Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/05007

 

 

 

 

 

 

 

 

                              2022        11          30

            101/ШШ2022/05007

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.У /РД:-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Т. Э /РД:/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт нийт 450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Н.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э нь 2020 оны 12 сарын 28-ний өдөр 590,000 төгрөгийн үнэ бүхий Жава брэндийн бидэ суултуурыг урьдчилгаа 190,000 төгрөг төлж үлдэгдэл 400,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги тооцох нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан. Хариуцагч нь гэрээний үндсэн үүргээс 2021.02.03 100,000 төгрөг төлж гэрээний үндсэн үүргээс 300,000 төгрөг гэрээний 1.5- д зааснаар алдангид 150,000 төгрөг нийт 450,000 төгрөгийн үүрэг үүссэн. Иймд хариуцагчаас 450,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хамт гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 450 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2020.12.28-нд бэдиг авахаар гэрээ байгуулж авсан. 2021.2.3-нд 100 000 төгрөг төлсөн бөгөөд 300 000 төгрөг төлөөгүй. Гэрээний 3.1-д зааснаар алданги шаардсан гэв.

 

Хариуцагч Т.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Уийн нэхэмжлэлийн шаардлага болох 410,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг 2022.11.16-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/2010/83 дугаар гэрээ /хх3/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэгт нийт 450,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.У нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт үлдэх төлбөр, алдангид нийт 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Т.Э нь үлдэх төлбөрийг төлөх талаар тайлбар ирүүлсэн.

 

Шүүх хариуцагчид 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан.

Улмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Би өнөөдөр очиж амжихгүй. 12 сард багтаагаад төлөх нь үнэн тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Зохигчид 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 590,000 төгрөгийн үнэ бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх3/

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагчийг гэрээ байгуулсан өдөр 190,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг тус тус төлсөн гэж тайлбарласан. Хариуцагч энэхүү тайлбарыг үгүйсгэж маргаагүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь 300,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй гэдгийг хариу тайлбартаа зөвшөөрсөн байна. /хх9/

 

Гэрээний 1.3-т зааснаар төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон бөгөөд 1.5-д хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагч нь гэрээний үүргийг 546 хоногоор хэтрүүлсэн.

Үүнээс алдангийг тооцвол 1 хоногт 1,500 /300,000*0.5%/ төгрөг, 546 хоногт 819,000 төгрөгийн алданги тооцогдоно.

Гэвч нэхэмжлэгч нь алдангид 150,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцэж байна.

 

Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт нийт 450,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т.Эөөс 450,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ут олгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД