Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/35

 

В.Болдбаатарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0069/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                     Т.Дэлгэрмэнд

                      Хохирогчийн өмгөөлөгч              Б.Чинбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолтой, Ваанчигийн Болдбаатарт холбогдох, 2018004550017 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч түүний хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар баг Майхант 1-1 а тоотод оршин суух, урьд нь :

- 2016 оны 03 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, ТВ84080274 регистрийн дугаартай, Боржигон овогт Ваанчигийн Болдбаатар.

Шүүгдэгч В.Болдбаатар нь  2020 оны 07 дугаар сарын 31-ээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дархан сум 9 дүгээр баг 4-7-р байрны 8 дугаар орцны подвалд мөн 2020 оны 09 дүгээр сарын  26-нд шилжих шөнө Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол “Ласти” хотхоны 10а байрны 1 дүгээр орцны подвалд, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хөгжлийн бэрхшээлтэй Х.Мядагмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон,

-2020 оны 07 дугаар сарын 31-ээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хөгжлийн бэрхшээлтэй Х.Мядагмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т  зааснаар Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Боржигон овогт Ваанчигийн Болдбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 2.1.болгон  өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Боржигон овогт Ваанчигийн Болдбаатарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй хүнийг байнга зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч В.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.д зааснаар 1 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.т заасныг журамлан шүүгдэгч В.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар  оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялыг 40 хоногт шилжүүлж, 40 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 1 жил 3  сар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 10 хоног  хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч В.Болдбаатарт оногдуулсан 1 жил 4 сар 10 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч В.Болдбаатарын цагдан хоригдсон 76 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Х.Мядагмаагийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, толгойны рентген зураг, гарын сарвууны рентген зураг, арзгар ултай нэг хос хар гутлыг буцаан олгож, улаан өнгийн 0\/0 тоглуулагчийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Болдбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

            Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нэг бүлэгт заасан 2 гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэх шинжүүд нь давтагдаж хүндэрч байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5.д заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" гэсэн шударга ёсны зарчим нийцэхгүй байна гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй, хууль ёсны зарчимд нийцээгүй байна гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  2.1., 11.6 дугаар зүйлийн 1. болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

            Шүүх дээрх байдлаар хэргийн зүйлчлэлийг давхардуулж яллаж байна гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2.т  заасан гэмт хэргийн шинж агуулагдаагүй гэж үзэж энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байхад хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн нөгөө талаас шүүх зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1. болгон өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу учир нь шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд үйлдэгдсэн шинжтэй ба үүгээрээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байхад үүнийг үгүйсгэсэн буюу тодруулбал шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийг хүрээнд үйлдэгдээгүй гэх үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадаагүй байна. Зөвхөн нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэх зарчмын агуулгад нийцээгүй гэж тайлбарласан боловч энэ зарчмын агуулгыг бас буруу тайлбарлаж байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт болон уг хуулиар хамгаалагдаж буй харилцааны агуулга нь гэр бүлийн хүчирхийлэл илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

            Эрүүгийн хуульд тусгагдсан “Нэг гэмт хэрэгт нэг удаа яд оногдуулна” гэх зарчмын агуулга нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгасан тохиолдолд шүүхээс, эсхүл өөр шүүхээс дахин ял оногдуулахыг хориглосон агуулгатай гэж ойлгож байна.

            В.Болдбаатарын үйлдэл нь нийгэмд аюултай хор уршиг бүхий гэмт хэрэг бөгөөд энэ тохиолдол нь дээрх зарчимд хамаарахгүй. Шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 .д заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчим нийцэхгүй байна гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй, хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5.д  заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчим нийцэхгүй байна гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй, хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

-Шүүгдэгч В.Болдбаатар 2020 оны 07 дугаар сарын 31-ээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө, мөн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр  Дархан сум 9 дүгээр баг 4-7-р байрны 8 дугаар орцны подвалд,

2020 оны 09 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол “Ласти “хотхоны 10а байрны 1 дүгээр орцны подвалд,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хөгжлийн бэрхшээлтэй Х.Мядагмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон,

2020 оны 07 дугаар сарын 31-ээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хохирогч Х.Мядагмааг зодох явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-хохирогч Х.Мядагмаагийн “... 2020 оны 07 дугаар сарын 31-ээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө 4-7 дугаар байрны подвалд кабелийн утас хэд давхарлаж байгаад аймар ороолгож зөндөө зодсон, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө Болдбаатар цонхоор орж ирээд багалзуурдаж дээрээс дэвсэж нүүр нүдгүй зодсон. Миний нүүр хүн харахыг эцэсгүй болсон байсан.” гэх мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

-гэрч Х.Байгальмаагийн “... 2020 оны 09 дүгээр сарын 26-ний өглөө 8 цаг өнгөрч байхад эгч Мядагмаа дух нь хавдсан, хамраас нь цус гарч хамар нь мурийж гэмтсэн байдалтай орж ирсэн. Түүнийг хувцсыг тайлаад биеийг нь харахад гарын шуу булчин, өвдөг, гуяа зэрэг нь хөхөрч цус хурсан байсан. В.Болдбаатар зодчихлоо гэж хэлж байсан...” /хх.ийн  28-р хуудас / гэсэн  мэдүүлэг,

-гэрч Х.Дорждамба, С.Ариунтуяа, Д.Даваапунцаг нарын мэдүүлгүүд,

-Дархан-уул аймгийн Шүүх шинжилгээний албаны  шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 782, 820, 921 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд ...” /хх-ийн  39,48,56-р хуудас / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч В.Болдбаатар, Х.Мядагмаа нар 2018 оноос хойш хамт амьдарч байгаа талаар мэдүүлсэн хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг /хх.ийн 1-23, 2-35 хуудас /,  гэрч Х.Байгальмаагийн “... Х.Мядагмаа нь 2018 оноос хойш Б.Болдбаатартай хамт амьдардаг болсон.” Гэсэн  мэдүүлэг /хх.ийн 1, 28-р хуудас /, болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар В.Болдбаатар, Х.Мядагмаа нар нь ”гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс” гэж үзэхээр байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.д “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Хэргийн 203, 221, 222 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар хохирогч Х.Мядагмаа Сэтгэцийн өвчний учир эмнэлгийн хяналтад байдаг, Дархан-уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 70% гэж тогтоосон баримт зэргийг үндэслэн хохирогч Х.Мядагмааг “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хүний удаа дараа зодож улмаар бие мах бодид хөнгөн гэмтэл учруулсан байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шинжийг агуулж байх тул түүний үйлдлийг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.д зааснаар зүйлчилж ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ нэг гэмт хэрэг нэг удаа ял оногдуулах” шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч В.Болдбаатар 2020 оны 07 дугаар сарын 31-ээс 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө, 08 дугаар сарын 06-ны өдөр, 09 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө, 11 дүгээр сарын 07-ны  өдөр  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хөгжлийн бэрхшээлтэй Х.Мядагмааг зодож, улмаар хөнгөн гэмтэл учруулж байгаа байдал нь нэг санаа зорилгоор, тодорхой хугацааны завсарлагатайгаар, нэг объектод  халдаж  “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг” үргэлжлүүлэн үйлдсэн  байна.

Иймд прокуророос шүүгдэгч Ваанчигийн Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11.7 дугаар зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.болгон өөрчлөн зүйлчилж, гэм буруутайд тооцон тухайн зүйл, хэсэгт заасан ялаас түүний үйлдсэн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон төрөл, хэмжээний ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр ноцтой зөрчил  тогтоогдохгүй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1.,2.,3.,5    дугаар  заалтыг :

        - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т  заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Боржигон овогт Ваанчигийн Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11.7 дугаар зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.болгон  өөрчлөн зүйлчилсүгэй гэж,

         -Шүүгдэгч Ваачингийн Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.т заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хөгжлийн бэрхшээлтэй  хүнийг  байнга зодсон гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай гэж

         - Шүүгдэгч В.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.т зааснаар 1 жил 3 сар хорих ялаар шийтгэсүгэй гэж

           - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч В.Болдбаатарт оногдуулсан 1 жил 3 сар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.АМАРЖАРГАЛ

                                                                  ШҮҮГЧ                               Ц.ТУЯА

                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР