын өмнөхөн хүнээс зээлээр худалдаж авсан юм. Мөнгийг өгөөгүй байгаа. ******* архи, тамхи хэрэглэдэггүй, тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 03 дугаар сарн 02-нд бид нар Батсүх гэдэг ахындаа оччихоод гэррүүгээ буцаж яваад осолд орсон. Явж байгаад яах ийхийн зууртгүй унасан. Яг юунаас болж унасныг би мэдэхгүй байна. Манай нөхөр жолооны сургууль төгсөөгүй байсан, жолоодлогын буруутайгаас машинаа тогтоож чадалгүй унагасан байх. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 01 сард 27-63 ӨВР улсын дугаартай автомашиныг *******т худалдсан. Бэлэн мөнгө аваагүй. Торхон байшингийн торх 100 ширхэг банз, нэг адуу зэрэг зүйлүүд авахаар тохиролцоод авсан. Надад иргэний нэхэмжлэлтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ машиныг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Пүрэвдорж гэх хүнээс худалдаж аваад нэрээ шилжүүлж чадаагүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд шилжилт хийлгэж чадаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 03 дугаар сарын 02- ны өдөр ойролцоогоор 15 цаг өнгөрч байхад ******* гэр бүлийн хамтаар манай гэрт ирээд золголоод, цай унд уучихаад 16 цаг өнгөрч байхад манай гэрээс гэрлүүгээ явлаа гээд гараад явсан. Би *******т архи хийгээд өгөхөд архинаас амсчихаад, эхнэр ад өгөхөд бас амсчихаад ширээн дээр тавьсан. ******* архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед намайг ажил дээрээ байж байтал эмнэлгийн нэг давхараас яаралтай дуудлага өгье гэх сонсогдсон. Би тухайн үед эмнэлгийн хоёр давхарт байсан. Хоёр давхраас буугаад очтол Цээмаа гуай хүүхэд машинаас уначихсан, тархи нь задарсан байна гэнэ хурдлаарай гэж хэлсэн. Би дуудлагыг хүлээн аваад Цэрэндолгор эмч рүү утсаар залгахад утсаа аваагүй. Цээмаа гуайд та яваад Цэрэндолгор эмчид хэлчихээд ир би тэр хооронд чинь машинаа бэлэн болгуулъя гэдгийг хэлээд явуулсан. Цээмаа гуайг явуулчихаад Цэрэндолгор эмч рүү дахиад утсаараа залгатал утсаа авсан. Тэгэхээр нь хоёулаа хамт яваад ирье гэдгийг хэлсэн. Тэгсэн тэгье гэж хэлээд би эмнэлгийн машины жолоочийг Цэрэндолгорыг аваад ир гээд явуулсан. Удалгүй машинтай Цэрэндолгор эмч ирсэн. Бид тэгээд осол болсон гэх газар руу явсан. Биднийг хэргийн газарт очих гээд дөхөж явахад урдаас талийгаач хүүхдийн цогцсыг тээвэрлээд ээж, аав нь нэг машинтай хүнтэй ирж явсан. Тэгээд замдаа уулзаад юу болсон талаар асуухад авч явсан хүн нь машин онхолдсон байна, хэргийн газарт уйлаад сууцгааж байна. Эднийг тэнд уйлуулаад суулгаад байлтай биш аваад явж байна гэж хэлсэн. Хүүхэд нас барсан байна гэсэн. Тэгээд тэдэнтэй хамт сум руу буцаад явсан. Суманд ирчихээд моорогт хүүхдийг хийхэд толгойны яс зүүн, дагз хэсгээрээ цөмөрсөн, гавал дотор хөндий юм шиг харагдсан. Нэгэнт нас барсан учир нарийн үзлэг хийгээгүй юм. *******аас архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байтал миний утас руу *******ын ах Эрдэнэчимэг залгаж яриад ******* машинтайгаа явж байгаад осолдсон гэнэ. Чи тэр газарт очоодохооч гэсэн. Тэгэхээр нь би машинаа асаагаад тухайн газарт хүрч очсон. Манай гэрээс холгүй газарт буюу Баянлиг сумын 4 дүгээр багийн нутаг "Шаварт" гэх газарт байсан. Машин нь зүүн хажуугаараа уначихсан, замынхаа цаана хэвтэж байсан. Харин машиныхаа хажууд талийгаач хүүхдийг газарт хэвтүүлээд цамцаар хучсан, , ******* хоёр хажууд нь байсан. Талийгаач хүүхэд болон , ******* хоёрыг аваад Баянговь сумын зүгт хөдөлсөн. Хөдлөөд явж байгаад замдаа эмнэлгийн машинтай таарсан. Эмнэлгийн хүмүүс үзчихээд хамт цаашаа сум руу явцгаасан.Талийгаач хүүхдийн цогцсыг сумд авчраад моорогт хийсэн. *******т архи согтууруулах ундаа хэрэглэснийг илтгэх шинж тэмдэг мэдэгдээгүй, үнэртэхгүй байсан. Зам тээврийн осол болсон газар нь бартаа гээд байх зүйлгүй, цагаан, талархаг газар байсан. Машин шарваад л онхолдсон мөр харагдаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн дангаараа гаргасан 08 дугаартай: 1. Цагдаагийн байгууллагын нэгдсэн хаалт, лавлагааны жолоочийн бүртгэлээс шалгаж үзэхэд Цээмаа овогтой ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. 2. 27-63ӨВР улсын дугаартай автомашин жолоодож явсан ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Үүнд: А/ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна. Б/ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 4. Хэргийн газрын үзлэг, гэрэл зураг, жолооч, зорчигч нарын өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд жолооч ******* нь зогсоох арга хэмжээ авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 5. 27-63 ӨВР улсын дугаартай автомашины тухайн үед явсан хурдыг тогтоох боломжгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 03 дугаартай: 1. Шинжээчийн 08 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. 2. Зам тээврийн осол, хэрэг болох үед жолооч *******, түүний эхнэр *******, талийгаач хүүхэд ******* нар суудлын хамгаалах бүсийг зүүгээгүй явсан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 3.б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.8 хүн тээвэрлэхийг хориглох тохиолодол е/ 3 хүртлэх насны хүүхдийг /харгалзах хүнгүй тохиолдолд/ зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглоно гэж заасан учир талийгаач хүүхэд ******* нь зам тээврийн осол хэрэг болох өдөр 05 настай байсан тул тусгай суудал засаж суулгах шаардлагагүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51/

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 17/08 дугаартай: 1. Автомашиныг суурин тоног төхөөрөмжөөр шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалт -23.8 мм/м байгаа нь стандартад заасан 5 мм/м хэмжээнээс хэтэрч тэнхлэгийн тохиргоо алдагдсан, дугуйнуудын хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 2.0 мм байгаа нь замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 1.6 мм-с их буюу хэвийн хэмжээнд, жолооны хүрдний сул явалт 6 градус буюу 10 градусаас бага, хэвийн хэмжээнд, явах ангид ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, зүүн талын урд дугуйн тормос бүрэн ажиллагаагүй, зүүн баруун талын тормосны хүчний зөрүү нь 87.5 хувь буюу 20 хувиас их байгаа тул урд тормос жигд ажиллахгүй байгаа, харин хойд дугуйнуудын тормосны хүчний зөрүү нь 21.43 хувь буюу 30 хувиас бага байгаа нь хойд тормос ажиллагаатай, мөн зогсоолын тормосны идэвхижил бүрэн байв. 2. Автомашины бүхээг орчимд бий болсон эвдрэл гэмтлүүд нь ослын дараа үүссэн, харин суурин тоног төхөөрөмжөөр шалгаж тогтоосон хэмжээнүүд нь зам тээврийн осол болохоос өмнө байсан гэмтлүүд бөгөөд ослын дараа явах анги, жолооны механизм, тормосны системд ямар нэгэн эвдрэл, гэмтэл үүсээгүй байна. 3. Урд тэнхлэгийн зүүн талын дугуйны тормос бүрэн барихгүй, зүүн баруун талын дугуйнуудын тормос жигд бус ажиллагаатай байгаа нь тормослох үед шарвалт үүсэх нөхцөл бүрдэж, жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тул зам тээврийн осол болоход нөлөөлөх нөхцөл байдал бий болох боловч хэргийн газарт хийсэн үзлэгээр тухайн автомашинд тормосны мөр гараагүй, ямар нэг шарвалт үүсээгүй, жолооч тормослох оролдлого хийгээгүй байв. 4. Гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нэгэн мэдээлэл байхгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-76/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 13-ны өдрийн 17 дугаартай: 1.Талийгаач *******гийн биед тархины няцрал, гавлын орой яс, зүүн чамархай ясны цөмөрсөн, няцарсан хугарал, суурь ясны хугарал, хатуу хальсны урагдал, зүүн шанаа, чамархай, зулайн хуйхны хууларсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Талийгаачийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Талийгаач *******гийн биед үүссэн дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаач *******гийн биед задлан шинжилгээгээр архаг хууч өвчтэй гэх шинж тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь дээрх гавал тархины амь насыг аврах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэх шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-59/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 03 сарын 02-ны өдөр ах Батсүхийнд оччихоод буцаад гэр рүүгээ явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед би машинаа жолоодоод эхнэр охин 2 урд суудал дээр сууж явсан. Осол яах ийхийн зуургүй болсон. Миний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж бодож байна. Би 30-40 км/цагийн хурдтай явсан. Осол болоход тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй. Бид гуравын хэн нь ч суудлын хамгаалах бүс зүүж яваагүй. Би өөрийн эзэмшлийн 27-63 ӨВР дугаартай Териос маркийн суудлын автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж охиноо алдсандаа харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 89-90, 93-94/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-13/

Нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 18-19/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22/

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 23-24/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 60-61/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2712 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-68/,

Баянхонгор аймгийн ЗДТГ-н дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72/,

Баянхонгор аймгийн Баянговь сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 95-96/,

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-100/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 102/

Баянговь сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 103/

*******ын сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 104-117/

Э.Шийрэвдоо, ******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 118-119/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд тус прокурорын газраас *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын 4 дүгээр багийн нутаг “Шаварт” гэх газарт Териос маркийн 27-63 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан: “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.3.6-д заасан: “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 9.2-т заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 настай *******гийн амь насыг нь хохироосон болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролын мөн чанар, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогчийн санал гомдолгүй, хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27-63 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 0461100 дугаартай гэрчилгээг буцаан олгож шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч *******ын өмчлөлийн 5 ханатай, бүрэн тавилгатай гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                     

                                                                                        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас *******гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан *******т хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг түүнд сануулсугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27-63 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 0461100 дугаартай гэрчилгээг буцаан олгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн 5 ханатай, бүрэн тавилгатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т хэрэглэсэн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ