| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/05862/И |
| Дугаар | 101/ШШ2022/04772 |
| Огноо | 2022-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/04772
| 2022 11 11 | 101/ШШ2022/04772 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “З” ХХК /рд:6641717/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.О /рд:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,339,650.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “З” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Т.О нь 2022 оны 02 сарын 19-ний өдөр сарын 3%-ийн хүүтэй, сарын 0,6%-ийн нэмэгдүүлсэн хүүтэй ЗГ/21/0101130108000456 тоот “Зээлийн гэрээ” байгуулж 4,450,000 төгрөгийг зээлж iPhone13 Рro МАХ загварын гар утсыг “Ант Онлайн Молл” ХХК-аас авсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ удаа дараа зөрчnr зээл төлөхийг шаардах болгонд ямар нэгэн шалтгаан хэлж өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Хариуцагчийн дээрх хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 “зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэлд, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө”, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж. мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.” тус тус заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгчийн төлөх өр төлбөрийн үлдэгдэл нь зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэлд 4,450,000.00 төгрөг, зээлийн хүүд 820,750.67 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 68,899.50 төгрөг, нийт 5,339,650.17 төгрөг болсон байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдүүлэгч З ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас шаардах эрхтэй байхаар хуульд заасан байна. Иймд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэлд 4,450,000.00, төгрөг, зээлийн хүүд 820,750.67 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 68,899.50 төгрөг, нийт 5,339,650.17 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдэн хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч нь тов мэдсэн боловч ирээгүй тул хуулийн 100.3-р хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй. Зохигчдын хооронд 2022.2.19-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр хариуцагч нь 4 450 000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр 24 сараар зээлж авсан. Гэтэл эргэн төлөлтийн хуваарийг баталсан боловч нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж үндсэн зээлд 4 450 000, хүүд 820 750.67, нэмэгдүүлсэн хүүд 68 899.50 нийт 5 339 650.17 гаргуулж өгнө үү. Хариуцагчийн тайлбараар сард 300 000 төгрөг гэдэг нь хэт бага тул зөвшөөрөх боломжгүй гэв.
Хариуцагч Т.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие зөгийн санхүүгийн байгууллагаас утас лизингээр авч төлж чадахгүй ажил зогсож тус байгууллагад 5,339,650.17 төгрөг төлөх төлбөрт гарсан уг төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ажил төрөл зогсоод санхүү хүнд байгаа тул сар бүрийн 300,000 төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх6-14/, бараа хүлээлгэн өгсөн актын хуулбар /хх15/, хариуцагчийн гаргасан хүсэлтийн хуулбар /хх16/, зээлийн тооцоолол /хх17/, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудас /хх17/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 5,270,750.67 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “З” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,450,000 төгрөг, хүү 820,750.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,899.50 төгрөг, нийт 5,339,650.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Т.О нь зээлийн гэрээний үүрэгт нийт 5,339,650.17 төгрөг төлөх талаар маргаагүй боловч сар бүр 300,000 төгрөг төлөх тухай тайлбар гаргасан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн эвлэрэн хэлэлцэх саналыг зөвшөөрөөгүй.
Шүүх хариуцагчид хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчид 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 4,450,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 24 сарын хугацаатайгаар, жилд 36 хувийн хүү төлөхөөр тохиролцон байгуулсан байна. /хх6-14/
Улмаар энэхүү гэрээний дагуу хариуцагч нь мөнгөн хөрөнгийг худалдагчийн Хаан банк дансанд шилжүүлэх талаар хүсэлт гаргаж байжээ. /хх16/
Энэхүү хүсэлтийн дагуу мөнгө шилжүүлсэн бөгөөд гар утсыг хариуцагч хүлээн авсан болох нь бараа хүлээлгэн өгсөн актын хуулбараар тогтоогдож байна. /хх15/
Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Иймд зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр болсон.
Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, төлбөр төлөх хуваарь гаргасан боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй.
Иймд шүүх хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул хуульд нийцүүлэн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу буцаан төлөлт хийлгээгүй гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй тул гэрээний дагуу үүссэн үүргийг тооцвол:
Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээ 6 сар 23 хоног хэрэгжсэн байна.
Гэрээний 2.1.2-т зааснаар жилд 36 хувийн хүү төлөх тул сард 3 хувийн хүү буюу 1 сард 133,500 төгрөг, 6 сард 801,000 төгрөгийг хүү тооцогдоно. Улмаар гэрээнд зааснаар 1 хоногийн хүүг жилийн 365 хоногоор тооцвол 1 жилд 1,602,000 төгрөг тул 1 хоногт 4,389.04 төгрөг, 23 хоногт 100,947.92 төгрөгийн хүү тооцогдоно.
Эдгээрийг нэгтгэн тооцвол нийт 901,947.92 төгрөгийн хүү тооцогдох боловч нэхэмжлэгч нь хүүд 820,750.67 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Улмаар үндсэн зээлийг нэмбэл 5,270,750.67 төгрөг төлөх үүрэг гүйцэтгэгдээгүй байна.
Гэрээний 2.1.3-т нэмэгдүүлсэн хүүгийн талаар заасан байх боловч гэрээг нэхэмжлэгчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалсан тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл олгосноос хойш буцаан төлөлт хийгдээгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүй. Цаашлаад мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх баримтыг хариуцагч үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах эрх үүссэн байна.
Эдгээр үндэслэлээр хариуцагчаас 5,270,750.67 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,899.50 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Т.Оаас зээлийн гэрээний үүрэгт нийт 5,270,750.67 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “З” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,899.50 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99,282 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД