Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/04596

 

 

 

 

 

 

                                2022       11          02

                   101/ШШ2022/04596

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Д.С /рд:-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Г /рд:,

Хариуцагч:  С.Э /рд:/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 186,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б, Т.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч Т.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С миний найз болох Н.Г, С.Э нар нь 2020 оны 12 сард бизнесийн эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна 150,000.000 төгрөг зээлдүүлээч гэж гуйсан. Ингээд 2020 оны 12 сарын 25 өдөр 150,000.000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай эхнэр С.Этай нь зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Зээлийг хугацаандаа төлөхгүй бол гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тусгасан. Зээлдэгч нар нь гэрээний хугацаанд зээлийн хүүг төлж байсан боловч үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг төлж байгаагүй болно. Ингээд зээлийн гэрээний хугацаа дуусахад С.Э Н.Г нар нь үндсэн мөнгөө төлөх гэсэн чинь мөнгө бүтэхгүй байна... гэрээг үргэлжлүүлэн сунгаж хоёр найз нь хүүг нь төлж байя гэж хэлснийх нь дагуу миний бие зөвшөөрч гэрээг сунгаж С.Э Н.Г нар нь зээлийн хүүг сар бүр тогтмол төлж байсан. Ингээд Н.Г нь 2021 оны 12 сарын 25 өдөр С.Эгийн нэр дээр байсан зээлийн гэрээг өөрийн нэр дээр болгон зээлдэгчийг сольж зээлийн гэрээг 6 сараар байгуулсан. Тус гэрээний хугацаа 2022 оны 6 сарын 25 өдөр дуусаж зээлдэгч Н.Гас мөнгөө шаардахад хүнээс мөнгө зээлэх гээд хөөцөлдөөд бүтэхгүй байна хугацаа сунгаж өгөөч гэхэд нь миний бие итгэн зөвшөөрч 45 хоног хүү тооцохгүй байхаар тохирч 2022 оны 8 сарын 9 өдөр хүртэл хугацааг сунгасан. Гэтэл талуудын тохиролцсон хугацаа дуусахад Н.Г нь дахин хугацаа өгөөч гэх болсон. Н.Г нь зээлийн төлбөрөө төлөөгүй атлаа гадагшаа явна гэж ярьж байгаа болно. Ийм учраас зээлийн мөнгөө нэхэмжлэн шүүхэд хандах шаардлагатай болсон.

Иймд С.Э Н.Г нараас зээлийн үндсэн төлбөр болох 150,000,000 төгрөг, алданги 2022 оны 6 сарын 25 өдрөөс 2022 оны 8 сарын 12 өдөр хүртэлх 48 хоногийн алданги 36,000.000 төгрөг, нийт 186,000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн гаргуулжС надад олгуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2020 оны 12 сард 150 000 000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн. Анх Этай зээлийн гэрээний харилцаа үүссэн. 2021.6.25-нд харилцаа дуусгавар болоод 6 сараар сунгасан. Ингээд дахиад 6 сараар сунгасан. 2021.12.25-нд гэрээ байгуулахдаа Э нь солигдож Гантулгыг өөрийнхөө оронд оруулж гэрээг сунгасан байдаг. Нөхцөл нь өмнөх нөхцөлөөр сунгасан. Улмаар гэрээний хугацаа дууссан. Нийт хугацаанд хүүг төлж явсан. Үндсэн зээлээр төлбөр төлөөгүй. Хүүд сар бүр 7 500 000 төлж ирсэн. Иймд үндсэн зээлээ болон гэрээнд зааснаар алдангийг 2022.6.25-8.9 хүртэл тооцоод 36 саяыг шаардаж байгаа юм. Хэрэгт 2 зээлийн гэрээ байгаа юм. Анхны гэрээ нь Этай байгуулсан гэрээ байгаа юм. Дараагийнх ньГтай гэрээ байгуулсан. Аль гэрээгээр шаардаж байгаа вэ гэхээр 2021.12.25-ны гэрээгээр мөнгө өгөөгүй гэж байна. Энэ гэрээний дагуу нэхэмжлэл гаргаагүй. Харин анхны гэрээний үргэлжлэл гээд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Дараагийн 2021.6.25-нд амаар гэрээний хугацааг сунгасан. Хариуцагч нар нь гэр бүлийн хүн төл сүүлийн гэрээнд зээлдэгчийг сольсон юм. Учир нь хариуцагч нар хүссэнээр нэхэмжлэгч зөвшөөрсөн юм. Ийнхүү сунгахдаа ямар байдлаар хийхийг мэдэхгүй байсан тул зээлийн гэрээ гэж хийгдсэн. Бид 2021.12.25-ны гэрээгээр нэхэмжлэл гаргаагүй. 2022.6.25-нд гэрээ дуусгавар болоход хүү тооцохгүйгээр гэрээг сунгах хүсэлт гаргаснаар 45 хоногоор сунгасан. Ингэснээр бид энэ хугацаанд алданги тооцоогүй. Гэвч төлбөр төлөгдөөгүй тул шүүхэд хандсан.

Хариуцагчийн өмгөөлөгч нь хүүг багасгаж өгөөч гэж байна. Үүнийг цар тахалтай холбоотой ярьж байна. Гэтэл гэрээ байгуулах үед цар тахал дууссан байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг дэмжинэ гэв.

 

Хариуцагч Н.Г, С.Э нар нь шүүхэд, тэдгээрийн өмгөөлөгч Б.Б, Т.Х нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г, С.Э бид Д.С биднийг хариуцагчаар татан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн эс зөвшөөрч доорх хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэлд дурдсанаар 2020.12.25-нд С.Э миний бие Д.Стай зээлийн гэрээ байгуулан 150.000.000 төгрөгийг авсан нь үнэн. Мөнгийг дансаар биш бэлнээр хүлээн авсан. Зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021,06.25-нд дууссан.

Бид дараах байдлаар Д.Сд зээлсэн мөнгийг төлж барагдуулсан:

2021.01.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.02.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.03.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.04.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.05.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.06.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.07.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.08.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021,09.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.10.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.11.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.12.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2022.01.25-нд Д.Сын Хаан банкны ,, дугаартай данс уруу 7,500,000 төгрөг, 2022.02.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2022.03.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2022.04.25-нд Д.Сын Хаан банкны ,, дугаартай данс уруу 7,500,000 төгрөг, 2022.05.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2022.06.25-нд Д.Сын Хаан банкны ,, дугаартай данс уруу 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Д.Сд нийт өгсөн мөнгөн дүн 134,500,000 төгрөг болж байна.

Бид гар утасны худалдаа эрхэлдэг бөгөөд Д.Саас зээл авсан хугацаанд хил гааль хаагдан, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Д.С нь бидний санхүүгийн хэрэгцээг далимдуулж шударга бусаар хэт өндөр хүү тогтоон их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэсэн зохицуулалтын дагуу хүүгийн хэмжээг бууруулж өгнө үү.

Нэхэмжлэлд дурдсан 2021.12.25-ны өдрийн зээлийн гэрээгээр бид Д.Саас мөнгө аваагүй тул энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

150 саяыг авсан талаар маргаангүй. 2020.12.25-нд Э авсан. Гол асуудал нь 2021.12.25-нд дахиж гэрээ байгуулсан боловч мөнгө шилжиж ирээгүй. Өмнөх гэрээ нь 2021.6.25-нд дууссан. Иргэний хуулийн 282-д мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Иймд үүнээс хойш хүү алданги тооцоод байгаа юм. Энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Бидний хувьд 6 сараар гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаа дууссанаар хүү алданги тооцох ёсгүй. Иймд бүхэлд зөвшөөрөхгүй. Учир нь мөнгийг төлсөн. Хариуцагч нар нь 134 500 000 төгрөг төлсөн бөгөөд энэ талаар баримт хэрэгт байгаа юм. Хариуцагч нар нь хэлэхдээ үндсэн зээлээс 15 500 000 төгрөг дутуу талаар маргаангүй гэдэг юм. Дараагийн гэрээнд мөнгө шилжээгүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус. Харин хүүгийн асуудлыг хэт өндөр тогтоосон бол шүүх багасгах боломжтой. Цар тахлын үед сарын 5 хувийн хүү гэдэг нь хэт өндөр гэж хариуцагч нар хэлдэг. Иймд хүүг хасаж өгнө үү гэдэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гэрээг сунгасан харилцааг үгүйсгээгүй гэж байна. Гэтэл энэ талаар хэрэгт баримтгүй. Хэрэв сунгасан бол гэрээ дүгнэсэн акт байх ёстой. 6 сарын хүү нь 45 сая ба үлдэгдэл мөнгө 15.5 сая боловч одоо нэхэж байгаа нь 200-аад сая байгаад хариуцагч нар гайхаад байгаа юм. Нэхэмжлэгч нь шударга байх ёстой. Хариуцагч нарын бизнест хөрөнгө оруулъя гэж ярьсан байдаг. Гэтэл цар тахлаас болоод бараа таталт удааширсан юм. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон талаар нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Мөн лангууны талаар барьцааны гэрээ хийх ёстой байсан. Нэхэмжлэл дээр найз гэж бичсэн боловч хамгийн өндөр буюу 5 хувийн хүү гэж гэрээнд зуруулсан юм гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч С.Этай байгуулсан зээлийн гэрээ /хх5-7/, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н.Гтай байгуулсан зээлийн гэрээ /хх8-10/, зээлийн буцаан төлөлтийн талаарх хавсралт /хх11/, хүсэлт гэх гараар бичсэн баримт /хх12/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч С.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 96,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч Н.Гд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 150,000,000 төгрөг, алданги 36,000,000 төгрөг нийт 186,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч С.Э нь зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөг олгогдсон талаар маргаагүй боловч нийт 134,500,000 төгрөгийг буцаан төлсөн, цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа хязгаарлагдсан, мөн зээлийн хүүг зээлдэгчид хэт хохиролтойгоор тогтоосон тул бууруулах ёстой гэж маргасан.

Харин хариуцагч Н.Г нь зээлийн гэрээ байгуулагдсан боловч мөнгө олгогдоогүй, өмнөх гэрээтэй холбоотойгоор дахин гэрээ байгуулсан тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.С нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч С.Этай 150,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 6 сарын хугацаатайгаар сард 5 хувийн хүү буюу 7,500,000 төгрөг төлөхөөр тохиролцож байгуулсан байна. /хх5-7/

Нэхэмжлэгч нь зээл олгосон гэдгийг санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй боловч хариуцагч С.Э нь 150,000,000 төгрөг олгогдсон үйл баримтын талаар маргаагүй тул шүүх зохигчдын маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй юм.

Иймд нэхэмжлэгч Д.С, хариуцагч С.Э нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч тал 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацааг аман хэлбэрээр сунгасан гэж тайлбарласан бол хариуцагч нарын өмгөөлөгч нь энэхүү тайлбарыг үгүйсгэж, гэрээний хугацаа дууссанаас хойших төлбөр нь гэрээний үндсэн төлбөр, эсхүл хүү аль нь болох нь тодорхойгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү шаардах эрхээ алдана.

Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацааг бичгийн хэлбэрээр сунгаагүй байх тул нэхэмжлэгч нь үүнээс хойших хугацаанд хүү шаардах эрхгүй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг хууль зүйн мэдлэггүйн улмаас анхны зээлийн гэрээний зээлдэгчийг түүний гэр бүлийн гишүүн буюу нөхрөөр сольж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан бөгөөд ийнхүү гэрээ байгуулагдсанаар өмнөх гэрээний хугацаа сунгагдсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдээгүй болон буруу ойлгосон нь уг хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

Иймд зээлдэгч бус этгээдтэй дахин гэрээ байгуулснаар хариуцагч С.Этай байгуулсан гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Цаашлаад 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Н.Гтай байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө олгогдоогүй үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

Иймд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хүчин төгөлдөр болоогүй тул нэхэмжлэгчид уг гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Гд зээлийн гэрээний дагуу үүрэг үүсээгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар өр шилжсэн талаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлоогүй бөгөөд энэ талаар баримт ирүүлээгүй.

 

Эдгээр үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг тооцвол:

Гэрээний 2.2-т зааснаар сард 5 хувь буюу 7,500,000 төгрөгийн хүү тооцогдох тул 6 сард 45,000,000 төгрөгийн хүү тооцогдоно.

Улмаар үндсэн зээл, түүний хүүд нийт 195,000,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч нарын тайлбарт дурдсан нийт 134,500,000 төгрөгийг буцаан төлсөн гэх тайлбарыг зөвшөөрсөн тул хариуцагч нь гэрээний дагуу төлөх хүүг бүрэн төлсөн байна.

Иймд гэрээний хугацаа дуусахад гүйцэтгээгүй үүргийн дүн нь 150,000,000 төгрөг байжээ.

 

Гэрээний 6.2-т зааснаар гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

Үүнээс алдангийг тооцвол гэрээний хугацаа дуусаж шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 1 жил, 79 хоног буюу 444 хоног хэтэрсэн тул 1 хоногт 750,000 төгрөг, 444 хоногт 333,000,000 төгрөгийн алданги тооцогдоно.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар нийт 75,000,000 /150,000,000/2/ төгрөгийн алданги тооцох боломжтой.

Харин нэхэмжлэгч нь алдангид 36,000,000 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч С.Э нь зээлийн гэрээний дагуу нийт 186,000,000 /150,000,000+36,000,000/ төгрөг төлөг үүрэгтэй байна.

 

Цаашлаад хариуцагч Н.Э нь нийт 134,500,000 төгрөг төлснөөс гэрээний хугацаанд төлсөн хүү болох 45,000,000 төгрөгийг хасвал үндсэн үүргээс 89,500,000 төгрөг төлөгдсөн.

Иймд хариуцагч Н.Э нь 96,500,0000 /186,000,000-89,500,000/ төгрөгийн үндсэн зээл, алданги төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б нь зээлийн гэрээний хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон тул багасгах талаар маргасан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах бөгөөд агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Мөн хариуцагч тал нь зээлийн гэрээнд заасан хүү хэт өндөр буюу зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар шүүх хүүг багасган тооцох боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

Харин мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг зохих хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар хариуцагч С.Эгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 96,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,500,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Н.Гд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,087,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эгаас 640,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сд олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД