| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/05863/И |
| Дугаар | 101/ШШ2022/05005 |
| Огноо | 2022-11-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2022/05005
| 2022 11 30 | 101/ШШ2022/05005 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “О” ХХК /рд:/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 64,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ч, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч С.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 сарын 12-ны өдрийн 15/05 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “” хотхоны давхар блокийн дотор цахилгаан холбоо дохиоллыг өөрсдийн материалаар угсарч суурилуулах ажлыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, мөн Барилгын тухай хуулийг үндэслэн хоёр тал харилцан тохиролцож ажил хийж гүйцэтгэхээр гэрээг байгуулсан. А блокийн тоот м.кв талбайтай өрөө орон сууц, блокийн тоот бүхий м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Б блокийн тоот бүхий м.кв талбайтай орон сууц 2 "” 4-н ширхэг хаусны дотор цахилгаан, холбоо дохиоллын материал, ажил гүйцэтгэлийг хүлээлгэн өгч гэрээний гүйцэтгэлийн ажлыг хийж дуусгасан болно. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15/05 дугаартай гэрээ, 2015 оны 11 сарын 04-ний өдрийн 15/01 дугаартай гэрээгээр “Б" ХХК-д нийт 4 байр шилжүүлж өгөх ёстой байтал Хариуцагч “О* ХХК-ийн зүгээс 1 байраа өгөхөө больё оронд нь 207-1 дүгээр байрны нэг давхрын хажуугийн 80 м.кв террасыг танай компанийн нэр дээр шилжүүлж үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж өгнө гэж гэрээнд 2017 оны 02 сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлт гэрээний 2-т “гүйцэтгэгч тал захиалагч талд төлөх байсан 81.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц мөн 80 м.кв талбай бүхий террастай байрны зөрүү 64,000,000 төгрөгөөр бодож шилжүүлэх, 6-д “гүйцэтгэгч захиалагч талд ажлыг бүрэн хүлээлгэж өгсний дараа гэрээнд заасан ХУД-ийн 11-р хороо, А хотхоны А блокын тоот, 80м.кв талбай бүхий террас, Б блокийн 203, 603 тоот 2 өрөө орон сууцуудыг гүйцэтгэгч талын өмчлөлд нь шилжүүлнэ” гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлэх байрнуудыг манай компанийн өмчлөлд шилжүүлж өгсөн бид түүнд маргаагүй гагцхүү 80 м.кв “террас”-ыг өмчлөлд шилжүүлнэ хэмээн 64.000.000 төгрөгийг суутгасан. Иймд үндэслэлгүйгээр гэрээний үүргээ биелүүлэхгүй, 64.000 .000 төгрөгийн оронд террас өгнө хэмээн суутгасан мөнгөө манай компани нэхэмжилж байна. Тиймээс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан 15/05, 15/01 дугаартай “ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 64,000,000 /жаран дөрвөн сая/ төгрөгийг хариуцагч компаниас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
64 саяыг гаргуулна. Учир нь хариуцагчтай 2015.12.12-нд гэрээ байгуулсан. Гэрээгээр 10 хувийг урьдчилгаа өгөөд үлдэх хэсэгт орон сууц дулаан зогсоол авахаар тохирсон. Мөн Стай гэрээ байгуулсан. Энд урьдчилгаа өгөөд үлдэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө авахаар тохиролцсон. Ингээд ажлын гэрээ байгуулаад ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагч болон С 15-01 гэрээний дагуу 81.29 м.кв орон сууцаа өгсөн боловч дулаан зогсоолоо авахаас татгалзаад нэмэлт гэрээ хийсэн. Улмаар 15-05 гэрээнд 60.75 м.кв орон сууцны давхрыг өөрчлөөд мөнгөн дүн дээр зөрүү гарсан. 2017 онд ажил дуусаад нийт 4 орон сууц хүлээлгэж өгөхөөс 3 орон сууц өгсөн. Сгийн 15-01 гэрээнд 45.6 м.кв орон сууц нь борлуулалтын явцад алдаа гарсан гээд борлуулчихсан байсан. Тэр байрны оронд террас өгнө гэж тохирсон. 2015 оны гэрээгээ цахилгааны ажил хийхээр тохирсон. 2016 нэмэлт гэрээгээр ажил хийсэн гээд дүгнэсэн. Үүгээр 60.75 м.кв орон сууцны давхрыг өөрчилсөн. Үүний мөнгөн дүн 12 саяын илүү төлбөр төлөгдөх болсон. Мөн зогсоол авахаа болиод 30 сая байсныг 6 сая төгрөг болгож өөрчилж нэхэмжлэгч авахаар болсон. Ингээд 2017 дахин гэрээ хийгээд Сд бид 12 саяыг өгөх болоод ажлын үр дүнг талыг буюу 47 764 900 төгрөгийн ажил хийгдээгүй тул бид төлөхөөр болсон. Аваагүй нь 45.6 м.кв байрыг аваагүй байгаа юм. Үүний үнэ нь 108 528 000 төгрөг юм. Үүнээс бид төлөх ёстой 47 сая, 12 саяыг нэмээд 59 сая болсон. Үүнийг 108 саяас хасаад 48 саяын үлдэгдэлтэй. Мөн ажлын хөлсний урьдчилгаа өгөх байсан ба энэ нь 15 сая төгрөг тул өмнөх 48 саяыг нэмээд 64 саяыг террас өгөх болсон боловч өгөөгүй тул мөнгийг нь авна. Хариуцагч нь ерөнхий гүйцэтгэгч тул дангаар нь хариуцагчаар татсан гэв.
Хариуцагч “О” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Ж.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "О" ХХК нь 2015 оны 10 сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 хороо "А" хотхоны тус бүр нь 12 давхар, 2 блок барилгын цахилгаан, холбоо дохиоллын угсралтын ажлыг материалтай нь хийж гүйцэтгэхээр 250.000.000 сая төгрөгийн гэрээг "Б" ХХК-тай байгуулсан. Гэрээний үнийн дүн болох 250.000.000 төгрөгийн урьдчилгаа 10% буюу 25,000,000 төгрөгийг бэлнээр "Б" ХХК-д шилжүүлж, үлдэгдэл 225,000,000 төгрөгт тооцон "А" хотхоны А блокноос тоотын 80.75 м2 орон сууц, автомашины 1 дулаан зогсоолыг тус тус арилжаагаар шилжүүлэхээр гэрээ хийсэн. Мөн "Б" ХХК нь 2015 оны 11 сарын 04-ны өдөр 15/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг "С" ХХК-тай байгуулж, тус "А" хотхоны 4 ширхэг хаус, 12 давхар орон сууцны барилгын Б блокийн дотор цахилгаан, холбоо дохиоллыг өөрсдийн материалаар угсарч суурилуулах ажлыг 345.592.800 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон юм байна. Манай компани энэ гэрээний тал биш тул ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй. Харин дээрх ажил гүйцэтгэх 15/05, 15/01 дугаартай гэрээнүүдийн нэмэлт гэрээг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр "Б" ХХК-тай байгуулсан бөгөөд талууд тооцоо нийлж, төлбөрийн ямар нэгэн маргаангүй гэдгээ баталгаажуулсан. Энэхүү гэрээний 6-д заасны дагуу манай компани өөрийн үүрэг болох "А" хотхоны А блокын ,, тоотын 80,75 м.кв талбай бүхий орон сууцыг (гаражийн дээвэр уруу гарах боломжтой), нэг машины дулаан зогсоолын хамт "Б" ХХК-д шилжүүлсэн. Манай компани "Б" ХХК-аас 64,000,000 төгрөгийг террасын төлбөрт суутган авсан зүйл огт байхгүй бөгөөд гүйцэтгэсэн ажилд нь тохиролцсон бэлэн мөнгө үл хөдлөх хөрөнгүүд шилжүүлж, тооцоо дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2015.10.12-нд хариуцагч нь нэхэмжлэгчтэй цахилгаан болон дохиоллыг нэхэмжлэгч өөрийн материалаар гүйцэтгэх гэрээ хийсэн. 250 саяын гэрээ байсан. 10 хувийг бэлнээр өгөөд 225 саяд орон сууц төлбөрт өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгч нь 1 блокийн цахилгаан хийхээр тохирсон. 2015 оны гэрээний үнийг бид бүрэн төлсөн. 2 орон сууц болон 1 дулаан гарашийг өгсөн. Сг бид төлөөлөхгүй. Нэхэмжлэгч нь Сг яриад байгаа боловч Сг хариуцагчаар татахгүй байгааг ойлгохгүй байна. Гуравласан гэрээ гэж яриад байна. Нэхэмжлэгчийн захирал нь авсан байрандаа амьдарч байдаг юм. Энэ маргааныг шийдэхийн тулд Сг байлгах хэрэгтэй. Манайхтай маргаад байгаа юм Стай маргаанд байгаа эсэхийг ойлгохгүй байна. Захиалагч нь О гэдэг нь буруу юм. С нь хамтран барилга барьж хөрөнгийг хувааж гаргасан гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 15/01 дугаар ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх8-9/, 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 15/29 дугаар ажил гүйцэтгэх 15/01, 15/05 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх10/, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх 15/05, 15/01 дугаартай гэрээнд нэмэлт оруулах гэрээний хуулбар /х11/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2017/52 дугаар актын хуулбар /хх12-15/, барилга байгууламжийн галын дохиоллын угсралтын ажил гүйцэтгэсэн актын хуулбар /хх16/, барилга байгууламжийн дотор холбоо, КаТв, интернэтийн дотор монтажны угсралтын ажил гүйцэтгэсэн актын хуулбар /хх17/, дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан актын хуулбар /хх18-19/, тоног төхөөрөмжид цахилгаан холболт газардуулга хийсэн актын хуулбар /хх20/, тоног төхөөрөмжүүдэд контур газардуулга хийсэн, шалгасан актын хуулбар 5 ширхэг /хх21-25/, барилгад аянга зайлуулагч хийсэн, туршсан актын хуулбар /хх26/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15/05 дугаар ажил гүйцэтгэх гэрээ /хх54-56/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 64,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч “О” ХХК нь ажлын хөлсийг төлсөн гэж маргасан.
Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15/05 дугаар, 250,000,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг хариуцагчтай, 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 15/01 дугаар, 345,592,800 төгрөгийн үнэ бүхий гэрээр “С” ХХК-тай тус тус байгуулжээ. /хх54-56, 8-9/
Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр хариуцагч болон “С” ХХК-тай 15/29 дугаар, ажил гүйцэтгэх 15/01, 15/05 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх 15/05, 15/01 дугаартай гэрээнд нэмэлт оруулах гэрээг тус тус байгуулсан байна. /хх10, 11/
Зохигчдын байгуулсан 15/05 дугаар гэрээний үүрэгт хариуцагч нь 25,000,000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр олгож, үлдэх 225,000,000 төгрөгт Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингаравын гудамж, “А” хотхоны А блокийн ,, тоот хаягт байрлах м.кв орон сууц болон 1 ширхэг дулаан авто зогсоолыг тооцож олгохоор тохиролцсон байна.
Харин нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, дүгээр хорооны нутагт баригдах “А” хотхоны давхар блокийн дотор цахилгаан, холбоо дохиоллыг өөрсдийн материалаар угсарч суурилуулах ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгэсэн болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2017/52 дугаар актын хуулбар, барилга байгууламжийн галын дохиоллын угсралтын ажил гүйцэтгэсэн актын хуулбар, барилга байгууламжийн дотор холбоо, КаТв, интернэтийн дотор монтажны угсралтын ажил гүйцэтгэсэн актын хуулбар, дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан актын хуулбар, тоног төхөөрөмжид цахилгаан холболт газардуулга хийсэн актын хуулбар, тоног төхөөрөмжүүдэд контур газардуулга хийсэн, шалгасан актын хуулбар 5 ширхэг, барилгад аянга зайлуулагч хийсэн, туршсан актын хуулбараар тус тус тогтоогдсон. /хх12-15, 16, 17, 18-19, 20, 21-25, 26/
Улмаар хариуцагч нь 80.75 м.кв орон сууцны оронд гэрээнд заасан байрлалд 81.29 м.кв орон сууц олгосон гэж хэн аль нь тайлбарласан.
Дээрх үйл баримт болон 25,000,000 төгрөг олгогдсон талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч нь 15/05 дугаар гэрээнд заасан дулаан авто зогсоолыг өөр нэмэлт ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан гэх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, энэхүү авто зогсоолыг авсан байх боловч нэмэлтээр хийсэн гэх ажлын гэрээ болон бусад баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд хариуцагчийг 15/05 дугаар гэрээний дагуу авто зогсоолыг олгосон гэж үзнэ.
Иргэний хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлана.
Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр хариуцагч болон “С” ХХК-тай байгуулсан 15/29 дугаар, ажил гүйцэтгэх 15/01, 15/05 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнээс үзэхэд хариуцагчтай холбоотой хэсэг нь ажлын хөлсөнд авто зогсоол биш 6,738,000 төгрөг авахаар тохиролцсон байна. Гэвч дээрх үйл баримтаар авто зогсоолыг авсан нь тогтоогдсон.
2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх 15/05, 15/01 дугаартай гэрээнд нэмэлт оруулах гэрээний 2-т зааснаас үзэхэд 80 м.кв талбайтай террастай орон сууцны үнийн зөрүүнд 64,000,000 төгрөг, давхрын үнэлгээний зөрүүнд 12,000,000 төгрөг, дутуу гүйцэтгэсэн ажлын зөрүүнд 47,764,900 төгрөг төгрөг, нийт 104,876,100 төгрөгийг нэхэмжлэгч нь төлөхөөр ойлгогдож байна.
Мөн гэрээний 6-д зааснаар ажлыг хүлээлгэж өгсний дараа 80 м.кв талбайтай террасын өмчлөх эрх олгохоор заасан боловч хариуцагч олгоно гэж ойлгогдохгүй байна. Цаашлаад энэхүү террасыг 64,000,000 төгрөгөөр үнэлсэн гэх тайлбар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, энэ талаар гэрээнд заагдаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “С” ХХК-с 108,528,000 төгрөг авах байснаас гүйцэтгээгүй ажлын 47,764,900 төгрөг, давхрын зөрүү үнэ 12,000,000 төгрөгийг тус тус хасвал 48,763,100 төгрөг үлдэх бөгөөд 15/01 гэрээний олгогдоогүй урьдчилгаа 25,000,000 төгрөгийг нэмж тооцвол 73,763,100 төгрөг авах ёстой гэж тайлбарлаж байна.
Эдгээр үйл баримтыг харьцуулан үзвэл хариуцагч нь 15/05 дугаар гэрээнд зааснаар орон сууц, авто зогсоолыг олгосон, 15/01 дугаар гэрээ нь хариуцагчид хамааралгүй байна.
Үүнээс гадна 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх 15/05, 15/01 дугаартай гэрээнд нэмэлт оруулах гэрээнд заасан 80 м.кв террасыг хариуцагч ажлын хөлсөнд тооцож өгөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “О” ХХК-д холбогдох 64,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 477,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД