Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0028

 

  

 

 

2023            01           02                                      128/ШШ2023/0028  

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Мон Юү Кэй” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эрдэнэбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Очбаяр

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Жамбалдорж

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “И энд Эй инфотек” ХХК  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Мөнгөнцацрал

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/25 дугаар тушаалын “И энд Эй инфотек” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Мон Юү Кэй” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “Мон Юү Кэй” ХХК нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар ашиглагчийн эрх үүргийг зөрчсөн байгаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болох нөхцөл бүрдсэн байхад эрхийг нь дуусгавар болгохгүй байгаа нь эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг дуусгавар болгохыг даалгах.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Жамбалдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК-ийнБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/25 дугаар тушаалын “И энд Эй инфотек” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.” болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “И энд Эй инфотек” ХХ-ийнМон Юү Кэй ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “Мон Юү Кэй” ХХК нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар ашиглагчийн эрх үүргийг зөрчсөн байгаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болох нөхцөл бүрдсэн байхад эрхийг нь дуусгавар болгохгүй байгаа нь эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг дуусгавар болгохыг даалгах” шаардлага бүхий газрын маргааныг хянан шийдвэрлэв.

 

2.Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.Нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1,2 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2011/181 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгож, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “Мон Юү Кэй” ХХК нар нь “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ” 2011/181 дугаартай гэрээг 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, газар ашиглах хугацааг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тогтоожээ.

2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай сунгасан.

 

2.3.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

2.4.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 дугаар тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 А/121 дүгээр тушаалын хавсралтаар газар ашиглах эрх нь дуусгавар болсон “Мон Юү Кэй” ХХК-ийн эрхийг сэргээсэн.

 

2.5.Дээрх газарт Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “Мон Юү Кэй” ХХК нар нь “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ” 2019/139 дугаартай гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл байгуулсан.

 

2.6.Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, “Мон Юү Кэй” ХХК нар нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Газрын төлбөрийн тооцоо нийлсэн 8201900090 дугаартай акт үйлдсэн.

 

2.7.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 76 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт “И энд Эй инфотек”  ХХК-аас гаргасан “Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 11484.4 м.кв газрыг олон улсын аялал жуулчлалын цогцолбор байгуулах” төсөл хэрэгжүүлэх зорилгоор аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах хүсэлт гаргасан солбицол бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй байгаа тул газар ашиглах хүсэлтийг  уламжилж байна” хүсэлтийг уламжилжээ.

2.8.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаар тушаалаар “И энд Эй инфотек” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд аялагч, түр буудаллах, отоглох зориулалтаар 11484,4 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож, 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 0201799 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгож, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “И энд Эй инфотек” ХХК нар нь “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ” 2021/81 дугаартай гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл байгуулсан.

2.9.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 380 дугаар албан бичиг: “Танай 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/22 дугаартай албан бичгийн дагуу Хан-Уул дүүргийн 4. дүгээр хороо Нүхтийн амны тус байршилд очиж хяналт шалгалтаар ажиллахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн A/491 дүгээр тушаалаар Богдхан уулын Нүхтийн аманд “Мон Юү Кэй” ХХК-д 1.2 га газар ашиглах эрх олгосон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаар тушаалаар “Мон Юү Кэй” ХХК-ийн ашиглах эрхтэй газарт “И энд Эй инфотек” ХХК-д 1.1 га талбайд газар ашиглах эрхийг давхцуулан олгосон байна.

Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.2 дахь хэсэгт зааснаар өргөдөл хүсэлтээ гаргах боломжтой.” гэж “И энд Эй инфотек” ХХК болон “Мон Юү Кэй” ХХК нарт мэдэгджээ.

2.10.“Мон Юү Кэй” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 тоот, 05 дугаар сарын 18-ны өдөр 1/90 тоот албан бичгээр гомдол гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09/3442 тоот албан бичгээр хариу авчээ.

2.11.Тус шүүхэд “Мон Юү Кэй” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаар тушаалын “И энд Эй инфотек” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасныг тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2022/5734 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

            2.12.“Мон Юү Кэй” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаар тушаалын “И энд Эй инфотек” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

            2.13.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “явцад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 76 тоот албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр уг шаардлагаасаа татгалзсан.

            2.14.Гуравдагч этгээд “И энд Эй инфотек” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 тоот тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “Мон Юү Кэй ХХК” нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар ашиглагчийн эрх үүргийг зөрчсөн байгаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болох нөхцөл бүрдсэн байхад эрхийг нь дуусгавар болгохгүй байгаа нь эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг дуусгавар болгохыг даалгах”-аар бие даасан шаардлагыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Үндсэн 2 шаардлагын хүрээнд маргаж байсан. Бид 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Татгалзсан үндэслэлээ тодорхой тайлбарласан бөгөөд үүнтэй шүүгч болон хэргийн оролцогчид танилцсан байх гэж найдаж байна. Үлдсэн шаардлагын үндэслэлээ тайлбарлая. Нэхэмжлэгч компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн задгайн аманд байрлах 1,2 га газрыг анх ашиглаж эхэлсэн. Улмаар газар ашиглах хугацаа дуусахтай холбогдуулан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/857 тоот тушаал гарч дахин 5 жилээр буюу 2022 оныг хүртэл хугацаагаар газар эзэмших эрхийг сунгасан байдаг. Өнгөрсөн хугацаанд газар ашиглах гэрээнд зааснаар газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн барагдуулж ирсэн ба Эко апартмент аялал жуулчлалын цогцолбор төсөл хэрэгжүүлэхээр төрийн болон бусад байгууллагын зөвшөөрлийг авсан. Аялал жуулчлалын салбарт шинэ өнгө төрх оруулахаар жуулчид ая тухтай байрлах боломжоор хангаж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад тав тухтай бизнес аялал цуглаан хийх, сургалт семенар зохион байгуулах орчин бий болгох замаар ажлын байр нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байгаа. Манай компани газар ашиглах гуравласан гэрээг тухай бүр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулж ирсэн. Хамгийн сүүлд 2019/139 дугаартай гуравласан гэрээг байгуулан ашиглалтын газар дээр үйл ажиллагаа явуулж байна. Төслийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор 2021 онд “Эко ти эс ти” ХХК-аар төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгүүлж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан Эко апартмент аялал жуулчлалын цогцолборт төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар байгаль орчны үнэлгээний дүгнэлт гаргуулахаар дэмжих санал авах тухай хүсэлтийг гаргасан хэдий ч тус Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 69 тоот албан бичгээр хариу ирсэн бөгөөд уг албан бичигт танай ашиглалтын газар дээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул уг асуудал шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандах боломжгүй байна гэсэн мэдэгдэл ирж эс үйлдэхүй гаргасан. Манай компаниас дээрх эс үйлдэхүйг эс хүлээн зөвшөөрч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар тус шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 512 дугаартай шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны танай ашиглалтын газар дээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аж ахуйн нэгж нэхэмжлэл гаргасан байх тул уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн нь баримтаар тогтоогдоогүй худал хэлсэн гэж шүүхээс үзсэн.

“Мон Юү Кэй” ХХК-ийн газар ашиглах эрх дуусгавар болоогүй байхад давхардуулан “И энд Эй инфотек” ХХК-д газар ашиглуулсан байна гэж шүүх шийдвэрлэсэн. Энэ маргаан нь газрыг давхардуулан олгосон захиргааны байгууллагын хэт хайхрамжгүй, байж боломгүй алдаа гаргасан төрийн албан хаагчийг үйлдэлтэй холбоотой гэж үзэж байгаа. Тодруулбал бусдын хууль ёсны эзэмшлийн газар дээр давхардуулан газар олгосон нь хууль бус бөгөөд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж үзэж байгаа. Энэ асуудлаар зохих газарт хандаж шалгуулна гэсэн байр суурьтай байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК нь газар ашиглах гэрчилгээнд газар сэргээлгэсэн тэмдэглэгээ хийлгээгүйгээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Кадастрын хэлтсээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдээллийн санд тус газар нь цуцлагдсан хоосон мэдээлэлтэй байсан байна гэж хариу тайлбар ирүүлсэн. 2011/181 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтад холбогдох өөрчлөлтүүд тухай бүр хийгдэж байсан. Тухайлбал анх газар ашиглах эрх олгосон тэмдэглэгээ, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн газар ашиглах эрх сунгасан тэмдэглэгээ, газрын эрхийг сэргээсэн тэмдэглэгээг хамгийн сүүлд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Т.Батсансар гэх хүн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурж тэмдэг дарсан байгаа.Гэтэл холбогдох тэмдэглэгээг гэрчилгээ дээр хийлгээгүй мэтээр нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн тайлбар дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Сэргээсэн тушаалыг боловсруулсан хэрэгжилтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох байгууллага буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлээгүй бөгөөд газар давхардуулан олгосон гэдэг тайлбар ирүүлсэн.Газар эзэмших эрх сэргээсэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлээгүй байхад сэргээсэн тэмдэглэгээг Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Т.Батсансар гарын үсэг зурж тэмдэг дарсан, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 19/199 дугаартай газар ашиглах гуравласан гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Дуламсүрэн нартай байгуулсан гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбар үгүйсгэгдэж байна. Хамгийн сүүлд хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/2278 тоот албан бичигт “Мон Юү Кэй” ХХК-ийн газар ашиглах эрхийг 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цаг 53 минутад бүртгэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрчлөлт оруулахдаа дуусах хугацаанд өөрчлөлт оруулж бүртгэсэн байна гэсэн албан бичиг ирсэн.“И энд Эй инфотек” ХХК-ийн бүртгэл мэдээлэл мэдээллийн санд хамгийн анх 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгаа. Эдгээр хугацаанууд маш чухал. Хамгийн анх гуравдагч этгээдийн газрын эрхийг мэдээллийн санд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн. Энэ хугацаанд бичигт “Мон Юү Кэй” ХХК-ийн газар ашиглах мэдээлэл мэдээллийн сангаас огт устгагдаагүй. “И энд Эй инфотек” ХХК-ийн бүртгэл мэдээллийг анх оруулах үед “Мон Юү Кэй” ХХК-ийн газар ашиглах зурган мэдээлэл мэдээллийн санд байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33-36 дугаар зүйлд газар ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байдаг. Тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 76 тоот “И энд Эй инфотек” ХХК-д дэмжих албан бичгийг гаргаж өгсөн байдаг. Уг албан бичигт хүсэлт гаргасан газар нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй байгаа тул газар ашиглах хүсэлтийг уламжилж байна гэсэн байдаг. Уг албан бичигт дурдагдсан газар нь нэхэмжлэгчийн газартай бүхлээрээ давхцалтай болох нь газрын үзлэгээр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хариу тайлбар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар газрын давхцалтай болох нь тогтоогдож байгаа. “Мон Юү Кэй” ХХК нь гуравдагч этгээдийн компани байгуулагдахаас даруй 7 жилийн өмнө маргаан бүхий газрыг зохих хууль журмын дагуу газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр ашиглаж байгаа. Улсын тусгай хамгаалалттай газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглаж буй мэдээлэл буюу газрын кадастрын мэдээлэл гагцхүү Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хадгалагдах бус Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар, Кадастрын хэлтэс, Ойн усны газарт давхар хадгалагддаг. Хэдий Байгаль орчин, аялал жуулчлалын яам хууль зөрчин бусдын эзэмшил газар дээр давхардуулан хүсэлт уламжилсан ч гэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн эрхэлдэг кадастрын мэдээллийн сангаас шүүлт хийж газрын давхацлаа илрүүлж цаашлаад гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээс татгалзсан хариу өгөх бүрэн боломжтой байсан. Гэвч хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг илт зөрчин давхцалтай хэвээр нь газар ашиглуулах шийдвэр гаргасан нь бодит байдалд нийцэхгүй шийдвэр. Бодит байдалд тохироогүй шийдвэр гаргахаар зорьсон зорилтдоо хүрч маргаан бүхий газрын зүүн хойд хэсэгт өндөр зэрэглэлийн амины орон сууц болох Хан төгөл хотхон баригдсан бөгөөд уг хотхоны 10 га газар нэмээд 3 га газар нийт 13 га газрыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт түүний хамаарал бүхий “Эй Жи Жи Эс” ХХК ашигладаг. Уг компанийн захирал Содномжамц уг маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа “И энд Эй инфотек” ХХК-ийн захирлаар давхар ажилладаг. Дээрх хоёр компанийн эцсийн өмчлөгч нь хувьцаа эзэмшигчээр С.Бямбацогт түүний хамаарал бүхий компани болох Алтай трест ХХК, төрсөн ах дүү болох С.Балжинням, С.Баянчулуун нар нь уг газрыг ашиглагч компанийн өмчлөгчөөр байдаг нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байгаа. Уг баримт хавтаст хэрэгт баримтаар авагдсан. Эдгээр хүмүүс бусдын газрыг өөрсдийн эрх ашгийг төлөө шунахай сэдэлтэйгээр булаах үйлдэл хийж байна гэж үзэж байгаа. Үүгээр зогсохгүй гуравдагч этгээд нэхэмжлэгч компанийн газрыг худалдаж авах санал тавьсан байдаг.

Гуравдагч этгээдийг бие даасан шаардлагын тухайд, Одоогийн нөхцөл байдалд 1,2 га газрыг хоёр этгээд зэрэг ашиглаж байгаа. Тухайн газрыг хоёр хуулийн этгээд хамтран ашиглах ямар ч боломжгүй бөгөөд “И энд Эй инфотек” ХХК-д газар эзэмшүүлж шийдвэрлэсэн шийдвэрийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн төдийгүй “Мон Юү Кэй” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад халдсан гэж үзэж байгаа. Дээрх маргаан бүхий захиргааны акт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 45.1-д заасан эрхийг эдлэх боломжгүй болгож эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор халдсан бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн хариуцагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дараах хариу тайлбарыг гаргая. Нэхэмжлэгч компанид 2011 оны 12 дугаар сард анх газар ашиглах эрх олгосон. 2016 онд газар ашиглах эрх дууссаны дараа 2017 онд сунгуулж 2018 оны 05 дугаар сарын А/121 тоот тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байдаг. Үүнээс хойш 5 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сард 385 тоот тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэсэн. Үүнээс хойш газар ашиглах эрхийг сэргээсний дараа 2022 он хүртэл нэхэмжлэгч компани газрыг ашиглаж ирсэн. 2021 оны А/25 тоот тушаалаар гуравдагч этгээдээр оролцож байгаа “И энд Эй инфотек” ХХК-д газар ашиглах эрхийг давхардуулан олгосон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Хариуцагч байгууллагын зүгээс Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин хоёр хуулийн этгээдэд газар ашиглах эрхийг давхардуулан олгосон үйлдэлтэй маргахгүй байгаа. Гуравдагч этгээд “И энд Эй инфотек” ХХК-ийн А/385 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох, хүчингүй болгох бүрэн эрхтэй. Тухайн компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн боловч холбогдох хууль тогтоомжид заасан зөрчлийг арилгасан гэх үндэслэлээр сэргээж шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хуулиар олгогдсон эрхээ эдэлж захиргааны актын шинжийг агуулсан тушаал байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд давхардуулан олгосон шийдвэртэй маргахгүй зүйлгүй. гэв.

5.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон бичгээр гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 тоот тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “Мон Юү Кэй” ХХК нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар ашиглагчийн эрх үүргийг зөрчсөн байгаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болох нөхцөл бүрдсэн байхад эрхийг нь дуусгавар болгохгүй байгаа нь эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг дуусгавар болгохыг даалгуулахаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Манай компани нь Гадаад худалдаа, аялал жуулчлалын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ба 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/25 тоот тушаалаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд 1,2 га газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан нөхцөлийн хүрээнд аливаа эрхийг доголдолгүйгээр ашиглах болсон.

Энэ хугацаанд газар ашиглах гурвалсан гэрээ болон Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хүрээнд газар ашиглагчийн үүргээ чандлан гүйцэтгэж ирсэн. Гэтэл тус газар нь өөр этгээдийн ашиглаж буй газартай давхцалтай талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 380 тоот албан бичгээр нэхэмжлэгч компанийн газартай газар давхцуулан олгосон байх тул гомдол хүсэлтээ зохих журмын дагуу гаргах боломжтой талаар мэдэгдсэн. Өөр хэлбэл, бидний газар ашиглах эрх үүссэнээс хойш бүтэн жил гарангын дараа газрын давхцал байгааг мэдэгдсэн. Гэвч тухайн газрын давхцал үүссэн гэх “Мон Юү Кэй” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ дээрх газрын солбицол нь газар ашиглах гэрээ дээрх солбицлоос өөр, газрын мэдээллийн нэгдсэн санд ямар нэг бүртгэлгүй байгаа талаар мөн уг газар олгох үйл явцад иргэн хуулийн этгээдийн зүгээс оролцох боломжгүй тул газрын мэдээллийн санд өөрчлөн бүртгэгдсэн “Мон Юү Кэй” ХХК-ийн 2011 онд авсан газрын уг солбицол зөрүүтэй байгааг тодруулах хүсэлтийг илгээсэн. Гэвч энэ талаар захиргааны байгууллагын зүгээс ямар нэг үйлдэл хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Захиргааны байгууллага нь иргэн хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалж аливаа үйл ажиллагаагаа нээлттэй шуурхай үр дүнтэй зохион байгуулах учиртай.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл нь газар эзэмшигч ашиглагчийн эрхийг ямар тохиолдолд цуцлахыг маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, 2018 онд нэхэмжлэгч этгээд нь газрын төлбөрийг урьдчилан төлөх үүргээ гүйцэтгээгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдож газар ашиглах эрхийг цуцалсан байдаг. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байхад нь 2018 онд А/385 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

А/385 тоот захиргааны акт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалт болон мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг үндэслэн шийдвэр гаргасан.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт нь “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэсэн зохицуулалт бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6-д заасан газрын эрхийг дуусгавар болгох нөхцөлийг бүрдүүлж уг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн аж ахуйн нэгжийн газрын эрхийг сэргээлгэхийг дэмжсэн хамгаалалтын захиргаа болон дүүргийн засаг даргын санал байхгүй. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь шинээр газар ашиглахыг хүссэн иргэн хуулийн этгээдэд үйлчлэх зохицуулалт байтал хуульд заагаагүй үндэслэлээр газрын эрхийг сэргээн шийдвэрлэсэн нь нийтийн эрх зүйн зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчмыг зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлэн сэргээсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар бие даасан гомдлын шаардлага гаргаж байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон “Мон Юү Кэй” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгоогүй эс үйлдэхүй нь илт хууль бус эс үйлдэхүй байна. гэв.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь “хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн” гэж, хариуцагч “2021 оны А/25 тоот тушаалаар гуравдагч этгээдээр оролцож байгаа “И энд Эй инфотек” ХХК-д газар ашиглах эрхийг давхардуулан олгосонтой маргахгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох, хүчингүй болгох бүрэн эрхтэй. Тухайн компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн боловч холбогдох хууль тогтоомжид заасан зөрчлийг арилгасан гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хуулиар олгогдсон эрхээ эдэлж захиргааны актын шинжийг агуулсан тушаал гаргаж газар ашиглах эрхийг нь сэргээж шийдвэрлэсэн” гэж, гуравдагч этгээд “2018 онд нэхэмжлэгч этгээд нь газрын төлбөрийг урьдчилан төлөх үүргээ гүйцэтгээгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдож газар ашиглах эрхийг цуцалсан.Улмаар нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байхад нь 2018 онд А/385 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны акт байна” гэж тус тус маргасан.

3.Нэхэмжлэгчийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаар тушаалын “И Энд Эй инфотек” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

3.1.Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.2 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгожээ.

3.2.Дээрх тушаалыг үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2011/181 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.

3.3.Нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК  нь дээрх дээрх тушаал, гэрчилгээг үндэслэн 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2011/181 дугаартай гэрээг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулжээ.

3.4.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай” А/57 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК-ийн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан байна.

3.5.Нэхэмжлэгчийг дээрх байдлаар газар ашиглах эрхээ хэрэгжүүлж байхад нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалж шийдвэрлэжээ.

3.6.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг сэргээх тухай” А/385 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, “Мон Юү Кэй” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18/А-08 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, газрын төлбөрийг төсөвт төлж барагдуулсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээсэн байна.

3.7.Нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК  нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2019/139 дугаартай гэрээг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулжээ.

3.8.Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК  нь маргаан бүхий газрыг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд ашиглах эрхтэй байсан байна.

3.9.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/25 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн гуравдагч этгээд “И энд Эй инфотек” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд 11484.4 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай олгожээ.

3.10.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн гарын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/1992 дугаар албан бичигт “... Газрын кадастрын 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн мэдээллээс регистрийн 6315003 дугаараар хайлт хийж үзэхэд нэгж талбарын 1781112103 дугаар бүхий 11484 м.кв талбайтай газар бүртгэгдсэн байх бөгөөд албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Классик лэнд” ХХК-ийн үйлдсэн кадастрын  зургийн солбицлын утгыг боловсруулан давхцуулан үзэхэд бүхэлдээ давхцалтай байна. ...” гэжээ.

3.11.Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн гарын 2022 оны 11 дугаар сарын 09-ний өдрийн 1/2108 дугаар албан бичигт “... Албан бичигт дурдсан “Мон Юү Кэй” ХХК-ийн регистрийн 2840367 дугаар, “И энд Эй инфотек” ХХК-ийн регистрийн 6315003 дугаараар Газрын кадастрын мэдээллийн сангаас хайлт хийж үзэхэд дараах байдалтай байна. Үүнд:

“Мон Юү Кэй” ХХК-ийн /РД:2840367/ нэр дээр 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 1781111057 дугаар бүхий 11991 м.кв талбайтай газар бүртгэгдсэн байх бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр дуусах хугацаа өгч бүртгэлгүй болсон байна.

Харин дээрх газрын байршилд “И энд Эй инфотек” ХХК-ийн /РД:6315003/ нэр дээр 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 1781112103 дугаар бүхий 11484м.кв талбайтай газар бүртгэгдсэн байх бөгөөд өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй байна.” гэжээ.

3.12.Дээрх албан бичгүүдийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын ашиглах эрхтэй гэх газрууд нь бүхэлдээ давхцалтай байх бөгөөд нэхэмжлэгчийн газар нь архивын мэдээллийн санд эхэлж бүртгэгдсэн байна.

3.13.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйл.“Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах”, 1.Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” 35 дугаар зүйл. “Газар ашиглах тухай хүсэлт гаргах”, 1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл.“Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага”, 31.3.“Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 44 дүгээр зүйл.“Газар ашиглуулах”, 44.8.“Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална.” гэж тус тус заажээ.

3.14.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээний үндсэн дээр тодорхой болзол шаардлагатайгаар Монгол улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газрыг ашиглуулж болохоор байх бөгөөд ашиглахаар хүсэлт гаргаж байгаа газар нь бусдын ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхаар байна.

3.15.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК-ийн хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээтэйгээр ашиглаж байгаа газартай бүхэлд нь давхцуулан гуравдагч этгээд “И энд Эй инфотек” ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/25 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

3.16.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаар тушаалын “И энд Эй инфотек” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4.Гуравдагч этгээдийн  “Мон Юү Кэй” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “Мон Юү Кэй” ХХК нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар ашиглагчийн эрх үүргийг зөрчсөн байгаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болох нөхцөл бүрдсэн байхад эрхийг нь дуусгавар болгохгүй байгаа нь эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг дуусгавар болгохыг даалгах” тухай бие даасан шаардлагын тухайд;

4.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалж шийдвэрлэжээ.

4.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг сэргээх тухай” А/385 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, “Мон Юү Кэй” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18/А-08 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, газрын төлбөрийг төсөвт төлж барагдуулсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээсэн байна.

4.3.Дээрх маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 дугаар тушаалын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалж шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал нь үндэслэл муутай, тушаалд дурдсан зөрчлийг нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК нь арилгасан байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэх үндэслэлээр гаргасан тушаал гэж үзэхээр байна.

4.4.Гуравдагч этгээдээс маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулсан гэж тайлбарлан маргажээ.

4.5.Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйл. “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1.“Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно.”, 47.1.3. “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заажээ.

4.6.Дээрх хуульд заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдийг хуулиар эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан байхыг ойлгохоор байна.

4.7.Маргаан бүхий тохиолдолд хариуцагч нь хуулиар эрх олгогдсон асуудлаар маргаан бүхий тушаалыг гаргасан байх тул тус захиргааны актыг илт хууль бус акт үзэх боломжгүй юм.

Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах, ашиглах эрхийг сунгах, эрхийг дуусгавар болгох, эрхийг сэргээх нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээний асуудал байна.

4.8.Дээрхээс үзвэл гуравдагч этгээдийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 дугаар тушаал нь илт хууль бус захиргааны акт гэх тайлбар үндэслэлгүй байна.

4.9.Гуравдагч этгээдийн маргаан бүхий гэж тодорхойлсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 дугаар тушаал нь гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгогдсон гэх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаар тушаал гарахаас өмнө 2 жил 3 сарын өмнө гарсан байх тул тус маргаан бүхий тушаал нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

4.10.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аас үзвэл нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК нь маргаан бүхий газрын төлбөрт 2014-2021 он хүртэлх хугацаанд маргаан бүхий газрын төлбөрт нийт 120,286,312 төгрөг төлсөн байх бөгөөд 2021 он дуусах хүртэлх хугацаанд газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх тул гуравдагч этгээдийн нэхэмжлэгч нь  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үүргээ зөрчсөн гэх тайлбар мөн үндэслэлгүй байна.

40.11.Дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн  “Мон Юү Кэй” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “Мон Юү Кэй” ХХК нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар ашиглагчийн эрх үүргийг зөрчсөн байгаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болох нөхцөл бүрдсэн байхад эрхийг нь дуусгавар болгохгүй байгаа нь эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг дуусгавар болгохыг даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 76 тоот албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд шүүх уг шаардлагыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгч уг шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Мон Юү Кэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээдээр оролцож байгаа “И энд Эй инфотек” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал миний бие хүүхэд эмнэлгээс гараагүй байгаа учир шүүх хуралдаанд эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэх агуулга бүхий  хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүх уг хүсэлтийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасны дагуу гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 76 тоот албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мон Юү Кэй” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/25 дугаар тушаалын “И энд Эй инфотек” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

3.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл.ийн 47.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “И энд Эй инфотек” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Мон Юү Кэй” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “Мон Юү Кэй” ХХК нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар ашиглагчийн эрх үүргийг зөрчсөн байгаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болох нөхцөл бүрдсэн байхад эрхийг нь дуусгавар болгохгүй байгаа нь эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг дуусгавар болгохыг даалгах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /Байгаль орчин, аялал жуулчлалын яам/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ГАНБАТ

.