Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01053

 

 

 

 

 

 

 

 

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00879 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Хд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 896 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц ХХК-ийн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2014.7.4-ний өдөр 10-21 УНХ улсын дугаартай, Тоёота вольтз маркийн авто машиныг барьцаалан 2 800 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй, 2014.12.31-ний өдөр баталгаа гаргахдаа 2015.01.20-ны дотор 3 200 000 төгрөг төлж дуусгана гэсэн. Дээрх хугацаанд төлөлгүй 2015.12.16-ны хүү тооцож нийт 3 900 000 төгрөгийг төлнө гэж дахин баталгаа гаргасан. Өмнөх 2014.7.4-ний өдрийн гэрээний дагуу авсан мөнгөө төлөөгүй учраас 3 900 000 төгрөгийг төлнө гэдгийг тохиролцож үүнийгээ баталгаажуулж гэрээ байгуулсан, 2015.12.16-ны өдрийн гэрээгээр мөнгө өгсөн зүйл байхгүй. Иймд 2014.7.4-ний өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 2 800 000 төгрөг, алданги 1 400 000 төгрөг, 1 сарын хүү 196 000 төгрөг, үүнээс түүний урьд төлсөн 500 000 төгрөгийг хасаад 3 896 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь 2015.4.27-ны өдөр 200 000 төгрөг, 2016.7.02-ны өдөр 100 000 төгрөг, 2016.07.14-ний өдөр 200 000 төгрөг, нийт 500 000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь 1 100 000 төгрөг биш 500 000 төгрөг төлсөн. Зээлсэн мөнгөө төлөхгүй байсан учир зээлийн гэрээнүүдийг нөхөж хийж, 2016.4.26-ны өдрийн сүүлийн гэрээгээр шүүхэд хандсан гэжээ.

 

Хариуцагч Б.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2013, 2014 онуудын алинд нь ч  анх зээл авснаа санахгүй байна. Учир нь тус байгууллагын захирал Н.Э нь 2016.4.26-ны өдөр анх байгуулсан гэрээг нь авсан. Тус компани нь Б.Хд мөнгө өгөөгүй мөртлөө 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн  нөхөж хийсэн гэрээгээр 4 900 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасныг шүүх 2018.11.21-ний өдрийн 3537 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч нь тус байгууллагатай 2014.07.04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 2 800 000 төгрөг зээлсэн зээлээ төлж дуусгасан. Мөнгө өгсөн, авсан баримтыг нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч тал баримттай зүйл огт ярьдаггүй, шаардаж байгаа мөнгөн дүн нь ямар ч тооцоо баримтгүй, шүүх хуралдаанд өөр өөр зээлийн гэрээ гаргаж өгдөг. Мөн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2017.7.4-ний өдрөөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Б.Хаас 2 596 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 300 000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас 56 486 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс нэхэмжлэгчийн өмнөх хэрэгт гаргасан тайлбар, мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 03537 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн хэргийн 30, 31, 42, 45, 46, 72 хуудаснуудад авагдсан хурлын тэмдэглэлүүдийг дахин нягталж, судалж үзэхийг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Б.Хд холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 2 300 000 төгрөг, хүү 196 000 төгрөг, алдангид 1 700 000 нийт 3 896 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..зээл төлж дууссан, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргажээ. /хх 1-2, 19-20/

 

Зохигчид 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 2 800 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлэн, хариуцагчийн өмчлөлийн 2003 онд үйлдвэрлэгдсэн, Тоёота вольтз маркийн, 10-21 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдсон. /хх-1-2, 8-9, 19-20/

 

Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчээс гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ хугацаандаа буцаан төлөхийг шаардах эрхтэй юм. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч хүү шаардах эрхээ алдаагүй. Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” эрхэлдэг болох нь тогтоогдсон, зээл, барьцааны гэрээ  Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-6, 8/

 

Хариуцагч хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссан” гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй. Нотлох үүргийн хуваарилалтаар нэхэмжлэгч зээл төлсөн гэдгээ нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй  байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр дээрх зээлийн гэрээтэй холбогдуулж хариуцагч нь нэхэмжлэгчид 1 100 000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 100 000 төгрөгийг хасч тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Мөн нэхэмжлэгч ч 1 100 000 төгрөгийг хасч тооцсонд давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.  /хх-21-22/

 

Хэргийн 4-5 дугаар хуудсанд авагдсан баримтаар хариуцагч нь 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрүүдэд баталгаа баримт үйлдэж байсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тасалдсан  гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон, дээрх гэрээний үүргээ гүйцэтгэсэн талаар хариуцагч баримтаар нотолж чадаагүй, гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул хариуцагчаас 2 596 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00879 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД