Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Хохирогч: ******* / цахимаар /,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002510145 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* / РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 06 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Тэмээт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын чанартай А0303 авто замд Тоёота Лексус АрЭкс-450 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замаас гарч осол гаран тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч *******гийн эрүүл мэндэд бүсэлхийн 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, 4 дүгээр нугалмын гулсалт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Надад эрх үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй байна. Би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна....гэх мэдүүлэг / хх-ийн 153-154/,

..... Би өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Тэрнээс би өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийг дэлгэрэнгүй өгсөн учраас нэмж ярих зүйлээ л хэлэх хүсэлтэй байна. Би иргэн *******гийн гарсан гэмтлийнх нь дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шинжээч томилж, дүгнэлтийг гаргуулах хүсэлтэй байна. Тухайн осол болсны орой нь би Говь-Алтай аймаг орсныхоо дараа би тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч нар луу бүгд рүү нь утсаар яриад тухайн хүмүүсийг эмнэлэгт үзүүлэх талаар ярьсан. Тэр үед ******* гэж хүнтэй утсаар ярихад “би өөрөө хувиараа үзүүлж харуулна” гэж ярьсан. Тэгэхээр нь би маргааш нь өөрийн төрсөн ээж, жолооч нарын хамт өрөөнд нь очиж уулзахад ******* нь би “ та нартай хамт явж үзүүлэхгүй, би өөрөө яваад үзүүлнэ ээ” гэж хэлсэн. Тэгээд бид нар өрөөнөөс нь гараад явсных нь дараа 2-3 хоногийн дараа утас руу нь залгаад утсаа аваагүй, мөн гэрийг нь олж очиж уулзахаар ярилцсан боловч гэрээ огт зааж өгөөгүй юм. 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн ******* гэж хүн нь өөрөө Говь-Алтай аймагт их эмч хийдэг хүн бөгөөд тухайн газартаа олон таньж мэддэг хүмүүсийн дунд эмчид үзүүлж дүгнэлтийг гаргуулсан байна. Тухайн эмч нартай хуйвалдаад дүгнэлтийг гаргуулсан байхыг ч үгүйсгэхгүй байна. Би тухайн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос гараад Эмээлт өнгөрөөд явж байхад тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод Элсэн тасархай хүртэл жолоодоод, машины эзэн гэдэг хүн өөрөө жолоодоод Баянхонгор аймаг хүртэл унаж ирсэн. Би тэр үед унтаж явсан бөгөөд аймгийн төвд гэрлэн дохиогоор буруу эргээд төөрчихлөө гэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод Баянхонгор аймгаас гаргаж өгөөд эргээд д өгсөн, тэгээд би Бөмбөгөр сум өнгөрөөд нойр хүрээд байна гэхэд нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод осол гарсан юм. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг гэдэг юм, би өмнөх мэдүүлэгтээ л гэж өгсөн дөө. Би гэж хүнд 7 сая гаран төгрөгийг өгсөн, би яг хэдэн төгрөгийг өгснийг хэлж мэдэхгүй байна. Надад өгсөн гэх баримтууд нь байгаа. Манай төрсөн ах гэдэг хүн тухайн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод веатнам засварт өгч засварлуулсан, гэхдээ манай ах өөрөө бол биечлэн засварлаагүй, мөнгө төгрөгийг нь өгөөд засварт өгөөд засварлуулсан, би хаана, ямар засварт өгснийг нь бол би мэдэхгүй, миний хувьд бол тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн өгөх өр төлбөр бол байхгүй юм....гэх мэдүүлэг /хх-ийн 157-158/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хотоос ******* ******* гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад явж байгаад замаасаа 12 дугаар ангийн 1 зоригч аваад гарсан. Тухайн үед эмэгтэй жолооч байсан. Тэгээд явж байгаад 22 товчоо гэх газраас тухайн жолооч жолооны хүрдээ эрэгтэй жолоочид шилжүүлсэн. Тэгээд Баянхонгор аймаг орох гэж явж байгаад нөгөө унаж явсан эрэгтэй жолоочийнх нь нойр нь хүрээд эмэгтэй жолооч авсан. Тэгээд Баянхонгор аймаг өнгөрөөд тухайн эмэгтэй жолооч дахиад нөгөө эрэгтэй жолоочдоо жолооны хүрдээ шилжүүлсэн. Тэгээд цаашаа явж байгаад тухайн эрэгтэй жолоочийн нойр нь хүрээд байхаар чи жоохон унтаж байгаад яв гэж хэлээд 2 цаг орчим унтуулсан. Тэгээд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын замын эсрэг талын урсгал руу сөрөөд замын хажуу талын далан хэсэг рүү хариаж орсон. Тухайн үед би хойд талын суудлын гол хэсэгт сууж явсан. Тухайн үед би замын хажуу тал руу орох үед миний нуруу хэсэг рүү юм цохисон. Би тэр үед сандлын урд унаад хоёр сандлын гол хэсэг рүү орсон байсан. Тухайн үед би ямар нэгэн суудлын бүсгүй явсан болохоор миний нуруунд маш их өвдөлт өгсөн. Одоо миний нуруу эмчилгээ хийлгээд зүгээр болохгүй байна. ...цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч утасны сүлжээ барихгүй байсан тул тухайн замаар явж байсан машин зогсоогоод суугаад явсан. Тэгээд би наашаа явж байгаад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумыг өнгөрч явж байгаад ар гэрт мэдэгдсэн чинь миний өмнөөс мэдсэн гэх хариулт өгсөн. Тэгээд би Говь-Алтай аймагт ирээд эмнэлэгт үзүүлсэн юм... гэх мэдүүлэг / хх-ийн 28-30 /,

....Осол болох үед жолоочтойгоо нийлээд 5 том хүн, 5 орчим настай нэг эмэгтэй хүүхэд нийт 6 хүн явсан. Жолоочийн хажуу талд жолоочийн ээж гэх эмэгтэй хүн суугаад жолоочийн харалдаа ар талд 12 дугаар ангид сурдаг гэх нэг эмэгтэй хүүхэд би өөрөө арын суудлын дунд хэсэгт суусан. Миний зүүн гар талд жолоочийн хамтран амьдрагч гэх эмэгтэй суугаад түүний өвөр дээр 5 орчим настай эмэгтэй хүүхэд сууж явсан. Ардаа ачаа ихтэй яаж байсан. Осол болох үед ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* гэх эрэгтэй унаж явсан юм. ******* ******* улсын дугаартай тазерийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар мэдэхгүй байна. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй талаар би мэдэхгүй байна. Уг осол нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 05 цаг 30 минутын орчимд болсон. Осол болсон гэх газарт утасны сүлжээ барьдаггүй газар байсан. Цаг агаарын хувьд үүрээр хүйтэндүү байсан ба цас, бороо ороогүй байсан. ...Тухайн үед миний толгой, нуруу өвдөж байсан ба толгойн орой, дух хэсэгт хавдсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Говь-Алтай аймагт ирээд эмнэлэгт үзүүлэхэд нурууны 1-5-ын гулсалт, 1-3 шахагдсан намсалт гэж хэлсэн. Миний нуруу өвдөөд байхаар нь 14 хоногийн дараа Улаанбаатар хот руу онгоцоор явж, Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах тасаг дээр нь үзүүлээд тархины КТГ хийлгээд нурууныхаа компьютерыг үзүүлэхэд эмч 1-3-ын шахагдсан хугарал гэсэн онош тавьж, эмчилгээ бичиж, зөвлөгөө өгсөн. Одоо миний нуруу нэг их хүчтэй өвдөхгүй ч гэсэн байнгын өвдөлттэй байгаа. Эм ууж, физик эмчилгээ хийлгэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

.....Тухайн ослын дараа би хаана байгаагаа ч мэдэхгүй, шууд замын унаанд суугаад Говь-Алтай аймаг руу яваад өгсөн юм. Ослын дараа 3 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас над руу залгаж ярьсан. Мөн би Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж харуулсан. Тухайн жолоочийн зүгээс бол надтай ирж уулзахад нь би биеийн байдлын талаараа тайлбарлаж хэлсэн. Гэтэл тухайн үедээ над руу цагдаад хэлсэн талаар дайраад, ойлголцоогүй. Машинаар Улаанбаатар хот руу явж үзүүлэхэд өвдөлт ихтэй байсан учраас онгоцоор хот руу явах талаар ярьж хэлсэн. Тэгээд манай аймагт томографын зураг авахуулсан боловч би дүгнэлтдээ эргэлзээд Улаанбаатар хот руу онгоцоор ирж Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд нурууны их биеийн шахагдсан хугарал, гулсалт хавсарсан байсан юм. Тэгээд Мөнгөн гүүр эмнэлгийн зөвлөх эмчид үзүүлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 92-94/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймаг явна гэсэн зарыг Говь-Алтай аймгийн зарын группээс харсан. Тэгээд машины эзний дугаарыг олж би Говь-Алтай аймаг явна ярьсан. Ямар машин бэ гэхэд, RX гэсэн. Ямар хүн жолоодох вэ гэтэл манай эрэгтэй дүү жолоодно гэж байсан. Тэгээд зардлаа асуугаад, өглөө эрт 8 цагийн үед гарна гэж хэлсэн. Маргааш нь Улаанбаатар хотоос 8 цагт гарна гэсэн боловч 12 цагийн үед Соёл урлагийн их сургуулийн үүднээс машинд суусан. Машинд суухад эмэгтэйн жолоогоо барьж Улаанбаатарын 22-ын товчооны ойролцоо засварын газар дээр очиж машины дугуйгаа янзлаад гарсан. Дараа нь ******* жолоогоо шилжүүлж авсан. Тэгээд замд явж байгаад Өвөрхангай аймгаас нөгөө эмэгтэй жолоогоо бариад Баянхонгор аймагт дөхөж ирээд эрэгтэйдээ жолоогоо шилжүүлсэн. Тэгээд шөнө явж байгаад жолоогоо хоёр тийш нь болгоод байхаар нь би “ Чи яагаад байна. Чи арай үүрэглээгүй биз дээ үүрэглэсэн бол унтах хэрэгтэй.” гэж хэлээд унтуулсан. Энэ хүнийг унтуулаад бид нар бас унтчихсан байсан. Сэрээд одоо явна гэсэн. Чи хүйтэн усаар нүүр гараа сайн угаагаад найдвартай нойроо сэргээж аваад яв гэсэн. Тэгээд машин хөдлөөд явсан. Тэр хооронд бид нар унтчихсан. Нэг мэдэхэд тас гээд дээшээ толгойн орой хэсгээрээ мөргөөд, доошоо шууд маш хүчтэй буусан. Нуруу өвдөөд явчихсан. Машин нэлээн явж байгаад зогссон. Би жолоочид бууя миний нуруу маш хүчтэй өвдөөд байна гэж хэлсэн. Тэгсэн хажуу талын эмэгтэйд гэтэл хариу өгөхгүй байсан. Тэгэхээр нь хамт яваа эмэгтэй хариу өгөхгүй байна. Чи ирээд энэ хүүхнийг өргөөд туслаач гэж хэлсэн. Жолооч баруун талаараа буугаад тэр хамт явсан эмэгтэйг суудлаас нь өргөсөн. Харин хариу үйлдэл өгөөд тэр эмэгтэй гайгүй сэрүүн байсан. Тэгээд надад суудлаа тавьж өгөөд машинаасаа гарсан. Миний нуруу өвдөж байсан. Би өвдөөд байгаа юм чинь хурдан яаралтай тусламж авахгүй бол болохгүй гэж бодоод зам дээр өөрөө очоод машин зогсоосон боловч машин зогсохгүй байсан. Тэгэхээр нь эргэж ирээд даараад байхаар нь машин дотор суух гэтэл нөгөө эмэгтэй ард талынхаа суудал дээр хөндлөн хэвтчихээд намайг суулгахгүй байсан. Би цаашдаа энд даараад улам хүндрэх юм байна гэж бодоод эргэж яваад машин зам дээр очоод бараг 40 минут болсон. Тэгсэн чинь нэг машин зогссон. Манай аймгийн залуучууд явж байсан. Намайг таниад зогссон байсан. Тэгээд би тэр машинд суугаад хамт явсан 18 настай охиныг эгчтэйгээ явах уу гэсэн. Тэр охин явъя гэсэн. Би энэ залуугаас ямар утсаар энэ болсон хэргийн талаар ярих вэ гэхэд нэг утасны дугаар өгсөн. Миний утасны цэнэг дуусчихсан байсан учраас хажууд байсан хүмүүсийн утсыг аваад эгч рүү нь хэлсэн. Бид нар мэдсэн гэж хэлсэн. Тэгээд Говь-Алтай аймгийн төвд 4 дүгээр сарын 01-ний үүрээр очсон. Би хаана юу болсныг нь мэдэхгүй байсан. Говь-Алтай аймагт очоод гэмтлийн эмчид үзүүлсэн. Намайг чи хэвтрийн дэглэм барьж бай гэсэн. Гэртээ хэвтэж байхад орой нь ******* миний утас руу залгаад “...Та яаж байна. Бид нар Бууцагаан сумын төвд үзүүлээд буцах гэж байна. Та осол гарсан талаар цагдаад мэдэгдсэн үү.” гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэгдээгүй. Нуруу өвдөөд хэвтэж байна гэсэн. Тэгсэн чинь бид нар яаралтай тусламж дээр компьютерын эмчтэй ярьчихсан. Та хүрээд ир гэсэн. Би нэгэнт компьютер асаачихсан юм байна гэж бодоод яаралтай тусламж руугаа ярьсан. Танай яаралтай тусламж дээр осолд орсон хүмүүс ирсэн үү гэхэд, Албан ёсоор мэдэгдсэн, бүртгүүлсэн зүйлгүй байна гэсэн. Албан ёсоор энэ хүмүүс ирж бүртгүүлэх үед нь намайг дуудаарай би очиж компьютерт хийлгэнэ гэж хэлсэн. Тэгээд 103-аас ярихад нь очиж энэ хүмүүстэйгээ хамт компьютер оношилгоонд орсон. 1-2 хоног маш хүчтэй нуруу өвдөж байсан. Би хэргийн талаар шүүгч найзаасаа асуусан. Тэгсэн чинь чи яаралтай хэрэг болсон харьяа газар руугаа мэдэгд гэсэн. Тэгээд Бууцагаан сумын цагдаагийн утасны дугаарыг авч гомдол гаргасан. Тэгсэн чинь та тэр үед нь хэлэхгүй яасан юм бэ гэсэн. Би тэр үед нь өвчтэй байсан. Хэлэхгүй бол болохгүй байна гэсэн. Цагдаа гомдол хүлээж аваад 3-4 хоног чимээгүй болсон. Би Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст очоод даргатай нь уулзаж хэлсэн. Тэгтэл цагдаатай нь ярь гэсэн. Дахиад ярьсан чинь та аймгийнхаа цагдаагийн газарт очооч шийдүүлчих гэж байсан. Дахиад Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст хэлсэн чинь нэг байцаагч томилж өгсөн. Тэр байцаагч нь Бууцагаан сумын цагдаа руу ярьсан. Тэгээд эгч ээ энэ авто ослын хэргийг хоорондоо харилцан тохиролцож шийдвэрлэж болдог. Би тэр хүмүүсийг чинь утсаар тантай уулзаадах гэж хэлээдэхье гэсэн. Тэгээд удалгүй ******* утсаар яриад “...Та хаана байна. Бид нар тантай уулзах гэж байна.” гэсэн. Би эмнэлэг дээр физик эмчилгээнд орчхоод өрөөндөө байж байя гэж хэлсэн. Өрөөндөө сууж байсан чинь ******* хамт явсан эмэгтэй, миний насны эмэгтэйтэй гурвуулаа манай өрөөнд орж ирсэн. Би өвчнийхөө талаар тайлбарласан. Миний нурууны өвдөлт ингэж өвдөөд байна. Өмнө нь өвддөггүй байсан. Энэ маш хүнд гэмтэл авчихсан байна. Компьютерт үзүүлсэн. Шахагдсан хугарал гэсэн гэж тайлбарлаж хэлсэн. *******ын хажууд явсан эмэгтэй “... Чи яагаад надад анхны тусламж үзүүлдэггүй юм. Чиний өвчин чинь хуучин өвчин.” гэж хэлсэн. ******* “...Та яасан муухай зантай хүн бэ” гэсэн. Намайг гомдол мэдүүлчихлээ гэж бүгдээрээ орж ирсэн байх. Тэгээд би “... Би чам дээр очсон түргэн тусламжийн эмч биш. Би чамаас илүү бэртэл гэмтэл авчихсан. Гэхдээ би чамд тусламж үзүүлсэн. Чамайг өндийхгүй, асуултад хариулахгүй байхаар чинь *******ыг дуудаж тусламж үзүүлээч гэж хэлсэн. Хоёрдугаарт би та нарын эгчид утсаар мэдэгдсэн.” гэж хэлсэн.

Тэгээд миний нуруу өвдөөд хөдөлгөөн хязгаарлагдсан байсан учраас эмнэлэгт байсан хүмүүсээс санаа зовоод дохиогоор би та нартай дахиад хэзээ ч энэ талаар ярихгүй. Явдаг журмаараа явъя. Миний толгой маш хүчтэй өвдөөд том дуугарч чадахгүй байна гэж хэлээд тэр хүмүүсийг өрөөндөө үлдээгээд гарсан.  Гараад явсан хойгуур тэр эмэгтэй хоёр давхраас нэг давхар хүртэл орилоод байсан. Би шууд сэтгэл санаагаар унаад хэцүү байсан. Цагдаагийн газар очоод энэ хүмүүс чинь надтай ерөөсөө ярихгүй, эвлэрэх юм байна гэж хэлсэн. Би уг нь өвчнийхөө талаар яриад Улаанбаатар хотод онгоцоор очиж нарийн шинжилгээнд орж, цаашид эмчилгээ хийлгэх талаар ярилцах гэж байсан. Тэгтэл цагдаа Баянхонгор аймгийн цагдаа руу ярьж гомдлоо гарга гэж дахин утасны дугаар бичиж өгсөн. Би Баянхонгор аймгийн цагдаа руу ярьж гомдолтой байна гэж хэлсэн. Тэгтэл Бууцагаан сумын цагдаа нэг дэх өдөр ирж надаас байцаалт авсан. Тэгээд та шүүх шинжээчийн дүгнэлт гартал явж болохгүй гэсэн. Шүүх шинжээчийн дүгнэлт гарсны дараа Улаанбаатар хот руу явсан. 4 дүгээр сарын 11-ний өдрийн онгоцоор явж, шууд гэмтлийн яаралтай тусламжийн тасагт Говь-Алтай аймагт хийгдсэн нурууны компьютероо үзүүлж, зовууриа хэлсэн. Тэгтэл бид тархины компьютер давтан хийнэ. Харин нурууны компьютер маш тодорхой сайн хийгдсэн байна гэсэн. Танд нурууны шаталсан хугарал, гулсалт, намсалт үүссэн байна. Тархины компьютерыг гарахаар мэдрэлийн эмчид үзүүлээд эмчилгээ, зөвлөгөө ав гэсэн. Тархины компьютерт өөрчлөлт байгаагүй. Мэдрэлийн эмчид нь үзүүлээд эргээд  Говь-Алтай аймагт  4 хоногийн дараа онгоцоор ирсэн. Би Мөнгөн гүүр эмнэлгийн нуруу судасны зөвлөх н.Басхүү эмчид давхар үзүүлсэн. Таны компьютерыг харахад онош ойлгомжтой байна. Та 6 жилийн дараа шинжилгээнд ор. Одоо бол шинжилгээнд орох шаардлагагүй гэсэн. Тэгээд эмчилгээ, зөвлөгөө бичиж өгсөн. Мөн  45 хоног хэвтрийн дэглэм барина. Цаашдаа гулсалт дээр эмчилгээ, хагалгааны асуудал яригдана. Гэхдээ эхлээд хугарлын асуудлаа шийдэж байж дараа нь тэр асуудал яригдана гэсэн. Тэгээд Говь-Алтай аймагт ирээд албан ёсоор эмнэлгийн хуудсаа авч 35 хоногийн дэвтрийн дэглэм барьсан. Бүх төрлийн эмчилгээнүүдийг хийлгэсэн. Гэхдээ тэр үеийнхээ бичиг баримтыг л хавсаргасан. Тэрнээс хойших одоог хүртэл байнгын эмчилгээтэй байна. Сая хүртэл ажлаасаа 3 хоногийн чөлөө аваад MRI шинжилгээнд хамрагдаад ирсэн. Цаашид Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нурууныхаа MRI-д үзүүлж дахин эмчилгээний асуудал ярих бодолтой байна. Тухайн үеийн баримтаас өөр баримт цуглуулаагүй. ******* надтай тэгж харьцсаныхаа 10-аад хоногийн дараа утсаар нэг удаа залгасан. Тэр үед би ажилтай байсан. Гэвч би утсыг нь авахаас айдас хүрсэн. Яагаад гэвэл дахин намайг янз бүрээр доромжлох байх гэж бодсон. Тэр үед сэтгэл санаа маш хэцүү байсан. Тэгээд нойргүйдэлтэй болсон. Дахин нэг өвчин авчих байх гэж айгаад утсыг нь аваагүй. Хохиролд  950,897 төгрөгийн баримт байгаа.Миний өгсөн баримт үүнээс их байсан. Ажлын хөлс, ирж очих онгоцны зардал, шавар эмчилгээний зардал байх ёстой. Нэг талын онгоцны зардал 480,000 төгрөг байдаг гэв.

5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Хохирогч *******гийн талаарх мэдээллээс Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 4 дүгээр сарын 01-нйи өдрөөс хойш нийт 924.808 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх авсан тусламж үйлчилгээ нь *******гийн холбогдолтой авсан тусламж үйлчилгээ байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 924.808 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/,

6. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:.... 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос 13 цагийн үед өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод бага насны нэг хүүхэд 5 том хүнтэй гарсан. Тэгээд хуучин 22 товчоо өнгөрөөгөөд жолооч т шилүүлсэн. Тэгээд наашаа явж байгаад ахиад өөрөө машинаа барьж байгаад Баянхонгор аймаг орж ирээд ахиад *******д жолооны хүрдээ шилжүүлээд би тухайн тээврийн хэрэгслийнх жолоочийн эсрэг талын хойд суудал дээр суугаад утаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын цаана замын эсрэг урсгал сөрөөд урд талын замын далан хэсэг рүү харайж орсон байдалтай байсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар онхолдсон зүйл байхгүй. Тэгээд бид нар Бууцагаан сумын эмнэлэг дээр ирж анхны тусламж авсан. Тухайн үед бид нарын эрүүл мэнд хэвийн байсан тул цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн юм. Тэгээд тухайн үед дотор зоригч нь замын машинд суугаад Говь-Алтай аймаг явсан байсан. Тэгээд би Говь-Алтай аймагт орой ирээд маргааш Лхамсүрэн гэж хүнтэй холбогдоод эмнэлэгт үзүүлсэн чинь нуруу нь хуучин гэмтэл байж магадгүй гэж ярьж байсан. Тэгээд энэ Лхамсүрэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна лээ. Осол гарах үед тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /,

7. Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2024 оны 03 дугаар 31-ний өдөр 14 цагийн үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг орохоор ******* ******* улсын дугаартай lexus-450 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан. Тухайн үед хотоос гарахад нэг эгч тухайн тээврийн хэрэгслийг унаж яваад наашаа ойролцоогоор 50-60 км яваад жолооны хүрдээ эрэгтэй жолоочдоо өгсөн. Тэгээд тухайн эрэгтэй жолооч нь Өвөрхангай аймаг орж ирээд эмэгтэй жолооч нь Баянхонгор аймаг орж иртэл барьж яваад нөгөө эрэгтэй жолоочид өгөөд 100 гаран км яваад замын хажууд унтаад өгсөн. Тэгээд 2 цаг орчим унтаж байгаад цаашаа явж байгаад Баянхонгор аймгийн Бууцагаан сум орох гэж яваад замын эсрэг урсгалд ороод урд талын өндөр далан хэсэг рүү хариаж орсон байсан. Тухайн яг осол болох үед би сайн мэдэхгүй байна. Тэгээд нилээн удаан гадаа зогсож байгаад замын нэг машинд тухайн машинд явсан зорчигч эгчтэй суугаад Говь-Алтай аймагт ирээд гэртээ унтаж байсан чинь нэг эмэгтэй хүн залгаад тээврийн зардлаа нэхэж залгасан. Эмнэлэгт үзүүлсэн чинь гайгүй байна гэж хэлээд явуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

8.  Шүүх Шинжилгээний ерөнхий газар Говь-Алтай аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн:...1. *******гийн биед бүсэлхийн 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, 4 дүгээр нугалмын гулсалт гэмтэл тогтоогдлоо.

2. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. *******гийн биед учирсан бүсэлхийн 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 52-53 /,

9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 481 дугаартай “...П.Цогзолмаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 99-100 /,

10.  Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 477 дугаартай “...Б.Баттөмөрийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 103-104/,

11. Шүүх Шинжилгээний Ерөнхий газар Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 546 дугаартай шинжээчийн:.....1. 3. *******-н биед духны зүүн талын хуйхны доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй...гэх дүгнэлт /хх-ийн 138-139/,

12. Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын Говь-Алтай аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 116  дугаартай шинжээчийн:...1. *******ын биед зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 60 /,

13. Мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай: ... Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.16 дугаар зүйлд "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон зам байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.

-******* овогт *******гийн ******* /РД:/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй нь тогтоогдож байна. Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар "Жолооч гэж замаар ердийн хөсөг унаж хөтөлж яваа хүнийг гэсэн заалттай байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 23-д зааснаap "A" "B" "C" "М" ангилал болон "С1" дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван найм, "D" ангилал болон "D1" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорин нэгээс дээш насны хүнд олгоно” гэсэн заалттай тул жолоодох эрхгүй этгээд байна.

-******* овогт *******гийн ******* /РД:/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

-Боржигон овогт Лувсандагвын /РД:ХЙ69122908/ нь 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: 6/ "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

-Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцлийг 2, 3 дугаар заалтуудаар тус тус хариулагдсан гэж үзэж байна.

-Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно.....гэсэн магадалгаа /хх-ийн 127-129/ болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24-26/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-74/,  эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн тухай баримт /хх-ийн 96-97/ болон  шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримт зэргийг шинжлэн судлав.                                                                                                                                                                                                                                        Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 06 цагийн орчимд Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу зорчиж явахдаа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Тэмээт” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын чанартай А0303 авто замд *******ы эзэмшлийн “Тоёота Лексус АрЭкс”-450 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замаас гарч осол гарган тус тээврийн хэрэгслийн арын суудалд суун зорчиж явсан хохирогч *******гийн эрүүл мэндэд бүсэлхийн 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, 4 дүгээр нугалмын гулсалт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт болсон нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч , гэрч *******, насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлэг,  шинжээчийн 116, 196, 04 546 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь “Тоёота Лексус АрЭкс”-450 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн авто машины жолооч *******аас жолоог шилжүүлэн авч авто машиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “ ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"  гэх заалтуудыг зөрчсөний улмаас замын эсрэг урсгал буюу ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тийш явахдаа баруунаас зүүн тийш явж байгаа замын эсрэг урсгалд орж улмаар замаас гарч далан руу харайн орж  осол гаргаж үүний улмаас  авто машинд зорчиж явсан ******* нь эрүүл мэнддээ хүндэвтэр гэмтэл авсан  болгоомжгүй гэмт хэрэг үйлдэхдээ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцож, нотлох баримт хүрэлцээтэй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага  хүлээлгэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь эмчилгээний зардал 950.897 төгрөг болон Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу эмчилгээнд нисэх онгоцоор явсан зардал зэргийг нэхэмжилсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан хохирогч *******гээс гаргасан эмчилгээ үйлчилгээ бусад нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогч *******гээс эмчилгээ болон нисэх онгоцны тийз зэрэг бусад гарсан зардал  нэг сая гурван зуун наян долоон мянга долоон зуун ерэн долоон / 1.387.797 / төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосоныг шүүгдэгч хохирогч нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нараас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөн хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн байна.

Шүүгдэгч *******ын холбогдсон уг гэмт хэрэг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гарсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан байна.

Иймд шүүх хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар зэрэглэлээр, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660.000 төгрөгөөр тооцож, найман сая таван зуун наян мянган / 8.580.000 / төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******аас 8.580.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн хохирогч ******* нь ослын улмаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж эмчлүүлсэн бөгөөд түүний эрүүл мэндийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас есөн зуун хорин дөрвөн мянга найман зуун найман / 924.808 / төгрөг гаргасан тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д заасан “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч *******аас 924.808 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүхээс шүүгдэгч *******аас хохирогч *******д эмчилгээ бусад зардал нэг сая гурван зуун наян долоон мянга долоон зуун ерэн долоон / 1.387.797 / төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэж түүнийг  гэм буруутайд  тооцсоны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирол нөхөн төлөх завсарлага авах хүсэлт гаргаж уг хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нар хохирол нөхөн талаар завсарлага авч дууссаны дараа хохирогч *******гийн эмчилгээ бусад зардал нэг сая гурван зуун наян долоон мянга долоон зуун ерэн долоон / 1.387.797 / төгрөгийг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан хохирогч ******* нь авсан талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогч *******д эмчилгээ бусад зардлын талаар төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт осол болоход унаж явсан авто машины эзэмшигч *******ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд уг авто машин ослын улмаас эвдэрч түүнд таван сая хоёр зуун дөчин таван мянган / 5.245.000 / төгрөгийн хохирол учирсан талаар хөрөнгийн үнэлгээ гарсан байх ба уг хохирлыг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгч *******ыг иргэний нэхэмжлэгч *******д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид сэтгэцэд учирсан хохирлыг, иргэний нэхэмжлэгч байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар д зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил зургаан сарын хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж     шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 64 дүгээр байр 27 тоотоос Чингэлтэй дүүргийн нутгаас гарч авахыг хориглох хязгаарлалт тогтоох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч *******гийн өвчний талаарх СД 2 ширхэгийг ирүүлсэн тул уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ  үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил зургаан / 03 жил 06 сар / сарын хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 64 дүгээр байр 27 тоотоос Чингэлтэй дүүргийн нутгаас гарч авахыг хориглох хязгаарлалт тогтоох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч *******д эмчилгээний зардал төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч *******д төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хохирлыг гуравдугаар зэрэглэлээр, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу найман сая таван зуун наян мянган / 8.580.000 / төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******аас найман сая таван зуун наян мянган / 8.580.000 / төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас есөн зуун хорин дөрвөн мянга найман зуун найман / 924.808 / төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хохирогч *******гийн өвчний талаарх СД 2 ширхэгийг ирүүлсэн тул уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

9. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил зургаан / 03 жил 06 сар  / сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТЦЭНГЭЛ