| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0298/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/315 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ггийн Өод холбогдох эрүүгийн 2538000000356 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Ггийн Ө,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ө нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын сургуулийн *************************-ын үеэр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Б.Б нь “баяр наадмын зохион байгуулагч комиссын морины дарга нь намайг Ө гэдэг залуу цохиж авсан гэх” дуудлагын дагуу очиж, хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж, хууль ёсны шаардлага тавихад цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн ахмад Б.Бг заамдаж, 1 удаа өшиглөсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-9-р хуудас),
Шүүгдэгч Г.Өийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...миний уяж байсан морь айрагдаж ирсэн боловч хасагдаад тэрэнд нь би уурлаад тэр үед морины комисст ажиллаж байсан М гэдэг хүн цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг авч явна гэхээр нь би эсэргүүцээд тухайн албан хаагч намайг гавлах гэхээр нь би эсэргүүцээд тухайн цагдааг заамдаж авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс ирээд би цагдаагийн албан хаагчтай маргалдсан. Тэрнээс бол цохиж зодсон асуудал бол байхгүй....Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрнө...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...баяр наадмын комиссын зохион байгуулагч комиссын морины дарга нь намайг Ө гэдэг залуу цохиж авсан гэх дуудлага мэдээлэл байсан. Тухайн зөрчилд холбогдсон гэх Өийг дагуулаад явж байх үед Ө нь пизданууд гэж хэлээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би энэ хүн шаардлага эсэргүүцээд гав байна уу гэж хэлсэн чинь араас нь баахан хүмүүс ирээд тухайн зөрчил үйлдсэн гэх Өийг явуулахгүй зууралдаад Ө нь намайг заамдаад би явуулахгүй цагдаагийн хэсэг дээр очно гэж хэлсэн. Тухайн үед баяр наадам болж байсан олон хүн харж байсан болохоор шаардлага эсэргүүцсэн иргэнийг би өөртэйгөө гавлаад машин дээр очсон. Тэгээд машин дээр очиж байх үед Ө гэдэг хүний аав нь болох Г гэж дууддаг хүн ирээд наад хүнээ буулга хүн алсан юм уу гэж хэлээд манай машиныг барьж явсан жолооч болох хэсгийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч Б.Эыг татаж унагааж машинаас буулгаад над руу дайраад байхаар нь би энэ хүнийг би өөртэйгөө гавласан байна. Надад түлхүүр байхгүй гэдгийг тайлбарлаж хэлээд байж байхад хошууч Г, дэд хурандаа Б нар ирээд тухайн хүмүүсийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын сургуулийн *********** ой болж байсан тухайн үед бид нар ********* суманд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн үед 16 цагийн үед баяр наадам болж байсан талбайд зөрчлийн дуудлага мэдээлэл ирсэн. Тэрний дагуу хэсгийн төлөөлөгч дэслэгч Э, Н, А, нарын хамт бид нар тухайн дуудлага мэдээлэлд очсон. Тухайн үед машин барьж явсан юм. Манай алба хаагч нар тухайн зөрчил үйлдсэн иргэнийг баяр наадмын талбайгаас аваад гарч ирж байгаа харагдсан харин тухайн иргэн эсэргүүцэл үзүүлээд ахмад Бг заамдаж аваад хувцаснаас нь татаад байгаа харагдсан. Тухайн иргэнийг аваад машиндаа суулгаад би машинаа асаагаад явах гэсэн чинь явуулахгүй зам хаагаад байсан... Тэр дундаас тухайн иргэний аав гэх хүн ирээд намайг машин дотор сууж байхад ямар нэгэн байдлаар яриа өгүүлэмж байхгүй, намайг татаад буулгасан. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),
Гэрч Г.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...баяр наадмын талбайгаас гарч явж байхад цагдаа хүмүүстэй маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би очоод харсан чинь цагдаа нартай манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд болох Ө муудалцаж байсан. Тэгээд би зодолдож байгаа юм болов уу гэж бодоод дундуур нь орсон чинь манай дүүг гавалсан байхаар нь би тэгээд холдсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...наадмын талбайд бөх үзээд сууж байсан чинь манай найз болох Ө-ийг хоёр цагдаа наадмын талбайгаас аваад гарч явж байгаа харагдсан. Тэгээд би юу болсон юм бол гэж бодоод араас нь гараад очсон чинь манай найз Ө нь 2-3 цагдаатай зууралдаад зогсож байсан. Тэгээд салгах гэсэн нь намайг холд гэхээр нь манай найз зүрх муутай юм би тайвшруулж байгаад ярилцаад эвээр асуудлаа шийдэж болох уу гэсэн чинь манай найз тэр цагдаатай хэрэлдээд маргалдаад тухайн цагдаа нар нь намайг ойртуулахгүй байсан. Тэгээд би салгах гэж байгаад нэг цагдаагийн гарыг татсан. Тэрнээс өөр юм бол болоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),
Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хүмүүс бужигнаад хашхираад байхаар нь би яваад очсон чинь 2 цагдаа Ө-ийг гавлах гээд байгаа бололтой байсан. Харин Ө гавлуулахгүй гээд эсэргүүцээд тэр цагдаа нартай хэрэлдээд байсан...Нэг цагдааг заамдаж авсан. Цохиж зодсон зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),
Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...над руу залгаад танай хүү морио цоллуулах гэж байхад нь цагдаа нар гавлаад аваад явчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд би яваад очтол манай хүү болох Ө-ийг гавлаад цагдаагийн машины суудал дээр суулгачихсан байсан. Тэгээд би жолоочийг татаж буулгаад жолоочоос нь манай хүүг ямар шалтгаанаар ингэж байгаа юм бэ? Морио цоллуулсаны дараа асуудлаа шийдэж болохгүй юм уу гэхэд иргэнээс гомдол ирсэн. Яаралтай авч явж мэдүүлэг авна гэсэн. Тэгээд энэ шалтгаанаар хэсэг маргаж байгаад хүүхдээ морийг нь цоллуулсаны дараа өгч явуулахаар болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-40-р хуудас),
Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ө гээд дүүг цагдаа нар ирээд аваад гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хүмүүс орилоод байхаар нь би араас нь гүйгээд очтол манай дүү Ө нэг цагдаатай зууралдаад зогсож байхаар нь юу болсон бэ гээд салгах гээд очтол манай дүүгийн нэг гарыг гавалчихсан байсан. Тэгээд манай сумын цагдаа намайг хойшоо бай гэж хэлээд би холдсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),
Гэрч Г.Эы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...иргэн М нь баяр наадмын талбайд Ө гэх хүн миний биед халдсан гэх дуудлага мэдээллийн дагуу би ахмад Б.Б, С.Г, Б.Э хэсгийн цагдаа Б.Н нарын хамт тухайн дуудлага мэдээлэлд очих үед Ө нь наадмын талбайд сууж байсан. Тухайн иргэн дээр очоод иргэн гомдол гаргасан. Тэрний дагуу цагдаагийн хэсгийн байр руу явах хэрэгтэй байна гэсэн чинь та нар яагаад авч явдаг юм бэ? Та нар зүгээр байгаараа гэж хэлсэн. Тэр үед ахмад Б та цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээрэй гэж хэлтэл тийм юм байхгүй, зүгээр байгаараа пизда нар минь гэж хэлээд цагдаагийн ахмад Б-г заамдаж авч, хоолойг нь боосон. Тэгээд цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48-р хуудас),
Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...цагдаагийн ахмад Б-г заамдаж авч, хоолойг нь боосон. Тэгээд цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-52-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Г.Ө нь хохирогч Б.Б-ийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн ба хохирогч Б.Б нь “...Санал хүсэлт байхгүй...” гэх хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хх-ийн 65-р хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Ө-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.Ө нь хүлээн зөвшөөрсөн 3,000,000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шүүгдэгчид оногдуулах торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538000000356 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СD-ийг хавтаст хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Г-ийн Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн Ө-ийг 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ө-д оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2538000000356 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СD-ийг хавтаст хэрэгт хавсаргаж үлдээхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР